Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Сэтгэл санааны хууралт араар тавилт мөн үү + Энэ асуудлыг яаж шийдэх вэ?


Хүмүүс бие махбодын хууран мэхлэлтийг араар тавилт гэдэгтэй санал нийлдэг. Тэгвэл сэтгэл санааны хууралтыг юу гэж үзэх вэ гэдэг ихээхэн маргаантай асуудал юм. Бие махбодын харилцаанд ороогүй бол араар тавилт биш гэж үзэх үү? Дотно нөхөрлөл болон сэтгэл санааны хууралтын хооронд ямар ялгаа байдаг вэ, ийм байдалд орсон хосууд харилцаагаа сэргээж, урьдынх шигээ байх боломжтой юу? гэх мэт олон асуудал яригддаг.

Тэгвэл Колорадогийн Их Сургуулийн хосууд, гэр бүлийн эмчилгээний туслах профессор, доктор Роберт Аллан сэтгэл санааны хууралт гэж юу болох, яагаад ийм нөхцөл байдал үүсдэг, ийм тохиолдлыг хэрхэн таних, яаж таван туулах талаар зөвлөгөө өгчээ. 

Сэтгэл санааны хууралт гэж юу вэ? 

Сэтгэл санааны хууралт гэдэг нь хамрагчаасаа (эхнэр, нөхөр, найз залуу, бүсгүй) өөр хүнтэй бэлгийн бус, дотно харилцаа үүсгэхийг хэлдэг. Хэрэв та хамт ажилладаг хүнтэйгээ дотно нөхөрлөж, үе үе түүн рүү нууцаар бичдэг бол энэ нь ердийн дотно нөхөрлөлөөс сэтгэл санааны хууралт болж хувирах магадлалтай гэж доктор Аллан ярьжээ. 

Тэгвэл найз нөхөдтэйгээ өөрийн нууцаа эсвэл сэтгэлийн нарийн нандин зүйлсээ хуваалцах нь сэтгэл санааны хууралт юм биш үү гэж та бодож магадгүй. Мэдээж хэрэг тийм биш юм. Хамрагчаасаа өөр хүнээс сэтгэл санааны дэмжлэг авах нь буруу зүйл биш бөгөөд харин ч таны сэтгэцийн эрүүл мэндэд тустай. Мөн сэтгэл санааны хууралт нь бодит үйлдэл хийх тухай асуудал биш билээ. 

Харин хамтрагч маань энэ талаар битгий олж мэдээсэй гэж хүсэж байгаа бол энэ нь бидний яриад байгаа сэтгэл санааны хууралт байх өндөр магадлалтай. Түүнчлэн хос хоёр юуг хууралт гэж үздэгээс хамаарч энэ ойлголт өөрчлөгдөж болно. Тухайлбал, сэтгэл санаагаараа хамтрагчаасаа өөр хүнтэй дотно холбоо үүсгэхийг та хоёрын хэн хэн нь үнэнч бус байдлын илэрхийлэл гэж боддог бол ажлынхаа найздаа үе үе сэтгэлээ уудалж, нууцаар бичих нь хууралт болж таарах нь. 

Товчоор хэлбэл, хамтрагчийнхаа хүлээлтийг зөрчиж, тэр нь эсрэг хүнийхээ сэтгэлийг шархлуулсан бол сэтгэл санааны хууралт гэж үзнэ. Тиймээс романтик харилцааг эхлүүлэхдээ юуг араар тавилт гэж үзэх вэ гэдгээ та хоёр тодорхойлж, ойлголцолд хүрвэл санаатай болон санамсаргүйгээр сэтгэл санааны хууралт үүсэхээр сэргийлж чадна.

Та хоёрын хэн нэг нь ийн хуурч байгааг яаж мэдэх вэ? 

Хэрэв хамтрагч чинь таныг сэтгэл санаагаар хуураад байгаа юм шиг мэдрэмж төрвөл энэ талаар шууд нээлттэй ярилцах нь дээр юм. Эсрэгээрээ та хуураад байгаа юм шиг санагдвал "Бид бусад хүнтэй үүсгэсэн дотно харилцааныхаа талаар хамтрагчтайгаа хэр илэн далангүй, нээлттэй байдаг билээ" гэж өөрөөсөө асуу. Мөн нөхөрлөл нэрийн дор танд өөр сонирхол, далд хүсэл, татагддаг зүйл байгаа эсэхийг дахин эргэцүүл. 

Хүмүүс яагаад хамтрагчаа сэтгэл санаагаар хуурдаг вэ? 

Хамтрагчаасаа өөр хүнтэй сэтгэл санааны дотно харилцаа үүсгэхэд олон хүчин зүйл, нөхцөл байдал нөлөөлдөг гэж доктор Аллан тайлбарлажээ. Жишээлбэл, зарим хүнд хамтрагчдаа сэтгэл хөдлөлөө илэрхийлэх амаргүй байж мэднэ, эсвэл хамтрагч нь тэр хэрэгцээг хангах чадваргүй, хүсэлгүй байдаг ч байж болно гэжээ. Гэлээ гээд ийм байдалд орсондоо хамтрагчийгаа буруутгаж болохгүй юм. Мөн та хоёр эрүүл харилцааг үүсгэж чадсан бол сэтгэл санааны дотно харилцаа, дэмжлэгийг хамтрагчаасаа олох бүрэн боломжтой. 

Хэрхэн энэ асуудлыг даван гарч, харилцаагаа цааш үргэлжлүүлэх вэ?

Магадгүй та хамтрагчаа ийм байдлаар хуурсан гэдгээ мэдээд хэлэх үү, нуух уу гэж эргэлзэж мэднэ. Бас хамтрагч тань ямар байдлаар хүлээж авах бол гэж түгшиж байгаа нь гарцаагүй. Мэдээж үүнийг хэлэх эсэх нь таны шийдэх асуудал боловч хэлснээр та харилцааны үндэс суурь болсон итгэл, үнэнч байдлаа хадгалж үлдэх боломжтой гэж доктор Аллан зөвлөжээ. 

Нэгэнт асуудал ил болсон бол хэн нь хамтрагчаа хуурсан нь чухал биш юм. Хамгийн гол нь ийм зүйл тохиолдсон ч та хоёр энэ харилцааг цааш үргэлжлүүлэх хүсэлтэй байна уу гэдгээ шийдэх хэрэгтэй. Хэрэв хамтрагч тань таныг хуурсан бол түүнийг уучлахын тулд өөрөөс шаардах бүхнийг хийхэд бэлэн байна уу гэж өөрөөсөө асуу. Хэрэв та хуурсан бол яагаад дотно харилцааг өөр хүнээс хайх болов гэдгээ эргэцүүлээрэй. 

Хэн хэн нь асуудлыг ойлгож, харилцаагаа хадгалж үлдэхээр шийдсэн бол юу болсон талаар ярилцаж эхлэх нь та хоёрын дунд үүссэн үл ойлголцол, зөрчлийг эдгээхэд тус болно. Гэхдээ энэ нь сонсогдож байгаа шигээ амархан биш гэж тэр анхааруулжээ. 

Хуурсан хүн гэмээ цайруулахын тулд болсон процессыг нэгд нэгэнгүй ярихыг хүсэж мэднэ. Эсвэл хууртсан хүн нь хамтрагчийнхаа өөр хүнтэй үүсгэсэн дотно харилцааны талаар дэлгэрэнгүй сонссоны дараа уучлахад улам л бэрх болж магадгүй. Тиймээс алдаа гаргасан хүн нь эсрэг хүнээ гомдоож, шархлуулснаа хүлээн зөвшөөрөх, уучлал гуйхад бэлэн байх ёстой. Нөхцөл байдал хэчнээн хүнд байгаа ч бодит байдлыг хүлээн зөвшөөрөх нь таны бодож байгаагаас ч илүү чухал, харилцааг тань аврах алхам байж мэднэ. 

Араар тавилт нь харилцааг хамгийн ихээр сэвтүүлдэг зүйлсийн нэг нь тул ийм явдлын дараа хэн хэндээ итгэх итгэлээ сэргээхэд цаг хугацаа шаардана гэдгийг бодолцоорой. 

Эх сурвалж: Self.com 


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2023.10.11
Мөрөөдөж буй зүйлээ өөрийн болгохын тулд нүүр тулах ёстой 5 зүйл
2
2023.06.29
Мөнгөн хуримтлал үүсгэхэд туслах "365 хоногийн хадгаламжийн челленж"
3
2022.12.01
Баярын сард 'АМЬД ҮЛДЭХ' жор | Цаг хугацаа, мөнгө санхүү, сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэх вэ?
санал болгох
1
21 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.