Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

ӨӨРЧЛӨЛТИЙН ТҮҮХҮҮД | Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоон байгаль орчноо хадгалж үлдэх нь


Ub.life сайт “Нээлттэй нийгэм форум” ТББ-тай хамтран үнэт зүйлийнхээ төлөө тэмцэн, манлайлж буй салбар бүрийн түүчээлэгчдийн түүхийг танилцуулж байна. 

Энэ удаагийн нийтлэлээр Дорноговь аймгийн Айраг сумын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчин сумын төвийн салхин дээр жоншны баяжуулах үйлдвэр байгуулан ажиллаж байсан “Янтай-Уул” ХХК-ын хууль бус үйл ажиллагааны эсрэг тэмцэн, хариуцлагатай уул уурхай, хүний эрхийн төлөө 11 жилийн турш ажиллаж буй  “Эх орон хамтын хүч” ТББ-ын тэргүүн Л.Лхагва болон түүний хамт олны үйл хэргийг онцолж байна. Уг үйлдвэр нь химийн хоёрдугаар зэргийн хортой 10 төрлийн бодис ашиглан үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд энэ салбарын хууль эрх зүйн зохицуулалт дутмаг байгааг “Эх орон хамтын хүч” ТББ-ын хамт олон анзаарч, анхлан дуугарсан юм. Тэд үйлдвэрийг нүүлгэн шилжүүлэх, нөхөн сэргээлт хийлгэх, баяжуулах үйлдвэрлэлийн хууль эрх зүйн орчныг экологи болон эдийн засагт таатайгаар шийдвэрлэх, газар зүйн зохион байгуулалтыг хүн байгальд ээлтэйгээр хийх зэрэг зорилгоор нутгийн 4000 гаруй иргэдийн дуу хоолой болж байна.  


1. Айраг сумын иргэдэд ямар асуудал тулгарсан бэ?

"Дорноговь аймгийн Айраг сум бол жоншны өлгий нутаг юм. Энд Баруун цагаан дэлийн хайлуур жоншны орд газар болон Бужгар, Хонгор, Бортолгой зэрэг жоншны ордуудыг 1960 оноос ашиглаж эхэлсэн түүхтэй. Ингэснээр уул уурхайн салбар Айраг суманд хөгжиж, 2006 оноос хойш сумын төвийн хааш хаашаа 5 км хүрэхгүй газарт хяналт тооцоогүйгээр нийт 5 боловсруулах баяжуулах үйлдвэрт зөвшөөрөл олгосон байна. Үүний нэг  нь сумын төвийн  салхин дээд талд байрлах “Яаньтай-Уул” баяжуулах боловсруулах үйлдвэр юм. Уг үйлдвэрийг нутгийн иргэдийн эсэргүүцэл хүсэлтийг үл харгалзан ажиллуулж, зардлаа хэмнэх үүднээс үйлдвэрийн хаягдал боловсруулах механизм огт байгуулаагүйгээс байгаль орчин асар ихээр бохирдсон" гэж Л.Лхагва хэлсэн юм.

Нунтаг цагаан шороо нутгийн нүх сүв бүхнийг бөглөж, ундны усны хомсдолтой суманд усыг их хэмжээний үргүй урсгаж, нөхөн сэргээлт огтхон ч хийлгүй, овоолго үүсгэн үйлдвэрийн хортой бохир хаягдлаар дүүрэн газар болгож орхисон байна. Түүнчлэн тус үйлдвэр нь газан хатаагч ихээр ашигладаг тул газын үнэр Айраг сумыг нэлэнхийд нь автуулав. Сумын төвийн сүмд хүртэл үйлдвэрлэлээс гарсан 1500 тонн орчим химийн бодис орсон хаягдал шороо авчирч асгажээ. Эхүүн үнэр үнэртэж, нутгийн иргэд тайван амьдрах нөхцөлгүй болов.


Анх Айраг суманд 2006 оноос боловсруулах баяжуулах үйлдвэрлэлийн зөвшөөрөл олгохдоо хүний суурьшлын бүсэд, ялангуяа салхины дээр чиглэлд газар олгосон нь хамгийн буруутай шийдвэр байв. 2013 онд нүүлгэн шилжүүлэх асуудал яригдаж “Янтай-уул” ХХК-тай зөвшилцөлд хүрсэн тул 2014 онд 8 га газрыг олгосон байна. Гэтэл тус компани нүүлгэн шилжүүлнэ гэсэн газраа хог хаягдал асгасан ноцтой зөрчил гаргажээ.

2. Тэд энэ асуудалд ямар шийдэл олсон бэ?

Эх орон хамтын хүч” ТББ нь баяжуулах үйлдвэрийн дээрх хөнөөлт үйл ажиллагаанд хуулиар зохицуулаагүй орхигдсон асуудлууд байгааг олж харан зохих зохицуулалтыг хийлгэхээр тэмцэж байна. Баяжуулах үйлдвэрийн хор хөнөөлтэй үйл ажиллагааг олон нийт мэддэггүй, төрийн хяналт шалгалт бага, ёс зүйгүй бизнес эрхэлж байгааг өөрчилж экологийн хариуцлага хүлээлгэн, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа аж. Мөн тэд дараах шийдлүүдийн төлөө ажиллаж байна. Үүний тулд:

  • Баяжуулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаа явуулах хууль эрх зүйн зохицуулалтыг шийдвэрлэх;
  • Байгаль орчинд учирсан хохирлыг барагдуулах, хог хаягдлыг цэвэрлүүлэх, нөхөн сэргээх;
  • Нэг сумын төвийн нутаг дэвсгэрт гурваас дээш боловсруулах баяжуулах үйлдвэр бариулахгүй байх хуулийн заалттай болох
  • Экологи, эдийн засагт ээлтэй хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийг зорьж байна.

Энэ хүрээнд “Эх орон хамтын хүч” ТББ нь “Нээлттэй нийгэм форум” ТББ-ын дэмжлэгээр “Боловсруулах үйлдвэрлэлийн салбарт хариуцлага, хуулийн хэрэгжилтийг сайжруулах нь” төслийг хэрэгжүүлж, холбогдох хууль тогтоомжийг судлан, хэрэг үүсгэхээр болжээ. Ингээд 2019 онд Экологийн Цагдаагийн албанд 158 хуудас бүхий гомдол хүргүүлсэн байна. Өнөөг хүртэл нийт 6 удаа хөрсний шинжилгээ, 3 удаа усны шинжилгээ өгөхөд маш муу, хоруу чанар ихтэй, хүн амьдрах боломжгүй гэсэн дүгнэлт гарчээ.


"Эх орон хамтын хүч" ТББ-ын хамт олны бэлтгэсэн 2 цуврал видео нэвтрүүлгийг энэ холбоосоор үзнэ үү.

3. Ямар үр дүнд хүрсэн бэ?

Захиргааны хэргийн шүүхэд газрын асуудлаар хандахаар бэлтгэлээ хангаж байна. Одоогоор Айраг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан “Яаньтай-Уул” баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа түр зогсоод байна. “Эх орон хамтын хүч” ТББ-ын үйл ажиллагааны үр дүнд тус суманд төрийн хяналт шалгалтын байгууллагууд ирж зохих хяналт шалгалт хийжээ. Мөн тэдний бодлогын нөлөөлөл үргэлжилж, Экологийн Цагдаагийн албанд хандан уг үйлдвэрт экологийн болон эрүүгийн хариуцлага тооцуулахаар гомдлоо гаргажээ. Эрх зүйн орчин байгаагүйг анхлан дуугарч Уул уурхайн яаманд мэдэгдсэний үр дүнд Боловсруулах баяжуулах үйлдвэрийн бие даасан хууль гаргах асуудал яригдаж байгаа аж.  

4. Тэд одоо юу хийж байгаа вэ?

Одоогоор тус ТББ нь Айраг сумын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг гаргуулахаар нөлөөллийн ажлуудыг хийж байна. Айраг сум нь төмөр зам дагасан, хүн ам ихтэй сум учир газар зохион байгуулалтын бодлого зайлшгүй хэрэгтэй юм. Хэрэв “Яаньтай-Уул” ХХК-ы баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа байгаль орчин, хүн зонд ээлтэйгээр шийдэгдэж чадвал тус суманд нээгдсэн бусад 5 баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг ч цэгцэлж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийн төлөө тэмцэх юм. 

"Янтай-Уул" ХХК нь холбогдох хуулийн заалтуудыг зөрчсөнийг шалгуулахаар хоёр дахь өргөдлөө 2020 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр Экологийн Цагдаагийн алба болон Дорноговь аймгийн Цагдаагийн албанд 58 хуудас материал бүхий өргөдлийг  хавсарган өгөөд байна.

5. Энэ асуудал бидэнд яагаад хамаатай вэ?  

Айраг сум нь бусад сумтай харьцуулахад хүн ам, хөдөлгөөн ихтэй сум. Энд албан бусаар жоншны худалдаа, экспортын болон үйлдвэрлэлийн зангилаа төв үүсээд байна. Эрүүл аюулгүй орчинд амьдрах, эдийн засаг болон экологийн хувьд тогтвортой хөгжих хөгжлийн жишиг загвар бүхий сум байх ёстойг Л.Лхагва онцолсон юм. Мөн Айраг суманд Азид хамгийн урт, хамгийн том Цагаан дэлийн агуй байдаг бөгөөд бүрэн судлагдаагүй уг агуйг хамгаалах нь сумын хувьд анхаарвал зохих стратегийн зорилт юм. Ирээдүй хойч үр хүүхдэдээ эрсдэлгүй байгаль орчныг хүлээлгэн өгөх, нутгийн иргэд болон байгаль орчинд ээлтэй, хүний эрхэнд халгүй хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх нь хүн төрөлхтний, бүх нийтийн амин асуудал болоод байна.

Хамгийн их уншилттай
1
2021.03.29
"Бүхнийг чадагч" Ангууч буюу Б.Баттөрийн тухай 21 БАРИМТ
2
2021.04.12
Дэлхийн алдартнууд VS Монголын одууд | Тэд хэрхэн уучлал гуйдаг вэ?
3
2021.04.05
"Ододтой бүжиглэе" шоу үзэгчдийг зурагтны өмнө "уяж" буйг батлах хөгжилтэй 17 пост
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
Хөл хориог 14 хоногоор сунгалаа
2
11 цагийн өмнө
Дархлаажуулалтад хамрагдах иргэд рүү ярих тул цэгт очиж, дараалал үүсгэхгүй байхыг анха...
3
12 цагийн өмнө
Иргэдэд хороо болон өрхийн эмнэлгээс хаана, хэзээ вакцинд хамрагдахыг мэдээлнэ
санал болгох
1
8 цагийн өмнө
Ням гарагт Улаанбаатарт бороотой
2
8 цагийн өмнө
Ном уншдаг хүн бүрийн ойлгох 21 "хүндхэн хөгжилтэй" мэдрэмж
3
12 цагийн өмнө
Дэлхийн номын өдөр | Яг одоо хүргэлттэй ном авч болох 5 газар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
5
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Энхжаргал 2021.03.05 172.68.132.12

Зөв үйл болжээ. Амжилт хүсье

0 Хариулах