Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Ёс зүйн алдаа гаргасныхаа төлөө "хариуцлага хүлээсэн" 5 АЛДАРТАН


Энэхүү нийтлэл нь  2021.03.30-д нийтлэгдэж байсан болно.

Урлаг, спорт, улс төр гээд салбар бүрд танигдаж, нэр алдарт хүрсэн хүмүүсийн хийсэн үйлдэл, хэлсэн үг үргэлж олны анхаарлыг татдаг. Үзэл бодлоо илэрхийлэх, дуу хоолойгоо хүргэх нь хүний эрх чөлөө боловч нийгэмд зөв үлгэр дуурайл үзүүлэх, бусдын эрхийг хүндэтгэх үүднээс ёс зүйтэй, хариуцлагатай байхыг олон нийт алдартнуудаас хүсэж, шаардсаар ирсэн билээ. Мөн энэ хэм хэмжээг зөрчсөн хүмүүст зохих хариуцлага хүлээлгэдэг жишиг олон улсад тогтсон гэдгийг сүүлийн үеийн таван тохиолдлоос харж болно. 

Сургуульд байхдаа бусдыг дээрэлхдэг байсан волейболын ихэр тамирчид үндэсний шигшээ багаас хөөгдөв

Өмнөд Солонгос ёс зүйн алдаа гаргасан алдартнууддаа хатуу хариуцлага хүлээлгэдгээрээ алдартай билээ. Хамгийн сүүлд волейболын алдартай ихэр тамирчид болох И Жэ Ён, И Да Ён нар дунд сургуульд байхдаа хамт суралцдаг байсан хүүхдүүдийг зодож, хутга тулган дарамталдаг байсан нь илэрч, улмаар үндэсний шигшээ багаасаа хөөгдсөн. 

И Да Ён шигшээ багийнхаа ахлагчтай үл ойлголцсоны улмаас инстаграмдаа үхэхийг хүсэж байна, дарамтанд орж байна гэх агуулгатай зүйл удаа дараа бичиж, удалгүй амиа хорлох оролдлого хийсний дараа энэ бүхэн эхэлжээ. Олон нийт эхэндээ шигшээ багийн ахлагч Ким Ён Гуныг буруутгаж байсан аж. Гэтэл дунд сургуульд байхдаа ихэр охидод дээрэлхүүлж, хохирсон хүмүүс нэг нэгээрээ өөрсдийн түүхийг хуваалцсанаар байдал эсрэгээрээ эргэжээ. 

И Жэ Ён, И Да Ён нар ёс бус үйлдэл гаргасан нь батлагдсаны дараа хохирогчидтой биечлэн уулзаж, уучлан гуйсан төдийгүй хэвлэлийн бага хурал хийж албан ёсны уучлал хүсжээ. Гэсэн ч тэднийг үндэсний шигшээ багаас хөөгөөд зогсохгүй хамтран ажиллах гэрээ байгуулсан томоохон компаниуд гэрээгээ цуцалж буйгаа мэдэгдсэн юм. 

Энэ талаар YouTube влоггер Золбоо тайлбар видео хийжээ.

“Эллений шоу” ажлын байрны ялгаварлал, бэлгийн дарамтын асуудлаас болж 1 сая үзэгчээ алджээ

2003 оноос хойш цацагдаж эхэлсэн олон сая үзэгчтэй “Эллений шоу”-ны хөшигний ард өрнөдөг таагүй явдлууд өнгөрсөн зунаас хойш яригдаж буй. “Эллений шоу”-ны хөтлөгч, комедиан Эллен ДеЖенерес 17 жил хамтран ажилласан продюсерын багийнхныхаа цалинг хасч, заримынх нь гэрээг цуцалсан, мөн ажлын байранд ялгаварлал, бэлгийн дарамт, айдаст тулгуурласан соёлыг бий болгосон гэх гомдлыг ажилчид нь ил болгосон байна. Наймдугаар сарын 17-нд ажилчидтайгаа хийсэн Zoom уулзалтын үеэр Эллен тэднээс уучлал гуйж, дахин ийм үйлдэл давтагдахгүй хэмээн амлажээ. Мөн тэрбээр олон нийтээс албан ёсоор уучлал хүсээд есдүгээр сараас 18 дугаар улирлын шоугаа цацагдаж эхлээд байсан юм. 

Гэсэн ч “Эллений шоу”-ны үзэгч сүүлийн улиралд 43 хувиар буюу 1.1 саяар буурсан тухай Нью-Йорк Таймс мэдээлжээ. Түүнчлэн 2019 оны есдүгээр сараас 2020 оны нэгдүгээр сар хүртэл тус шоуны зар сурталчилгаанаас олсон ашиг 131 сая доллар байсан бол энэ жил 20 орчим хувиар буурчээ. 

Токио 2020 наадмыг зохион байгуулах хорооны дарга эмэгтэйчүүдийг доромжилсон үгнээсээ болж огцорлоо

Өнгөрсөн хоёрдугаар сард Токио 2020 наадмыг зохион байгуулах хорооны дарга Ёширо Мори олимпийн хорооны хурлын үеэр хэлсэн үгнээсээ болж албан тушаалаасаа огцорсон. Өмнө нь Японы ерөнхий сайдаар ажиллаж байсан тэрбээр "эмэгтэйчүүдийг хэт нуршуу ярьдаг нь ажил саад болж байна" гэж хурлын үеэр хэлсэн нь ихээхэн шүүмжлэл дагуулсан юм. Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхсан агуулгатай зүйл ярьсан түүнийг албан тушаалаасаа огцрохыг олон нийт хүчтэй шаарджээ. 

Өдгөө 83 настай Ёширо Мори огцрохдоо 84 настай Сабүро Кавабүчид албан тушаалаа хүлээлгэж өгөх гэсэн нь мөн л дуулиан тарьсан юм. Япончууд эл албан тушаалд эмэгтэй эсвэл залуу хүн томилох ёстой гэсэн байр суурьтай байгаа аж. 

Жастин Тимберлэйк Бритни Спирс, Жанет Жексон нараас уучлал хүсэв

Нью-Йорк Таймс саяхан алдарт дуучин Бритни Спирсийн тухай өгүүлэх 'Framing Britney Spears' нэртэй баримтат киног цацсан билээ. Хэвлэл мэдээлэл, олон нийт залуу эмэгтэйчүүдийг нэр алдарт хүргэж чаддаг шигээ тэдний амьдрал, карьерыг ч мөн сүйрүүлэх чадалтайг Бритни Спирс болон 1990-2000 оны үед нэр алдарт гарсан эмэгтэй уран бүтээлчдийн түүхээр дамжуулан харуулсан юм. 

Тус кино цацагдсан дараа олон нийт  Бритни Спирсийн хувийн амьдрал, тэр дундаа экс найз залуу болох дуучин Жастин Тимберлэйктэй холбоотой шүүмжлэлүүдийг хэлж эхэлсэн. Үүний дараахан Жастин Тимберлэйк Бритни Спирс, Жанет Жексон нараас уучлал хүссэн пост оруулсан байна. 

Өөрийнх нь хийсэн үйлдэл ийм асуудал үүсэхэд нөлөөлсөнд Жастин Тимберлэйк чин сэтгэлээсээ уучлал хүсээд зөв зүйлийн төлөө дуугараагүйдээ харамсаж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр Бритни Спирстэй хэсэг хугацаанд болзож байсан бөгөөд салсныхаа дараа Бритнигийн талаар хэвлэлд илэн далангүй ярьж байжээ. 

Мөн 2004 онд тэр Жексонтой Супер Боулд хамтран үзүүлбэр үзүүлэхдээ дууныхаа дундуур Жанет Жексоны хувцсыг гэнэт тайчиж, 143.6 сая үзэгчийн өмнө түүний хөхийг ил гаргасан нь тухай үед ихээхэн шуугиан тарьж байв. Энэ явдлын дараа алдаа гаргасан Жастин Тимберлек биш, Жанет Жексон олон нийтийн ёжлол, шүүмжлэлд хамгийн их өртсөн төдийгүй Грэммигийн шагнал гардуулах ёслолд очих, тайзнаа дуулах эрхээ хасуулжээ. Мөн MTV Жанет Жексоны дуу, бичлэгийг цацахаас татгалзаж байсан юм. 

Майами Хийт багийн тоглогч Мейерс Леонард еврей үндэстнийг доромжилсондоо уучлал гуйжээ

Майами Хийт багийн тоглогч Мейерс Леонард видео тоглоомын шууд дамжуулалтын үеэр еврей үндэстнийг доромжилсон үг хэлснийхээ төлөө багагүй шийтгэл хүлээжээ. NBA-ээс гаргасан мэдэгдэлд "Мейерс Леонардын хэлсэн үг бол уучилшгүй, бүдүүлэг алдаа юм. Ийм доромжилсон нэр томьёо NBA-д ч, манай нийгэмд ч байх ёсгүй" гээд түүнийг 7 хоногийн турш багийн бүх үйл ажиллагаанд оролцохыг хориглож, 50 мянган доллараар торгосон байна. 

Түүнчлэн түүнийг ивээн тэтгэдэг байсан Astro Gaming, Origin PC, Scuf Gaming компаниуд хамтын ажиллагаагаа зогсоосон бол шууд дамжуулалт хийдэг Twitch компани түүний хаягийг хаажээ.

Харин Мейерс Леонард инстаграмын мэдэгдэлдээ "Би тухайн үед ямар утгатай үг хэлж байгаагаа мэдээгүй. Гэхдээ энэ нь еврейчүүдийн түүхийг үл тоомсорлож, еврей үндэстний хүмүүсийг доромжилсноо хаацайлах гэсэн хэрэг биш юм шүү. Би үнэхээр буруу зүйл хийсэн. Гэвч энэ нь намайг хэн гэдгийг бүрэн илэрхийлэх үйлдэл биш юм. Би Арисоны гэр бүл, багийн тоглогчид, дасгалжуулагчид, Майами Хийт багтай холбоотой бүх хүнээс уучлалт гуйж байна" гэжээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Кайли Женнерийн Khy жинстэй танилц
2
Уржигдар
Фото: Далай лам Монголын мөргөлчдөд ном айлдлаа
3
2024.04.19
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
санал болгох
1
14 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.03.31 162.158.165.91

Залуусаа та нарын шүтэн биширдэг өндөр хөгжилтэй орнууд ёс зүйн хэм хэмжээг чанга барьдаг учир хөгждөг байх нь....Ядаж зөв зүйлийг нь дууриа л даа!

0 Хариулах