Хайх зүйлээ бичнэ үү

9 мин

Гүн ухааны агуулгатай хамгийн шилдэг 18 кино


Кино урлагийн гайхалтай бүтээлийг нэг үзэхэд нүд сэтгэл баясдаг бол ахин дахин үзэхэд оюун санаа төлөвшин, өөрийн "би"-г бүтээхэд тусалдаг билээ. Тэгвэл оршихуйн тухай алив асуудлыг хөндөн, гүн ухааны нухацтай асуултын хариуд хөтлөх гайхалтай 18 бүтээлийг онцолж байна. Алдарт найруулагч Андрей Тарковский "Уран бүтээлч хүн туурвин бүтээх хүсэл тэмүүллээрээ ялгардаг" гэсэнчлэн кино бүр өөр өөрийн гэсэн өвөрмөц содон хүүрнэлээр оршихуйн тухай өгүүлэх болно. 


1. Rope (1948, Алфред Хичкок)

rope

Дэлгэцийн "түгшүүр"-ийн нэрт мастер Хичкок үзэгчийн сэтгэл зүйгээр наадан тоглож, хорхой хүргэх амтат өгөөшийг хэзээ хаяхаа тун ч гарамгай мэддэг хоржоонтой нэгэн. "Rope" буюу "Олс дээс" гэх утгатай эл кино өөрийн гүн ухаанаа шингээсэн бүтээлийнх нь нэг бөгөөд тэр чигтээ цор ганц зураг авалтаар бүтээсэн нь улам ч сонирхол татна. 1924 онд Чикагогийн хуулийн сургуулийн хоёр оюутан залуу 14 настай хөвгүүний амийг бүрэлгэснээр, хэргээсээ зугтах их өгүүлэмж эхэлнэ. Анти-экзистенциалист хэмээгддэг энэ кинонд хоёр залуусын багш Жэймс Стивард хүний амь хөнөөсөн шавь нартайгаа харилцах харилцаа, бодлоосоо өөрийн оршихуйтайгаа нүүр тулгарч, эцэст нь ёс зүйн зарчимдаа уягдах нь эргэн тойрны хүмүүсээсээ болж шаналахын нэмэр болохыг ухаарна. Кинонд Ницшегийн "Ubermensch" (Супер хүн) гэх ойлголтоос улбаалсан гүн ухаан нэвт шингэсэн бөгөөд Фройдоос иш татсан хэсэг цөөнгүй. 

2. The Fountainhead (1949, Кинг Видор)

The Fountainhead

Индивидуализм үзлийн эх гэгддэг Айн Рэндийн "Эх сурвалж" романаас сэдэвлэсэн кино. Бие даасан, хувь хүний эрх чөлөөг эрхэмлэгч үзэлтэй архитектор Ховард Роарк бол Айн Рэндийн бүтээсэн "төгс бэлгэдэл" юм. Алив зүйлийн ёс зүйн маргаан, бусдад харагдах "би" болон өөрийн доторх "би"-тэйгээ зөрчилдөх зөрчилдөөн, гаднаа "Би та бүхний төлөө" гэвч үнэндээ ямар ч үйл хэрэг үнэндээ өөрийн төлөө, хувь хүний төлөө байдгийг уг роман, кинонд өгүүлнэ. Бусдад таалагдахын тулд бус өөрийн зорилгоор нийгэмтэйгээ үл эвцэлдэн орших Ховард Роаркийн дүрийг алдарт жүжигчин Гэри Күүпер бүтээжээ.  

3. The Seventh Seal (1957, Ингмар Бергман)

the-seventh-seal-chess-game

"Persona" тэргүүтэй даацтай бүтээлүүдээрээ танигдсан найруулагч Ингмар Бергман "The Seventh Seal" кинондоо утга учрыг хайгч хүний дотоод оршихуй, мөн чанарыг ил гаргажээ. Үхэлтэй заяа төөргөөрөө дэнчин тавин шатар тоглох ер бусын өгүүлэмжтэй. Хувь хүн өөрийгөө метафизик, гүн ухааны талаас ойлгон ухаарахын тухай мэт кино боловч нэрт швед найруулагч "Бурхан чөтгөрийн тухай, шашин болон оршихуйн гүн ухааныг" олж харахыг үзэгчдээс хүссэн гэдэг. 

4. La Dolce Vita (1960, Федерико Феллини)

La_Dolce_Vita

Найруулагч Федерико Феллини "8 ½", "Amarcord", "Roma", "La Dolce Vita" зэрэг уран бүтээлүүдээрээ Ромын тансаг баячуулын амьдралыг егөөтэйеө дүрслэн "хөөрхөн" шоглочихсон гэхэд болно. "La Dolce Vita" киноны гол дүрийн залуу шар сэтгүүлийн сэтгүүлч бөгөөд нэгээс нөгөөд хөрвөн, цаашид юу хийх талаараа бодох бүртээ л "хайрцагт" орчихно. Энэхүү кинонд Феллини үзэгчидтэй долоон шөнө, долоон өдрөөр төлөөлүүлэн долоон нүглийн талаар ярилцжээ. 

5. My Night at Maud’s (1969, Эрик Ромер)

my night at mauds

Католик шашинтай, залуу инженер Жеан дур булаам залуу бүсгүйн араас дагна. Гэвч уг мөрдлөгөд нь өдөр шөнөгүй бурхныг үгүйсгэн шашин, гүн ухааны тухай зогсоо зайгүй ярих Паскал найз нь саад болох нь тэр. Тэдний дунд өрнөх бурхан, шашны тухай яриа хөвөрсөөр нэг л мэдэхэд дараах дүгнэлтэд хүрнэ. "Хэрвээ бурхан байдаггүй бол тэд мөрийгөө алдах төдий. Харин хэрвээ бурхан байдаг бол тэдний амьдрал утга учиртай болох болно". Дүр бүхэн нь ухаалаг, дөлгөөхөн, харилцаа сайтай, өөр өөрийн үзэл бодолтой, "ухаалаг" кино. 

6. Love and Death (1975, Вүүди Аллен)

Love and Death movie

Достоевскийгоос эхлээд найруулагч Сергей Эйзенштейн зэрэг Оросын төлөөллүүдийг багагүй шоглочихдог Вүүди Аллен их хүүрнэлч Кафка болон найруулагч Сёрен Кьеркегор маягийн хэв шинжээ дайн ба энх тайван, гэм ба ял шийтгэл, хүү ба ааваар төлөөлүүлэн энэхүү киногоо бүтээжээ. Аллен өөрөө гуч хүртлээ гэрэлгүйд унтаж чаддаггүй Борисын дүрийг бүтээв.

7. Being There (1979, Хэл Эшби)

Being There

Зохиолч Ежи Косинскийн ижил нэрт 1970 оны романаас сэдэвлэсэн кино. Петр Селлерс энгийн цэцэрлэгч бөгөөд ажил олгогч Бен нь нас барахад оршуулгад нь оролцохын тулд гэрээсээ анх удаа холдож буйгаар кино өрнөнө. Алив хүнд нухацтай асуудлыг хөнгөн хөгжилтэй дүрслэлийн цаана шигтгэн өгдөг нь найруулагч Хэл Эшбигийн нэгэн авьяас гэлтэй. Эл кинонд өгүүлэх Германы гүн ухаанч Хайдеггерийн үзэл санаа таныг бодолд автуулахын зэрэгцээ хоржоонтой егөөдлүүд өөрийн эрхгүй инээлгэх болно. 

8. My Dinner with Andre (1981, Луи Маль)

my-dinner-with-andre

Андре Грегори, Уоллес Шон нар уг киноны зохиолыг бичин, гол дүрийг бүтээжээ. Тэд тансаг ресторанд зоог барин ярилцаж буйгаар кино өрнөнө. Гол үйл явдал нь ердөө л энэ. Хамгийн минимал үйл явдалтай кино хэмээгддэг ч тэдний нухацтай, гүн ухаанлаг яриа тун ч сонирхолтой тул элдэв үйл явдалгүй нь харин ч амттайхан хачир болсон гэмээр. Андрегийн идеалист, сүнслэг ертөнцийг үзэх үзэл, Уоллесийн прагматик хүмүүнлэг бөгөөд бодит амьдралаас ургасан практик үзэл хэрхэн зөрчилдөж, бас нийцэх бол? 

9. Blade Runner (1982, Ридли Скотт)

bladerunner

Хэрвээ хиймэл оюун ухаан яг л хүн шиг хөдөлж, аяглаж, ярьдаг болбол "хүн" гэж тооцогдох уу? Технологи өөрийг нь бүтээсэн хүнээс юугаараа ялгарах вэ? Экзистенциализм! 

10. Barton Fink (1991, Коен ах дүүс)

barton-fink_beach

Ах дүү найруулагч Жоэл, Этан нар "Fargo", "The Big Lebowski", "No Country for Old Men" зэрэг кино бүтээлээрээ алдартай. Харин энэ кинондоо Бартон Финк гэх залуугийн түүхээр дамжуулан "юу ч үгүй", "хов хоосон"-ы айдсыг өгүүлжээ. Диваажин ба тамын зүйрлэл кинонд тусгалаа олно.

11. The Addiction (1995, Абель Феррара)

addiction movie

Коллежийн төгсөх ангийн оюутан Кэтлин Нью-Йорк хотоор сэлгүүцнэ. Нэгэн орой эмэгтэй цус сорогчтой таарч, амиа аврах ёстой ч цус сорогч болохыг адган хүснэ. Ингээд цус сорогч болсон Кэтлин одоо хүний цусаар ангаж цанган, хотоор хэрэн хэсэх болно. Улмаар хүн төрөлхтөн, хүн чанарын тухай өөрөөсөө асууж, хүн ердөө л сул дорой зан төрхийнхөө цаана нуугдах өчүүхэн амьтан болохыг эргэцүүлнэ. 

12. The Truman Show (1998, Питер Вейр)

The Truman Show

"Труманы шоу"-г үзээгүй хүн байхгүй биз ээ. Насан туршдаа итгэж ирсэн "бүх зүйл" худал найруулга бүхий жүжиг байвал яах вэ? Өөрийн оршихуйг тунгаахад хүргэх энэхүү кинонд Декартаас Сартр, Шопенгауэрааас Платон хүртэлх агуу гүн ухаанчдын үзэл санааг товчхон бөгөөд сонирхолтойгоор өгүүлнэ. Бурхан гэж үнэхээр байдаг бол энэ шоу шиг биднийг бүтээж, 5000 гаруй камераар "тэнгэр дээрээс" өдөр шөнөгүй харж байх уу? Ийн оршдог эсэхийг нь ч мэдэхгүй бурханд амьдралаа даатгах уу? зэрэг асуултууд ар араасаа хөвөрнө. 

13. The Matrix (1999, Вачовскис)

The Matrix

Киану Ривзийн бүтээсэн "айкон" дүр яах аргагүй Нео. Өдөр нь программер, шөнө нь хакер болон хувирах Нео жигтэй зурвас хүлээн авснаар Морфиус гэх эрийн эрэлд гарна. Түүнтэй уулзснаар Нео бодит байдал өөрийнх нь болон бусдын мэддэг "тэр зүйл" огтоос биш болохыг ойлгоно. Матрикс кинонд өнөө хүртэл академик судалгааны шатанд явсаар байгаа шашин шүтлэг болон гүн ухааны онолууд хөндөгджээ. Бид бодит байдлыг бус бодит байдлаас өөрийн тусгалаа л олж хардаг тухай Платоны санаа, хүний давхар ухамсрын тухай В.Э.Б. Дюбуагийн концепц, өөрийгөө бодохуйн Декартын үзэл яригдана. 

14. Memento (2000, Кристофер Нолан)

memento

Жонатан Ноланы "Мементо Мори" богино өгүүллэгээс сэдэвлэсэн уран бүтээл. Шугаман бус өгүүлэмж, урвуу хүүрнэлээр өрнөх сэтгэл зүйн сонирхолтой туршиц триллер кино юм. Нолан үзэгчийг Леонардын амьдралын нэг хэсэг байлгахыг хүсжээ. Дурсамж, үзэл санаа, хүний төрөлх авир, бие цогцос хийгээд хувь хүний тухай ойлголт, цаг хугацааны мэдрэмж гээд зочлохгүй өнцөг булан энэ кинонд үгүй. Людвиг Витгенштейн "Нохой эзнээ үүдэнд ирлээ гэж итгэж болох ч маргааш ч мөн ирнэ гэдэгт итгэсээр байх болов уу?" гэж хэлсэн удаатай. "Энэ үнэхээр Леонардын төгсгөл үү, эсвэл өөр нэгэн "мементо" юу?

15. Waking Life (2001, Ричард Линклейтер)

Waking Life

Хэрэв та "A Scanner Darkly" киног үзсэн, санаж байгаа бол үүнтэй ижил хачирхалтай анимейшн бүтээл таны урд байна. Найруулагч Ричард Линклейтер дахин дахин давтагдах зүүдэн дундаа "гацсан" залуугийн гайхам түүхийг уг кинондоо дүрсэлжээ. Хувь хүний гүн ухааныг хөндөх эл киног хэд хэдэн давтан үзэхэд ч гэмгүй. 

16. I Heart Huckabees (2004, Дэвид О. Расселл)

i-heart-huckabees-05

Экзистенциализм ба амьдралын утга учрыг харуулсан кино бөгөөд гол дүрүүдэд Жейсон Шварцман, Дастин Хоффман, Жуд Лоу, Лили Томлин нар тогложээ. Индивидуализм ба хувь хүний хүрээлэн буй орчин, идеализм, амжилтад хандах дотоод холбоо хоёрын хоорондох гүн ухааны маргааныг хөндөнө. Сартр, Фройдын сюрреализм болон найруулагчийн дурдсанчлан Зэн буддизмын нөлөө ч бий. 

17. Eternal Sunshine of the Spotless Mind (2004, Мишель Гондри)

Eternal Sunshine of the Spotless Mind

Нэгнээ мартахыг хүссэн хос залуус дурсамжаа арилгахыг хүснэ. Үнэхээр бид хүссэн үедээ л хэн нэгнийг мартаж чаддагсан бол хүн бүрт мартахыг хүсэх хүн бий болов уу? Гүн гүнзгий, хувь хүн рүү чиглэсэн, баялаг өгүүлэмжтэйгээс гадна үнэхээр сэтгэл хөндөн, "эмзэглүүлж" чаддаг уран бүтээл. Дурсамж, хайр сэтгэл, хоосрол, нэгнээ гэх сэтгэлийг энэ кино төгс мэдрүүлнэ.

18. The Fountain (2006, Даррен Аронофски)

The Fountain

"Black Swan", "PI" зэрэг киноны найруулагчийн "Уул" хэмээх энэхүү кинонд үхэшгүй мөнхийн амьдрал, сүнслэг оршихуй, үхэл амьдрал, амьдралын мод ба залуу насны уулын талаар сонин жигтэй бөгөөд "ухаан зарах" асуудлуудыг гайхалтайгаар дүрсэлжээ. 

Эх сурвалж: Taste of Cinema

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
2
9 цагийн өмнө
Болзоо нь илрээд удалгүй салсан алдарт хосууд
3
13 цагийн өмнө
“Үхэж дууссан” Шон Бин 65 нас хүрлээ
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.