Хайх зүйлээ бичнэ үү

30 мин

Paradise: Зэрэгцэх ертөнц, огтлолцох алс


...

Цагаан уул. Поп-арт маягийн хэрнээ монгол зургийн аргаар туурвисан цагаан уул. Яг урд нь тэд танилцжээ. Залуу  “Чи зураа юу? Болж байна шүү дээ...”.

Сoldplay хамтлагийг залуус ид сонсож байсан үе. Бүсгүйд шинэхэн цомог нь байлаа. Залуу зээлж гэнэ. Эргүүлж өгөхдөө “Тийм ч гойд байсангүй. Өмнөхүүдээ бодвол онцгүй л...”. Хэгжүүн үгтэй залуу, дуу цөөтэй бүсгүй хоёр ийн зураг, хөгжим ярилцсаар нэг гэртээ орчих нь тэр.

Залуу: Манай хүн чимээгүй. Би л их яриа. Энэ ингэж, тэр тэгж гээд намайг ярихад…

Бүсгүй:  Би аягаа угаагаад чимээгүй зогсож байна...

Залуу: Нуруутай нь яриад ч байгаа юм шиг. Гэхдээ царайны хувирлаараа ч болов "аан уун" гээд хариулна л даа (инээлдэнэ.)

Цагаан уул хэмээх даруухан цэцэг ид зунаар цэцэглэх ч өнгөө ер гээхгүй тул хүмүүс түүгээр мөнхийг бэлгэднэ. Ийм бэлгэдлийн чанх өмнө танилцсан хосууд хувь тавилангаа холбож ярих гэх биз. Гэвч тэд тийм дайны хөвсөлзүүр улс арай ч биш.

Өдгөө Монголын орчин үеийн уран зургийн төлөөлөгчдийн нэг Мартын Батзориг, Дагвасамбуугийн Үүрийнтуяа нарын хамтын түүхийн эхлэл энэ.

Таны одоо харан буй хөргүүдийг зурагчин З.Энхмөнх илгээхдээ “ҮБА” гэж нэрийдсэн байв. Үүрийнтуяа дээр нэмэх нь Батзориг тэнцүү ҮБА.

Үүрийнтуяа+Батзориг=?

“...Бүтээлчийн барил дан дотроос нь сэрсэн санаа байдаггүй. Хэн нэг алдартай бүтээлчийн нөлөө, технологийн дэвшил, амьдралын учрал, замнал зэрэг гаднын маш олон хүчин зүйл шийдвэрлэх үүрэгтэйгээр ч нөхцөлдсөн нь байдаг. Хоёр өөр зураач хамт байхад арга барилууд хоорондоо уусдаг (уусах ёстой) уу? Хэрэв уусдаг гэж үзвэл хэр зэрэг нэвчдэг вэ? Энэ үзэгдлийг зохист хэм хэмжээгээр хязгаарлах боломж бий юү?...Үнэндээ бид бие биенийхээ барилд уусах хэм хэмжээг ухамсраараа хянахыг оролдсоор ирсэн. Гэхдээ сүүлийн 10 жилийн хугацаанд бидний бүтээлчийнхээ хувьд олсон ололт, гээсэн зүйлс маань явж явж гаднаас нь ялган харах боломжгүй тийм нарийн ууслууд л байв…” гэж тэд хамтын “Уусал, үл уусал” үзэсгэлэнгийнхээ өмнөтгөлд дурджээ.

Уусдаг бол хэрхэн, ямар үйл явцыг дамжин уусдаг бол? Эс уусдаг бол хэдий дайны эсэргүүцэх оролдлого шаарддаг бол? Уусах нь зөв юм уу? Эс уусах нь зөв юм уу? Эсвэл “Багийн тоглолт” гэж харах ёстой юм болов уу? Энэ бүх асуултаас урьтаж тэдэнд “Уран бүтээлчид хамт амьдрах ямар вэ?” гэж тун ч шалдир асуулт тавив.

Ү: Сэтгэлийн үелзэл нэг шугамд давхацдаг хүнтэй учирсандаа талархдаг аа. Уран бүтээлч, ялангуяа эмэгтэй уран бүтээлч хүн хийж, хүсэж буй ажлыг нь хүүхэд уйдахаараа зурж тоглож буй мэт ханддаг, ажил гэж тооцдоггүй хүнтэй амьдрах хэцүү. Нэг бол сална, нөгөө бол зурахаа л болих байх даа.

Ба: Амьдрал л учраас, тусдаа хувь хүмүүс л учраас муудах, сайдах үе гарна. Гэвч тэр бүхнийг адилхан уран бүтээлч учраас давж гарсан байх.

Ү: Азаар л ийм хүнтэй учирсан учраас уран бүтээлч хүнтэй суусандаа талархахаас бус эсрэгээрээ амьдарсан бол “Ёстой битгий!” гэж зөвлөх байлгүй.

Ба: Хүн өөрийн туршлагаа л ярьдаг. Зааныг дөрвөн талаас нь барьж үзчихээд “Заан бол...” гэж яриад байгаатай адил хэрэг. Тэгэхээр зөв, буруу, гоё, муухай гэж эцэслэх аргагүй л дээ.

Нэг нь алдаршвал нөгөө нь давчдах юм уу? Давчиддаг гэдэг дээ?

Энэ асуултад Ба яг ч хариулсангүй. Тэр “Би давчиддаг уу” хэмээн Ү рүү харах, тэгээд зэрэг инээлдэх. Хариулт ойлгомжтой.

Зурагчин зураг авна. Ингэж, тэгж зогсоорой хэмээх командыг тэд дуулгавартай дагана. Дараагийн нэг булдир асуулт.

Ямар үед нэгэндээ хайртайгаа тод мэдрэх вэ?

Ба: Зургаа авахуулахдаа л их мэдэрнэ дээ.

Ү: Ичингүйрч бариад л уу? (инээлдэнэ)

Ү.

“Монгол зураг гэдэг нь эртний уламжлалаасаа суралцан, өнгө болон бодит дүрс, хэлбэрийг хийсвэрлэн, далд гүн агуулгыг илэрхийлдэг дүрслэх урлагийн шинэ төрөл юм” гэж ”Монгол зургийн тунхаглал” хэмээх баримт бичигт дурдсан байдаг. Харин “Монгол зураг” нийгэмлэгийн тэргүүн М.Чинбат “Төв Азийн өндөрлөг хэсэгт тал нутгаар нүүдэллэн амьдарч ирсэн монголчуудын зураг урлагийг дэлхийд огт судлагдаагүй  шинэ  зүйл  гэж  хэлж  болно. Цаашид монгол зураг нь зөвхөн монголчуудын зураг урлал биш, гадаадын урлаг судлаач эрдэмтэд ихээхэн сонирхох болсон бөгөөд… монгол зураг нь дэлхийн урлагийн хэмжээнд хүрэх төлөв байдал ажиглагдаж эхэлж байна…” хэмээжээ.

Австралийн Куйнсланд хотын Орчин үеийн уран зургийн галерейн (QAGOMA)  танилцуулснаар “1990-ээд оны сүүлч үеэс монгол уран зураг шинэ тутам үүсэж буй хотжилт, санхүүгийн саад, олон соёлын нөлөөн дор үндэсний онцлогоо сэргээх, тулгарч буй бэрхшээлийг шийдэх тэмүүлэл бүхий шинэ зураачдаар цусаа сэлбэсэн юм. Д.Үүрийнтуяа нь энэхүү орчин үеийн монгол уран зургийн төлөөлөгчдийн нэг агаад монгол зургийн уламжлалт техникээр өнөөгийн монгол эмэгтэйн аж байдлыг яруу найраглаг дүрсэлдгээрээ онцлог...” ажээ.

Харин тэр өөрөө “Миний анхны зорилго төвд буюу танка зургаас ялгарах байсан. Хавтгай талбайд алслалтыг ашиглаагүй хэрнээ алслалт бий болгосноороо ялгардаг байж магад. Мөн орчин үеийн сэдвийг танка аргатай хослуулж буйгаараа орчин үеийн монгол зураг гэгддэг болов уу. Өнгөний хувьд ч танка зурагт голчлон ашигладаг тод өнгө биш голцуу саарал өнгө ашигладаг” хэмээсэн юм.

Түүний нөхөр, зураач- урлаг судлаач М.Батзориг ийн дүгнэжээ. “...Хаашаа ч юм шувуудтай хамт нисэн одох нь эмэгтэй хүнд л байж болох үгээр хэлшгүй тийм далдын нууцлаг хүсэл мөрөөдөл гэлтэй. Гэтэл тэр доор нүүдэлчдийн энгийн, өдөр тутмын, залхуутай ч гэмээр амьдрал үргэлжилсээр л… Түүний бүтээлүүдээс нислэг, нисэж буй тогоруудын өндөрлөгөөс хүмүүсийг харах, одод болон түгсэн хязгааргүй олон цэцэгс, юу руу ч юм зүтгэсэн чигтээ намагт шигдсээр байгаа хөөрхий хүмүүс, хотжилт, хүмүүсийн бөөгнөрөл, чимээгүй гуниглал зэрэг олон зүйлийг мэдэрч болно… Энэ мэт шинэлэг хэллэг, хэлбэрээрээ дамжуулан уламжлалт монгол зургийнхны нэгэн хэв загварт хүлэгдсэн, зогсонги байдалд хэт удаж байгаа залуу үеийнхнээс орчин үеийн чиг хандлагыг зоригтойгоор нэвтрүүлж байгаа гэдэг утгаараа Д.Үүрийнтуяагийн бүтээлүүд шинэтгэгч юм…

Манай гал тогоонд байж л байдаг эд хэрэглэл, гудамжинд таарч л байдаг зүйлс түүний бүтээлд нисэж мөрөөдөж, зүүдлэхийн сацуу зүүдний гол дүр болж, түүх өгүүлж байх нь гайхалтай. Одоо цагт амьдарч буй би өнөөх “орчин үеийн монгол эмэгтэй” гэдэг нь байх. Ийм тодорхойлолтод багтсанаараа харин юу илэрхийлэх, ямар түүхийн оролцогч болж буйгаа ер мэддэггүй юм. Миний мэдэхгүй тэр “хүүрнэл”-ийг харин Д.Үүрийнтуяа аль хэдийн мэдчихээд өмнөөс минь хүүрнэх аж.

ЗурагТайлбар
Aabam Beebem
Bathroom, 2020
Circus, 2021
Post fly, 2021
Thoughts Between Trees and Heaven

БА.

Зураач Батзориг. Багш Батзориг. Урлаг судлаач Батзориг. Би даруй гурван Батзоригийг багахан гадарлана. Харин тэр өөрөө “Би өөрийгөө зураач л гэж боддог, хаана ч, юу ч хийж явсан боддог зүйл минь зураг л байдаг. Зургийн тал нь бодох процесс, түүнийг л хийж байгаа хэрэг” гэсэн юм. Мөн “Уран бүтээлч хүн өөрийгөө олдсон боломжоороо хэт хязгаарлах дэмий. Би зурах л ёстой, зөвхөн зургаа зурсан бол гайхамшигтай бүтээл хийх байсан гэж бодох хэрэггүй. Яг үнэндээ зурахаас өөр зүйл хийхгүй байлаа гэхэд аугаа бүтээл туурвина гэсэн баталгаа байхгүй…” гэсэн нь уран бүтээл туурвихад яг тохирсон орчин нөхцөл, цаг хугацаагаа хүлээн суудаг олон залууст нэгийг өгүүлэх биз.

Бага нас минь цэргийн ангиуд, нийслэлийг агаараас хамгаалах үүрэгтэй нэгтгэл бүхий тосгонд өнгөрсөн юм. Насанд хүрснээс хойших хугацааныхаа арван жилийг бас л цэргийнхэн голдуу хотхонд үдэв. Одоо ч тэнд дундын талбайдаа Ялалтын баярыг хэрэндээ “нижгэр” тэмдэглэдэг хэвээрээ. Үлээвэр найрал хөгжмөөр орос дуу эгшиглэж, хуучин цагийн хурандаа, хошууч нарын сэтгэл хөдөлсөн царай, хүүхдүүдийн баярласан чимээн дор өчигдөр, өнөөдөр нэг мөчид зэрэгцэхийг яана! Харин ирээдүй нь хаана байгаа юм бол?


2010-аад оны дунд үед нэгэн зураг үзэв. Нэр нь “Тэнд үлдсэн дурсамжууд”. Бүтээгч нь М.Батзориг. Хашаа, цэргийн анги эсвэл шорон, таван хошуу, саарал өнгө… Удаан харав. Хадгалж аваад үе үе гаргаж ахин дахин үзнэ. Миний тосгоны, миний хотхоны, манай улсын өнгөрсөн ердөө ганцхан зурагт л багтана. Энэ зургийнхаа талаар тэрээр “Амжилтгүй болсон нийгмийн туршилтад олон жилийн турш итгэж, үнэмшиж, хууртаж явсан гашуун бөгөөд үнэн дурсамжууд маань бидний олонхыг нэгтгэдэг. Нэг л өдөр бүхий л итгэл үнэмшил нь юу ч биш болон хувирсан гунигтай бас гайхамшигтай үетэй хүүхэд нас минь яг давхацсан болохоор тэр эл хуль хашаан дахь хоосон уриа лоозонгуудын дунд орхигдсон гэгээн дурсамжуудаа уудлан урлагийн хэлээр хүүрнэхийг зорьдог…” хэмээсэн юм.

Гэгээн дурсамж… Тэр “гэгээн” гэж тодорхойлж. Түүний хэлснийг үргэлжлүүлье! “...Надад тэр хашаа тэр чигтээ муу муухайгаар дүүрсэн байсан гэж хэзээ ч бодогдож байгаагүй. Ухамсар минь үзэн ядахыг шаардсаар байвч зөн совин минь хайрлаж бас өрөвдөхийг ятгадаг. Одоо ч гэсэн бид өмнөх шигээ, бүр түүнээс ч муухайгаар хууртаагүй гэсэн гарцаагүй нотолгоо байхгүй…”.

Түүний “1900”, “Дуусаагүй үлгэр”, “Тэнд үлдсэн дурсамжууд”, “Мянга мянган хавар” зэрэг олон зургаас бидний “өнгөрсөн” ханхалдаг. Нийтлэлч М.Амармэнд “...Миний хувьд монголчуудын ондоошлыг зөвхөн XIII зуун, шарын шашнаас бус харин саяхны өнгөрсөн болох социализмтай холбон тайлбарлах гэсэн оролдлогод нь талархан ханддаг…” гэж түүний бүтээлүүдийг дүгнэсэн нь бий.  Харин хэл бичгийн ухааны доктор, дэд профессор Ш.Баттөр “...М.Батзоригийн бүтээлийн гол онцлог нь эрх чөлөөний илэрхийлэл, тусгаар мөн чанар, орчлонг нээх өнгөний мэдрэмж юм… Тэр тусгаар тогтносон эрх чөлөөт ертөнцдөө, мөн чанартаа үнэнчээр оршин буй билээ…”  гэж “Тусгаар тогтнол, эрх чөлөө, урлаг” шүүмждээ дурдсан юм.

Социализмын үеийг буруутгах, ой дурсамжаасаа арчин хаях, үлдцийг нь устгах оролдлого үе үе гардаг шиг.  Саяхан л Байгалийн түүхийн музейн барилгаа нураасан манай нийслэл хот удахгүй Энхтайвны гүүрийг нураахаар зэхэж буй нь үүний нэг жишээ биз. Гэтэл яг эсрэгээр нь түүнээс сайхан цаг үе ахиад хэзээ ч олдохгүй хэмээн гунихрагсад ч олон. Харин М.Батзориг юмсыг хар, цагаан, сайн, муу хэмээх хоёр туйлд л хуваахыг эрс эсэргүүцдэг. “...Манайхан юмсыг хар, цагаан хоёр туйлд л хуваадаг. Нэг бол магтах, нөгөө бол муулах л ёстой гэдэг. Магтаагүй л байх юм бол муулсанд тооцно. Тэрнээс бүтээлдээ үнэнийг өгүүлсэн үү, үнэнийг шидэт реализмаар харуулсан байна уу, үгүй юү огт хамаагүй. Одоо олон хүн “урлаг судлал хөгжихгүй байна” гэж ярьдаг, гэтэл яг хөгжихгүй байна уу? Магадгүй магтуу алга болсныг л, “сайн магтаж өгөхгүй байна” гэдгийг л зүсийг нь хувиргаж хэлж байж магад…” хэмээнгээ бидэнд өнгөрснийг магадгүй өнөө цагаа ойлгохыг, хайрлаж өрөвдөхийг, суралцахыг өөрийн хэл болох урлагаараа сануулна.

Яг одоо цас орж байна. Нэрт орчуулагч Г.Аким гуайн бидэнд хүргэсэн Г.Г.Маркезийн “Зуун жилийн ганцаардал” зохиолд ийм хэсэг бий. ...хурандаа хүнгүй гудамжийг тойруулан харж, бүйлсийн мөчирт бөнжийн тогтсон усны дуслыг үзээд ганцаардан зовж байгаагаа улам ч ойлгож, - Аурелиано, Макондод бороо орж байна гэж гунигтайяа товшжээ...”.

Тийм ээ, Улаанбаатарт цас орж байна, үгүй ээ, бүр Монголын хавар цастай байна. Харин хэн рүү би товших вэ? М.Батзоригийн зургуудын бас нэг сэдэв эсвэл илэрхийлэл нь цас. Мөн л хэл бичгийн ухааны доктор, дэд профессор Ш.Баттөр түүний “Өдөржин, шөнөжин орсон цас” зурагт “Нэлэнхүйдээ хүйтэн агаар. Будрах цас. Тэгэхдээ бүр өдөржин, шөнөжин орох цас. Урлагт үзэл санаа, хэлбэр байдаг бол амьдрал дээр үзэл санаа заримдаа эмгэнэл, гашуудал болдог. Заримдаа утсан чинээ улаан амь үзэл санааны төлөө золиослогддог” гэх бол яруу найрагч Л.Хасар түүний “Цас орох чимээ” зурагт “Би ганцхан цас орох чимээнээс л цочдог. Ертөнцөд намайг цочоож чадах юу ч үгүй” хэмээсэн нь бий.

Харин би түүний “Бодлын цас” зурагт дуртай. “...Гэвч ердөө л цасны унах чимээ. Гэтэл би цасыг аниргүй л гэж боддог сон” хэмээн амьдралдаа үзсэн нэгэн хагацлын дараа бичиж байв. Тэр ч яах вэ, түүний цастай бас Монголын одоо цагийг өгүүлэх мэт зургуудыг хараад “Тагтаа паблишинг”-ийн Б.Баясгалангийн монгол хэлнээ буулгасан О.Памук зохиолчийн “Цас” роман санагддаг юм. Хэтэртэл орсон цаснаас болж хилээ хаасан нэгэн тосгоны амьдрал, бас даяаршил, дангааршил хэлхэлдэх улс төр. “-Аурелиано, Улаанбаатарт цас орж байна аа”.

ЗурагТайлбар
1900
Dishing away time 2011 mixed media
Lost in thoughts  2011 mixed media




Inside and outside  2013, acryl on canvas, 150x400cm

Imaginary snow, 2011 acrylic on canvas 150x200cm

УРАН БҮТЭЭЛЧ БАЙХУЙ

Боловсролын тогтолцоо ердийн үзэгч бидэнд дүрслэх урлагийн талаар тулхтай мэдлэг олгосонгүй. Эгээ л мэргэжлийн зураач бэлдэж буй мэтээр алслалт зааж, цаасны баруун дээд буланд шар өнгөтэй нар зуруулах зэргээр аргацааж, зургийн авьяас марууханд нь тааруу дүн тавьсаар ирж. Сургуулиа төгсөж, сая нэг нийтийн боловсролын хайрцгаас салж уужирсныхаа дараа л ойлгосон зүйл минь мөнөөх зургийн хичээлээр наанадаж өнгөний зохицол, цаанадаж гоо зүй, урлагийн таашаал, философид суралцаж, ядах нь ээ ганц удаа галерей орж үзээд, ташрамын нөлөөнд нь сэтгэлгээ задарч байх ёстой тухай. Иймхэн шалихгүй нөхөр тэднийг шалгааж байгаа юм.  

-Та хоёрыг зураач- уран бүтээлч бие хүн болгох дайны дотоод хувьсгал чухам хэдийд, хэрхэн гарсан бол? Эсвэл хожим уран бүтээлийг тань үндсээр нь өөрчлөх дайны хувьсгал?

Ү: Миний хувьд Дүрслэх урлагийн дээд сургуульд орсон нь л өөрөө хувьсгал. Саяхан сургуулийн хүчирхийллийн сэдэвтэй кино үзлээ л дээ, ер нь арван жилийн сургуульд л хүүхдүүд ч, багш нар ч, соёл нь ч хүчирхийлэгч аястай байдаг шиг. Тийм орчноос хувь хүнийг хүндэлсэн, чөлөөт, өөрийнхөөрөө байж болох орчинд шилжсэн нь хувьсгал. Их ч зүйлд суралцаж, дотоод хүнийхээ хувьд задарч тэлсэн санагддаг. Үүний дараа 2009 онд анхныхаа үзэсгэлэнг гаргахын өмнө зураач Ж.Мөнхцэцэг эгч, М.Эрдэнэбаяр ах нар их нөлөөлсөн. Тэд “Та нар орчин үеийн бүтээл хийгээч, танай монгол зургийнхан хаан, хатан, дайчин, баатар л зурсан улс байх юм, үүнийгээ өөрчлөөч!” гэдэг байв. Ингээд “Монгол зургийг яаж орчин үеийн болгох вэ? Яаж өөрчлөх вэ? Би илүү юу хийж чадах вэ?” гэж их бодож эргэцүүлсэн. Бодно, туршина, алдана, ононо, эцэст нь өнөөдрийн би сууж байна даа.

Ба: Миний багын найз Ууганбаяр гэж зураач бий. Тэр надаас түрүүлж Дүрслэх урлагийн сургуульд орчихсон байлаа. Надад бийр, будаг зэрэг ойр зуурын зүйл өгсөн нь, тэднийг нь ашиглаж зурж эхэлсэн нь эргэлтийн цэг байв. Дараа нь 94-95 оны үед байх, сурагч хүү Уран зургийн галерей анх орж үзлээ. Модон шал нь чахраад л, будаг үнэртээд л, ханаар нь нэг Г.Одон гуайн “Ажлын дараа”, О.Цэвэгжав гуайн “Азарганы ноцолдоон” зэрэг том том зургууд эгнэчихсэн, ёстой “шоконд орох” гэдэг нь болсон. Үүнээс хойш их сургуулийн төгсөх курст Ц.Уранчимэг багш орчин үеийн дүрслэх урлагийн хичээл орлоо. Дэлхийн хэм хэмжээ, шалгуур, орчин үеийн урлаг гэж ийм зүйл байдаг юм байна, гаднын зураачдын арга ажиллагаа, санаа яасан гоё, ямар гоё чөлөөтэй тэр хэрээр нийгэмд чухал мессэж өгч чаддаг болохыг мэдсэн нь удаах эргэлт байлаа.

Уран бүтээлч байх гэж яг юуг хэлдэг юм? Өөрсдийгөө уран бүтээлч гэдгээ яаж мэдэрдэг вэ?

Ү: Уран бүтээлч байх гэх утгын “байх” гэдэг дээр ”байхын” тулд тогтмол уран бүтээлээ хийх ёстой байх. Тэтгэвэрт гарахгүй, хүний дор ажиллахгүй, үхэн үхтлээ дуртай зүйлээ хийж чадах минь уран бүтээлч гэдгийг минь мэдрүүлдэг.

Ба: Эрх чөлөө. Цавын цаанаа л эрх чөлөөтэй байгаагаараа уран бүтээлч гэдгээ мэдэрдэг болов уу. Саяхан нэг судалгаа уншлаа, амиа хорлолт ихэслээ гэнэ. Миний санахад амиа хорлолтын цаад шалтгаан бол мухардал. Энэ амьдралаас цааш үргэлжлүүлэх утга учир олж чадахгүй байгаа хэрэг. Зураач хүн бол амьдралын утга учир нь бэлэн байдгаараа азтай, уран бүтээлч маягийн мухардал байх ч амьдралаа эцэслэх хүртэл, тартагтаа тултал мухарддаггүй.

Тогтмол уран бүтээл хийх тухай ярья л даа.  Ахуй амьдралын буулганд дарагдаад заримдаа “хийж” чадахгүй байна гэдэг дээ?

Ү: Болно, бүтнэ, чадна гэвэл яаж ийгээд болгоод, бүтээгээд, чадаад, даваад гарна шүү дээ. Зайлшгүй хийх ёстой, хиймээр байгаа зүйлээ хүн хийж л таарна. Ямар ядаргаатай юм бэ? Яасан хэцүү юм бэ? гээд байвал ядаргаатай, хэцүү л байна.

Ба: Хийе гэвэл арга олддог, хийхгүй гэвэл шалтаг олддог гэж үг бий. Хийхгүй байна гэвэл хийхгүй хүний л зан, хийж байна гэвэл хийх хүний л зан. Тэгж ярьвал алдартай олон уран бүтээлч ахуйн олон зовлонгоо сөрж, бүтээлээ туурвисан байдаг.

-Та хоёрын зургуудыг харахад огцом өөрчлөгдөөгүй шиг?  Зарим зураач амьдралд нь айхавтар муу эсвэл сайн зүйл тохиолдов уу гэтэл өөрчлөгдсөн байдаг?

Ү: Хүнээсээ, хүнийхээ характераас л хамаарна. Миний хувьд бол ув улаан байж байгаад нов ногоон болж чадахгүй. Би ийм хүн.

Ба: Хэргээр хэлбэрддэг зураач ч байдаг, хувь чанартай нь холбоотой өөрчлөгддөг зураач ч байдаг. Бүтээлүүд нь хоорондоо эрс тэс өөр байх нь сайн ч, муу ч талтай. Муу тал гэвэл хүний ажил хараад өөрчлөгддөг чанар. Нэг нөхрийн бүтээл олныг шуугиулаад, их зарагдаад эхэлбэл дуурайж бүтээлээ өөрчлөх, яг адилхныг дуурайж зурж эхлэх үзэгдэл манайханд ч, гаднынханд ч ажиглагддаг. Ийм шалтгаантай өөрчлөлт л муухай даа. Бусдаар шууд буруу гэж харж болохгүй.

-Ингэхэд хулгайлах, санаа авахын зааг нь хаанаа оршдог юм бэ? Д.Үүрийнтуяа эгчийн зураг нэлээд хуулагддаг юм шиг ажиглагддаг?

Ү: Ялгаа нь хаанаа буйг ялгахад тун түвэгтэй. Миний зургийг хуулах тухайд бол хуулаад байгаа юм уу, санаа сэдэл аваад байгаа юм уу, бүү мэд. Жишээ нь, би Г. Сүхзоригийн шүлгээс сэдэл аваад “Зүүдэндээ би шувуу шиг ниснэ” гэх санаагаар зурлаа, дагаад цөм л өөрсдийгөө ч нисгээд, хонь ямаа ч нисгээд эхэлсэн. Хэн өмнө нь монгол зурагт байгаль, цэцэг, цагаан уул зурдаг байв? Гэхдээ зураачдад ухамсаргүйгээр давтах зүйл гардаг. Б.Лхагвасүрэн гуай “Бүтээлээ хулгайлуулахаас сэргийлэх ганц арга бол хол тасрах” гэж хэлсэн байдаг. Хатуу ч гэсэн үнэн үг.

Ба: Ер нь хэнийг ч ухаад байвал хэн нэгний бүтээлтэй төстэй зүйл олж болно. Уран бүтээлч хүн үүнээс чадах чинээгээрээ зайлсхийх ёстой. Уран бүтээл гэдэг зүйл ахин давтагдашгүй үзэгдэлт чанар, тиймээс нандин шинжтэй. Яг тэр чанарыг нь хуулсан бол ил тод харагдана. Хүний юмыг зөвшөөрөлгүй авч болохгүй гэдэг чинь цэцэрлэгт заадаг зүйл биз дээ? Мөн хуулуулаад буй нь хохирохоос гадна хуулагч өөрөө хохирч буйг бодох ёстой. Авьяас, цаг хугацаа, залуу нас нь тэр зуурт үрэгдээд байгаа хэрэг.

-Цоо шинэ зүйл туурвих боломжгүй цаг үе гэцгээдэг биз дээ?

Ба: Аливаа юм хязгааргүй. Шив шинэ бүтээл төрөх бололцоотой. Заавал шинэ юм гардаг. Үгүйдээ гэхэд улайм цайм хэн нэгэнтэй адилхан хийхгүй байх боломж үй түм бий. Улайм цайм бусадтай адилхан харагдчихаад, ер нь бол хуулчихаад үүнийгээ “Урлагт цоо шинэ зүйл хийх боломжгүй болсон” гэсэн агуулга руу чихэж байвал уучлаарай, тэр хүний мэдлэг боловсролын л асуудал. Саяхан Маурицио Каттелан гэж зураач гэхэд л гадил жимс скочдоод шинэ төдийгүй маш өөр юм хийчихлээ. Уран бүтээлч нь ч өөрөө консептуал, сонин ажлуудтай хүн.

Ү: Бусдынх гэлтгүй өөрийнхөө бүтээлийг харж чаддаг байх ёстой. Хүн чамайг олж хараад байхад чи өөрийнхийгөө харж чадахгүй байж болохгүй.

-Ахин давтагдашгүй чанар гэж хэллээ л дээ. Тэрнийг яаж бий болгох юм? Дурын хэн нэгэн давтагдашгүй байж чадах юм уу?

Ба: Хүн бүр өөр гэдгийг бүгд мэднэ. Сонирхол, замнал, иддэг хоол, сонсдог хөгжим нь хүртэл өөр. Ангид 20 хүүхэд байлаа, дунд нь нэг халуун сав тавиад зуруулахад 20 өөр зураг гардаг.

Ү: Давтагдашгүй чанар бол өөрөөс л гардаг зүйл. Албадаж, хүчилж, “за аа нэг давтагдашгүй байгаатахъя” гэснээр болчихгүй, аяндаа л бий болно.

Ба: Тийм, давтагдашгүй байх гэж хичээх хэрэггүй. Жолоогоо сул тавих хэрэгтэй. Зураг зурамгүй оргиод, мухардаад эхэлбэл тэр чигт нь хаяад өөр салбарт ажиллаж болно. Зураач гэхээр туж мөнх зураад байхын нэр биш, түр завсарлаад өөр зүйл оролдож болно шүү дээ.

-Давтагдашгүй чанарууд хоорондоо харьцуулагддаг юм уу? Өнөө 20 хүүхдийн 20 халуун савны зургаас ганц хоёрыг нь л сайн гэж үнэлдэг биз дээ?

Ба: Давтагдашгүйг харьцуулаад зогсохгүй дүн тавьдаг. Арав гаруй жил багшиллаа, одоо харин “Харьцуулж болдог гэхэд дүн тавих шаардлага байгаа юу? Ер нь сургахуй гэж зүйл  хүнийг яг хүмүүжүүлдэг юм уу? Тийм айхавтар, том үүрэгтэй зүйл биш юм биш үү?” гэж эргэлзэж байна.

-Тэгвэл суралцах, бас хөдөлмөрлөх шаардлага хаана үлдчихэв ээ? Давтагдашгүй чанараа гарч ирэхийг хүлээж ажиглаад сууж байхад болох бус уу?

Ү: Яалаа гэж дээ. Хөдөлмөрлөх хэрээр туршлага хуримтлагддаг. Хөдөлмөр бол авьяасыг ирлэж буй билүү нь. Оюутан болох үед ангидаа би ганцаархнаа зурж чаддаггүй нь, ангийнхан бүгд шахуу зургийн сургууль төгссөн, эсвэл зургийн дугуйланд явсан, аль хэдийнээ өөрийн гэсэн арга барилтай болчихсон хүүхдүүд байлаа. Манай багш энд монгол зургийн анги, Германд Лайпцих хотын График, ном урлалын сургууль төгссөн өрнө, дорно хослуулсан хүн байв. (Ч.Б: Зураач Ц.Нармандахыг хэлж байна) Би хов хоосон цаас байсан нь  миний аз болж багшийнхаа үгийг сайн авсан, сууриа зөв тавиулсан. Зарим оюутан нэгэнт суусан арга барилаасаа хэтэрч чадаагүй, эсвэл сурах шинэ зүйл алга гээд явж ч байв. Би монгол зураг гэхээрээ дан дорнын өнгө аястай байх албагүй, өрнийхтэй хольж болохыг ойлгосон.

Ба: Би 2000-аад оны яруу найргийн гайгүй сайн уншигч. Нэгэн үес “За, Монголын яруу найраг мухардчихлаа даа” гэж бодож байтал өмнөхөө давсан шинэ үе гараад л ирлээ. Гарч ирэхээ хүрвэл юмс санамсаргүйгээс ч гэсэн гараад ирнэ. Монголын дүрслэх урлаг ч адилхан. Хавар болохоор мод гөлөглөж, цэцэг дэлбээлэхтэй адил Монголын дүрслэх урлагт ахиад л хавар ирнэ. Хүчээр хавар болгож, мод гөлөглүүлж, цэцэг дэлгэрүүлэх гэхийн хэрэггүй. Үүн шиг цаг нь болбол, өөрт аяндаа мэдрэгдэнэ. Харин тэр хавар ирэх орчинг бий болгох ёстой. Бэлэн жор гэж үгүй.

-Өнөөгийн цагт давтагдашгүй чанараа илрүүлэх, төвлөрөх хүндхэн санагддаг?

Ба: Нэг талдаа үнэн. Хүн мэдээлэлгүй байхад л хэцүүдэх үе. Хүссэн, хүсээгүй утсанд нотификэшн ирж, мэдээллээр бөмбөгдөж байна. Гэвч уран бүтээлч л юм бол өөрийгөө чагнах сиймхий гаргаж чаддаг байх ёстой, яруу найрагч маягийн чанар гарга. Тэгж л тэндээс өөрийгөө олж авах байх. Өнгөн дээрээ бусдад эмо, ганихарч ганцаардсан гэж харагдаж магад, тэр түй ч хамаагүй.

-Зураачдад, томруулбал дүрслэх урлагт нийгмийн үүрэг байх уу?

Ү: Байхгүй. Байх албагүй. Байлгана гэж хүчээр үүрэг тохоовол бүтээлийн амин чанар нь устана.
Ба: Арван жилийн сургуулийн түвшинд үүрэг байж болно. Түүнээс ахисан, эсвэл онолын түвшинд урлагт үүрэг байхгүй. Ер нь ямар үүрэг байх юм? Кафкагийн “Хувирал” уншаад хүн хүмүүжих үү? Гэнэт архи ууж, тамхи татдагаа болих уу? Гэхдээ хүмүүжлийн чанартай эерэг үр дүн гарч болно. Хүн өөрчлөгдөж болно, гэвч тэр нь урлагийн үүрэг бус. Соц үеийн урлагт хандах байдлыг одоо яагаад алдаа гэж байна? Учир нь урлагт хүмүүжүүлэх, гоо зүйн таашаал өгөх, намч ангич байх зэрэг маш олон үүрэг оноосон юм.

-Гэхдээ "Тархин дахь утаа", “Уусал, үл уусал” зэрэг үзэсгэлэнгийн тань талаар ярья л даа. Утаа, ядуурал зэргээр нийгмийн асуудал ярина гэдэг чинь улс төр. Нийгмийн үүргээ гүйцэтгээд буй хэрэг биш үү?

Ү: Үүрэг гүйцэтгээд байгаа юм биш. Энэ бол өнөөдрөө л зурж буй хэрэг, өнөөдөр амьдрал ийм л байна шүү дээ. Би мэддэг мэдэрдэг зүйлээ л сайн зурна, үнэн хийнэ, би энэ утааг мэднэ, би золиос нь шүү дээ.
Ба: Энэ зургийг үзээд та утааг шүүмжилжээ эсвэл утаа бол манай нийгмийн завхралын үр дүн гэж ойлгож болно, би гэтэл анхнаасаа утааг шүүмжлэх, хүмүүс миний санааг ойлгосноор нийтээрээ жагсана, эсэргүүцнэ гэж огт тооцоогүй. Өнөөдрийн нийгмийг муулаагүй, бас магтаагүй, яг байгаа зүйлийг байгаагаар нь харуулдаг сэдвийн орон зай манайд алга л гэж бид бодож байсан.
Ү: Манайхан аливааг сайн, муу гэж л ангилна. Урлагийн талаарх төсөөлөл нь ч бадрангуй, сүрлэг эсвэл соц үеийн магтуу, уриа лоозон хэлбэртэй байлаа л даа. Тэр хандлагын үлдэц л байгааг байгаагаар нь зурахаар “нийгмийн үүргээ гүйцэтгэж байна” гэж санагдуулах болов уу.

Тэд өөрсдөө надад буюу үзэгчид “ойлгуулах” гэж зориогүй байх нь. Гэвч би ойлгочихсон юм. Магадгүй олон жилийн өмнө М.Батзоригийн дэлхийн, орчин үеийн урлагийн төлөөлөл зураачдын бүтээлийг хараад гайхаширсан “нийгэмд өгч буй мессэж” гэдэг нь энэ юм болов уу. Аль хэдийн тэд өөрсдөө “нийгэмд мессэж өгдөг” уран бүтээлчид болсны шинж үү? Энэ хэсгийг М.Батзоригийн “Тархин дахь утаа” үзэсгэлэнгийн зүүлт бичвэрээр эшлээд өндөрлөе.

“Хөх саарал тэнгэрийн хаяа улаан саарал харагдахад нар мэт эсвэл машины гэрэл мэт зүйлс сүүмийлдэнэ. Бор саарал эргэн тойрон, бүүдгэр саарал утаа, сав саарал байшингууд, утаа болон хувирсан аз жаргалтайгаа эвлэрсэн хар саарал хүмүүсээр дүүрсэн бүхэл бүтэн хот. Аймаар, жигшмээр, гутармаар, бухимдмаар, заримдаа ичмээр ч гэсэн энэ бүхэн миний, чиний, бид бүгдийн бүтээсэн бодит “саарал” байдал. Түүн дундуураа гарт таарсан, баригдсан бүхнээсээ барин, зууран, мацан, туучин, бүдчин, таварцаглан, бухимдан зүтгэх хөөрхий саарал хүмүүстэй хутгалдан би ч гэсэн хаа нэгтээ байх жинхэнэ мэт санагдах аз жаргал руу алхана. Магадгүй би (бид) тэртээх сайхан тийш явж байгаа ч юм бил үү!”.


ХӨЛ ХОРИОНД “ХӨЛ” ХОРИГДОХГҮЙ

Хөл хорионы үеэр хамгийн өгөөмөр байсан улс бол уран бүтээлчид. Бүтээгч нь “үнэ төлбөргүй”-гээр түгээсэн  хэчнээн ч бүтээл үзэж, харж, сонсов доо. Хаа нэгтээ ийм өгүүлбэр уншсан юм. “Хэзээ ч уран бүтээлчийг нь “ажил хийж байна” гэж үнэлж байгаагүй, мөнгө төлөхдөө үргэлж гар татаж байсан атлаа энэ хэцүү үед тэдний бүтээсэн кино, зураг, номоор хань хийж, амьдаа мэдэрч буй хүн та юу бодож байна?” гэж. Эргээд энэ “сонин” үед жинхэнээсээ, сэтгэлгээний хувьд хөл хоригдохгүй байх бидний тэмцэл ч тэднээс үүсгэлтэй мэт. Нэгтээ зураач М.Батзориг “...Урлаг бол хаа сайгүй, үнэгүй шахам хөглөрч байдаг зүйл гэсэн гаж гэмээр сэтгэлгээ төлөвшиж байна. Урлагт зурагтын суваг сольж, фэйсбүүкийн постууд гүйлгэн хардаг шигээ л ханддаг бүхэл бүтэн үе бий болж байна. Хүмүүс улам л гунихардаг, догдолдог, тэмүүлдэг, бодлогоширдгоо больж байгаа нь мэдрэгддэг” хэмээснийг уншиж байв.

Тэдэнтэй хөл хорионы үеийн амьдралынх нь талаар ярилцсан нь эргээд л бидний сэтгэл, оюуны таашаалдаа мөнгө төлж чаддаггүйг минь, ядаж бүтээгчид нь хувьчлан талархаж үзээгүйг минь эргэн сануулав.  

-Хөл хорионд юу хийцгээв дээ?

Ба: Зарим хүнд хэцүү цаг үе байлаа, зарим зураачдын хувьд ч тэр. Миний хувьд ховор цаг хугацаа байлаа. Уран бүтээлчид ч гэлтгүй дэлхий ертөнц улангассан мэт хөгжиж, тэмүүлж байтал гэнэт зогсож, амсхийж буй мэт болсноороо чухал байлаа.

Ү: Илүү зүйл бодохгүй, урдах ажлаа эхлүүлээд дуусгах цаг хугацаа байлаа. Хүүхдүүдээ сургуульд зөөх зэрэг ахуйн ажлууд хэмнэгдсэн учраас. Манайд л бүх зүйлийг хориод байснаас гадаадад онлайнаар, онлайн бусаар үзэсгэлэнгүүд гарч л байна. Олон улсын гурван ч үзэсгэлэнд оролцлоо.

Ба: Миний хувьд гадна, дотнын 30 орчим зураачийг нийлүүлээд дүрслэх урлагийн ч юм шиг, танин мэдэхүйн ч юм шиг, судлалын ч юм шиг эссенүүдтэй ном бичлээ. Зунаас гаргачих байх.

-Хөл хорионы дэглэм Монголын урлагийнханд эдийн засгийн хувьд нөлөөлөв үү?  

Ба: Тасалбараар орлого олдог тайзны урлагийнханд хэцүү байсан байх. Тэрнээс манай дүрслэх урлагийнхан угаасаа үзэгч олонтой, мөнгө эргэлддэг, жирийн үед ч буцалж бужигнадаг салбар биш учраас эдийн засгийн хувьд гарз хохирол багатай давсан байх.

Ү: Тийм. Үзэсгэлэн дэлгэлээ гэхэд нээлтэд л бужигнана. Тэд нь зураачид, ар гэр, ах дүү нар л байна. Үзэгчгүй салбар л даа.

Ба: Бүтэн өдөржин үзэсгэлэнгээ сахихад тэр хавиар явж байсан оюутан, төөрч будилсан жуулчид голдуу 10 орчим хүн л үзэх жишээний. Үнэгүй байхад л шүү дээ.

Ү: Угийн жижиг зах зээл. Сүүлийн хэдэн жил л хөдөлгөөнтэй болж буй болохоос нам гүм л дээ.

-Тэгвэл зураач, үзэгч-хэрэглэгч хоёр хаана уулзаад байгаа юм бэ?

Ү: Үзэгч үү? Мэдэхгүй, зураг зурлаа гэхэд тэр талаар зураач нар хоорондоо ярина уу гэхээс үзэгчээс лав тийм хандлага байхгүй.

Ба: Манайд, ялангуяа минийх шиг зургуудад “үзэгч-хэрэглэгч” гэж зүйл байхгүй дээ.

Ү: Анх цэцэг, навч, гэр гээд хөөрхөн, хөөрхөн зүйл зурдаг байхад хүртэл үзэгч байгаагүй. Одоо хэрээ зураад байхаар бүр ч байхгүй (инээв).

-Монголчуудын гэрийнхээ хананд өлгөдөг зургийн сонголт бэлгэдэлд суурилдаг, гэхдээ тэр бэлгэдэл нь их “сонин”, тийм ээ?

Ба: Манайхны онцлог. Навчгүй мод байна, ганц мод байна, хэрээ байна гэнэ...

Ү: Хэтэрхий их бараан өнгө орж, гэрт бараан өнгө тавих зохимжгүй гэнэ.

Ба: Манайхны таашаал цаанаа сэтгэлгээтэй нь холбогддог. Сүүлийн 290 жил Манжийн, 70 жил Оросын дарлалд байлаа, сүүлийн 30 жил Солонгос, Америк, фэнгшүй холилдсон соёлд амьдарлаа. Ингээд бодохоор монголчуудад 400-500 жилийн өмнө байсан айдинтити гэх зүйл одоо байхгүй, боломж ч үгүй. Бидний толгой доторх зүйлс их л замбараагүй, хаос маягтай байна.

-Одоо ч гэсэн бид өөрийн толгойгүй байгаа гэж үү? Цаг үеэс хамаарч байна уу?

Ба: Бидэнд өөрийн гэсэн толгойтой байх бололцоо алга. Хуучин хилээр хязгаарлагддаг байсан бол одоо хязгаарлагдах зүйл алга. Эмх цэгцэндээ орохын өмнөх хаос үе л одоо тохиож байна. Энэ утгаараа бас сайн.

Ү: Хаос байдлыг боломж гэж харж байгаа уран бүтээлч бий, хаос дотор орчихоод гарч чадахгүй уран бүтээлч ч бий.

Ба: Одоо муу байгаагаа ардчилал руу, өмнө нь муу байснаа коммунизм руу чихээд байж болохгүй л дээ.

-Айдинтити гэж үг бий. Амин чанар, танигдахуй, ижилсэл, бусдаас ялгарах чанар, өвөр төрх гэж олон янзаар буулгадаг. Монгол үндэстний айдинтити гэж зүйл байна уу?

Ба: Ямар өнцгөөс тоолж буйгаасаа хамаардаг ч гэлээ дэлхийд 200 гаран улс байх шиг байна. Тэднээс “үндэстний айдинтити” гэж зүйлээ дэлхийн хэмжээнд бий болгосон цөөхөн орон л байна, Орос, Америк, Герман, Хятад зэрэг хэдэн том орон. Манайх шиг улсад айдинтити байгаад, тэр нь геополитикийн үүрэг гүйцэтгээд байх бололцоо байгаа бил үү? Геополитик гэдэг чинь хэдхэн том улсын тоглолт, түүнд нь манайх шиг жижиг улс хэрхэн зохицох, хэрхэн онцлогоо алдахгүй байх гэдэг л манай геополитик, проблем гэж уншиж байв. Үнэн байж магад. Тэрнээс бусдад танигдсан, хүлээн зөвшөөрөгдсөн айдинтитигүй бол л улс сүйрчихнэ гэж зүйл байхгүй байх.

Ү: Том улсуудын дундах улсын зовлон байх. Нөгөө хэддээ уусчих гээд, айдинтити нь устчих гээд байгаа улсын зовлон л доо.

-Монголын зураач үндэстний айдинтитигээ алдахгүй байх гэхээр яах ёстой юм бол? Гадагшаа очиход монгол зураачийн зурсан зураг танигдана биз дээ?

Ба: Одоо тийм юм байхгүй ээ. Манайхан л “монгол зураачийн өнгө бол сондгой” гэж ярина. Гэтэл өнгө гэдэг үндсэн тавхан өнгө байна, дэлхийн тэр олон зураачаас очиж очиж монгол зураачийн өнгө ялгараад байхаар бусад зураач нар өнгө мэдэрдэггүй гэж үзэх юм уу? Тэрэн шиг худлаа юм байхгүй. Бид глобалчлагдах шаардлагатай, гадагшаа том зах зээл, хамаг галерей, бизнес байна, тэр зах зээлд гарахын тулд англи хэл сурах ёстой гэдэг шиг дэлхийд одоо түгээмэл буй зургийн хэл нь юу юм, тэр хэлээр л ярих ёстой. Тэр нь мэдээж орчин үеийн урлаг. Мэдээж энэ дунд монгол гэдгээ алдахгүй байх нь чухал. Хятад, Төвд, Орос, Энэтхэг зураач нар танигддаг. Гэхдээ монголоо алдахгүй гээд бид онцгой, содон гэж эш үндэсгүй муйхарлаж болохгүй.

ҮБА буюу төгсгөлийн оронд

Энэ бичвэрийг жилийн хугацаанд хийсэн юм. Хийх ч гэж, үнэндээ хийгээгүй, ердөө л би ингэж удсан хэрэг. Эхний уулзалтын дараа буулгаснаа сонгуулийн жилийн дүйвээн дунд гаргамгүй санагдаж хойшлуулсаар л жил тойрчих нь тэр. Юм бүрт өөрийн цаг хугацаа бий, ярилцлага уншихад хүртэл... гэж өөрийгөө тайвшруулсаар өдийг хүрэв. Удаах уулзалтаас хойш ахиад хоёр сар өнгөрөв. Тэд надад дандаа бодох олон сэдэв өгчихдөг бололтой.

Үүнийг буулгачихаад гартал хавар, урин салхи. Чихэвчээр Coldplay хамтлагийн Paradise дуу.

...This could be
Para-Para-Paradise
Para-Para-Paradise
Para-Para-Paradise...

Амьдралд итгэх шалтаг, хүний сайханд найдах боломж үргэлж байдаг даа. Байдагт нь найдаж яваад яг байхтай нь таарах ч мөн адил үргэлжлүүлэн найдах, бүр итгэх боломж. Зүүдлээгүй байгаа даа? Үгүй ээ, дэндүү бодитой юм. Урлаг үүнд үргэлж хөтөлнө.

Ярилцсан: Ч.Бат-Уянга

Гэрэл зураг: З.Энхмөнх

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Г.Доницетийн "ДУРЛАЛЫН УНДАА" хошин дуурийг үзэх 5 шалтгаан
2
3 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
3
2024.04.19
Монгол улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн Биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ
санал болгох
1
3 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
11
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (7)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Good read Thanks ! 2021.09.21 202.9.46.59

Mun ch ih um bodogduullaa daa ,

0 Хариулах


Зочин 2021.04.02 162.158.165.203

Олон зүйл бодогдууллаа. Хэд хэд дахин уншиж байж сайтар бодох ярилцлага байна.

0 Хариулах


Зочин 2021.04.01 162.158.165.79

Сайхан байна.

0 Хариулах


Зочин 2021.04.01 162.158.165.243

Сууж, төвлөрч хийсэн ажил гэдэг нь мэдэгдэж байна бас сууж төвлөрч уншиж байж таатай мэдрэмж авлаа. Баярлалаа.

0 Хариулах


ub life-ийн уншигч 2021.03.31 172.69.135.67

Ярилцлагыг хөрөг эсвэл зураглал шиг ингэж бичсэн нь маш их таалагдлаа. Шинэ , содон бичлэгийн төрөл зүйл шиг санагдлаа. Гэрэл зураг нь бүр урлаг бнааа. Бат-Уянга, Энхмөнхийн дараагийн ийм нийтлэлүүдийг хүлээж бга шүү.

0 Хариулах


Үүрийнтуяагийн фэн 2021.03.30 141.101.105.93

Сайхан ярилцлага, хөрөг болжээ. Удаан нухсан гэдэг нь мэдэгдэж байна. Ингэж анхаарал тавьж унших уншууртай нийтлэл ховор болж дээ, сайхан байлаа

0 Хариулах


Зочин 2021.03.30 172.69.45.135

Сайхан ярилцлага болжээ. Их юм бодогдлоо.

0 Хариулах