Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Үерхлийн коуч Маттью Хуссей: Залуус үерхэл, харилцаандаа үнэ цэнтэй хандахаа больж байна


32 настай Маттью Хуссей үерхэл, нөхөрлөл, хайр дурлалын харилцааны талаар видео бичлэг, подкаст бэлтгээд 10 жил болжээ. Түүний бичлэгүүд олон сая хүнд хүрч, дэлхий даяар "Үерхлийн коуч" хэмээн танигдаад байна. Түүний 2013 онд гаргасан "Get the Guy" нэртэй ном Нью Йорк Таймсын шилдэг борлуулалттай номоор тодорч, өнөөг хүртэл 500 гаруй хүнийн хувийн коучаар ажиллаж, цахим сүлжээнд сая сая дагагчтай болжээ. 

"Хүмүүс зөвлөгөөг маань дагасныхаа дараа хайр дурлал нь бүтэмжтэй байгааг хэлэхэд надад таатай байдаг. Гэхдээ эсрэгээрээ миний зөвлөсний дагуу хэн нэгнээс салчихлаа гэж хэлэхэд ч би бүр ч их баярладаг. Буруу хүнтэйгээ хамт 10 жилийг аз жаргалгүй өнгөрөөх шаардлагагүй болж шүү дээ"

  - Маттью Хуссей

Залууст тулгардаг үерхэл, хайр дурлалын асуудлуудын талаар Маттью Хуссейн шинэ ярилцлагыг хүргэж байна. 

- Та яагаад үерхлийн коуч болохоор шийдсэн бэ?

Би багаасаа хүмүүсийн бодол санааг их сонирхож, сонсохыг хүсдэг байсан. Ялангуяа охидынхыг. Гэсэн ч миний "краш"-ладаг охин дэргэдүүр зөрөх л юм бол таг гөлийчихдөг хүүхэд байлаа. Найзууд маань жигтэйхэн шоолно. Тэгээд л өөртөө туслах санаатай хүний сэтгэл зүй, зан төлөвийг судалж, хөгжүүлж болдог "эд" болохыг ойлгосон доо. 

-Та эхлээд эрчүүдэд зөвлөгөө өгдөг байсан. Яагаад охид бүсгүйчүүдэд чиглэх болсон бэ? 

Эмэгтэйчүүдэд зориулсан үерхлийн номууд намайг ёстой ангайлгаж орхисон юм. "Эрэгтэй хүн ичимхий байх юм бол зүгээр л чамд дурлаагүй гэсэн үг" гэх мэт заавар зөвлөгөөтэй. Ичимхий зангаасаа болж таалагддаг охидоосоо үргэлж зугтаж явсан залуугийн хувьд надад үнэхээр "худлаа" санагдсан юм. Охид, бүсгүйчүүдэд үргэлж л суугаад сайн залуу ирэхийг томоотой хүлээхийг сургадаг. Үргэлж залуус л эхний алхмыг хийх ёстой, эмэгтэй хүн түрүүлж хөдлөх нь ичгүүртэй гэдэг ч юм уу. 

100 жилийн өмнө ч эмэгтэйчүүд таалагдсан залуугийнхаа урд гарын алчуураа унагаж, залуус түүнийг нь авч өгөх зуураа харилцан яриа үүсгэж, харилцаагаа эхлүүлдэг байсан. Харин одоо яагаад болохгүй гэж?

- Одоогийн үерхэл, болзооны нийтлэг хандлага ямархуу байна?

Өнөө үед хүмүүсийн харилцаа яг л нэг удаагийн хэрэглээ шиг болчихжээ. Tinder ч юм уу, болзооны аппликейшн, цахим сүлжээ хөгжсөн нь давуу талтай ч зүгээр л утсаа гараараа шүргэх төдий дараагийн хүнд харилцаа шилжиж байна. Үргэлж дараагийн хүн, дараагийн боломж бий гэдгийг мэдэж байгаа болохоор залуус үерхэл, харилцаандаа үнэ цэнтэй хандахаа больж байна. Цахим сүлжээгээр сэтгэл татам хүн хараад холбоо тогтоохыг оролдож, эргээд хариу авахгүй байлаа ч юу ч мэдрэхгүй. Сэтгэл догдлол багассаар байгаа нь харамсалтай бөгөөд аймшигтай.

- Энэ нь эмэгтэйчүүдэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Маш олон охид энэ мэт тоомжиргүй харилцаанд байснаар багахан дотно харилцаа эхэлмэгц л хэт өндрөөр үнэлж, хэт их зүйлийг хүсэмжлэх хандлагатай байдаг. Охид энэхүү үл ялиг дотно харилцаагаа авч үлдэх ёстой мэт, "яаж ийгээд" тас зуурах хэрэгтэй мэт санадаг. Өөрт нь сэтгэл гаргадаггүй, чухалчлан авч үздэггүй залууд анхаарсаар тамирдаж гүйцсэн охид, бүсгүйчүүд надтай их холбогддог. "Би биш бол тэр өөр хүнтэй үерчихнэ шүү дээ", "Хийх юмгүй болохоороо надтай уулзъя гэсэн ч тэр надад таалагддаг болохоор би уулзана. Тэр магад надад ямар сайн гэдгээ ойлгох ч юм бил үү" гэдэг. Гэтэл энэ хамгийн аюултай бодол. 

-Харилцаа нэг талдаа давамгайлах нь буруу гэдгийг бид мэддэг ч чаддаггүй...

Ийм харилцаа өөртөө итгэлгүй, дутмаг сэтгэл зүйгээс үүдэлтэй.

- Тэгвэл яах хэрэгтэй вэ? 

Хамтран амьдралыг туулах нэгэндээ сэтгэл гаргах нь чухал. Гэсэн ч ийм шалтгаанаар хэн нэгэнд зогсолтгүй өөрийгөө зориулах хэрэггүй. Үерхэл, дотно харилцаа сайхан ч яг л мансууруулах бодис шиг донтуулдаг. Харилцан нэг нэгэндээ хөрөнгө оруулж байж л тогтвортой харилцаа үүснэ. 

Үүний зэрэгцээ тавьж явуулж чаддаг байх хэрэгтэй. Амьдрал чинь тэр чигээрээ хамтрагчаасаа хараат бус байж гэмээн л та илүү сайн амьдралын хамтрагч байж чадна. Тэр орхиод явсан ч, та тавиад явуулсан ч амьдрал тань үргэлжилсээр байхуйц хараат бус нэгэн байвал танд л хэрэгтэй. 

- Та цахим сүлжээгээрээ дамжуулан бараг мянгаад эрчүүдээс яагаад гэнэтхэн "таг болдог" тухай нь асуусан. Ямар дүгнэлтэд хүрэв? 

Яг үүнийг охид, бүсгүйчүүд надаас хамгийн их асуудаг. Тухайн эмэгтэйг зүгээр л сонирхохоо больсноо эрчүүд хэлэх дургүй байдаг. Хэлэх ч албагүй. Мессэж бичихгүй, харилцахгүй байгаа нь өмнөөс нь ярьчихаж байгаа болохоор тэр шүү дээ.

Эмэгтэйчүүд ингэж асууснаараа яг үнэндээ "Яасан бэ? Би чамд сайн шүү дээ. Чи яагаад ахиад уулзахыг, харилцахыг хүсэхгүй байгаа юм бэ?" гэж асууж байгаа хэрэг. Үүнд эрчүүд хариулахад бэрх. Бусдад үнэн ч гэсэн бүдүүлэг үг хэлэх ямагт хэцүү байдаг шүү дээ. Охид нэгэндээ ч энэ хатуу үнэнг хэлж чаддаггүй. "Зүгээр дээ. Тэр чамд хэтэрхий дурлахаас айсан байх" гэх мэт худал гоё үгээр биенээ хуурдаг. Яг үнэндээ зүгээр л сонирхохоо больсон.   

- Таны зөвлөгөө өгөн, коучаар нь ажилласан хэн нэгэн танд дурлаж байсан уу?

"Хайр дурлал" гэдэг үг өөрөө олон салаа утгатай. Намайг өөрт нь таалагддаг гэж хүмүүс хэлдэг ч  надтай 24 цаг хамт байж, таньж мэдсэнийхээ дараа ч "хайртай" хэвээрээ байвал бид ярилцаж болох юм .


Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
5 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
6 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
10 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
8
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.