Япон улсын Ерөнхий сайд Ёсихидэ Суга албан мэдээ хийж, тус улсад амиа хорлолт эрс нэмэгдэж буйг харгалзан үзэж Тецуши Сакамотог "Ганцаардлын сайд"-аар томилж буйгаа албан ёсоор мэдэгдлээ. Тецуши нь Япон улсын бүс нутгийн эдийн засгийг сэргээн босгох асуудал хариуцсан сайд байсан бөгөөд ийнхүү улсын хэмжээнд яригдаад буй ганцаардалтай тэмцэхээр болж байна. Анх 2018 онд Их Британи улс "Ганцаардалтай тэмцэх сайд"-ыг томилж байсан юм.

Япон улсад 2020 онд сүүлийн 11 жил байгаагүй их хэмжээний амиа хорлолт бүртгэгдсэн бөгөөд ихэвчлэн залуус, эмэгтэйчүүдийг хамарчээ. Статистик мэдээллээс үзвэл 2020 онд 20919 хүн амиа хорлосон нь 2019 оныхоос 750-аар өссөн үзүүлэлт юм.
Япон улсын Цагдаагийн Ерөнхий газрын мэдээллээр өнгөрсөн оны аравдугаар сарын байдлаар амиа хорлосон хүмүүсийн тоо коронавирусын улмаас амиа алдсан хүмүүсийнхийг давсан байна.

Ерөнхий сайд Ёсихидэ "Эмэгтэйчүүд, залуус илүү их ганцаардаж байгаа нь судалгаагаар харагдлаа. Иймээс төр засгийн зүгээс зөв зүйтэй бодлого хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байна" гэжээ.
Коронавирусын улмаас тогтоосон урт удаан хөл хорио иргэдийн сэтгэл зүйд нөлөөлж байгаа бөгөөд настай хүмүүс гэртээ удаан сууж, залуус ажилгүйдэлд өртөж, оюутнууд хичээлдээ явж чадахгүй байгаа нь ганцаардах голлох шалтгаан гэдгийг мэдээлжээ.
Эх сурвалж: Japan times