Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Гуравдугаар сарын чухал үйл явдал, ХАЙР ДУРЛАЛЫН зурхай


Өдрөөс өдөрт дулаарсаар сэтгэл гэгэлзүүлсэн урин цаг ирлээ. Энэ сард 12 ордны хайр дурлалын ерөнхий төлөв хаврын тэнгэр шиг тогтворгүй, харилцан адилгүй, "олон ааштай" байхыг од эрхсийн зүгээс зөгнөжээ. Харин таны хувьд ямар байх бол? 

Хонь 

Оны эхэнд үерхлийн асуудалтай нүүр тулгарсан хонийн ордныхон энэ сард аль болох чөлөөтэй, таатай амьдралын хэв маягийг эрхэмлэнэ. Гуравдугаар сард ажлын хамтрагчтайгаа дотно харилцаа үүсгэх, гэнэтийн учралаар танихгүй хүнтэй болзох гэхчлэн "драматик" үйл явдлууд таныг хүлээж байна. Буд гарагийн нөлөөллөөр хонийн ордны хайр дурлал ирэх есдүгээр сар хүртэл хүчтэй ивээгдэх төлөвтэй. Тэр үед одоогийн буюу өнгөрсөн хайр дурлалаа эргэн санах, ахин гал асаахыг хүсэх учир энэ гуравдугаар сард "хурц" үйлдэл хийхээс болгоомжлоорой. Хэрэв удаан хугацааны хайр дурлалын харилцаатай бол энэ сард хамтрагчаа өөр талаас нь нээж, ажил амьдралд нь тус дэм үзүүлэхэд суралцана.

Үхэр 

Таны хайр дурлалын орон зай оны эхэнд хүчтэй дүрэлзэж байна. Хүлээлтэд тань төдийлөн хүрдэггүй нэгэнд боломж олгох, хүлээцтэй хандаж, болзооны саналд нь зөвшөөрөөд үзэхийг од эрхэс зөвлөж байна. Ганц биечүүд гуравдугаар сарын турш болзооны хариу бүрт зөвшөөрөх зорилт тавь. Шинэ учрал, адал явдалтай болзоонуудад та харамсахгүй. Сугар гараг Загасны ордонд байрлах сарын дунд үеэс романтик учрал тохионо. Овоорсон их ажлын ард өөрийгөө баярлуулаарай. Хүссэн учралаа төсөөлж, түүндээ бэлтгэлтэй бай. Энэ учрал дөрөвдүгээр сарын дундуур яв цав тодорхой болох тул яаран шийдвэр гаргахаас зайлсхийгээрэй. Хостой үхрийн ордныхныг романтик болзоогоор дүүрэн гуравдугаар сар хүлээж байна. 

Ихэр 

Ихрүүд энэ сард төдийгүй жилийн турш сээтэгнэлээр дүүрэн байх төлөвтэй. Ирээдүйгүй, тодорхой бус харилцаа энэ сард нэг тийш шийдэгдэж зүг чигээ олох болно. Хэрэв одоо байгаа харилцаандаа сэтгэл дундуур байгаа бол өөрийнхөө буруу үйлдлүүдийг нэг нэгээр нь шүүн тунгаахаас урьтаж, хамтрагч тань таныг хэр үнэлж хүндэтгэж байгааг анзаараад үзээрэй. Үгнээс илүү үйлдлийг нь харгалзан үзэж сэтгэл хөдлөлөөр бус оюун ухаанаараа бодитой дүгнэлт хий. Үргэлж гуйдаг харилцаандаа ахин уучлал гуйх хэрэггүй. Түүнд өөрийг тань үнэлэх орон зай бий болгоорой. Нөхөрлөл, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалаар дүүрэн сар байх болно.   

Мэлхий 

2021 онд урдаа том зорилго тавьсан мэлхийн ордныхонд энэ сард хувийн харилцаандаа анхаарах зав төдийлөн олдохгүй. Гэсэн ч эелдэг болзооны санал, бяцхан сээтэгнэлээс зугтах хэрэггүй. Жинхэнэ хайр дурлалтай учирснаар улам эрч хүчтэй, өөдрөг байдгийг санаарай. Сарын дунд үед гэнэтийн бэлэг хүлээж авч мэдэх тул эвгүй сэтгэгдэл төрүүлэхгүйн тулд бэлтгэлтэй байхад буруудахгүй. Тогтвортой харилцаатай хүмүүсийн хувьд нэг алхам урагшлах цаг иржээ. Удаан үерхсэн хосууд тусдаа гарах, гэрлэлтийн тухай ярилцах, хүүхэдтэй болох талаар бодож үзэх таатай үе. 

Арслан 

Гараг эрхсийн нөлөөллөөр сарын 17, 24-ний өдрүүдэд гэнэтийн сэтгэл тавгүйтэлд өртөж болзошгүй. Ганц биечүүд өөртөө гутрах, "Заяаны хань"-тайгаа хэзээ ч учрахгүй байх вий гэж санаа чилээх магадлалтай тул өөдрөг байж, шинэ газар руу аялахад таатай сар байх болно. Хуучин дурлалаа мартаж чадаагүй арслангууд эцэст нь тавьж явуулах цаг болсныг ухаарна. Бардам эрхэмсэг зангаа түр хойш нь тавиад шинэхэн учралд зүрх сэтгэлээ нээхэд буруудахгүй. Удаан хугацаанд найзын харилцаатай явсан нэгнээ санамсаргүй шохоорхож, хардаж мэднэ. Хостой арслангуудын хувьд тогтвортой, тайван сар тохионо. 

Охин 

Сугар гарагийн нөлөөллөөр охин, хонины ордныхныг романтик сар хүлээж байна. Уулзсан хүн бүртэйгээ ойлголцож, дотно яриа үүсгэж чаддаг охины ордныхон сонирхолтой хүмүүстэй шинээр танилцаж догдлом учрал үүсгэх боломжтой. Таныг хайрладаг хүмүүсийг гомдоохоос сэргийл. Хайрынх нь хариуд талархал илэрхийлж, эргүүлэн сэтгэл гаргах нь тэднийг харах таны нүдийг шинээр нээх болно. Эсрэгээрээ харилцаагаа дуусгахаар шийдсэн охины ордныхон хүлээцтэй хандаж, сэтгэл хөдлөлөө удирдахыг хичээ. Эс бөгөөс сарын сүүлээр харамсаж мэднэ. Гэнэхэн зуурын учралд хэт автахгүй байх нь сэтгэлээ өвтгөхөөс өөрийгөө аврах цор ганц алхам гэдгийг санаарай. 

Жинлүүр

Зүрх сэтгэл нь нээлттэй жинлүүрүүдийг энэ сард нөхөрлөл ивээх болно. Романтик харилцаа, түр зуурын учралаас илүү тогтвортой, нөхөрсөг харилцаа таныг хүрээлж байна. Өөрийн мэдэлгүй эсрэг хүйстнээ гомдоож, хардуулах эрсдэлтэй тул олон нийтийн дунд өөрийгөө зөвөөр илэрхийлэхэд анхаараарай. Таалагддаг хүнээсээ болзооны санал хүлээхээс залхсан бол удирдлагыг гартаа ав. Сарын 3-р долоо хоногт сэтгэлээ илчлэх, хуучин амрагтайгаа холбогдох гэх мэт "гэнэтийн" үйлдэл хийх хэрэггүй. Хосын харилцаандаа аз жаргалтай яваа жинлүүрүүд бие биенээ хардахаас сэргийлж, дотно ярилцах нь таатай уур амьсгалыг удаан хадгалахад нөлөөлөх болно. 

Хилэнц

Тэнгэрийн ван гарагийн нөлөөллөөр сэтгэл хөдлөл ихтэй хилэнцүүд энэ сард харьцангуй тогтвортой байх нь. Амьдралаа гартаа авч, ирээдүйгээ бодон сэтгэлээ чилээхийн зэрэгцээ удаан хугацааны, үнэнч хайр дурлалыг хүсэмжилж эхэлнэ. Хосын харилцаандаа оюун дүгнэлт хийхэд таатай сар. Олон хүнд хөнгөн татагдах ч өөртөө цаг гаргахыг илүүд үзнэ. Хөнгөмсөг харилцаанаас залхсан хилэнцүүд сарын сүүлээр гэнэтийн шийдвэр гаргахаас зайлсхий. Өөртөө цаг гаргах, гэр бүлтэйгээ хамт байх нь тустай. Хостой хилэнцүүд харилцаагаа хэвээр хадгалж, хэн хэндээ чөлөө зав гаргах нь таатай уур амьсгалыг бүрдүүлнэ. Тавьж явуулах тусам тэд танд илүү татагдаж буйг анзаарах болно.

Нум

Энэ сард нумын ордныхны хувьд "саарал" үе тохиох нь. Шинэ харилцаа эхлэх, хуучин харилцаагаа бүр мөсөн орхихын аль аль нь тохиромжгүй. Хүлээлт үүсгэж, романтик харилцаа мөрөөдөхөөс илүү хувийн сонирхолдоо цаг гаргаж, одоогийн харилцаанаасаа нэг алхам ухарч зай авахыг зөвлөж байна. Од эрхсийн нөлөөллөөр сарын 10, 20-ний өдрүүдэд удаан хугацааны танил, энгийн найзаасаа сэтгэл илчилсэн зурвас хүлээн авч мэднэ. Гэсэн ч эхний алхмыг яаран хийлгүй, байр байдлыг ажиглах нь танд тустай. Ер нь л хайр дурлал төдийгүй ажил амьдралдаа нухацтай, бодлоготой байхад буруудахгүй. Хостой нумууд анхны болзоогоо эргэн дурсах, хайртыгаа гэнэтийн бэлгээр баярлуулах нь харилцаанд шинэхэн салхи оруулах болно.

Матар

Ажил хэрэгч, өөртөө найддаг матрын ордныхон энэ сард уян зөөлөн, романтик харилцаагаар дутагдана. Хуучин харилцаагаа бүр мөсөн мартах, тодорхой бус харилцаанд эхний алхам хийн зориглоход тохиромжтой сар. Сарын нөлөөллөөр 18, 20-ний өдрүүдэд санаанд оромгүй нэгэнд татагдаж мэднэ. Энэ нь удаан хугацааны үерхлийн эхлэл байж болох тул үл тоомсорлох хэрэггүй. Сэтгэлээсээ хандаж, өөрийн дотоод зүрх сэтгэлээ нээж чадсанаар амжилтад хүрнэ. Сарын дунд 14-ны үеэр уйдах, сэтгэлийн тогтворгүй байдалд автсанаас шалтгаалсан болчимгүй үйлдэл хийхээс зайлсхий. Хостой залуусын хувьд нэгнээ буруугаар ойлгож мэдэх тохиолдлууд гарах тул хүлээцтэй хандахыг од эрхсийн зүгээс зөвлөж байна. 

Хумх

Хайр дурлалд талархах, өнгөрсөн алдаа оноогоо эргэн дүгнэх цаг ирлээ. Сарын эхэн үед Ангараг гарагийн байрлалаас шалтгаалан сэтгэл санаа тогтворгүй байх нь. Гэсэн ч шинэ зүйлд нээлттэй байж зөн совиндоо итгэснээр зөв шийдвэр гаргаж чадна. Ганц бие хумхууд Бархасбадь гарагийн нөлөөллөөр бусдын сэтгэлийг татах нь нэмэгдэнэ. Хэзээ ч зориглож үзээгүй зүйлээ хийх, өөрийн санаачлагаар романтик болзоо зохион байгуулах, сэтгэлээ илчлэхэд таатай сар тохиож байна. Хайр дурлалын харилцаандаа сэтгэл дундуур байдаг хумхууд харилцаагаа тодорхой болгох, үерхэх санал тавих, зоригтой алхам хийхэд буруудахгүй. Эс бөгөөс тодорхой бус харилцааг эсрэг талаас төгсгөж мэднэ. Сарын 11, 18-ний өдрүүдэд гэнэтхэн хэн нэгэнд хайртайгаа ойлгох, сэтгэлээ илчлэхийг хүснэ. Өөрийгөө ойлгож, өнгөрснөө дүгнэж чадвал гаргасан шийдвэртээ харамсахгүй. 

Загас

Загас минь, шинэхэн дурлалд бэлэн үү? Хүлээлттэй байх тусам илүү их шархалдаг ... Тиймээ, бид үүнийг мэднэ. Гэвч энэ сард таамаглаагүй зүйлдээ ч бэлтгэлтэй байхад та алзахгүй. Бусдыг хэр их сонирхож, "гадаад далай"-д нээлттэй байх эсэхээс таны хайр дурлал шалтгаална. Чухал сонголт хийхдээ олон нийтийн бодол үнэлэмжийн дагуу урсгал дагах бус дотоод сэтгэлээ чагнаад үзээрэй. Үерхдэг загасны ордныхон хамтрагчдаа илүү талархалтай, дур булаам хандах болно. Тэд таныг гадаад болон дотоод ертөнцдөө хэчнээн үзэсгэлэнтэй болохыг ахин олж харна. Хэрэв ганц бие бол хүлээцтэй байгаарай. Сарын сүүлээр өөрөөсөө огт өөр ертөнцөд хүчтэй татагдаж, энэ нь сэтгэл догдлом үерхлийн эхлэл байж мэднэ.

Зургууд: Pinghatta 


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Бүсгүйчүүдийн краш Ма Дон Сок ирэх сард хуримаа хийнэ
2
20 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
3
22 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
санал болгох
1
1 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
11
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

мари 2021.03.02 172.69.252.133

загасны орд хамгийн азтай гоё шүү загас загас загас

0 Хариулах