Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Хаваршсан сэтгэлд хань болох кинонууд


Хэдэн зуун кино хадгалчхаад үзнэ гэсээр, улирал солигдсоор нэг л мэдэхэд хавар иржээ. Хааяа нэг ажлаа тараад харьж амрахдаа хөндий цээжийг дүүргэх хөөрхөн кино үзчихмээр байдаг. Хаанаас ямар кино үзэхээ мэдэхгүй байвал, дараах хүмүүсийн санал болгож буй киног сонирхоод үзээрэй. 

Зурган дээр дараад бидэнтэй нэгдээрэй  

   Б. Маралжингоо /дуучин/


“Эхлээд Кьенце Норбу ренбүчийн бүтээсэн "Travellers and Magicians" киног онцолж байна. Үзэхэд сайхан байгаль бас өөр соёлыг харуулна. Гол нь ямар нэгэн үзэл баримтлалаас ангид, мэдрэх таашаах, зүгээр л бүхнийг хүлээн авахын сайхныг харуулсан төгсгөл шигээ кино гэж товчхон танилцуулъя. Дараагаар нь Павел Лунгин найруулагчийн “The Island” гэх киног санал болгоё. Энэ кино бол зүгээр л хөнгөрөх тайвшрахын шалтгааныг хийсвэр биш хамгийн утга учиртайгаар харуулдаг сайн кино. Төгсгөлд нь Ленни Абрахамсон найруулагчийн “Frank” гэх киног онцолмоор байна. Frank бол миний хайр.. Мундаг тайлбар хэрэггүй, адреналинлаг энтертейнментээс ч хол.. Би дуунд нь их дуртай I LOVE U ALL. Үзвэл ойлгоно оо кк . Үгүй ч байж бас магадгүй шүү.”

   Н. Энхбат /Зүүн Английн ИС, Кино телевизийн ангийн магистрант/

            

            “Groundhog day” буюу “Тарвага ичээнээсээ гарах өдөр”

Хүний амьдралд тохиолддог зүйлсийг хөнгөн хөөрхөн үзүүлсэн кинонуудын нэг бол “Groundhog day” буюу “Тарвага ичээнээсээ гарах өдөр” юм. "Groundhog day" гэж Америк, Канадад өргөн дэлгэрсэн уламжлалт өдөр бөгөөд хоёрдугаар сарын хоёрны өдөр тохиодог. Тарвага ичээнээсээ гарахад цэлмэг өдөр таарвал өөрийн сүүдрээс цочоод буцаж нүхэндээ орсноор өвөл дахин зургаан 7 хоног үргэлжилж хавар оройтож ирнэ. Бүрхэг өдөр таарч буцаж үүрэндээ орохгүй бол хавар эрт ирнэ гэж үздэг. Яг энэ баярын үеэр Билл Мюррэй хүнд дурлаж, цаг хугацааны гацалтанд орж наашаа ч үгүй цаашаа ч үгүй хэцүүхэн байдлаас гарах гэж элдвийг хийнэ. Бидний амьдрал ч бас заримдаа гацсан мэт байдалд ордог. Азаар бидэнд Билл Мюррэй шиг өдөр болгон нэг өдөр тохиохгүй учир энэ байдлаас энгийнээр гарч болно. Хаврын улиралд энэ киног үзвэл инээд хөөр, шинэ санаа, урам зоригийг танд өгөх болов уу.

            "The Fountain" буюу "Мөнхийн булаг"

Хүн төрөлхтөн оршин бий болсон цагаасаа эхлэн байгалийн хуулийг сөрөн мөнхийн амьдралыг олох гэж амбицалсаар ирсэн. Өмнөд Америкийн ширэнгэнд байх Маяачуудын Амьдралын модны талаар сонссон Испанийн хатан хаан өөрийн үнэнч хүлэг баатартаа мөнхийн шингэнийг олж ирэх даалгавар өгдөг. Тэгэж чадваас хүчээ нэгтгэн төр улсаа хамтдаа байгуулж, хамбатанд эзлэгдэхээс өмнө буцааж авъя хэмээн итгүүлдэг. Нөгөө талд зохиол бичиж буй хорт хавдартай бүсгүй, түүнийг эдгээхээр хичээж буй эмч нөхрийнх нь амьдрал гарна. Мөн тэс өөр нэгэн орчилд буддист лам, түүнтэй гэнэтхэн ярилцах Солярис мэт эхнэр гэх зэрэг зүүд, амьдрал, зохиол гурав сүлэлдсэн энэ киног хавар үзвэл нэн зохилтой. Үхэл хамгийн шударга бөгөөд тэгш байдлыг авч ирэгч зүйл мөн үү? Маяачуудын паган/бөө мөргөл маягийн шүтлэг, мэдлэгийн модны алим идэж хөөгдсөн Адам Ева зэрэг Христ сурвалж, нэг зүйлийг зорин тасралтгүй бясалгах буддист лам. Энэ бүгд угтаа нэг зүйл үү эсвэл хоорондоо ялгаатай юу? Хальт харвал фантастик романтик кино мэт санагдах ч анхаарч үзвэл өөрийн дотоод ухамсар, бүр цаашлаад бүх ертөнцтэй холбогдоход тусалж мэдэх юм.

    Б. Одгэрэл /Гэрэл зурагчин/

               

“Эхлээд Густаво Таретто найруулагчийн “Sidewalls” гэх киног санал болгох байна. Хавар үзэхэд тохиромжтой хөөрхөн кино шүү, үзээрэй. Энэ кинон дээр илүү дутуу үг нэмээд яах вэ. Мөн “In This Corner of the World” гээд аниме их таалагдсан. Эгдүүтэй хэрнээ реалист, шоконд оруулах хэсгүүд ихтэй бас дарк харанхуй талдаа ч юм шиг. Ойрд дандаа цуврал үзэж байгаа болохоор нэг ангит кино санаанд буудаггүй ээ. Сүүлд Netflix дээр “Хинамацури” гээд аниме цуврал үзсэн. Хоёр дахь улирлыг нь тэсэн ядан хүлээж байна даа.”

   Н. Өнөржаргал /Кино блогер/


            Кшиштоф Кесьлёвский найруулагчийн "A Short Film About Love"

Уг кино нь 19 настай, шууданд ажилладаг Томек гэх нэгэн залуу эсрэг талын байранд амьдардаг эгчмэд, үзэсгэлэнтэй Магда хэмээх эмэгтэйг цонхоор дурандан ажигладгаар өрнөдөг. Томек орой бүр Магдагийн аж байдлыг цонхоор дурандан, Магдатай аль болох тогтмол тааралдахын тулд олон ч заль мэхийг сэддэг. Эхэндээ үзэгчид бид Магдагийн амьдралыг Томекийн нүдээр л, тэр дурангийн тусгалын орон зайд л багтаан харах юм. Харин тэдний ертөнц бүхэлдээ огтлолцон, хайр шохоорхол хоёрын дундах нарийн хил хязгаар бүдгэрэн бүрэлзэх үест юу болохыг нь та өөрөө үзээд мэдсэн нь илүү биз ээ.

Хорвоо дэлхийг дурласан хүний нүдээр үзнэ гэдэг ямар гээчийн сэтгэл хөдөлгөм зүйл вэ гэдгийг Кшиштоф Кесьлёвский гайхалтай харуулжээ. 19 настай, урьд өмнө хэнд ч тэгтлээ дурлаж үзээгүй залуу, 30 эргэм настай, олон хүнтэй харилцаа үүсгэж үзсэн эмэгтэй хоёрын хайрын тухай ойлголт дэндүү өөр бөгөөд үүнээс л уг киноны нандин сайхан бүхэн нь сэнхийх аж. Хайрын тухай богинохоон кино.

            Жим Жармуш найруулагчийн "Mystery Train"

Би өөрөө хавар болохоор л ямар ч хамаагүй галт тэрэгний тасалбар аваад, ямар ч хамаагүй өртөөн дээр буугаад, тэр суурингаараа өдөржин тэнэж байгаад буцдаг заншилтай хүн. Тиймээс хавар үзэх кино гэхээр хамгийн түрүүнд санаанд буух кинонуудын нэг бол Жим Жармушийн "Mystery Train" юм. Таньж мэдэхгүй өртөөн дээр буугаад тэнэх бүртээ би нэг зүйлийг боддог нь эл киноны аястай их нийцдэг: Ямар ч суурин орон зайн тухай өгүүлдэггүй, харин тэнд оршин буй хүмүүсийнхээ тухай л өгүүлдэг.

Их хотын үймээнт гудамжинд уймрах, зорилго нь тодорхой бус аялал хийх, өөрсдийгөө киноны дүр гэдгийг ч мэдэхгүй байгаа юм шиг тийм гэнэн хэрнэ донжтой дүрүүдтэй байх, хөгжмийн урлагийн түүхийг бүхэлд нь мэддэг мэт хамгийн сайхан дуунуудаар гийгүүлэх, киног зохиолын дагуу бүлэглэн хувааж шүлэг шиг хэмнэлтэй болгох, дэлхийн соёл урлагийн сод хүмүүст хүндэтгэл үзүүлэн дурдах зэрэг нь Жим Жармушийн гарын үсэг билээ. Иймээс зөвхөн "Mystery Train" гэлтгүй Жим Жармуш найруулагчийн ямар ч кино хаврын улиралд сайхан зохицож болох юм.

             Л. Гүндалай /УИХ-ын гишүүн асан/

       

“Хаврын улиралд хөнгөхөн, инээдмийн кино санал болгоё гэж бодлоо. Саяхан 25 дугаар суваг телевиз дээр гарсан “Ард түмний зарц” олон ангит киног ах нь үзэж дуусгасан юм. Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский энэ кинонд тоглосон. Энэхүү кинонд Украин болон Монгол улсын нийгэм улс төрийн байдал их ойролцоо болох нь харагддаг учраас уйдаахгүй сонирхол татсаар байсан. Оройдоо нэг анги үзчихэд ёстой хөөрхөн кино шүү. Аан бас нэмээд Вил Смитийн тоглосон "Аз жаргалын эрэлд" гэх киног санал болгоё.”

Заримдаа хэн нэгнээс илүүтэйгээр нэг дуу, нэг кино сэтгэл зүрхэнд хань болох үес байдаг шүү дээ. Дуу дүрслэл, үйл явдал, өнгө будаг нь дотроос дулаацуулна. Хавар цагийн хавсарга салхи цээж нэвтлэн өнгөрөх үест хаа нэгтэйгээс танд хань болж мэдэх кинонуудыг хүргэлээ. 

Бэлтгэсэн: Б. Уранзаяа

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
13 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
Уржигдар
Роберт Паттинсон, Сүки Уотерхаус нар анхны хүүхдээ өлгийдөн авлаа
санал болгох
1
11 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
13 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
16 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.