Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Humans of Ulaanbaatar: Эх орны дайчин эрс


“Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тохиолдуулан  “Humans of Ulaanbaatar” буландаа үе үеийн зэвсэгт хүчний албан хаагчдыг онцлон хүргэж байна.


#1 Нисэх хүчний офицер Х.Намжилдорж

"Өнөөдөр Зэвсэгт хүчний 100 жилийн ойн түүхэн өдөр тохиож байна. Энэхүү эрин үеийг угтан өнөөдөр дүрэмт хувцсаа өмсөн цэнгүүлж, Төв талбайдаа ирэн түүхэн хоёр агуу хүндээ хүндэтгэл үзүүлэн мэхийлээ. Ах нь Налайхын Зэвсэгт хүчинд 25 жил алба хаан, тэтгэвэрт гарсан хүн. Эх орон минь 100 жилийн өмнөх энэ өдөр тусгаар тогтносны үр дүнд өнөөдрийн бидний эрх чөлөө, ирээдүй хойч ирсэнийг залуус дүү нар минь ухамсарлаж яваарай. 

1921 оны гуравдугаар сарын 18-нд жанжин Д.Сүхбаатарын удирдсан Ардын цэрэг Хиагтыг чөлөөлж Ардын журамт цэрэг эх орноо чөлөөлөх анхны ялалтаа байгуулсан түүхэн өдрийг бид ач холбогдол, үнэ цэний нь хувьд 100 жилийн дараа ч дуурсан санах хэрэгтэй юм шүү дээ. Зөвхөн зэвсэгт хүчнийхний төдийгүй монгол хүн бүрийн хувьд хамгийн их бахархан хүндэтгэж, дуурсан санах ёстой түүхэн өдрийг үзэж байгаадаа ах нь баяртай байна." 


#2 Бэлтгэл хурандаа С. Эрдэнэтөгс, Бэлтгэл хурандаа Ц. Баянмөнх (зүүн гар талаас)

С. Э: "Би 1983 онд Цэргийн Нэгдсэн Дээд Сургуульд элсэн суралцаж 1987 онд төгссөн. Анх цэргийн албанд ирж байхад миний дэргэд зогсож буй энэ хүн (зурагны голд) биднийг даргалж цэргийн амьдралын хатуу хөтүү бүх зүйлийг А-аас нь эхлээд зааж өгсөн багш минь байгаа юм. Бид хоёр чинь энэ даргынхаа цэрэг нь болж явсан тийм хүмүүс. Өнөөдөр төрийн далбаа мандуулах энэ талархлын ажиллагаанд даргыгаа аваад хүндэтгэл үзүүлэн, дурсамж болгон зургаа татуулаад явж байна. Хамгийн анх зэвсэгт хүчний 167-р ангид салаа салбарын офицер, 032-р ангид зохицуулах офицер, Зэвсэгт хүчний ерөнхий штаб-д цэргийн албан хаагчдын сургалт хариуцсан офицероос эхлэн, Батлан хамгаалах удирдлагын академид суралцаж, зэвсэгт хүчний 011-р ангид штабын даргаар томилогдон ажилласан.

Энэ жил зэвсэгт хүчний 100 жилийн ой тохиож байгаа ч энэхүү өдрийн гол утга нь өвгөд дээдэс, ахмад настнуудын тусгаар тогтнолыг бидэнд үлдээсэн түүхэн үйл явдалтай холбоотой юм. Тусгаар тогтносон улсыг хойч үедээ өвлүүлэн өгөх энэ хариуцлагатай албанд бид амьдралынхаа 30 гаруй жилийг зориулсандаа бахархаж явдаг. Өөрийн минь том хүү ч бас зэвсэгт хүчинд алба хаан, ахмад цолтой багшилж байгаа. Цаашдаа манай залуучууд эх оронч үзэлтэй, хүмүүжилтэй, эх орныхоо тусгаар тогтнолыг хамгаалсан улс орноо авч явах болтугай гэж залбирч хүлээж явдаг аа.

Ц. Б: 4 жил нэг курст сурсан андуудтайгаа уулзаад сэтгэл их хөдөлж байна. 100 жилийн ой гэдэг хүн болгонд тохиохгүй тэр тусмаа 100 жилийнх нь 30 жилд зэвсэгт хүчиндээ зүтгэчихсэн учраас сэтгэл их өндөр байна. Хойч үе маань энэ газар нутаг, бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолынхоо төлөө сэтгэл зүрхээ зориулаарай л гэж хэлмээр байна.  


#3 Цэргийн албан хаагч Р.Энхбаатар 

100 жилийн ойг албандаа ажиллан угтаж буй нь хүн бүрт олдохгүй тохиол хэмээн бэлэгшээж байна. Нэгэн эринээс дараагийн эринд улбаалан дамжиж буй энэхүү түүхэн өдрийг Төв талбайдаа ёслолын буудлага, хүндэтгэлийн тоглолтоор эхлүүллээ. Улс эх оронд хөл хорио, цар тахал тулгарч буй нь бидний хувьд томоохон сорилт бүхий цаг үе болж байна. Тиймээс ч хувь хүн бүр ухамсартай байж, энэхүү түүхэн тусгаар тогтнол үнэгүй олдоогүй, өвөг дээдсийн минь өнө удаан тэмцлийн үр дүнгээс үүдэлтэй, үнэ цэнтэй тул цааш уламжлан авч явах хүмүүс нь та нар юм шүү хэмээн залуустаа захья.


#4 Оюутан цэргийн албан хаагч, 3D артист Г.Шинэбаяр 

18 насандаа оюутан-цэргийн албыг хаасан нь миний хувьд нэр төрийн хэрэг. Хэдий хоёр сарын хугацаатай боловч цэргийн албанд үзэх, сурах ёстой бүхнийг энэ хугацаанд багтаан суралцсан нь залуус бидэнд маш хэрэгтэй үйл хэрэг болсон. Оюутан байхдаа их сургуульдаа хоёр сар зэвсэгт хүчний онолын хичээл үзэж, үргэлжлүүлэн онолоо бататган хоёр сар практик дадлага бүхий оюутан-цэрэгт хамрагдсанаар шат дараатай мэдлэг, туршлага, хатуужилтай болж чадсандаа баяртай байдаг. Залуу хүний хувьд гэнэтийн аюул аваарын бэлтгэл, хичээл сургуулилтад хамрагдах нь хүч тэнхээ сорьсон сонирхолтой, хэзээ ч мартагдашгүй хоёр сар байсан. Эр цэргийн баяраар бидний хэдэн залуус баярлах, тэмдэглэх гэхээсээ илүүтэй хамт цэрэгт явсан найз нөхөдтэйгөө дурсамжаа хуваалцах, сурсан зүйлсээ ахин дурсах нь сайхан санагддаг. 


Та бүхэнд орчин цагийн Зэвсэгт хүчин байгуулагдсан 100 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.01.06
Humans of UB / Аутизмд хийсэн аялал
2
2023.11.23
Humans of UB | Уур амьсгалын өөрчлөлтөд эергээр нөлөөлсөн монгол хүүхдүүдийн түүх
3
2023.06.27
Humans of UB | Паркаа бүтээгчид
санал болгох
1
1 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
2
5 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
Өчигдөр
Playlist: Цасан шуурганаар сонсоход хамгийн тохиромжтой 11 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
5
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.