Хайх зүйлээ бичнэ үү

43 мин

Уран зохиол | Харүки Мүраками “ӨЧИГДӨР” өгүүллэг


Энэ цаг үеийн хамгийн алдартай романч гэгддэг Харүки Мүракамигийн "Man without love" номд багтсан "Өчигдөр" (Yesterday) өгүүллэгийг хүргэж байна.


Харүки Мүраками “Өчигдөр” өгүүллэг

Өчигдөр …

Маргаашаас хоёр хоногийн өмнөх өдөр …

Өмнөх хоёр хоногийн дараах өдөр …

Китару нэг өдөр усанд орох зуураа Битлзийн “Өчигдөр” (Yesterday)-ийн аянд япон үг оруулчихсан дуулж билээ. Эхлэл нь цээжинд хоногшжээ. Сонсоогүй удсанаас үргэлжлэлийг нь санахгүй нь. Ямартай ч уг дууныхаа үгнээс огт өөр, ойлгомжгүй, утгагүй гэмээр л дуулж байсан юмдаг. Китару хоолойгоо чангаруулан кансай аялгаар дуулахад хэзээний танил өнөөх дүнсгэр байдал нь эв хавгүй орилоонтой нь холилдон гунигтай ч юм шиг этгээд мэдрэмж цээжнээ төрдөг байв. Анх сонссон хэн ч толгой сэгсрэн инээд алдахаар ч цаанаа ямар нэг нууцлагдмал утга санааг өгүүлэх шиг над санагдана. Китару бид хоёр хотын төв хэсэгт байрлах Васедагийн Их сургуулийн кофе шопод цагийн ажил хийж байхдаа танилцан элдвийг ярилцдаг байлаа. Тэр зөөгч хийж, харин би гал тогоонд ажиллана. Бид нас чацуу, долоо хоногийн зайтай төрсөн өдрүүд маань болно.

Нэг өдөр би түүнд:

- Китару гэж хачин нэр шүү гэхэд тэр,

- Тэр ч тийм байх шүү хэмээн өнөөх кансай аялгаар дуугарав.

- Лотегийн бэйсболын багийн шидэгч ийм нэртэй байж билээ.

- Адилхан нэртэй байлаа гээд бид ямар нэг холбоотой гэсэн үг биш байх, тийм үү? Гэхдээ хэн мэдэхэв, цаанаа хамаатай ч байдаг юм бил үү?

Энэ нь би их сургуулийн утга зохиолын тэнхимийн 2-р ангийн оюутан харин Китару элсэлтийн шалгалтандаа хоёр ч удаа унаад ахин шалгалтанд бэлдэхээр сургалтанд суудаг байсан үе. Ахин дахин унаад байгаагийн учир нь тэр угаасаа бэлддэггүйд л байв. Хичээл номдоо тун хайхрамжгүй хандах боловч чөлөө завтай үедээ байнга л ном уншиж харагдана. Тэдгээр нь “Жим Хэндриксийн намтар”, Шоги* тоглох арга зүй”, “Орчлон ертөнц хаанаас үүссэн бэ?” мэтийн хичээлтэй нь онхи хамаагүй зүйлс байна.

Нэг өдөр Китару Отавард дахь эцэг эх рүүгээ явах гээд яахаа мэдэхгүй байгаагаа хэллээ.

- Отавард гэсэн үү? Би чамайг Кансайгаас ирсэн гэж боддог байлаа? 

- Үгүй ээ, Отавард, Денинчофу дүүрэг. Яах аргагүй төрсөн, өссөн л юм даа гэхэд нь би бүр гайхаж орхив.

- Гэхдээ чи чинь кансай аялгаар ярьдаг шдээ.

- Сурсан юм аа.

- Сурсан гэнээ ? Үгүй ер … Яаж тэр вэ?

- Яах вэ дээ, англи юм уу франц хэл сурдаг шиг л … Үг, дуудлагаас эхлээд бүхнийг л …

- Гадаад хэл сурдаг шигээр кансай аялга сурдаг хүн бас байдаг аа? 

Энэ үед би яг л Санширо* шиг Токио ямар том хот болох, энд миний мэдэхгүй хичнээн их зүйл байгааг ухаарах шиг жигтэй байдал мэдрэв.

- Би багадаа Ханшины барс багын үнэнч шүтэн бишрэгч явсан юм. Тэдний тоглолт Токиод болох бөгөөд би нэг ч тоглолт алгасаж чаддаггүй байлаа. Ханшины хөгжөөн дэмжигч нартай Токио аялгаар ярихад хэн тоохов дээ. Хүн ч гэж харахгүй. Тийм биз? Тиймээс л би кансай аялга сурахаар сэтгэл шулуудсан юм даа.

- Гэхдээ өөр юунд хэрэгтэй гэж?

- Ханшины барс баг надад тийм л үнэтэй зүйл минь байсан болохоор. Тэгээд л нэг мэдэхэд гэр, сургууль хаа явсан газартаа, зүүдлэхдээ хүртэл кансай аялгаар ярьдаг болчихсон. Чи ч бас намайг цэвэр кансай л гэж бодсон биз ?

- Яриангүй. Чамайг Кансай гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байлаа.

- Би ч кансай аялга сурсан шигээ хичээлээ хийдэг байсан бол өдийд хоёр ч удаа бүтэлгүйтээд сууж байхгүй л байсан байх. Инээдтэй ч юм шиг гэж тэр хөхрөв.

Гэвч надад бол Китару тэр үеийнх шигээ хичээж чадах ч тэгэхгүй байгаа нь түүний өөр бодолтойд байх шиг санагддаг байв. Тэр чимээгүй байснаа гэнэтхэн,

- Тэгэхээр чи өөрөө хаанаас ирсэн юм? гэж асуув.

- Кансайгаас, Кобэгийн ойролцоо.

- Кобэгийн ойролцоо гэнээ, хаанаас нь?

- Ашияа гэвэл,

- Хөөх, сайхан нутаг даа. Чи яагаад шууд хэлсэнгүй вэ?

- Бусдад буруу ойлголт төрүүлэхвий гэсэндээ ингэж хэлээд сурчихаж. Ашияагаас ирсэн гэхээр хүмүүс манайхыг чинээлэг гээд бодчихдог юм. Үнэндээ бол тийм биш шүү дээ. Ашияагийн өрх бүхэн өөр. Манайх бол аав эмийн үйлдвэрт ажилтай, ээж номын санч хийдэг, цагаан шаргал королла унадаг, жижигхэн байшинтай байдаг л нэг айл. 

- Хоёулаа адилхан юм аа. Денинчофу ч бас чинээлэг дүүрэг гэгддэг дээ. Гэхдээ манайх хамгийн хэцүүхэн хэсэг нь л дээ. Хэцүүхэн гэдэг чинь арай тааруу бөгөөд энэ чинь өөрөөр бол сайн гэсэн үг. Чи очиж үзээрэй л дээ. Чи лав “Хөөх энэ чинь Денинчофу гэж үү, үгүй байлгүй дээ. Арай ч дээ” гэх байх. Тэгээд чамд ямар ч онцгой содон мэдрэмж төрөхгүй байгааг гайхна. Учир нь энэ зүгээр л хүмүүсийн дундах яриа, зүгээр л хаяг, нэр төдий. Тийм байтал би ч бас өөрийгөө Денинчофу гэж яаж хэлэхэв дээ, тийм биз?

Энэ ярианы дараа би түүнийг илүү ойлгох шиг болсон бөгөөд түүнээс хойш Китару бид хоёр жинхэнэ андын ёсоор нөхөрлөх болов.

- Миний тухайд бол би Токиод нэг сар амьдрахдаа хэтэрхий уусч, ахлах сургуулиа төгсөхдөө л кансай аялгаар ахиж ярьж чадахаа байчихсан юм. Өөрийгөө ч гайхна. Нэг бол би төрөлхийн хувирамтгай хүн эсвэл, хэл ярианы чадвартай ч юмуу холбоотой ч байж болох юм. Ямартай ч одоо бол хэн ч намайг Кансай гаралтай гэхээргүй болчхож. Магадгүй би бусдаас өөр байхыг хүсдэгтээ л чингэсэн ч байж болох …

Тэр жил би төрөлх Кансайгаасаа Токиод сурахаар хурдны галт тэрэгт явж байснаа ер мартдаггүй юм. Эцсийн удаа шахам амьдралынхаа бүх он жилүүдийг дурсан, өнгөрсөн арван найман жилийн турш хэчнээн уйтгар гунигтай амьдарч байснаа ойлгосон. Хэтрүүлээгүй шүү. Үнэхээр тийм байсан юм. Хэтэрхий хөөрхийлөлтэй хувь заяаныхаа тухай би юу ч санахыг хүсдэггүй. Учир нь хэдий их бодно, төдий ихээр өөрийгөө үзэн ядах маань ихэсдэг байв.

Сайхан дурсамж огт байгаагүй гэвэл бас үгүй. Цөөхөн сайхан дурсамжаа эргэн санах бүрт ганцаардмал, уй гунигтай бусад бодлуудтай маань холилдоод ухаан санаа самуурч гүйцдэг байв. Яаж амьдарч ирснээ, амьдралд яаж ханддаг байснаа санах бүрт улиг болсон золгүй бодолдоо автчихаад гарч чаддаггүй учраас. Дунд ангиасаа үлдсэн хэрэггүй бүх бодол, дурсамжаа цуглуулж байгаад нэг шүүгээнд хийгээд хаячихсан гэж хүснэ. Эсвэл бөөгнүүлж байгаад шатааж, ямар янзын утаа гарахыг нь мэдэхгүй ч үнс нурам болохыг нь харахыг хүсдэг байв. Аль нь ч байсан би Токиод ирж бүхнийг мартан, шинэ амьдрал эхлүүлэхээр шийдээд байсан юм. Энэ шинэчлэлийн үеэр далайд гүн гэгч нь хаях ёстой зүйл яах аргагүй кансай аялга байв. Учир нь бидний ярьж байгаа хэл биднийг ямар хүн болохыг хэлдэг. Арван наймтайд лав тэгж л санагддаг байсан юм гэхэд Китару гайхшран,

- Хэцүүхэн амьдарч байсан? Яагаад тэр вэ?

- Таа л даа.

- Чи лав хүмүүстэй таарч тохирдоггүй байсан байх.

- Үгүй дээ, би бусадтай тун ч таарамжтай юм шүү. Зүгээр л тэдэнтэй хамт байх нь намайг тавгүйтүүлдэг байсан юм гэхэд Китару инээд алдан,

- Чи ч үнэхээр хачин залуу юм аа.

- Сонсооч. Би ганцаараа сайхан л байхад яагаад заавал тэдэнтэй хамт байх ёстой гэж?

- Сонсооч хүүхдээ, бүх муу хүмүүс муу хүн шиг харагддаггүй шиг бүх сайн хүмүүс ч сайн юм шиг харагдаггүй юм. Энэ чинь л амьдрал.

- Цайвар шаргал королла унадаг бусдын нэг байлаа гээд хэцүүхэн амьдарлаа гэх утгагүй хэрэг. Зүгээр л эцэг эх маань иймэрхүү зүйлд байтугай надад ч анхаарал хандуулдаггүй болоод л тэр. Гол учир нь бусдад байсан юм.

- Тэгвэл миний хувьд хэзээ ч хичээлээ хийдэггүй болохоор эцэг эх маань анхаарахаа больдоггүй юм. Гэхдээ өөр яах ёстой гэж? Энэ чинь тэдний л хэрэг. Гэхдээ чи одоо ч өнгөрснөө бодож л байна шүү дээ гээд инээд алдав.

- Китару, чи ямар ч бодох санах юмгүй хүн бэ дээ? гэхэд тэр юу ч сонсоогүй царай гаргаснаа тэс хөндлөн,

- Тэгэхээр чи найз охинтой юу? гэх нь тэр.

- Одоо бол байхгүй ээ.

- Тэгэхээр өмнө нь байж ээ?

- Саяхан байсан юм.

- Салчхаж.

- Тиймээ.

- Яагаад салсан юм?

- Урт түүх. Би санахыг хүсэхгүй байна.

- Тэр чамайг барьж хорьдоггүй байсан уу?

- Ихэнхдээ үгүй гээд толгойгоо сэгсрэхэд Китару,

- Тэгвэл яагаад салсан чинь тодорхой.

- Тийм дээ. Бараг л … гэхэд тэр улам лавшруулан,

- Чамд хэцүү байсан уу? 

- Мэдээж.

- Тэгээд хэр удаан?

- Би яримааргүй байна гэсэн байхаа.

- Чиний хэцүүхэн дурсамж болтойдог.

- Тиймээ.

- За боль доо, битгий хүндээр тусгаж ав.

Китару Денинчофу дахь гэртээ усанд орохдоо өнөөх солиотой үгээрээ “Өчигдөр”-ийг дуулж байсан юм. (Түүний өөрийнх нь хэлсэн шиг зутруухан хөршүүдтэй ноорхой газар биш байсан бөгөөд байдаг л нэг хөршүүдтэй байдаг л айл ч биш байлаа. Ашияа дахь манайхаас том, арай хуучны байшин бөгөөд яаж ч бодсон харьцуулахаар зүйл биш байв. Мөн би санамсаргүйгээр зогсоолд шинэ загварын хар хөх голф тэрэг зогсож байгааг харсан юм.)

Китару гэртээ орж ирмэгцээ л бүх хувцсаа шидлээд ус руу ордог байв. Тэгээд нэг орлоо л бол гарна гэж мөдгүй. Энэ үеэр би ээжийнх нь заяа муутай хүүдээ гомдоллож, хичээлээ хийгээд өгөөсэй гэж тасралтгүй үглэхийг нь сонсохгүйн тулд хажуугийн хувцас сольдог өрөөнд нь жижиг сандал чирч аваачаад Китарутай нээлттэй хаалганы хоёр талаас ярьж суудаг байв.

- Энэ дууны үг нэг л биш ээ. Чи зүгээр л “Өчигдөр”-өөр тоглоод хаячихлаа гэхэд Китару,

- Больж үз ухаантан минь. Тэгж ярих юм бол Жон үгээр тоглолт хийх юм уу, утгагүй үг бичихдээ сайн байсан юм шүү.

- Гэхдээ “Өчигдөр”-ийг Паул зохиож, аяыг нь бичсэн шүү дээ.

- Итгэлтэй байна уу?

- 100%. Паул үгээ бичээд өөрийнхөө гитартай дуулаад бичүүлсэн юм. Сүүлд нь бусад нь хөгжмийнхөө аяыг оруулсан л даа. Гэхдээ тэд ямар ч засвар хийгээгүй. Битлзийхэн энэ дуугаа хэтэрхий хулчийсан маягтай дуу гэж үзсэн.

- Тийм үү, би хэзээ ч иймэрхүү нууц юм сонсоогүй юм байна.

- Энэ нууц бишээ, бүгд л мэддэг юм даа.

- Хэн мэдэхэв. Гэхдээ зөвхөн нэг хэсэг нь шүү дээ.

Түүний хоолой дүүрэн үүлтэй тэнгэр цэлмэх шиг шингэрч ирснээ,

- Би бичлэг хийлгэлгүйгээр ванн дотроо өөрийнхөө гэрт л дуулж байна шүү дээ. Бусдад тарааж олон хувь гаргах гээгүй юм чинь чи намайг ингэж шүүх хэрэггүй дээ, найз минь гэв.

Дараа нь тэр найрал дуунд явж эхлэхэд түүний хоолой улам тод, цэвэрхэн сонсогдох боллоо. Ялангуяа дээд өнгүүдийг онцгой сайхан дуулдаг байв. Түүний дуу ваннаас цалгилж асгарах усны чимээтэй холилдон жигтэй авиа сонсогдоно. Би түүнд урам зориг өгөх хэрэгтэйгээ мэддэг байсан ч өөрийгөө ч урамшуулж чаддаггүй хүн хэрхэн бусдыг өдөөх билээ.

- Чи усанд яаж ийм удаан сууж чаддаг байна? Арьс чинь бэржийхгүй юу? гэхэд Китару,

- Усанд удаан суухад шинэ санаа их төрдөг юм аа.

- Жишээлбэл, “Өчигдөр” шиг үү?

- Хаха. Тэр бол сонгодог жишээ юм шүү.

- Усанд ямар нэг хачин санаа орж ирэхийг хүлээж хэвтэж байхаар хичээлээ хийсэн нь дээр биш үү?

- Чи яг л ээж шиг үглэх юм аа. Цэцэн мэргэн сургаал айлдахад арай л залуудахгүй юу хөгшөөн?

- Китару чи хоёр жил өнжлөө. Одоо залхахгүй байна уу?

- Залхаж байна. Гэхдээ би коллежид орчихно доо.

- Тэгээд яагаад сурч болохгүй гэж?

- Гэхдээ байнаа, би чадах байсан бол аль хэдийн чадчихсан л байх байсан шд.

- Эхний жил би коллеж гэдэг чинь гунигийн далай л юм байна гэж боддог байлаа. Гэхдээ одоо бодохнээ үүнээс ч дор шүү гэхэд Китару инээд алдан,

- Би ч тэгж бодохыг хүсэхгүй байна шүү.

- Тэгвэл хичээж үз.

- Хичээх сонирхол алга аа.

- Сонирхол гэнээ? Китару! Чамд найз охинтойгоо болзохдоо ч хичээх сонирхол байдаггүй юу?

Китару бага сургуулийнхаа нэг охинтой үерхдэг байсан юм. Анхны дурлал нь гэх юм уу даа. Тэд нэг бага, дунд сургууль төгсөөд нөгөө охин нь Софияагийн Их сургуульд Франц хэлний ангид орж, теннисийн клубт явах болж. Китару надад зургийг нь үзүүлэхэд би үнэхээр гайхав. Царайлаг, өө сэвгүй, урам зоригтой бөгөөд сэтгэл татам төрх. Гэхдээ Китаруг ахин шалгалтандаа тэнцэх хүртэл тэд уулзахгүйгээр тохирцгоосон аж. Гэвч утсаар ярьж долоо хоногтоо нэг уулзчихдаг байв. Уулзалт нь энгийн болзоо гэхээсээ ажлын ярилцлага шиг өрнөнө. Цай уугаад хоёр биенээ юу хийснийг сонирхоно. Гараасаа атгалцаад яаруу ч юм шиг үнсэлцэнэ.

Китаруг тухайд түүнийг хэн ч царайлаг гэхээргүй ч тэр ч мөн давгүй залуу байсан юм. Гоолиг биетэй, энгийн хувцаслалт, үс засалт нь загварлаг харагдуулна. Тэр үг дуугарахаасаа өмнө бусдад мэдрэмжтэй давгүй хотын залуу шиг харагдах боловч ам нээмэгцээ л бусдад төрүүлсэн энэ бүх эерэг сэтгэгдлээ элсэн цамхаг хүчтэй салхинд нуран унах шигээр үгүй хийж орхино. Царайны тухайд өөлөх юм гэвэл хэтэрхий нарийхан шөвгөр хацар нь. Энэ нь түүнийг хүн чанаргүй хүйтэн цэвдэг ч юм шиг харагдуулна. Мөн түүний кансай аялгатай хоолой нь өөрийнх нь төрөлхийн чанга дуутай нь холилдон хачин жигтэй ярина.

Дараа өдөр нь Китару,

- Хөөе Танимура, найз охингүй байхад уйтгартай биш үү? гэж асуув.

- Үгүйсгэхгүй ээ гэвэл тэр,

- Тэгвэл манай найз охинтой болзох уу?

Түүний ямар чөтгөрөө яриад байгааг ойлгосонгүй. Найз охинтой нь болзох оо?

- Тэр гайхалтай охин юм шүү. Хөөрхөн, эелдэг, ухаалаг. Өөр юу хэрэгтэй гэж? Чи түүнтэй болзож болноо. Би юм бодохгүй.

- Тэгнэ ч гэж бодохгүй байна шүү. Яагаад заавал чиний найз охинтой болзоно гэж? Утгагүй юм.

- Учир нь Танимару, чи бол сайн залуу. Бас Эрика бид хоёр өнгөрсөн бүх л хугацаанд хамт байсан. Гэр бүл, найз нөхөд битгий хэл, багш нар хүртэл хүлээн зөвшөөрчихсөн ийм л байсан мэт байсаар байгаа хосууд. Яг л ингээд барьцалдаад наалдчихсан гээд хоёр гараа атгаж харуулав. Хэрвээ бид хоёулаа коллежид орвол бидний харилцаа илүү дотно, сонирхолтой болно гэж би боддог байлаа. Гэтэл би одоо элсэлтийн шалгалтаа өгөх хэрэгтэй. Энэ байдал маань түүнд дараа болно. Харин би тэгэхийг хүсэхгүй байна. Энэ чинь миний л асуудал шүү дээ.

Надад түүнийг чимээгүй сонсохоос өөр сонголт байсангүй.

- Тиймээс би өөрийгөө хоёр хэсэгт хуваах хэрэгтэй байгаа юм гээд Китару атгасан гараа салгав.

- Тэгээд? гэхэд тэр гарынхаа алгыг хэсэг ширтсэнээ,

- Одоо бол Эрикаг үдэшлэгт явж, теннисийн клубтээ сургуулилж байхад би энэ гайтай элсэлтийн шалгалтандаа бэлдээд, гайтай сургуульд нь орох хэрэгтэй. Би байхгүй бол тэр өөр хэн нэг залуутай уулзаж л таараа. Түүнийг өөр хэн нэгэнтэй хамт байгаа гэж төсөөлөхөд л би галзуурах шиг болдог. Аа харин, хэрвээ тэр залуу нь миний нөгөө хэсэг байх юм бол … өөр хэрэг. Тэгвэл бид юуг ч өөрчлөх шаардлагагүй. Бид коллежоо төгсөнө, гэрлэнэ, хүн бүхний хайрыг булаасан залуухан хос болно байх. Тэгээд бусдын ёсоор хоёр хүүхэдтэй болж, эртний сайхан Денинчофугийнхаа бага сургуульд явуулж, амралтын өдрүүдээр Тама мөрний эргээр зугаална, Об-ла-ди, Об-ла-да* … . Хэрвээ болох ёстойгоороо амьдрал тийм л байх юм бол сайн л биз. Гэхдээ бүх зүйл хэтэрхий амархан байгаа биз дээ. Хэтэрхий амархан, хэтэрхий тодорхой. Магадгүй бид ингэж түр завсарлаж, үнэхээр хэн хэнгүйгээрээ байж чадахаа байсан үедээ ч эргээд нийлж болно.

- Тэгэхээр чинийхээр бүх зүйл амархан, таатай байгаа нь асуудал болоод байгаа хэрэг үү?

- Тийм ээ, тийм л юм шиг байна.

- Тэглээ гээд би яагаад найз охинтой чинь болзох ёстой гэж?

- Учир нь тэр өөр хэн нэгэнтэй болзохоор бол тэр нь чи байвал илүү дээр байх болно. Би чамайг мэдэх учраас. Чи миний нөгөө тал болж, надад энэ бүх өөрчлөлтүүд, харилцааны учрыг олоход туслаж чадна.

Китаругийн үг үнэхээр утгагүй санагдаж байлаа. Надад Эрикатай уулзах ганц шалтгаан байсан гэвэл тэр нь яагаад ийм дажгүй охин Китару шиг хачин залуутай үерхдэг байнаа гэсэн асуултандаа хариулт авах л байлаа. Шинэ хүмүүстэй уулзахдаа би үргэлж эвгүйцдэг ч сониуч зангаа барьж дийлдэггүй байв.

- Чи Эрикатай хэр удаж байна?

- Унтсан уу гэж үү?

- За тийм ээ гэхэд Китару толгой сэгсрэн,

- Юу гээч, би түүнийг бага сургуульд байхаас нь мэднэ. Тэгээд яагаад ч юм түүнд хүрч, хувцсыг нь тайлж байна гэж төсөөлж ч чаддаггүй юм. Би Эрикагийн дотуур хувцсыг тайлж байна, түүнтэй “тэгж” байна гэж төсөөлөхөд л ямар нэгэн зүйл буруу байгаа юм шиг санагддаг. Хэлэхэд хэцүү юмаа. Чи хэн нэгэнтэй төсөөллөөр “тэгж” байсан уу?

- Мхан.

- Би бол Эрикагаас өөр ямар ч охидыг тэгж төсөөлчих байх. Харин Эрика … зүгээр л буруу зүйл юм шиг … Тэгэхээр, эхлээд юутай ч гурвуулаа уулзъя. Тэгээд чи ахиад бодож үзэж болно шдээ.

Дараагийн амралтын өдрийн орой Китару түүний найз охин бид гурав Денинчофугийн төв цэнгэлдэхийн ойролцоо кофе шопд уулзлаа. Эрика Китаругаас бага зэрэг өндөр, өөгүй бор арьстай, цэвэрхэн индүүдлэгтэй богино ханцуйтай цагаан цамцан доороо усан цэнхэр богино юбка өмссөн нь зургаасаа ч илүү сэтгэл татам, нэг үгээр хотын загвар өмсөгч охин шиг л харагдаж байлаа. Би яагаад ч юм түүнийг турьхан эмзэг мэтээр төсөөлчихсөн нь тийм биш байв. Китару Эрикагийн дэргэд илүү цонхигор харагдах нь тэд нэг зүйлийн хоёр тал шиг эсрэг тэсрэг сэтгэгдэл төрүүлнэ.

- Акикуныг найзтай байгаад баяртай байна шүү гэж Эрика ам нээв. (Акикун гэдэг нь Китаругийн овог бөгөөд түүнийг Эрика л ингэж дууддаг нь байлаа.)

- За больдоо би олон найзтай гэж Китару хэлэхэд,

- Үгүй ээ, тийм биш. Чам шиг Токиод төрсөн мөртлөө кансай аялгаар ярьдаг, ам нээх бүртээ Ханшины Барс, Шоги тоглоомын тухай эсвэл ямар нэг хачин юм ярьж байдаг хүнтэй хүмүүс тэгж их нөхөрлөөд байдаггүй юм. Энгийн хүмүүс ийм хүнтэй нөхөрлөхгүй.

- За яахав. Тэгвэл Танимару ч бас хачин хүн. Тэр Ашияа гаралтай ч гэсэн Токио аялгаар ярьдаг.

- Энэ чинь хавьгүй энгийн зүйл байх шүү.

- Гэхдээ энгийн гэхэд арай л хачин.

- Байзаарай. Ялгаварлаад байгаа юм бишүү. Хэл яриа чинь адилхан зүйлс. Тэгсэн ч токио аялга кансай аялгаас дутахааргүй аялгатай яриа шүү.

- Магадгүй л юм. Гэхдээ Токио аялга япон хэлэн дотроо хамгийн түгээмэл нь гэж Мэйжи хүрээлэнгээс гаргасан шүү дээ. Жишээлбэл, хэн ч “Франни ба Зой”-ыг кансайгаар хөрвүүлээгүй бол токиогоор өчнөөн л бий шүү дээ.

- Хэрвээ тийм орчуулга гарвал би лав авна гэж Китару хэлэв.

Бие биеээ сөргөсөн товчхон хэлэлцүүлгийн дараа Эрика Куритани гэнэтхэн сэдвээ өөрчлөн,

- Манай теннисний клубт Ашияагаас ирсэн нэг охин явдаг. Чи түүнтэй танилцмаар байна уу? Эйко Сакурай гэдэг юм.

- Болох л юм гэхэд Эрика,

- Өндөр бол өндөр, царайлаг үнэхээр давгүй охин шүү. Эцэг эх нь гольфийн клуб ажиллуулдаг болоод ч тэр үү, гольф бас теннист үнэхээр чадварлаг. Дээгүүрдүү харцтай ихэмсэг харагддаг ч хөөрхөн ааштай, жижигхэн хамар нь инээхэд нь хөдлөөд өхөөрдөм шүү. Би тэр охинтой танилцсандаа их баяртай байдаг юм гэхэд Китару Эрикад хандан,

- Танимару сайн залуу бас одоогоор найз охингүй байгаа. Чи харж байгаа биз дээ, тэр давгүй залуу. Цэвэрхэн аятайхан, дээрээс нь чамд л гэж хэлэхэд тун ирээдүйтэй залуу юм шүү гэхэд Эрика,

- За тийм байж. Манай клубт олон давгүй охид шинээр гишүүнээр орсон. Тэдний нэгтэй ч гэсэн чамайг танилцуулахдаа баяртай байх болно шүү.

- Тийм утгаараа бишээ, чамайг Танимарутай болзох уу? л гэх гэсэн юм. Би коллежид орох болоогүй ч дуртай үедээ чамтай хамт байх боломжгүй. Харин намайг байхгүйд чи түүнтэй болзож байж болно. Тэгвэл надад санаа зовох зүйл гараад байхгүй Китаруг ингэж хэлэхэд Эрика гайхширан,

- Юу гэсэн үг юм бэ? Чамд эвгүй санагдахгүй юу? гэхэд өнөөх нь,

- Юу гээч, би та хоёрыг хоёуланг нь мэднэ. Намайг байхгүйд чи миний нүдэндээ ч харж байгаагүй залуустай болзож байхаар Танимарутай болзсон нь дээр.

Эрика юу сонссондоо итгэж ядсан царайтай хэсэг дуугаа хурааснаа,

- За яахав. Чи үнэхээр зүгээр юм бол Танимару-кунтай яагаад болзож болохгүй гэж? Гэхдээ чи үнэхээр бид хоёрыг болзоонд явахыг зөвлөж байна гэж үү дээ? гэхэд нь Танимару,

- Давгүй санаа биш байна уу? Эсвэл чи өөр залуутай болзоод эхэлчихсэн юм уу?

- Үгүй ээ, өөр хүн байхгүй гэж Эрика чимээгүй хариулав.

- Тэгвэл болохгүй гэх асуудалгүй. Энэ яг л эртний солилцоо шиг байх болно. Тэдний энэ ярианд миний оролцоо хэрэггүй гэж үзсэн тул би үг дуугарсангүй. Би кофены халбагаараа ямар нэг дүрс үүсгэхээр хэн нэг археологич Египетийн үзэсгэлэнт байгууламжид үзлэг хийж байгаа мэтээр хичээнгүйлэн оролдож байлаа.

- Эртний солилцоо … Юу билээ? Эрика Китаругаас лавлахад,

- Муугаас арай дээр шийдэлд хүрэх гэсэн үг.

- Энэ тэгэхээр чиний солилцооны талаар бодол уу?

- Тиймээ, гол учир нь … гэхэд Эрика гэнэтхэн чангаар,

- За яахав. Хэрвээ харандаа байсан бол би хоёр хуваах хэрэгтэй юм байна. Акикун, чи хүсч байгаа бол солилцоо хийцгээе л дээ.

Эрика цайгаа оочсоноо халбагаа цар дээр тавьж надруу эргэн хараад инээмсэглээд,

- Акикун биднийг болзоосой гэж бодож байгаа бол болзоонд явцгаая. Хөгжилтэй санагдаж байна. Чи хэзээ завтай вэ?

Би юм хэлж чадсангүй. Ийм үед юу гэх ёстойгоо ч мэдсэнгүй. Тэгэхэд Эрика цүнхээ уудлан жижигхэн улаан дэвтэр гарган цагийн хуваариа эргүүлж тойруулан харж байснаа,

- Хагассайнд ямар уу? гэв.

- Хийх зүйл гарахгүй байхаа.

- За тэгвэл хагассайнд. Хаана уулзах уу? гэхэд нь Китару,

- Танимару кино үзэх дуртай. Тэр кино зохиол бичихийг хүсдэг юм гэхэд Эрика,

- Тэгвэл кино үзэцгээе. Ямар кино үзэх үү? Чиний дуртайг үзье. Аймшгийн киноноос өөр юу ч байсан яахав, гэхэд Китару,

- Тэр ч аймхай муужгай шүү. Хүүхэд байхад бид Карукенд сүнстэй гэгддэг байшинд орсон юм. Тэгэхэд тэр миний гарнаас зуурчхаад … гэхэд, Эрика гэнэтхэн түүний яриаг таслан,

- Киноны дараа хоол идэцгээе гээд утасны дугаараа дэвтэрнийхээ буланд бичиж ураад надруу сунгаад “Хаана, хэдээс гэдгээ шийдчихээд надруу яриарай.

Би утасгүйгээс Эрика руу ярьж чадахгүй байж магадгүй болохоор түүнд ажлынхаа утсыг өгөөд бугуйн цаг руугаа хяламхийнгээ,

- Уучлаарай би явах ёстой болчихлоо. Маргаашаас өмнө тайлангаа дуусгах ёстой юмаа гэж аль болох эелдгээр хэлэхийг хичээв.

Эрика хариу үйлдэл үзүүлсэнгүй. Харин Китару,

- Жаахан байж болохгүй юу? Дөнгөж ирчихээд байна шүү дээ. Ахиад жаахан ярилцъя л даа. Энэ хажууханд дажгүй гоймонгийн газар байгаа гэв.

Би кофены мөнгөө ширээн дээр тавиад нэг их чухал зүйл үнэхээр биш байсан ч,

- Чухал тайлан юмаа гээд босонгоо Эрикад,

- Маргааш эсвэл тэрний маргааш ярьцгаая гэлээ

- За. Хүлээж байя гээд түрүүнээс хойш анх удаа жинхэнээсээ надад хандан инээмсэглэн хэллээ.

Би кофе шопоос гарах замдаа ямар хачин зүйл хийх гээд байгаагаа бодож үзлээ. Болж байгаа зүйлүүд нэг л уйтай санагдаж, өнгөрөн одсон архаг ужгийг минь сэргээх шиг болов.

Удалгүй хагассайн өдөр Эрика бид хоёр Шибуяад саяхан Нью-Йоркод нээлтээ хийсэн Вүүди Аллены киног үзлээ. Эрикад энэ кино таалагдах байх гэж бодсон маань санаснаар болсонд баяртай байлаа. Бид кино театраас гарахад хэн хэн маань сэтгэл ханамжтай болчихсон байв. Тэгээд бид бүрэнхий гудамж дагуу салхилангаа алхаж, Сакурагаока гэх Итали зоогийн газарт чианти пицца захиалав.

Үнэ багатай энгийн давгүй зоогийн газар байлаа. Бүдэг гэрэлтэй, ширээнд хэдэн лаа асаалттай байв. \Тэр үед ихэнх Итали зоогийн газар дөрвөлжин хээтэй бүтээлэгтэй, ширээнд лаа асаасан байдаг байсан бол эндхийнх арай өөр.\ Бид оюутан залуус, тэр үед анхны болзоон дээрээ юу ярьдаг байсан, тэр бүх зүйлсийн талаар ярилцав.

Саяны кино, коллежийн амьдрал, хобби сонирхол гээд л … Миний төсөөлж байснаас илүү яриа өрнөж, биеэ барилгүй чөлөөтэй инээлдэж байв. Өөрөөрөө сайрхах гээгүй ч тэр үед би охидыг инээлгэхдээ чадамгай байсан юмдаг.

- Аки-кун чамайг ахлах сургуульдаа найз охинтой байгаад саяхан салсан гэсэн.

- Бид бараг гурван жил үерхээд салсан юм аа.

- Аки-кун чамайг түүнтэй ор дэрний ажлаас болж асуудалтай байсан гэсэн?

- Нэг тиймэрхүү, гэхдээ яг ч тийм биш. Би түүнд хэр хайртайгаа харуулахыг хүссэн ч чадаагүй юм шиг байна.

Эрика толгой дохив.

- Бүх зүйл дэндүү энгийн байсан болохоор би тэр хэвээр нь төгсгөхийг илүүд үзсэн. Ийм зүйл хэзээ нэг өдөр болох л байсан юм.

- Чамд хэцүү байсан уу?

- Юу нь хэцүү билээ?

- Гэнэтхэн ганц бие болно гэдэг?

- Магадгүй л юм.

- Гэхдээ магадгүй залуу байхдаа ганцаардаад сурчихвал нас явах бүр илүү хаттай болно байх.

- Чи тэгж бодож байна уу?

- Зудтай өвлийн дараа өвсний соёо илүү хүчтэй ургадаг шиг л …

Түүнийг ингэж хэлэхэд би өөрийнхөө дотроос өвс ургаж байгааг төсөөлөхийг хичээсэн ч нүдэнд Баункучений зүсэм бялуу өвс шиг соёолж гарах нь харагдаад болсонгүй.

- Хүн бүрийн амьдралд нэг иймэрхүү үе байдаг юм шиг ээ гэхэд,

Тэр инээмсэглээд,

- Зүгээр дээ. Чи удахгүй сэтгэлдээ нийцсэн сайхан бүсгүйтэйгээ уулзах байхаа гэдэгт би итгэж байна, Танимару.

- Би ч бас гээд пиццаны зүсмийг хуваах зуур Эрика ямар нэг бодолд автах шиг болоод,

- Танимару-кун би чамаас юм асууж болох уу?

- Бололгүй яахав.

Энэ нь миний өөр нэг асуудал байв. Хэн нэгэн дөнгөж уулзмагцаа л надаас ямар нэг зөвлөгөө асуудаг байв. Гэхдээ Эрикад би тийм ч үнэтэй зөвөлгөө өгч чадах эсэхдээ эргэлзэж байлаа.

- Надад хэцүү байна гээд ямар нэгэн зүйлийг мярайн хайж байгаа муур шиг доош тонгойн,

- Чи мэдэж байгаа даа, Аки-кун энэ жил элсэлтийн шалгалтаа ахин өгөх хэрэгтэй байгаа. Гэтэл тэр ер хичээхгүй юм. Тэр лав энэ жил ахиад л унах байх. Тэр сургалтаа өчнөөн тасалсан. Шалгалтандаа тэнцэхгүй бол тэр өөр бага төвшний сургуульд орох байх. Гэтэл тэр Васедад л байхыг хүсдэг. Тэр намайг ч, гэр бүлээ ч сонсохгүй юм. Тэр хэтэрхий зөрүүд юм. Тэр үнэхээр шалгалтандаа бэлдэх хэрэгтэйгээ ухаарчих л юм бол бэлдээд тэнцэж чадна. Гэтэл тэр ер тэгэхгүй юм.

- Чинийхээр тэр яагаад сурдаггүй юм бол?

- Тэр сурахыг цагаа үрсэн ажил гэж боддог юм чинь гээд үргэлжлүүлэн,

- Бага сургуульд байхад тэр ангийнхаа тэргүүний сурагч байсан юм. Дунд сургуулийн нэг дүгээр ангид ороход л энэ байдал нь эхэлсэн байх. Тэр зүгээр л аар шаархан зүйлс сурахыг тэвчиж чаддаггүй. Өөртөө таалагдсан зүйлсээ л сурна. Харин би тийм ч онц сурлагатан байгаагүй ч багаасаа л ажилд нухлуулж, хийх ёстойгоо хийдэг яг л Китаругийн эсрэг тал шиг. Би цаг ямагт суралцаж, анхны шалгалтаараа коллежид орсон. Магадгүй азтай тохиолдол байх л даа. Гэвч би Аки-кунд үнэхээр хайртай. Түүнд гайхалтай чанарууд байгаа ч энэ нь надад хэцүү байх юм. Кансай аялгаар жишээ авч үзье л дээ. Токиод төрж өссөн байж кансай аялгаар цаг ямагт ярина гэдэг чинь утгагүй хэрэг. Надад эхэндээ тоглоод байх шиг санагдаж байсан ч үнэн байсан. Тэр үнэхээр солиотой юм шиг авирладаг. Тэр өдийг хүртэл байж ирсэн тэр хүнээсээ огт өөр зан төлөвтэй болох гэж л хичээгээд л.

- Тийм болохоор л кансай аялгаар ярьдаг гэж үү?

- Түүнийг тэрслүү үзэлтэн гэхийг батлах өөр олон зүйл бий шүү, гээд Эрика пиццанаасаа хазан зажлах зуураа,

- Танимару-кун, надад өөр асуух хүн үнэндээ л алга. Тиймээс л би чамаас асууж байна.

- Ойлгож байнаа, би юу хэлэх хэрэгтэй вэ?

- Энгийн л зүйл. Эрэгтэй эмэгтэй хоёр хүн удаан хугацаанд үерхэж хамт байхад эрэгтэйд физиологийн сонирхол төрнө тиймүү?

- Ер нь бол тийм ээ.

- Тэд үнсэлцэж тэгээд цааш үргэлжилнэ.

- Ер нь бол тийм ээ.

- Чамд ч бас тийм мэдрэмж төрдөг үү?

- Тийм ээ.

- Тэгвэл Аки-кунд төрдөггүй. Бид хоёулханаа байхад ч тэр илүү үйлдэл хийдэггүй.

Надад ямар нэгэн юм хэлэхэд үнэхээр хэцүү байлаа.

- Хүн бүхэн өөр шүү дээ, Хүн бүхэн юу хүсч, юу мэдэрч байгаагаа илэрхийлэхдээ өөрөөр ханддаг. Китару чамд маш их хайртай. Гэлээ гээд яагаад заавал бусад энгийнээр үерхэж байгаа хүмүүс шиг байх ёстой гэж?

- Чи үнэхээр тэгж бодож байна уу?

Би толгой дохилоо. Гэхдээ үнэндээ би өөрөө тийм байдалд орж байгаагүй болохоор ч тэр үү тийм ч сайн ойлгохгүй л байна. Ийм байж болох юм л гэж бодлоо.

- Тэр намайг хүсдэггүй байх.

- Тэр хүсдэг гэдэгт би итгэлтэй байна. Гэхдээ тэр үүнийг хийхдээ санаа зовох ч юмуу тавгүйтдэг байх.

- Гэхдээ бид чинь насанд хүрсэн хүмүүс шүү дээ. Бүх залуус л ингэдэг.

- Зарим хүмүүс оройтож насанд хүрдэг шүү дээ, гэхэд Эрика доош тонгойдог зуршилтай юм шиг тонгойн удаан бодож байснаа,

- Миний бодлоор Китару үргэлж л ямар нэгэн зүйлийг хайж байдаг. Яг юу гэдгээ өөрөө ч мэддэггүй. Тийм болохоор тэр ямар нэг шийдвэр гаргадаггүй. Чи юу хайж байгаагаа мэдэхгүй байна гэдэг түүнийгээ олоход илүү хэцүү л гэсэн үг.

Эрика толгойгоо өргөөд надруу ширтлээ. Түүний нүдэнд лааны гэрэл тусч, тас хар нүдэн дотор нь жижигхэн гэрэл гялбах нь түүнийг бүр ч их сэтгэл татам харагдуулж байв.

- Мэдээж чи түүнийг надаас илүү мэднэ гэхэд Эрика,

- Мэдэхгүй ээ, чамд нэг зүйл хэлье. Би өөр залуутай харьцаж байгаа. Теннисийн клубын нэг залуу надад сэтгэлтэй юм. Би Аки-кунд үнэхээр хайртай. Түүнийг хардаг шигээр өөр хэн нэгнийг харж чадна гэж бодохгүй байна. Түүнтэй уулзахгүй удахаар цээжин дээр маань яг нэг газраа юм гарчихдаг. Энэ магадгүй түүнд хэтэрхий хайртай болохоор л тэр байх. Яагаад ч өөрчлөх боломжгүй юм шиг л ингэж санагдаад байдаг юм. Тэгээд би энэ бүх мэдрэмжээ өөртөө мартуулахын тулд өөр залуустай уулздаг.

Надад миний тарьсан соёоноос нов ногоон ургамал ургаж байгаа нь харагдав. Эрика үргэлжлүүлэн,

- Надад хэцүү байгаа нь хэцүү байгаагаас л болж байгаа болохоор гэв.

- Чи Китаруд юу мэдэрч байгаагаа хэлэх хэрэгтэй байх. Чи түүнээс өөр залуутай уулзаж байгаагаа нуух тусам тэр олоод мэдчихнэ. Тэр өөрөө олж мэдсэнээс илүү чи эхэлж хэлвэл дээр.

- Тэр зөвшөөрөх болов уу?

- Тэр чамайг ойлгох байхаа.

- Тийм гэж үү?

- Тиймээ.

Надад бол Эрика, Китару хоёр хоорондох харилцаандаа яг нэг ижлээр ханддаг байв. Эрикагийн юу хийж байгаа болоод юу хийж магадгүй тухай Китару юу боддогийг мэдэхгүй ч тэр Эрикаг өөр нэгэнтэй уулзаж байгааг харах юм бол яаж ч хүлээн зөвшөөрч чадахааргүй нэгэн. Эрика өмнөх лаагаа ширтсэнээ,

- Би үргэлж нэг ижил зүүд зүүдлэх юм. Аки-кун бид хоёр завинд суучихсан далайд явж байдаг. Орой болчихсон байх бөгөөд бид сар өөд ширтэж зогсдог. Маш том тэргэл сар. Сайн харвал мөсөөр бүтсэн сар. Далайн бараг тал хүртэл нь гэрэлтэж байдаг. Нил мөсөөр бүтсэн найман инчийн том тэргэл сар. Тэгээд удалгүй нар мандахад сар бага багаар хайлж эхэлдэг. Хэрвээ болдог бол чамд харуулахсан. Энэ зүүдийг би их олон зүүдэлж байна. Сайхан зүүд. Сар үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг. Найман инчийн сар.

Эрикаг намуухан дуугаар ийн ярихад, Эрика бид хоёр л хоёулханаа орчноосоо тасарчхаад өөр ертөнцөд орчихсон юм шиг мэдрэмж төрөв.

- Гэхдээ сэрмэгц л надад их гунигтай бүр тэвчишгүй хөндүүрлэм санагддаг. Надад түүний уй гунигийг мэдрэх шиг хөндүүртэй хатгуулав.

- Энэ зүүд надад Аки-кунтай хамт жаргалтай байгаа ч энэ бүхэн үүрд үргэлжлэхгүйг сануулах шиг болдог. Зүүдэнд бид тэврэлдээд мөсөн сарыг ширтээд үүр цайхад сарыг хайлахыг нь харж байдаг. Тэгснээ сэрчихнэ. Шөнө нь ахиад л өнөөх сар гарч ирдэг. Магадгүй нэг л шөнө сар харагдахаа болих байх. Тэр тухай бодоход бүх бие сэтгэлээрээ бачимдаад байгаа юм шиг үнэхээр аймшигтай санагддаг.

Дараа өдөр нь би Китарутай кофе шопд уулзлаа. Тэр Эрика бид хоёрын болзооны талаар асууж гарав.

- Чи түүний үнссэн үү?

- Үгүй ээ.

- Зүгээр дээ, үнссэн байлаа ч би юм бодохгүй.

- Бид тиймэрхүү юм хийгээгүй ээ.

- Гараас нь ч атгаагүй гэж үү?

- Гараас нь атгаагүй.

- Тэгээд та хоёр юу хийсэн юм бэ?

- Бид кино үзсэн, гадуур алхсан, оройн хоол идээд ярилцсан.

- Ингээд л болоо юу?

- Анхны болзоон дээр үүнээс илүү үйлдэл хийх хэрэггүй гэдэг биз дээ.

- Тийм үү. Би ч ёс жаягийнх нь дагуу анхны болзоонд явж байгаагүй л дээ.

- Гэхдээ надад Эрикатай хамт байх сайхан байсан. Хэрвээ тэр миний найз охин байсан бол би лав түүнийг хараанаасаа ч салгахыг хүсэхгүй байх.

Китару бага зэрэг бодолхийлснээ ямар нэг зүйл хэлэхийг хүссэн ч яаж хэлэхээ олохгүй байгаа бололтой харагдав.

Тэгэхээр нь түүнд Чианти болон пиццаны тухай ярихад их гайхшран,

- Пицца? Чианти?

- Түүнийг пиццанд дуртай гэж мэдээгүй юм байна. Бид дандаа гоймон ч юмуу түргэн хоол иддэг байсан. Дарс гэсэн үү? Түүнийг ууж чадна ч гэж бодсонгүй.

Китару өөрөө ч архи амсдаггүй байв.

- Түүний талаар зарим нэг мэдэхгүй зүйл чамд байгаа байх.

Би Китаругийн болзооны талаарх бүх асуултанд нь нэг бүрчлэн хариуллаа. Бүх нийтийн бослогын тухай Вүүди Аллений кино, хоолны төлбөр хэд гарсан, бид хувааж төлсөн эсэх, түүний юу өмссөн \цагаан даавуун даашинзтай, үсээ боосон байсан\, ямар дотуур хувцас өмссөн \тэрийг нь би яаж мэдэх вэ дээ\, бидний юу ярьсан гээд бүгдийг хэлэв. Харин Эрика өөр залуутай уулзаж байгааг болоод түүний мөсөн сартай хачин зүүдний тухай хэлсэнгүй.

- Та хоёр дараа хэзээ уулзахаа тохирсон уу?

- Үгүй ээ, тохироогүй гэхэд тэр

- Яагаад? Тэр чамд таалагдсан биз дээ. Эсвэл үгүй юм уу?

- Тэр гайхалтай охин. Гэхдээ бид ийм байдалтай байгаад байж болохгүй. Тэр чиний найз охин. Тийм биз? Чи түүнийг үнсэх зүгээр гэсэн. Гэхдээ чамайг тэгж хэллээ гээд надад зүгээр байгаад байхгүй гэхэд Китару,

- Ойлголоо, Танимару. Би өөрийгөө ч ойлгохгүй юм. Уг нь би бага сургуулиас хойш гэрийнхэн, багш нарын зөвлөснөөр сэтгэл зүйчид үзүүлж байгаа. Миний сэтгэл санааны тогтворгүй байдал бага байхаас л эхэлсэн байх. Сэтгэл зүйчид очлоо гээд эмчлэгдээгүй л дээ. Тэд чиний юу болохгүй байгаад анхааралтай сонсоод л болоо. Би ч тэгж чадна. Одоо ч би өөрийгөө ойлгохгүй галзуурах гээд байна.

- Одоо үзүүлдэг үү?

- Сард хоёр удаа. Хий мөнгөний зарлага. Эрика чамд хэлээгүй юу?

Би толгой сэгсэрлээ.

- Үнэнээ л хэлье. Хүмүүс яагаад намайг хачин гэж боддогийг ойлгохгүй юм. Би зүгээр л өөрийнхөөрөө л энгийн зүйлийг энгийнээр хийдэг. Тэгтэл хүмүүс миний хийж байгаа бүхнийг хачин зүйл гэж харах юм.

- Чамд ч энгийн биш зүйл байх нь ч байгаа л даа.

- Юу гэж?

- Кансай аялга. 

- Тийм байж. Гэхдээ энэ чинь энгийн биш ч хачин гэхэд арай өөр зүйл.

- Энгийн хүмүүс ийм зүйлийг хэзээ ингэж сурахгүй байх.

- За тийм дээ.

- Гэхдээ миний хэлж чадах ганц зүйл гэвэл, чиний хийж байгаа зүйлс энгийн биш байлаа ч энэ нь хэн нэгэнд гай болоод байна гэсэн үг биш шүү дээ.

- Одоогоор лав.

- Юу нь гай болно гэж? гэж хэлээд би хэнд, юунд гэдгээ мэдэхгүй уцаар төрөөд явчхав. Тэгээд түүнд хандан,

- Чи хэн нэгэнд төвөг удахгүй байсан ч ямар хамаатай юм? Кансайгаар ярихыг хүсч байгаа бол тэгээд ярь л даа. Элсэлтийн шалгалтад бэлдэхийг хүсэхгүй байгаа бол боль. Эрикагийн дотоожийг тайлах ёстой гэж хэн чамайг албадаад байгаа юм. Энэ чинь чиний амьдрал. Бусад хүмүүс чиний талаар юу гэхийг бодохгүйгээр өөрийнхөө хүссэнийг л хий, гэхэд Китару надруу хачирхсан байдлаар ширтсэнээ,

- Юу гээч, Танимура, чи сайн залуу. Гэхдээ заримдаа дэндүү энгийн нэгэн болчих юм.

- Тэгээд чи яамаар байна. Хэн ч хичээлээ ч гэсэн өөрөө өөрийгөө тийм амархан өөрчлөөд байхгүй шүү.

- Тийм ээ. Хэн ч өөрөө өөрийгөө тийм амархан өөрчлөхгүй.

- Юу гээч. Эрика гайхалтай охин. Чи түүнийг ингээд явуулчхаж болохгүй. Чамд түүн шиг нэгэн ахиж олдоод байхгүй л болов уу?

- Тиймээ, хэлэх хэрэггүй байсан юм. Гэхдээ би тус болох зүйл олох шиг боллоо.

Хоёр долоо хоногийн дараа Китару кофе шопын ажлаасаа гарсан юм. Би гарсан гэж байгаа ч үнэндээ, Китару ерөөсөө ирэхээ больчхоор нь захирал халчихсан хэрэг. Китаруд долоо хоногийн цалинг нь бодсон байсан ч тэр ирж авсангүй. Бид сайн найзууд байсан, ядаж л би тэгж боддог байснаас түүнийг ажил дээр байхгүй болсноос хойш миний сэтгэлд үгээр хэлэмгүй тийм хоосрол бий болчих шиг болов. Токиод надад өөр найз гэхээр хэн нэгэн байсангүй. Алга болохоосоо хоёр хоногийн өмнө Китару цаанаа нэг дуугаа хураачхаад намайг юм ярихад ч нэг их дуугарахгүй байсан юм. Тэгээд л тэр чигээрээ таг чиг алга болчихов.

Би Эрика Куританигаас түүнийг хаахна байгааг асууж болохоор байсан ч тэгсэнгүй. Тэдний дунд юу болсон байлаа ч энэ миний оролцоод байх зүйл гэж бодсонгүй. Энэ бүгдийн дараа яагаад ч юм өмнөх найз охиныхоо тухай бодолд автав. Магадгүй Китару, Эрика хоёрыг хамт байгааг нь харснаас хойш тэр зүйлийг мэдрээд байж сууж ядахдаа түүнд хандан өөрийн мэдэрсэн бүхнээ уртаас урт уучлал гуйсан захиа болгон бичиж орхисон ч хариу захидал хэзээ ч ирээгүй билээ.

Би Эрика Куританиг бүтэн 16 жилийн тэртээ хоёрхон удаа харсан ч хааяа түүнийг дурсахад түүний сэтгэл татам, амьд, эрч хүчтэй дүр төрх нүдэнд харагдах шиг болдог байв. Тэгээд олон жилийн дараа би Эрикатай Акасакад дарс амталгааны тансаг үдэшлэгээр таарсан юм. Эрика, түүний хар даашинз, хар өсгийт, түүний энгэр дэх сувдан зүүлт. Тэр ч бас намайг мартчихаагүй байв. Би хар хослол өмсөж, хар зангиа зүүсэн байлаа. Эрика үйл ажиллагааны зохион байгуулагч хийж байсан нь түүнд зохисон сайхан ажил байв.

- Танимару-кун, бидний уулзсан орой чи яагаад надад ойртоогүй юм бэ? Бид илүү дотно ярилцах байх ч гэж бодож байсан.
- Чи надад дэндүү үзэсгэлэнтэй санагдаад.
- Намайг явуулж байгааг чинь мэдэж байгаа ч гэсэн сонсоход сайхан л юм гээд үнэхээр сэтгэл татам инээмсэглэв.
Гэвч би үнэхээр хий магтахыг хүссэндээ ч юм уу, худал хэлэхийг бодоогүй билээ. Тэр үнэхээр надад ахдахаар үзэсгэлэнтэй нэгэн. Өмнө нь бас одоо ч гэсэн.
- Би чиний ажилладаг кофе шоп руу залгасан, тэд чамайг ажиллахаа больсон гэж хэлсэн.
Китаруг гарсны дараа хэтэрхий уйтгартай байсан болохоор би хоёр долоо хоног болов уу үгүй юу ажлаасаа гарчихсан юм.
Бид өнгөрсөн 16 жилийн турш юу хийж байснаа ярилцав. Коллежээ төгссөний дараа би жижиг хэвлэлийн газар ажилд орсон ч 3 жилийн дараа гарч, түүнээс хойш, зохиолчийн дуусашгүй ажлаар өдөр хоногийг элээж байсан билээ. 27 настайдаа гэрлэсэн ч хүүхэдгүй байв. Харин Эрика одоо хүртэл ганц бие байгаа, ажилд дарагдаад гэрлэх ч завгүй байгаагаа хэлээд Китаругийн тухай арай гэж нэг юм ам нээн,
- Аки-кун, Денверт Сүшиний газар ахлах хийж байгаа гэв.
- Денвер ?
- Түүний хоёр сарын өмнө явуулсан ил захидлынхаар бол Колорадогийн Денверт.
- Яагаад заавал Денверт юм болоо?
- Мэдэхгүй л юм даа. Өмнөх захидал нь Сиатлаас ирсэн. Тэнд ч мөн сүшиний ахлах хийж байсан. Бараг жилийн өмнө байхаа. Тэр надруу үе үе хоёр хүрэхтэй үгүйтэй мөр гүйлгэж бичсэн, хачин хачин зурагтай ил захидал явуулдаг ч буцах хаягаа ер бичдэггүй юм.
- Сүшиний ахлах. Тэгэхээр тэр ерөөсөө коллежид ороогүй байх нь.
Эрика толгой сэгсрэн,
- Бидний уулзсан зуны сүүлээр Китару гэнэтхэн элсэлтийн шалгалтандаа тэнцээд Осака руу тогоочийн сургуульд явах гэж байгаагаа хэлсэн юм. Тэр тэнд Кансай хоол сурч, Кошиений цэнгэлдэхэд Ханшины барс багийн тоглолтыг үзэхийг хүсч байна гэсэн. Би түүнээс ийм чухал шийдвэрээ надаас асууж, зөвлөлдөж болсонгүй юу гэж асууж билээ.
- Тэр тэгээд юу гэсэн бэ?
Эрика үг дуугарсангүй. Түүний уруул өмөлзөн, гунигт дурсамжаа эргэн санахад хэцүүхэн байгаа бололтой болохоор нь би бушуухан сэдвээ өөрчлөн,
- Бид Шибуяад Итали зоогийн газарт орж байсан даа. Хямдхан Чианти захиалаад л. Гэтэл одоо хар даа тансаг Напа дарс амтлаад зогсож байна. Огт өөр хоёр нөхцөлд уулзлаа шүү, гэхэд Эрика,
- Санаж байна. Тэгэхэд Вүүди Аллены киног үзсэн. Ямар нэртэй байлаа? гэхэд нэрийг нь сануулбал тэр,
- Сайхан кино байж билээ гэхэд тэр кино ямартай ч Вүүди Аллений сод бүтээлүүдийн нэг байсан болохоор би дуртайяа хүлээн зөвшөөрөн толгой дохив.
- Нөгөө теннисийн клубын залуу та хоёр бүтсэн үү? гэхэд Эрика толгой сэгсрэн,
- Миний бодож байсан шиг тийм холбоо үүсгэж чадаагүй ээ. Бид зургаан сар үерхээд салсан.
- Жаахан хувийн чанартай юм асууж болох уу?
- Тэг л дээ.
- Чамайг эвгүйцүүлэх гээгүй юм шүү.
- Зүгээр ээ, би тэгэхгүй.
- Чи тэр залуутай унтсан тийм үү? гэхэд Эрика надруу гайхан харснаа, мөрөө хавчин,
- Яагаад тэгж бодоо вэ?
- Асуух л асуулт. Би түрүүнээс хойш ингэж асуумаар байсан ч бүдүүлэг санагдаад байлаа гэвэл Эрика мөрөө хавчин,
- Зүгээр дээ. Би эвгүйцэхгүй. Урт хугацаа ч өнгөрч гээд үгээ таслах зуур нь би дарсны бөглөө ар араасаа пөгхийн онгойх дуунаар өрөөг тойруулан харав. Тэр цаана төгөлдөр хууран дээр нэгэн бүсгүй “Дурласан нэгэн шиг”-ийг \Like Someone in love\ тоглоно.

- Хариулт нь тийм. Хэд хэдэн удаа.
- Тэгэх сониуч зан чинь хөдөлсөн үү гэхэд тэр жигтэй инээмсэглэснээ,
- Тэгэх сониуч зан хөдөлсөн.
- Иймээс л хүн ам өсдөг байх гэвэл,
- Чи тэгж бодож байгаа бол.
- Бидний болзооноос хэр хугацааны дараа түүнтэй унтсан бэ?
- Долоо хоног гэж санаж байна. Цаг хугацаа хурдан өнгөрчээ. Миний анхных байсан юм.
- Тэгээд Китару мэдээд өөртөө шууд тусгаж авсан байх гэхэд Эрика энгэр дэх сувдан зүүлтээ нэг нэгээр нь бүгдийг нь байгаа эсэхийг нь шалгах шиг имэрснээ нэг зүйл санах шиг болоод,
- Тиймээ, Аки-кун үнэхээр тэгэхээр байсан. Гэхдээ би түүн шиг өөр нэгэнтэй ахиж учраагүй. Энэ тийм ч зөв зүйл биш байсан ч би нэгэн хэвээр эргэлдээд зогсохгүй байсан амьдралдаа эргэлт хийх хэрэгтэй байсан юм.
Бид бүгд л дуусашгүй урт замаа дуусгахаар амьдардаг. Нэг эргэлтээр эргэх зам. Эрикад ингэж хэлэхийг хүссэн ч чадсангүй. Хэлэх гээд үгээ залгичихдаг өөр нэг асуудал ч надад бий болчхоод байв.
- Китару гэрлэсэн болов уу? гэвэл, тэр
- Үгүй байх. Тэр надад гэрлэлээ гэж хэлсэн ч гэрлээгүйг нь би мэдэж байна. Бидэн шиг хүмүүс гэрлээд байдаг төрлийн хүмүүс биш байх шүү.
- Эсвэл нэг эргэлтийн замдаа орчихсон.
- Магадгүй.
- Чи нөгөө мөсөн сартай зүүдээ зүүдэлж байгаа юу? гэвэл тэр надруу ширтээд тун тайван, дөлгөөнөөр чин сэтгэлээсээ инээмсэглэн,
- Миний зүүдийг мартаагүй байгаа юмуу? гэв.
- Учир шалтгаантай зүйлийг мартдаггүй юмаа.
- Өөр хүний зүүд байлаа ч уу?
- Зүүднээс чинь түрхэн зээлж, өр тавьж болно биз дээ.
- Сайхан санаа л юм.
Гэнэтхэн хэн нэгэн Эрикаг хажуухнаас дуудахад тэр ажилдаа буцах ёстой болсноо хэллээ.
- Би тэр зүүдийг ахиж зүүдлээгүй. Гэхдээ тэр зүүднээс юу олж харснаа, юу мэдэрснээ сайн санаж байна. Мартаж чаддаггүй. Мартах ч үгүй байх даа.
Битлзийн “Өчигдөр” хаа нэгтээ сонсогдох бүрт, Китаругийн ваннан дотроо дуулж байсан хачин үгнүүд нь толгойн ороод салдаггүй байв. Үгийг нь мартахгүйн тулд бичье ч гэж түвдсэнгүй. Өнгөрснөөс тэр үгийг нь санах гэж хичээх тусам бага багаар мартсаар байв. Нэг хэсгийг санасан ч Китаругийн дуулж байсан яг тэр үг мөн үү гэдэгт эргэлзээд болдоггүй. Цаг хугацаа өнгөрөх тусам дурсамж яалт ч үгүй бүдгэрсээр, бүдгэрсээр өөрийгөө өөрчилсөөр байдаг аж.
Хорин хэдтэйдээ би хэд хэдэн удаа өдрийн тэмдэглэл бичихээр шийдэж байсан ч ерөөсөө болж өгсөнгүй. Эргэн тойрон дахь үйл явдлуудаа би буулгаж үлдээхийг хүсдэг байсан ч “Өө би үүнийг л бичих ёстой” гэхээр зүйл тохиож байсан гэвэл үгүй. Тэгээд удалгүй мартчихдаг байв. Миний хийж чадах зүйл гэвэл нүдээ нээгээд, толгойгоо хүчтэй сэгсрээд, урт амьсгалах л байв.
Хамгийн хачирхалтай нь би Китаруг тун тод санана.
Би түүнийг Денинчофу дахь гэртээ ванны усанд “Өчигдөр”-ийг дуулахыг сонсохоос эхлээд хэдэн сар найзууд явсан минь миний үнэ цэнэтэй цөөн зүйлсийн нэг байсан. Ханшины барсын тоглолтын хуваар, эр эмийн харьцааны асуудлууд болоод элсэлтийн шалгалтын уйтгартай байдлын тухай, кансай аялгаар ярих ямар их мэдрэмж шаарддаг тухай, Эрика Куританитай болзсон анхны болзоо, түүний итали зоогийн газарт лааны гэрэлд хичнээн үзэсгэлэнтэй харагдаж байсан тухай гээд бүгд өчигдөрхөн л болсон мэт. Хөгжим дурсамж сэргээдэг гэж үнэн бололтой.
Хорин настай өөрийгөө эргэн дурсах бүрт надад уйтгар гунигтай, ганцаардмал байдал маань эргэн ирэх шиг болдог байв. Бие сэтгэлээ нээх найз охин болоод сэтгэлээ уудалж ярих найз нөхөд байсангүй. Өдөр хоногт хорогдох шалтгаан, маргаашийг хүлээх итгэл найдвар ч байсангүй. Ихэвчлэн би өөрийгөө нийгмээсээ тусгаарлахыг илүүд үзнэ. Заримдаа долоо хоногоос илүү хугацаагаар хүнтэй ярилгүй өнгөрөөнө. Ийм байдал жилийн турш үргэлжилсэн юм. Уртаас урт нэг жил. Хүйтэн өвөл он цагийг царцаачихсан нэг жил.
Үнэхээр хэлж чадахгүй юм. Гэхдээ би ч бас орой бүр найман инчийн мөсөн сар хайлахыг хардаг байсан бол, би лавтайяа ганцаараа зогсох байлаа. Тэр бүх гоо үзэсгэлэн болоод уйтгар гунигийг хуваалцах хэн нэгэн байх ёсгүй байлаа.

Өчигдөр …
Маргаашаас хоёр хоногийн өмнөх өдөр …
Өмнөх хоёр хоногийн дараах өдөр …


*1 Японы үндэсний шатар маягийн хөлөгт тоглоом

*2 Тосгоны хөвгүүн том хотод төөрч будилдаг Япон зохиол

*3 Бийтлзийн дууны хэсэг

 

Хамгийн их уншилттай
1
2021.03.29
"Бүхнийг чадагч" Ангууч буюу Б.Баттөрийн тухай 21 БАРИМТ
2
2021.04.12
Дэлхийн алдартнууд VS Монголын одууд | Тэд хэрхэн уучлал гуйдаг вэ?
3
2021.04.05
"Ододтой бүжиглэе" шоу үзэгчдийг зурагтны өмнө "уяж" буйг батлах хөгжилтэй 17 пост
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
Ном уншдаг хүн бүрийн ойлгох 21 "хүндхэн хөгжилтэй" мэдрэмж
2
12 цагийн өмнө
Дэлхийн номын өдөр | Яг одоо хүргэлттэй ном авч болох 5 газар
3
2021.04.13
Гэртээ 10 мянган номтой НОМЫН САН байгуулжээ
санал болгох
1
8 цагийн өмнө
Ням гарагт Улаанбаатарт бороотой
2
8 цагийн өмнө
Ном уншдаг хүн бүрийн ойлгох 21 "хүндхэн хөгжилтэй" мэдрэмж
3
12 цагийн өмнө
Дэлхийн номын өдөр | Яг одоо хүргэлттэй ном авч болох 5 газар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
4
0
0
0
2
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.