Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Хөл хорио гэх хий дүйвээн

Хөл хорио утга учиртай, тохирох зохицуулалттай бол хүмүүс дайжихгүй. Хөл хорио халдвараас сэргийлэх гол зорилготой, тэр нь үр дүнтэй бол тэр бүр цааргалахгүй.


Цар тахал эхэлсэн цагаас хойш халдварлах эрсдэлийг бууруулахаар дэлхий даяараа янз бүрийн арга ашиглав. Маск зүүх нь зөв, буруугаас эхэлсэн энэ маргаан эцэстээ коронавируст халдварыг барихад хөл хорио тогтоох нь хамгийн үр дүнтэй гэдэгт олон орны эрдэмтэд санал нэгджээ. Дотоодод халдваргүй үеэс л хязгаарлалтын дэглэмд аж төрсөн Улаанбаатарын иргэд үүнийг мэдэхийн дээдээр мэдэж, дагахын ихээр дагасан. Гэхдээ олон удаагийн элдэв хорионы дараа үндэслэл нь юу вэ, ямар нөхцөл байдлыг туулахын тулд, ямар арга хэмжээ авч, яагаад заавал хориод, ямар үр дүнд хүрэх вэ гэх асуултын хариулт улам бүдгэрсээр байна.

Шинэ он гарсны дараахан бид ажлаараа 2021 оноо угтан анхны цахим хурлаа хийгээд удаагүй байв. Төдөлгүй ажлын групп чатанд зогсоо зайгүй мессеж ирж, бүгд нэгдүгээр хавьтагчид болсон тул “Үтэр түргэн юмаа бэлд, одоо гэрээс чинь очиж авлаа” гэх дуудлага ирснийг ярин бужигнав. Юу юугүй цагийн дотор ажлын 10 гаруй хүнийг маань хаягийн дагуу нэг захаас нь түүгээд оногдсон зочид буудалд аваачлаа. Энэ зуурт мэдээж асууж үзнэ. Халдвартай хүнтэй уулзаад бид 10 орчим хоносон юм байна, шинж тэмдэг илэрсэн хүн байхгүй юм байна, нууц үе гэж тооцож байгаа бол гэртээ ажиглалтад байж болох уу? “Үгүй”. Ганцаараа амьдардаг хүмүүс бас бий, гэртээ өөрийгөө тусгаарлаж болох уу? “Үгүй”.
Ингээд буудалд очоод тус тусын өрөөнд хуваарилагдаж бие биенээ бүртгэвэл нэг маань дутуу байлаа. Араас авчрах байх гэсэн ч ирсэнгүй, сүүлдээ үлдсэн хүн маань өөрөө утасдаж “Намайг авч явах уу” гэхэд тусгаарлах газар алга гээд үлдээсэн. Харин халдвартай хүнтэй уулзсан өдөр ажилдаа ирээгүй нэг хүнийг зүгээр л манай байгууллагын ажилтан гэдгээр нь авааччихсан байх нь тэр. 

Эндээс харвал халдвараас сэргийлж тусгаарлаад байна уу, эсвэл тоо нормтой түүнээ гүйцээх гээд тусгаарлаад байна уу гэдэг нь яах аргагүй эргэлзээ төрүүлнэ.

Тусгаарлалтад ажиллаж байсан алба хаагчид, буудлын ажилтнуудын хувьд чадах бүхнээ хийж байсан нь найрсаг, дулаан байсныг хэлэх нь зүйтэй. Гэхдээ үл ялиг асуудал гарах, асуулт төрөхөд л “Дээрээс шийднэ, дээрээс үүрэг өгсөн” гэхээс өөр үггүй, хөнгөн жижиг асуудлыг ч тэгж ам таглаад дадсан юм байна. Дээр гэдэг нь хэн бэ, хаашаа хандах вэ гээд тодруулбал УОК гэхээс өөр үггүй. УОК-ын хэн, хаашаа гээд залгаад сууж байхав гээд сүүлдээ өөрсдөө ярилцаад зарим асуудлаа шийдэж эхэллээ. Гэхдээ ажил, үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүс хүн хоорондын харилцааны жижиг асуудлыг ч “дээрээс” ирэх шийдвэргүйгээр зохицуулах боломжгүй байсан нь хачирхалтай бөгөөд харин дээдүүл нь хариуцлага хүлээх болохоороо дунд, доод шатныхны сэтгэлгүй, хариуцлагагүйг гайхаж байсан нь жигшмээр хандлага байсан.

Ингээд халдвартай хүнтэй уулзсанаас хойш 10 хоногийн дараа тусгаарлалтад орж 12 хоног байхдаа 4 удаа шинжилгээ өгсөн ч нэгнийх нь ч хариуг хаанаас ч харж чадаагүй нь бас нэгэн гайхамшиг. Яагаад ч юм бидний мэдээлэл eruul.gerege.mn, 119.mn алинд нь ч байхгүй байв. Эхний өгсөн шинжилгээний сорьц хөлдсөн болохыг телевизийн мэдээ үзээд тааварлаж ойлгов. Дараа, дараачийнхыг нь асуусан боловч “Эерэг байсан бол ХӨСҮТ аччихсан байгаа. Эндээ байгаадаа баярла” гэх "шинжилгээний хариу" хүртэл авч үзлээ. Улмаар өрөөнөөсөө гарвал нэмж 14 хонуулна гэх өдөр бүрийн сануулгын дүнд ямартай ч бид 12 хоногийг буудалд өнгөрүүлснээр гэртээ ирсэн юм.

Түүнээс хойш хоёр сарын дараа дахиад л гэнэтийн хориотой учирсан нь өнөөдөр. Баянзүрх дүүргийн 26-р хороонд ямар байдлаар халдвар тархаж, хэдэн хүн коронавирусээр халдварлаж, ямар эрсдэл учирсан үндэслэл нь тодорхойгүй бөгөөд дүүргийн Засаг даргад “мэргэжлийн байгууллагын дүгнэлт, зөвлөмж” гэж доторхыг нь хэлж болдоггүй бичиг ирсэн бололтой ийнхүү шийдвэрлэжээ. Мэргэжлийн байгууллага ямар дүгнэлт гаргаж, юу зөвлөсөн болоод бид энэ өглөө цагаан хоолойгоор юу ч юм хэлэх чимээнд сэрснээ мэдсэнгүй.

Түүний дараах “Урьдчилан мэдэгдэхээр иргэд дайжчихдаг” гэсэн албаны хүний тайлбар үнэндээ нөхцөл байдлын хамгийн хоржоонтой тайлбар. Халдвараас сэргийлэх хориг нь зам хааж, үйл ажиллагаа хязгаарлах гэхчлэн механик шинжтэй харагдавч үнэндээ энэ бол хүн хоорондын нийгмийн харилцааг хязгаарлаж буй хэрэг. 

Хүний харилцаа гэдэг механикчлан хааж, хорьж болохгүй, томъёо шиг тогтмол биш уян хатан зохицуулалтаар явах учиртай. Тийм учраас тулгарч болох асуудлуудыг бүх талаар бодож тохирох хувилбаруудыг боловсруулалгүй хүчээр, механикаар хориод байсан нь иргэд зугтах болсон гол шалтгаан.

Аав, ээждээ очихоор арай гэж тусгай үүргийн нислэгт багтсан хүүхэд өнөөдөр шинжилгээ өгөх гэсэн ч хөл хорио гээд гаргахгүй байх, хагалгаа хийх учиртай эмч гэрээсээ холдож чадахгүй байна гэхчлэн зайлшгүй шаардлагатай хүмүүс хэрхэхийг тооцолгүй гэнэт хорьсноос өнөөдөр хороо, дүүрэг даяараа бужигнав.

Хөл хорио утга учиртай, ойлгомжтой тайлбартай, тохирох зохицуулалттай бол хүмүүс дайжихгүй. Хөл хорио халдвараас сэргийлэх гол зорилготой, тэр нь үр дүнтэй бол тэр бүр цааргалахгүй. Гагцхүү зорилго нь гажсан нь нүдэн дээр илэрхий, халдвараас сэргийлэх бус ор нэрийн төдий явагдаад байгаад бид бухимдаж байна. Ердөө сар гаруйн өмнө Улсын онцгой комиссын хариуцлагагүй үйл ажиллагааг иргэд шүүмжилж талбайд жагсахад сүүлдээ гол асуудал ковид биш улстөр болчихсон. Өнөөдрийн хориг ч мөн адил тодорхойгүй үндэслэлээр шийдэлгүй хорьсон нь ковидтой тэмцэх нь эн тэргүүнд байна уу эсвэл 13 дугаарт байна уу гэдгийг бэлхнээ харуулж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.22
1984. Хамбан хөшиггүй таашаах эрх чөлөө
3
2024.03.12
Будапештын тэмдэглэл
санал болгох
1
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.