АНУ-ын залуу яруу найрагч 23 настай Аманда Горман Vogue сэтгүүлийн ирэх тавдугаар сарын ковер болж, ярилцлага өгчээ. Дэлхийн алдарт загварын сэтгүүлийн нүүрэнд ийнхүү яруу найрагч бүсгүйг онцолж буй нь анхны тохиолдол юм.

Харвардын Их сургуулийн төгсөгч Аманда Горманы зургийг гэрэл зурагчин Анни Лейбовиц буулгаж, Виргил Аблохын сонголтоор африк нэхмэл эдлэл бүхий Louis Vuitton загвараар гоёжээ. Виргил Аблох нь тус брэндийн анхны өнгөт арьст арт директор юм.

Горман өөрийн инстаграмдаа "Vogue сэтгүүлийн анхны яруу найрагч болсондоо баяртай байна. Гоо үзэсгэлэн үгүй бол яруу найраг гэж үгүй билээ" гэж бичжээ.
Энэ оны нэгдүгээр сард АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр Аманда Горман “The Hill We Climb” шүлгээ уншсан нь олны сэтгэлийг булаагаад байв. Түүний “Change Sings: A Children’s Anthem" нэртэй анхны яруу найргийн зурагт ном ирэх есдүгээр сард нийтлэгдэнэ. Горман уг номоороо хүүхдүүдийг итгэл найдвартай байж, өөрчлөлт бүтээх зоригтой байхыг уриалах хүсэлтэй гэжээ.

Эх сурвалж: Vogue