Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Ганц бие байхаас бүү ай. Харин хортой харилцааг орхиж чадахгүй байхаас ай


Хүмүүс бид ганцаараа байхаас, ганц бие байхаас айх нь элбэг. Заримдаа зөвхөн ганцаараа байхгүйн тулд амьдралаа төвхнүүлэхээр яарах нь бий. Учирсан нэгнээ, эсвэл өөрийгөө ч юу хүсэж буй, ямар хүн гэдгийг таниагүй байхдаа яаран гаргасан шийдвэр "буруу эргэлт" болж, асуудлууд ундарч эхэлнэ. Мөн ганцаар үлдэхээс л эмээсэндээ түрэмгий эсвэл хүчирхийлэгч нэгнийг тэвчиж байдаг. Хортой харилцаа гэж юу болох, хүн яагаад үүнийг орхиж чадахгүй гацдаг, яавал өөртөө тустай шийдвэрийг гаргаж чадах талаар цөөн хэдэн зөвлөгөөг "powerofpositivity" вэб хуудсанд өгүүлснийг хүргэе. 

Хортой харилцааг орхиж чадахгүйд хүрдэг 3 шалтгаан

ТҮҮНЭЭС САЙН ХҮН НАДАД ОЛДОХГҮЙ ГЭДЭГ БОДОЛ

“Тэр жаахан хартай, тэр намайг найзуудтайгаа уулзахад дургүй байдаг, тэр намайг байнга шүүмжилдэг, тэр намайг бүх зүйлд буруутай, сул дорой мэт мэдрэмж төрүүлдэг, тэр намайг хааяа цохиод авдаг, тэр бас үргэлж гомдоллож, сэтгэлд нь таарах юу ч байдаггүй, тэр ажил хийх дургүй, тэр надаас хэтэрхий их зүйл шаарддаг, тэр надаас салбал би хэн ч биш болно гэж хэлдэг ГЭВЧ түүнд сайн чанарууд ч бий, түүнээс салбал илүү дээр нэгэн олдохгүй байх” Энэ бодол олон хүний толгойд байдаг. Өөрт тохирсон хүн, заяаны хань, “soul mate” гэгчлэн нэрлэдэг тэр нэгэн төгс хүнийг олох нь өвсөн дундаас зүү хайхтай адил учир тийм эрсдэлтэй бүрхэг зүйлийн төлөө одоо байгаагаа дэнчин тавих нь боломжгүй санагдана. Гэтэл түүнээс салах тухай бодол байн дахин орж ирнэ гэдэг нь энэ харилцаа цаашид маш их хичээл зүтгэлгүйгээр урагшлах аргагүй болсны дохио байх нь элбэг. Энэ хэвээр байсаар байвал хэн хэнд маань ямар хортой вэ гэдгийг ул суурьтай бодож үзэх цаг болсны шинж. 

Хэрэв түүнээс сайн хүн надад олдохгүй гэж бодсоор байвал та өөрийн аз жаргалтай, амар тайван амьдралаа золиосолсоор байна гэсэн үг. Бодлоо өөрчил.

 Харилцааны көүч Жордан Грэйн хэлж буйгаар хүн илүү дээр нэгэнтэй учрахын тулд эхлээд өөрөө илүү дээр нэгэн болж өөрчлөгдөх хэрэгтэй гэнэ. Тиймээс эхлээд бодол төсөөллөө өөрчилж, өөрийнхөө дутагдалтай талуудыг засахад ч мөн анхаар. Өөрийгөө илүү сайжирч, хөгжиж буй гэж итгэж эхлэхэд хүн өөрийн эрхгүй илүү сайн сайхан зүйл рүү тэмүүлдэг.

БИ САЙН САЙХАН ЗҮЙЛС ХҮРТЭХ ЭРХГҮЙ ГЭХ БОДОЛ

Сайн сайхан хүний хайр, халамж, эрүүл аюулгүй харилцааг мэдрэх эрхтэй, тийм хэмжээний үнэ цэнтэй хүн биш гэх өөртөө итгэлгүй мэдрэмж танд төрдөг үү? Клиникийн сэтгэл судлаач Сюзан Лакманы үзэж буйгаар ингэж өөрийгөө дутуу үнэлдэг хүмүүсийн өнгөрсөн амьдралд нь ийм итгэл үнэмшил гүн бат төрөхүйц ямар нэг зүйл тохиолдсон байдаг гэнэ. Надад ийм л хортой, эрүүл бус харилцаа тохирно гэдэгт тэд үнэмшсэн байдаг. Мөн нэгхэн хором ч ганцаар байхаас айдаг хүмүүст энэ шинж илэрдэг. Хэн нэгэн маш чухал хүндээ хаягдсан, сэтгэл зүй болон бие махбодийн хүчирхийлэл, хортой харилцаанд он удсан зэрэг шалтгаанууд байх нь бий. 

Энэ бодлыг өөрчилөхөд тийм ч амар биш. Гэхдээ алхам алхмаар үүнтэй ажиллаж, өөрчилж болдог. Хамгийн гол нь ийм бодолтой хүний эргэн тойронд ийм бодлуудыг няцаах, үлгэр жишээ болох бусад хүний дэмжлэг, сэтгэл зүйн туслалцаа чухал байдгийг өгүүлжээ. 

САНХҮҮГИЙН ХУВЬД ХАРААТ БАЙХ

Санхүү мөнгөний хувьд хэн нэгнээс хараат байх үед түүнээс холдоно гэдэг хүнд байдаг. Холдсон мөчөөс эхлээд л санхүүгийн бэрхшээл учирч эхэлдэг тул энэ нь хамгийн бодит шалтгаанд суурилсан, хүчтэй шаардлага хэрэгцээ юм. Ийм үед хүн ямар ч хортой харилцааг тэвчихээс аргагүй байдалд хүрэх нь бий. Эдийн засгийн хүчирхийлэл хэмээн тооцогддог ийм харилцаанд орсон бол та үүнээс гарахын тулд тэмцэх хэрэгтэй. Эхэндээ хэцүү байх болно. Гэвч алхам бүрээ төлөвлөж, хичээж чадсан хүн зорилгодоо хүрнэ гэдэгт эргэлзэх хэрэггүй. Хөл дээрээ зогсох хүртэл тань туслаж, дэмжих хүмүүсийн тусламжийг ав. Дараа нь та өөртөө талархаж, өөрөөрөө бахархах болно.

Ийн хортой харилцааг орхисноор та өөртөө итгэх итгэлээ эргүүлэн бага багаар олж, өөртэйгээ нөхөрлөж, өөрийгөө бүтээн босгох цаг гарч, өөрийгөө хайрлаж эхэлнэ. Өөрийгөө хайрладаг хүнд хортой харилцаа, хортой хүмүүс ойртож чаддаггүй. 


Хамгийн их уншилттай
1
2021.07.14
Чойбалсангийн Хулан: Асуух ёстой нь асуулгүй, ярих ёстой нь ярилгүй үлдэж дээ
2
2021.07.21
Олимпын тамирчдын олныг гайхшруулсан 24 зураг
3
2021.07.07
Санамсаргүй байдлаар авьяас чадвараа олонд нээсэн 15 АЛДАРТАН
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Шархалсан зүрхний синдром буюу хайраас болж үхэх магадлалтайг тогтоожээ
2
3 өдрийн өмнө
Бусдаас хамааралгүй амьдрахад туслах 4 зөвлөмж
3
2021.07.26
Сэтгэл санаагаа дэмжих 5 зөвлөмж
санал болгох
1
8 цагийн өмнө
Booker Prize 2021: Шри Ланка, Канад, Өмнөд Африк зохиолч шалгарлаа
2
3 өдрийн өмнө
Токиогийн олимпод 168 ЛГБТИК+ тамирчид оролцож байна
3
3 өдрийн өмнө
Японд зөвхөн царай муутай хүнд л татагддаг "Bususen" гэх хүмүүс байдаг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.