Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

З.Энхмөнх: Хүүхэд бүрд компьютер хэрэгтэй байна


Манай улс коронавирусийн халдварын улмаас өнгөрсөн жилээс хөл хорио тогтоож, танхимын сургалтаа түр хаасан. Энэ хугацаанд сурагчид цахим сургалт, теле хичээл үзэж буй. Цахим сургалт, теле хичээлийн үр дүн, сайжруулах боломжийн талаар боловсрол судлаач, “Сант” сургуулийн захирал З.Энхмөнхтэй ярилцлаа.

-Сурагчид өнгөрсөн жилээс эхлэн теле хичээл, зайн сургалтад хамрагдаж байна. Үүний давуу болон сул тал нь юу вэ?

-Сайн тал нь боловсролын салбарын цахим шилжилтийг түргэсгэлээ. Цахим агуулга бүтээх ажил хурдацтай явж байна. Мөн багш нарын цахим хичээл заах арга зүй сайжирлаа. Цахим сургалтын системүүдийн хэрэглээ ч нэмэгдлээ. Харин сул тал нь гэртээ компьютергүй хүүхдүүд дээрх шинэчлэлийн үр шимийг хүртэж чадахгүй хичээлээсээ хоцорч байна.

-Энэ хугацаанд ажиглахад зайн сургалтыг сайжруулах, хүртээмжтэй байлгахад юунд анхаарах нь чухал байв?

-Зайнаас сургахад хамгийн эхлээд хүүхэд бүрд компьютер хэрэгтэй байна. Компьютергүй болохоор сурагчид гар утаснаас эсвэл зурагтаар хичээл үзэж байна. Мөн багш нарыг сайн чанарын камер, микрофонтой зөөврийн компьютертой болгож, цахим хичээлийн системийг ашиглах, цахим контент бэлдэх, мөн цахим сургалтын арга зүйд мэргэшүүлэхэд анхаарах хэрэгтэй байна.

-Сурагч бүрийг компьютертэй болгоход хэдий хэмжээний санхүүжилт хэрэгтэйг тооцоолсон байсан шүү дээ.

-Монголд нийт 680 мянган сурагч байгаа. Хүүхэд бүрийг үйлдвэрийн үнээр зөөврийн компьютертэй болгоход  нэг нь ойролцоогоор 100 ам.доллар болно. Үүнийг тооцоход 68 сая доллар, багштайгаа нийлээд 70 орчим сая долларын санхүүжилтээр тоног төхөөрөмж авахаар тооцоо гарсан. Болохооргүй бол эхний ээлжинд компьютерийн хангамж муу сургуулиудыг сонгож, сурагчдад тарааж болох юм. Ингэснээр хүүхдүүд зөвхөн сургуульдаа гэлтгүй гэртээ хариад ч суралцах бүрэн боломжтой. Хэрвээ энэ шийдлийг хэрэгжүүлчихвэл зөвхөн Ковидын үед хэрэглэх биш танхимын хичээл, сургалт эхлэхэд ч БШУЯ-ны бэлтгэсэн контентууд, бусад байгууллагуудын хичээлийн хөтөлбөрийг үзэх бүрэн боломжтой болно гэсэн үг.

-Одоо бэлдсэн цахим агуулгыг танхимын сургалтын үед ч ашиглах боломжтой юу?

-Боломжтой байлгүй яахав. Сингапур улс ковидын үед бий болгосон шинэ арга барил, ололт амжилтаа цаашид үргэлжлүүлэн хэрэглэх болсноо мэдэгдсэн.

Танхимын сургалтын үед цахим агуулга, сургалтын менежментийн системийг хэрхэн үр дүнтэй ашиглах талаар Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын сургууль, аймгийн төвийн 4-р сургууль дээр ирэх хичээлийн жил туршиж үзэхээр бэлтгэл ажилдаа ороод байна. Манай багт АНУ-ын Брауны их сургуулийн профессор Лоуб зөвлөж байгаа. Үр дүн гарвал ерөнхий боловсролын бүх сургуульд хэрэгжүүлэх боломжтой.

-Хот, хөдөөд алсын зайнаас суралцах боломж харилцан адилгүй байгаа. Тоггүй, интернэтийн сүлжээгүй газар ч бий. Энэ тохиолдолд сурагчдад хичээлийн агуулгаа хэрхэн хүргэхэд тохиромжтой вэ?

-Манай улсад интернэтэд холбогдоогүй сургууль цөөхөн. Тэгэхээр эдгээр сургуулиа интернэтэд холбоод хүүхдүүд сургуулийнхаа серверээс хэрэгтэй бүх хичээлээ татаж авах боломж бий. Ингэснээр гэртээ очоод заавал интернэтэд холбогдох шаарлагагүйгээр хичээлээ давтаж болно. Теле хичээл танхимын сургалтыг гүйцэхгүй байгаа ч гэсэн багш нар цахим программ хангамж ашиглах, цахим контент бэлдэх, хөгжих гээд цаагуураа сайн үр дагавар авчирч байна. Цаашид үүнийгээ үргэлжлүүлээд хэрэгжүүлбэл танхимын сургалтын түвшин илүү сайжирна. Мөн хүүхдүүдэд одооноос яалт ч үгүй бие дааж сурах чадвар сууж эхэлж байна. Энэ бүхэн албан бус боловсрол буюу ЕБС-иас гадуур цахимаар бие дааж хичээлээ судлах боломж бүрдэх эхлэл болж байгаа.

-Танай сургууль хөл хорионы үеэр хэрхэн ажиллаж, сургалтаа яаж зохион байгуулж байгаа вэ?  

-Цар тахалтай холбоотойгоор хөл хорио тогтооход багш нараа компьютероор хангаж, цахим хичээлийн стандарт гаргаад сургасан. Бид нар Google classroom платформ ашиглаж байгаа. Платформын хүрээнд хүүхдүүд багш нартайгаа шууд харилцаад хичээлд оролцож байгаа учраас үр дүнтэй болж байна. Сурагч ойлгохгүй зүйлээ багшаасаа шууд асуух боломжтой. Багш нар ч сурагчдаа бүгдийг нь хянаад хичээлээ зааж байгаа учраас сургалтын үр дүн сайн байна. Ангид хийх боломжгүй байсан зүйлсийг технологи ашиглаад хийх боломж бүрдсэн. Нөгөө талаас теле хичээлийн хүрээнд өмнө нь хийж байгаагүй маш их хэмжээний агуулга, хичээлийг БШУЯ бэлдсэн байна. Ингэснээр багш бүгдийг заахаас илүү зарим агуулга нь хүүхдүүдтэй харилцах, ойлгохгүй зүйлсийг нь анхаарч, хариулах зэрэг ангийн цагийн менежментийг тодорхой үр дүнтэй хийх бололцоог цахим хичээл олгож байна.

-Цахимаар хичээллэхэд хичээлийн агуулгаа үзээд л цаг нь дуусаж байна уу. Жирийн үе шиг сурагчдадаа давтлага өгөх цаг, боломж хэр гарч байна вэ?

-Цахим сургалтын систем ашиглаж хичээлийг шууд орвол хичээлийн цагаас хасагдахгүй, бататгах хичээлийн цагийг ч багасахгүй байх боломжтой. Харин ч сургуульруу ирж, очих цаг хугацааг хэмнэж байгаа. Гэхдээ бага ангийн хүүхдүүдийг эцэг эх нь гэртээ харах, эхний үед хичээлд нь хамт суух шаардлага гарч байгаа.


 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Элсэлтийн ерөнхий шалгалтад хэрхэн өндөр оноо авах вэ?
2
Өчигдөр
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
3
3 өдрийн өмнө
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
санал болгох
1
7 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.