Их Британийн хүн амын 54 хувьд нь коронавирусийн эсрэг биет үүссэн нь тогтоогджээ
Үндэсний Статистикийн Газар (ONS) -аас явуулсан судалгаагаар Их Британийн хүн амын талаас илүү хувьд ковид-19 өвчний эсрэг биет үүссэн нь тогтоогджээ.
2021 оны гуравдугаар сарын сүүлээр санамсаргүйгээр түүвэрлэж авсан цусны шинжилгээнээс үзвэл хүн амын 54.7 хувийнх нь биед эсрэг биет үүссэн байжээ. Өөрөөр хэлбэл, эдгээр хүмүүс коронавирусээр халдварласан эсвэл вакцинаар дамжуулан эсрэг биеттэй болсон гэсэн үг аж. Бүс нутгаар нь авч үзвэл Уэльс орчмын хүн амын 50.5 хувь, Шотландын 42.6 хувь, Хойд Ирландын 49.3 хувь нь коронавирусийн эсрэг биеттэй болсон гэх тооцоо гарсан байна.
Гэхдээ судлаачид биед нь эсрэг биет үүссэн эсвэл коронавирусийн эсрэг дархлаа тогтсон эсэхийг нарийвчлан тодорхойлохыг зорьж байгаа аж. Учир нь, эсрэг биет гэдэг нь хүний цусан дотор байдаг бөмбөлөг хэлбэрийн уургууд бөгөөд бактери, вирус зэрэг өвчин үүсгэгч гадны объектыг тодорхойлох, саармагжуулах үүрэг гүйцэтгэдэг аж. Халдвар эхлэхэд хүний биед эсрэг биет үүсэж эхэлдэг ба тодорхой хугацааны дараа дархлаа болон тогтдог байна. Тиймээс коронавирусийн эсрэг биет үүссэн гэдэг нь бүрэн дархлаа тогтсон гэсэн үг биш гэжээ.
Дашрамд дурдахад, Их Британид одоогоор вакцины дор хаяж нэг тунг хийлгэсэн хүний тоо 30 саяд хүрээд байгаа бол ковид-19 өвчнөөр нас барсан хүний тоо 150 мянга давжээ.
Эх сурвалж: The Guardian