Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Б.Тэмүүлэн: Монголчууд регистрийн дугаараа нууцалж, хувийн мэдээллээ хамгаалж сурах хэрэгтэй


Орчин цагт мэдээллийн урсгал хурдтай, чөлөөтэй болсноор медиа болон сошиал орон зайд хүний хувийн мэдээллийг шүүлтүүргүй түгээх, хаяг байршил, нэр ус, регистрийн дугаар, зураг бичлэг зэргийг санаатай болон санамсаргүй цацах гэх мэт үйлдлүүд олширчээ. Мөн цар тахлын үед энэ асуудал эмзэг сэдвүүдийн нэг болж, зарим тохиолдолд илүү ухаалаг зохицуулалт шаардаж буй юм. Тиймээс UBLIFE энэ удаагийн сэдэвчилсэн ярилцлагаараа хүний хувийн мэдээлэл гэж юу болох, ямар тохиолдолд үүнийг хуулийн зохицуулалтаар хамгаалдаг тухай МУИС-ийн ХЗС-ийн Хувийн эрх зүйн тэнхмийн профессор Б.Тэмүүлэнтэй ярилцлаа. 

- Хүний хувийн мэдээлэл ямар ямар түвшинд нууц байж, түүнийг нь хуулиар хамгаалах шаардлага урган гардаг вэ? 

- Хүний амьдрал, үйл ажиллагаа олон нийтийн, нийгмийн, хувийн гэх мэт хэд хэдэн хүрээлэлд өрнөж, хэрэгжинэ. Эдний дотроос хуулиар хамгаалах шаардлага хамгийн их тулгардаг нь хувийн амьдралын хүрээ юм. Гэр бүлийн, эрүүл мэндийн, захидал харилцааны гэхчлэн хувийн оршихуйн хүрээний мээллүүд хамгийн нарийн, эмзэг байдаг. Үүнд халдах, үүнд хамаарах мэдээллийг тараах нь эрх зүйн үүднээс хориотой. Яагаад гэвэл хүн гэгч бодгаль ардчилсан нийгэмд өөрөө өөрийгөө чөлөөт байдлаар тодорхойлж, хөгжүүлэх эрхтэй. Өөрт хамааралтай асуудлаа нууцлах, ил болгох эсэх нь тэр хүний эрх. Энэ эрхийг хүндэтгэн хамгаалснаар тухайн хүний оршихуйг хамгаалж буй юм.

Харин олон нийтийн хүрээнд өрнөж буй амьдрал бол тухайн хүн санаа, зорилготойгоор нийтэд хандаж, харьцаж буй гэж үзэх тул хууль эрх зүйн хамгаалалт маш бага. Нийгмийн хүрээнд бол мэргэжлийн, улс төрийн, албаны үйл ажиллагааг хамруулдаг учраас тодорхой хэмжээгээр эрх зүйн хамгаалалт үйлчилнэ. 

- Хувь хүний нууцад ер нь юу юу хамаарах вэ? Хүний нэр ус, хаяг, гэр бүлийн мэдээллүүд, хийдэг ажил, явсан маршрут, утсаар ярьсан түүх зэрэг зүйлс цөм багтах уу? Монгол Улсад ямар хууль тогтоомж энэ харилцааг зохицуулдаг бол? 

- Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлд үүнд хамаарах мэдээллийн төрлийг заасан байгаа. Үүнд захидал харилцааны, эрүүл мэндийн, хөрөнгийн болон гэр бүлийн тухай мэдээлэл хамаарах ба эдгээр мэдээллийг задруулахыг хориглосон байдаг. Харин хувийн мэдээлэлд гэрийн хаяг, байршил, явсан маршрут зэрэг багтахгүй.

Хуулийн талаасаа иргэний болон эрүүгийн хуулийн зүйл заалтуудаар зохицуулагдана. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т “ хуулиар тогтоосон хувийн нууцад хамааралтай мэдээг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр тарааснаас гэм хор учирсан гэж үзвэл иргэн уг гэм хорыг арилгахыг шаардах эрхтэй” гэж хуульчилсан. Эрүүгийн хуулийн 135,136 дугаар зүйлүүдэд Иргэний захидал харилцааны нууцыг задруулах гэмт хэрэг үйлдэхийг хориглосон, Хувийн мэдээллийг задруулах гэмт хэрэг үйлдэхийг хориглосон байдаг.

- Одоо энэхүү цар тахлын үед халдвартай болон халдвартай байж болзошгүй хүний нэр усыг зарлах, явсан маршрутыг зарлах зэргээр хувийн мэдээллийг ил болгох тохиолдлууд гарсан. Энэ нь хэр зөв үйлдэл вэ? 

- Энэ асуултанд хариулахын тулд юуны өмнө холбогдох хуулийн зохицуулалтыг дурдах нь зүйтэй. Хувь хүний нууцын тухай хуулийн 4. 2.2 – т “ эрүүл мэндийн нууцад тухайн хувь хүний бие эрхтний гажиг, нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчнөөр өвчилсөн тухай мэдээллийг” эрүүл мэндийн нууцад хамруулна гэжээ. Үүнээс дүгнэвэл, хувь хүн нийтэд аюултай халдварт өвчнөөр өвчилсөн тухай мэдээлэл хувийн нууцад хамаарахгүй байх нь. Энэ нь олон нийтийг, Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах үүднээс хийгдсэн зохицуулалт гэж дүгнэх үндэслэлтэй.  Ингэснээр олон нийтэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах боломжийг олгож байна гэсэн үг. 

Гэхдээ энэ нь халдварт өвчтэй хүн бүрийн хувийн мэдээллийг цацаж болно гэсэн үг биш. Зөвхөн олон нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн үйлдэл мөн хэмээн дүгнэж болохуйц тохиолдолд энэ зохицуулалт үйлчлэх нь байна. 

Жишээ нь, коронавирусын халдварыг анх дотооддоо алдахад 1 дүгээр өвчтөн гэж тооцогдох жолоочийн зургийг, нэр устай нь, регистрын дугаар, оршин суух хаягтай нь олон нийтийн сүлжээгээр дэлгэсэн шүү дээ. Миний санаж буйгаар, тухайн хүний зураг, регистрын дугаар, хаягийг хамгийн эхлээд ямар нэгэн тайлбаргүйгээр тараасан. Энэ тохиолдолд үүнийг олон нийтийн ашиг сонирхлыг хамгаалсан гэж дүгнэх үндэслэл байхгүй . Олон нийтийг хамгаалахаас илүү халдвартай хүнийг нийтэд үзүүлэх шинжтэй үйлдэл байв.

Харин магадгүй тухайн хүн өөрөө хаагуур, ямар газраар явснаа санахгүй эсвэл хэлэхгүй байх тохиолдолд халдвар тархахаас хамгаалах үүднээс зургийг нь нийтэлж, тодорхой тайлбар зорилготойгоор хэвлэн нийтэлбэл олон нийтэд чиглэгдсэн үйлдэл гэж үзэж болох юм. Гэхдээ энд регистрийн дугаар, овог нэрийг нь мэдээлэх ямар ч шаардлагагүй. Түүнчлэн энэ тохиолдолд Хувь хүний нууцын тухай хуулийг авч хэрэглэхээс илүү Иргэний хуулийн 21.5- д заасанчлан хувь хүн өөрийн гадаад дүрсийн хувьд эдлэх эрх нь зөрчигдсөн гэж дүгнэх нь илүү үндэслэлтэй. 

- Ковидтой холбогдуулан асуухад коронавирусийн вакцин хийлгэсэн эсэх мэдээлэл болон хийлгэснийг батлах гэрчилгээг e-mongolia сайтад регистрийн дугаараа бүртгүүлэн авах боломжтой юм билээ. Гэтэл дархлаажуулалт хийлгэсэн эсэх нь мөн л хүний хувийн мэдээлэл биш үү? Хэн нэгэн миний регистрийн дугаарыг ашиглан миний мэдээллийг үзэх боломжтойд санаа зовж байна л даа. 

- Дархлаажуулалт хийлгэх эсэх нь яалтчгүй хувийн асуудал мөн. Энэ тухай мэдээлэл олж авах үйл явц амар хялбар байснаар нийгэмд вакцин хийлгээгүй хүнийг ялгаварлан гадуурхах нөхцөл үүсч болно. Хувь хүнийг оршин буй байдлаар нь хамгаалъя, хүн өөрөө өөрийгөө тодорхойлох эрхтэй гэж үзвэл вакцины мэдээлэл бусдад хүрэх боломжийг хаах ёстой. Гэхдээ үүнийг яаж хийх вэ гэдэг асуудал байна. Регистрийн дугаараараа хүн бүх мэдээллээ авдаг болж буй энэ үед хувь хүн өөрийгөө хамгаалах үүднээс регистрийн дугаараа нууцлаж сурах ёстой. Монголд энэ дугаараа бусдад алдвал, мэдэгдвэл, үүнээс үүдэн ямар нэг хохирол учирвал яахыг зохицуулах зохицуулалт алга. Тиймээс нэгдүгээрт холбогдох зохицуулалт хийх шаардлагатай, хоёрдугаарт хүн өөрөө энэ мэдээллээ хамгаалж сурах хэрэгтэй. 

- Та түрүүн Иргэний хуулийн 21.5- д заасанчлан хувь хүн өөрийн гадаад дүрсийн хувьд эрх эдлэнэ гэлээ. Үүнтэй холбогдуулаад саяхан болж өнгөрсөн шүүгчдийн орцны камерын бичлэг, лифтний бичлэг зэрэг тарсан явдал санаанд орж байна. Ер нь хүний энд тэнд явж буй бичлэг дүрсийг тараах нь хэр зохистой үйлдэл болохыг тайлбарлаж өгнө үү. 

- Энэхүү 21.5 заалтанд “ Иргэний дүрсийг гэрэл зураг, кино, дүрс бичлэгийн хальс, хөрөг зураг болон бусад хэлбэрээр өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр нийтэлсэн, олон нийтэд үзүүлснээс гэм хор учирсан гэж үзвэл тухайн этгээд гэм хорыг арилгахыг шаардах эрхтэй“ гэж хуульчилсан. Улмаар, хувь хүний гадаад дүрсийг ямар нэгэн хэлбэрээр түүний зөвшөөрөлгүйгээр олон нийтэд тараах, хэвлэн нийтлэхийг хориглосон. Мөн хүн нийгэмд өөрийгөө яаж таниулах, өөрийн талаар ямар мэдээлэл түгээхийг  өөрөө шийдэх эрхтэй учраас ямар ч шалтгаанаар өөрийн зураг, бичлэгээ түгээн тарааж, хэвлэн нийтлэхээс татгалзаж болно. 

Энэ зохицуулалтын дагуу  үзвэл шүүгчдийн орцны болон лифтний бичлэгийг олон нийтэд түгээх нь хориотой үйлдэл гэж хэлж болно. Зарим тохиолдолд тухайн хүнээс зөвшөөрөл авахгүй нийтлэхийг хуулиар зөвшөөрдөг. Иргэний хуулийн 21.6-д “ Иргэний нийгэмд эзлэх байр суурьтай холбогдуулан түүнийг сурталчлах зорилгоор болон сургалт, эрдэм шинжилгээний ажил, ажил хэргийн хүрээнд олон нийтийг хамарсан үйл ажиллагааны явцад уг этгээдийг дүрсэлсэн, эсхүл тухайн этгээд өөрийгөө дүрслүүлсний төлөө хөлс, шан харамж авсан бол түүний зөвшөөрөл шаардагдахгүй” - гэж хуульчилсан. Гэхдээ шүүгчдийн асуудал энэ зүйл заалтад хамаарахгүй тул 21.5 -р хэсгийн дагуу авч үзвэл зохино.

- Өнөө цагт бүх л газрууд хяналтын камертай болсон. Хууль хяналтын бус ямарваа этгээд хэн нэгэн иргэн хүний мэдээллийг авах гэж камерын бичлэг шүүх, үзэх, хуулбарлан авах зэрэг нь зөвшөөрөгдөх үү? 

- Хуулиар хэвлэн нийтлэх, олон нийтийн хүртээл болгохыг хориглохоос дүрс буулгах, үзэхийг хориглоогүй. Үүнийг эрхийн зөрчил гэж үзэх үндэслэлгүй гэх номлол болдог. Тэгэхээр хувь хүний камерын бичлэгийг үзэх, хуулбарлан авах зэрэг үйлдэл нь одоогийн үйлчилж буй хууль тогтоомжоор хууль бус гэж үзэх үндэслэлгүй байх нь.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
3 өдрийн өмнө
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
3
3 өдрийн өмнө
Ажлын гараагаа ногоон гэр бүлтэй хамт
санал болгох
1
4 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
2
1
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (9)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

иргэд 2022.01.26 64.119.26.62

Монголчууд регистрийн дугаараа нууцалж, хувийн мэдээллээ хамгаалж сурах хэрэгтэй -ялангуяа төрийн банк цахилгаан сөх бусад төлбөр төлөх үед байнга рд асуудаг хариулахгүй бол утасны дугаар нөат - Хэрэглэгчийн код, гар утасны дугаар бичиж төлбөрийн баримт хэвлэж өгдөг ???

0 Хариулах


Зочин 2021.04.01 172.69.135.103

Энэ хачин эмэгтэй нэг их хүнд заагаад яьах хүн биш. Амьдрал дээр нэг тийм өчүүхэн хүн баыдаг юм даа. Хаха! Ийм юмаар пр хийгээд. Үхээч чи!

2 Хариулах


Зочин 2021.04.01 162.158.166.152

Бүртгэлийн байгууллагын зарим ажилтнууд танил талдаа хүний мэдээллийг харж өгдөг ш дээ

0 Хариулах


Зочин 2021.04.01 162.158.165.125

Uu tiimuu yanaa yamar muuhai yum be? RD geheesee iluutei nuuts kodtoi bol boloh yum bna shdee RD chini bank bolon uilchlgeeni gazruud asuugaad bdag shuu dee bolyo buduuel bna shuu hamag bedeellig tsahim gechiheed taraagaad bdag huulin yamar saks bdag bol

0 Хариулах


Зочин 2021.03.31 172.69.135.103

Дэлгүүрүүд болон үйлчилгээний газрууд заавал РД авна гээд бичиж авөад бдг ш дээ

0 Хариулах


Зочин 2021.03.31 172.69.45.135

Яааж нууцлахын болоо төрийн болон эмнэлэгээр үйлчлүүлэхэд хамаг чангаар регистр асуугаад шивнэж хэлэхээр сонсохгүй чанга хэлнэ тэгээд давхар баталгаажуулж нөгөөх нь заалаар нэг хэлнэ.. хэцүү ч хорвоо болдоо

0 Хариулах


Зочин 2021.03.31 162.158.165.183

Бүх газрын үүдний ширээн дээр рд бичиж бгаа шдэ

0 Хариулах


Зочин 2021.03.31 172.69.135.103

РД нууцалмаар л байх юм банканд очоод үйлчлүүлэхээр л таны нэр утас РД гээд заалаар нэг дуулдахаар асуух нь эвгүй. одоо бол орсон гарсан газар бүрт тэмдэглэнэ гээд л нууц алга болоод байна. Энэ олон тэмдэглэсэн цаас баримт яадаг бол гэж бодогдог шүү.

0 Хариулах


Зочин 2021.03.31 162.158.165.243

Одоо бүүр цайрна гэдэг шиг дэлгүүр / за бараг ТҮЦ/ ороход л регистр нэхээд бж бна даа..

0 Хариулах


зочин 2021.03.31 172.69.135.103

Одоо регистр нууцлах гэдэг юм бол сураггүй болсооон, хаа л орно регистээ хэл , бүр нэрээ ч мартах нь дээ

0 Хариулах