Хайх зүйлээ бичнэ үү

45 мин

Сэтгэл гэдэг эрхтэн: Надаас “Амьдралынхаа аль үеийг давтахгүй вэ?” гэвэл тэр л үеийг хэлнэ


Сэтгэл гэдэг эрхтэн элэг шиг үрэвсэж
Сэтгэл гэдэг эрхтэн толгой шиг өвдөж
Сэтгэл гэдэг эрхтэн ходоод шиг цоорч
Сэтгэл гэдэг эрхтэн зүрх шиг зогсдог.
Б.Галсансүх.

“Хөгжлийн бэрхшээл” гэж манайхан буулгаж хэвшсэн “Disability” гэж үг байх. “Хөгжлийн бэрхшээлтэй хүн” гэдэгт бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согог нь орчны бусад саадтай нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох чадвар нь хязгаарлагдсан хүнийг ойлгоно” гэж манай хуулиар тодорхойлдог. Дэлхий дахинаа сэтгэл гутралыг “хөгжлийн бэрхшээл”-ийн нэг төрөл хэмээгээд уджээ. Сэтгэл гээч нь эрхтэн юм аа, тэр нь “өвдчихвөл” эзнийгээ нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох чадваргүй болгодог учраас тэр гэнэ. Үзэгдэх, баригдах, харагдах нь үгүй ч тийм айхавтар үүрэгтэй эрхтэн байх нь ээ.!

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын нэгэн тайланд дурдсанаар 2020 оны төгсгөлд дэлхий даяар 300 сая орчим хүн сэтгэл гутралтай байна. Энэ шалтгаанаар 40 хором тутам нэг хүн амиа егүүтгэхээр завдаж, жил бүр 800 мянган хүн орчлонг өөрийн хүслээр орхидог аж. Энэ “том” тоонд манай улс багтсан болов уу? гэж асуух нь зүйн хэрэг. “UB post” сонинд дурдсанаар 2019 онд манай хүн амын 6.6 хувь нь сэтгэл гутралтай, жил бүр 300-400 хүн сэтгэл гутралаас шалтгаалж амиа хорлодог нь бүс нутагтаа дээгүүр ордог үзүүлэлт ажээ.

Саяхны нэг цастай өдөр, Улаанбаатарын нэгэн буланд уран зохиол, номтой ойр залуусын дунд эчнээ танил “Тагтаа паблишинг”-ийн хамтран үүсгэн байгуулагч, орчуулагч Ж.Тэгшзаяа, “Санаагийн подкаст”-ыг эрхлэн гаргагч, блоггер, график дизайнер Ц.Ариунсанаа бид гурав ярилцсан юм. Ярианы маань сэдэв “сэтгэл гутрал” байж таарлаа.

Үнэндээ би халгаж сууна. Хэдий өөрсдийн сэтгэл гутралыг хуваалцахаар хамтдаа шулуудсан ч тэднийг “шошгологч, гоочлогч, гутаагч” орон зай руу чулуудчих вий гэж эмээснээс тэр.  

Нэг бол “Хүний махан хүнстэн    
Хүрэл чулуун зүрхтэн
Ханан хадан гэртэн
Хайр чулуун зуслантан
” хэмээх бөөгийн тамлага санагдаж, нөгөө бол “Мах идэх шүд аманд аж. Хүн идэх шүд сэтгэлд аж” гэх “Алтан товч” зохиолын хэсэг бодолд орно. Ялгаатай бүхнээ хэт дөвийлгөх,  эс бол ялгаатай бүрээ шүүж гутаах “харгис” сэтгэхүй хэзээ ч юм бүрэлдсэн байна. Гэхдээ тэд ийн хариулсан юм.

Ж.Тэгшзаяа: 
Сэтгэл гутрал гэдэг маш хүнд, амьдралын хамгийн хар бараан үе. Гэвч хүн даваад гарч болдог л зүйл. Үүнийг туулсан учраас л энд сууж байна даа. Яг тийм нөхцөлд буй хэн нэгэн “Би ганцаараа биш. Даваад гарсан хүн бас байдаг юм байна” гэж мэдвэл, тэр нь ханьсах мэдрэмж төрүүлж, магадгүй багахан хүч өгч мэднэ. Тэгж л чадвал миний шошголуулах бол  дараагийн асуудал.

Ц.Ариунсанаа: Сэтгэлээр унана, уруудаж доройтно гэдэг бодит байдлаа харж чадахгүй болтол ямар нэг орчилд гацчихтай төстөй санагддаг. Орь ганцаар хаягдчихсан ч юм шиг. Хэчнээн хажуу дэргэд дотнын хүмүүс минь байсан ч тэднийхээ хайрыг мэдэрч чадахгүй болчихдог. Тийм үед гаднаас хүчлэх гэхээс дотроосоо эдгэх цаг хугацааг өөртөө өгөх нь чухал. Яг тэр нөхцөлд байгаа хүмүүсийн сэтгэлд агаар оруулж чадвал бусад хүмүүсийн "мэдэмхийрэх" хамаагүй. Тийм зүйлсийг хүлээж авах, эс авах эрх нь бидэнд бий.

За эхлэх үү дээ!

ИНГЭЖ ЭХЭЛСЭН ЮМ

Хэдэн жилийн өмнөх өвөл. Хугацаа тулсан ажил, хөхүүл хүүхэд, орон гэр. Утас унтрав. Асаасангүй. Сошиал хаягаа ч мартав. Уншив. Уншаад л байв. Хавар. Сүүлчийн цас. Анхны бороо. Зун. Хагас жил өнгөрөв. "Сайхан" байлаа. Шархирам байлаа. Уул нь тэгж суух шалтгаан ч, зав ч байсангүй  Гэтэл яагаад? Төрсний дараах сэтгэл гутрал гэгч нь байжээ. Энэ зуур юу алдсанаа  танд ярих уу? Юу олсноо танд ярих уу? Гэвч хэдийдээ бид алдаа, оноо, зовсон, жаргаснаа жинлээд зогсохгүй түүгээрээ хоорондоо уралдах болов?

-Сэтгэл гутралтай буйгаа анх яаж анзаарав? Ямар мэдрэмжээ “сэтгэл гутрал” гэж оношилсон бэ?

Ц.А: Эргээд бодоход багаасаа л сэтгэл гутралтай байжээ. Бүр бага ангиас л нийгэм, хичээл, сургууль цөм хэцүү санагдаж үе үе хичээлээ таслах зэргээр зугтах маягтай. Ер нь л “энэ амьдралыг яаж барна даа” гэж зүрхшээж, цээжний голд том нүх үүсчихсэн мэт, цаанаа л нэг зүйл дутуу, сэтгэл дүүрч өгдөггүй байлаа.

Ж.Т: Нэлээн хүнд түвшинд очсон хойноо л “энэ яг сэтгэл гутрал байна” гэж ойлгосон. Би угийн сэтгэл хөдлөл өндөртэй, дотооддоо бас зөрчилтэй хүн л дээ. Хуульч болох гээд сурч байхдаа л сэтгэлийн нөгөө тал уран зохиол руу тэмүүлдэг, өдөрт нь хуулийн ягшмал хэм хэмжээ хичээл дээрээ үзэх мөртөө орой нь нойргүй шүлэг уншаад догдлоод суудаг, doom metal сонсож байгаад унтдаг, тэр бүхнээ ер нь өөртөө л хадгалдаг, гаднаас нь харахаар хуульч болохоор сурч буй асуудалгүй хүн дотроо нэг тийм хуваагдаж дэнсэлсэн, ганцаардмал үеийг туулж байлаа. Тэр үеэс л эхлэн оршихуйн асуудал боссон. Ер нь сэтгэлзүйн хувьд амаргүй үеийг туулж үзсэн учраас хоёр жил хагасын өмнөөс эхэлсэн сэтгэл гутралаа эхэндээ таниагүй. Нөгөө л нэг оршихуйн асуудалтай тулгарлаа даа, ямар хүүхэд биш, өдий 30 гарсан хүн хойно тэгсхийгээд туулаад гарна биз гэж л бодож байв. Шаналгаад буй хүнд мэдрэмждээ гарц олох, болж өгвөл “яруу”, утга учиртай болгон хувиргах гэж ном уншина, кино үзнэ. Гэтэл сүүлдээ зарим өдөр орноосоо ч босох тэнхээгүй, ядаж ус ч болов уухгүй орондоо өнжих болсон, удалгүй амиа хорлох тухай бодож, аргуудаа төлөвлөж эхэллээ, өглөө сэрсэн мөчөөсөө л яаж үхэх вэ, гараа зүсэх үү, эм уух уу, үсрэх үү? гэж бодно, өөр юу ч бодож чаддаггүй байлаа. Тэсэхэд бэрх болохоороо мартагнах гэж ууна, уусан үед хэсэгхэн сатаарах ч дараа нь улам дордоно, гутрал улам цааш явна, чөтгөрийн тойрог л гэсэн үг. Амьдаараа үхэж буй мэт төлөв байдалд тарчилна. Хүн ингэж амьдарна гэдэг маш хэцүү. Энэ бүхний эцэст "Би ганцаараа давж чадахгүй юм байна. Надад мэргэжлийн туслалцаа хэрэгтэй" гэж хүлээн зөвшөөрсөн. Сэтгэл гутралаа таних, хүлээн зөвшөөрөх хэцүү. “Яах гэж ингэтэл ужигруулж удаан явав даа” гэж хааяа харуусдаг. Заримдаа дүү нар маань ганцаардал, гуниг, гутрал, эморолтой андуурдаг, гэтэл сэтгэл гутрал бол шал өөр, маш хүнд зүйл.

-Гуниглах, ганцаардах зэрэг олон мэдрэмжээс сэтгэл гутрал юугаараа ялгаатай вэ? Эсвэл бүгд холилдсон мэдрэмж уу? Ахиад тодруулаач!

Ж.Т: Гуниглах, ганцаардахыг хэдий “сөрөг” ангилалд оруулдаг ч хүн бүрт тохиолддог энгийн сэтгэл хөдлөл, мэдрэмж. Сэтгэл гутралын ганц ялгаатай нь амьдрах ямар ч дур сонирхолгүй болдог удаан үргэлжилсэн төлөв байдал, тийм ч учраас хэвийн, энгийн зүйл биш. Сэтгэл гутралд орсон олон хүмүүс "хар нүхний ёроолд уначихсан мэт боллоо" гэдгийн учир тэр байх. Хэвийн ажиллаж, нийгмийн харилцаанд орохын утга учир, тэнхээ байхгүй болно. Өмнө нь өчнөөн ганцаардаж, гуниглаж үзсэн, тэр үедээ сатаарч, сарниулж, хувиргаж болдог байлаа. Гэтэл сэтгэл гутарсан үед тийм тэнхээ, чадвар байхгүй, яг амьд үхдэл болно. Хүн надаас “амьдралынхаа аль үеийг хэзээ ч давтахыг хүсэхгүй вэ?” гэж асуувал би сэтгэл гутралын хүнд үеэ л нэрлэнэ. Оронд нь биеийн хүчний ажил хийж, хөлсөө дуслуулж, ер нь яаж ч ядарч зүдэрч, ямар ч ахуйн зовлон, бэрхшээл туулсан хамаагүй зөвхөн амьдрах хүсэлтэйгээр амьдрахыг илүүд үзнэ.  

Ц.А: Ганцаараа байх ч хэцүү, олныхоо дунд байх ч хэцүү, тийм мэдрэмж. Хэтэрхий "жаргалтай ертөнц"-ийг тунхагладаг нийгэмд тэр мэдрэмжээ ил гаргах хэцүү. Нуух гэж, “хэвийн” байх гэж их хичээдэг байлаа. Гэр хол учраас автобусаар их явна, нэг удаа автобусанд явж байгаад гэнэт дотор зангираад багтарсан. Хэнийг ч хамаагүй тэвэрмээр ч юм шиг, мэдээж тэгж болохгүй, орилмоор ч юм шиг, бас л болохгүй. Тэсэхгүй автобуснаас буугаад цурхиртал уйлсан. Тэр үед л “би болохгүй болж байгаа юм байна” гэж бодсон.  

Төрсний дараах сэтгэл гутралд өртсөнөө хэлсэн дээ, тийм ээ.  Эх хүн байх, үртэй болох сайхан, жаргалтай ч байлаа. Гэвч ягтаа хүртэл, эд эс бүхнээрээ бүтэн, дүүрэн жаргаж чадахгүй буйдаа үрийнхээ өмнө, хүн байхуйнхаа өмнө гэмших хэцүү байв. Амьдралаас шантрах хэмжээнд доош унаагүй ч гэлээ ийм гэмшлийг мэдрэх, гол нь ухамсарлах бэрх. Би эх хүн, цаашилбал хүн шиг хүн яг мөн үү? Ард нь гарчхаад, уужраад бодтол мөнөөх гутралд цэвэр өөрийн сэтгэл санаа, хүүхэд төрүүлсэнтэйгээ дасан зохицох гэж ядаж буй бие махбодиос минь гадна амьдарч  буй нийгмийн хүчин зүйлс нөлөөлжээ. Хичээж, зүтгэж, тэмүүлж асан шударга ёс, хууль ёс, эх орныхоо өнөөдөрт итгэх итгэл ганхчихсан байсан юм. Заримд нь мөн ч тэнэг шалтгаан санагдах биз, гэвч хуульч хүн гэдгийг минь болгоож үзээрэй! Мэргэжлээс үүддэг сэтгэцийн хямрал гэж зүйл бий. Хуульч, сэтгэл зүйч, эмч зэрэг хүний зовлонд ойр, тогтолцооны бэрхшээлд мэдрэг мэргэжилд ийм тохиолдол маш түгээмэл. Америкийн Хуульчдын холбооны нэгэн судалгаагаар тэдний хуульчдын 21 хувь нь архины хамааралтай, 47  хувь нь сэтгэл гутрал, айдас түгшүүрт их, бага хэмжээгээр өртжээ. Монголын хуульч гэж тусдаа хүний төрөл зүйл биш учраас ойролцоо л болов уу.

Үүнийгээ хуваалцтал Ж.Тэгшзаяа нэг их санаа алдаад “Хүн хэдий насандаа, яг яахаараа сэтгэл гутралд орох нь ёстой таашгүй. Тухайн хувь хүний сэтгэл зүй, амьдралын хэв маяг, нийгмийн нөлөө гээд бүх зүйл огтлолцож, давхцахаараа сэтгэл гутрал хэмээх ангал руу түлхдэг юм шиг” хэмээсэн юм. Хананд савсан аяга хагарвал шалтгаан ойлгомжтой, харин хүний сэтгэл гэгч барьцгүй эд, гэсэн атал сэтгэл гутралын шалтгааныг яв цав тодорхойлох гэдэгт, тийм дайны амар хялбар, хөнгөн хөвсөлзүүрт тооцдогт бидний бүтээсэн нийгмийн алдаа оршиж магад!.

ГАРАА СУНГАСАН Ч...

-За, өөрийгөө сэтгэл гутралтай байна гээд мэдрээд оношилчихлоо. Оношоо гэр бүл, ойр дотнынхондоо хэлэхэд, мэдэгдэхэд тэд яаж хүлээж авсан бэ?

Ц.А: Ээж, эгч хоёртоо илэрхийлдэг байсан л даа. Ээж бол сонсох дургүйхэн “чамд эцэг эх чинь байхад юу ярина вэ? гэж хариулна. Ээжийгээ би ойлгодог оо, багаасаа өнчин өссөн болохоор тэгж хэлэхэд нь миний мэдрэмж дэргэд нь юу ч биш юм шиг санагдана. "Ээж нь багадаа үхээд өгдөг ч болоосой гэж боддог байсан. Амьдралд заримдаа орилоод гүймээр санагддаг үе байдаг юм" гэж надад ярьж байсныг нь бодохоор багаас өнчрөл хагацал үзсэн ээждээ өөрийнхөө хэцүү бэрхийг ярина гэдэг дэмий шахуу. Харин эгчдээ нуулгүй л "Үхмээр байна. Над шиг хэрэггүй хүн алга" гээд бичиж орхино. Эгч тэгэхээр "Ахиад л тэнэгтээд унах шив" гээд баахан зөвлөгөөнүүд бичиж гарна даа. Сэтгэлзүйнхээ байдлаас болж хэд хэд муудалцаад авсан удаа ч бий. Хөндлөнгөөс харвал ах захгүй гэж харагдаж магадгүй ч ер хамгийн дотно хүмүүс маань намайг ойлгох ёстой гэж боддог ч байсан уу, ямар ч байсан хуваалцаад иймэрхүү хариу сонсдог байсан. Заримдаа загнуулна, заримдаа аргадуулна, заримдаа залхаана. Уран зохиолын холбогдолтой нэг найзтайгаа анх танилцахад тэр сэтгэл гутралыг туулж байсан юм. Тэр найз маань надад "Чи алдаж болно шүү дээ. Бид дэргэд чинь байна" гэж хэлэхэд намайг байгаагаар минь хүлээж авч байгаа юм шиг ханьтай мэдрэмж төрдөг байсан.

Ж.Т: Ойр дотно хүндээ хэлээд ойлгохгүй, ер нь өөрийнхөө ч учрыг сайн олохгүй болохоор сүүлдээ үйлдлээрээ шууд тэсэрч илчилсэн юм болов уу даа. Одоо ингээд ярихад ч хүнд хэцүү дурсамж. Үхнэ гээд тагтнаас үсрэхэд хамт байсан найз маань барьж аваад энэ ертөнцөд амийг маань торгоож үлдэж байв. Энэ явдал тэдэнд бас их хүнд туссан байх. Ойр дотно хүмүүсийг маань, өөрийг маань ч балмагдуулсан анхны цочир шинж тэмдэг ингэж илэрсэн. Удалгүй “СЭМҮТ”-д хэвтэж эмчлүүлсэн. Тэгэхэд найз нөхөд, дотно хүмүүс минь эргэж тойрч, сэтгэлийг маань өргөх гэж чадлаараа  л хичээж хамт байцгаасан. Гэхдээ яг сэтгэл гутрал гэж зүйлтэй туллаа гэдгээ би өөрөө ч, ойр тойрнынхон маань ч тэр үед яг бодитой ухамсарлаагүй л болов уу.

“Идэрээгийн подкаст”-д орж байхдаа сэтгэл засалч Р.Энхтүвшин  “Залуу үеийнхнийг сэтгэл гутралтай гэвэл ээж, аав нь ойлгохгүй ээ. Хоногийн хоол, ахуйн тав тухынхаа төлөө алалцаж байсан тийм хатуу нийгэмд тэдэнд сэтгэлээ таних, анзаарах сөхөө байгаагүй. Аав, ээж, ажил төрөл, идэх хоол, өмсөх хувцас байна, өөр чамд юу хэрэгтэй, юу дутлаа гэж гутардаг юм гэж гайхдаг” гэсэн утгатай зүйл хэлж байсан. Манай улс хоёр өөр нийгмийн шилжилтийг туулсан болохоор ардчиллаас өмнөх үед амьдралынхаа хүн болох чухал үеийг туулсан аав, ээжүүд болон одоо энэ цаг үед амьдарч буй хүүхдүүдийн хооронд сэтгэлгээ, сэтгэлзүй, ойлголцлын нэлээд том зөрүү байх шиг санагддаг. Тэгэхээр бидний хамгийн түрүүнд гар сунгадаг, түшиж тулдаг дотнын хүмүүс болох эцэг эх, өөрийн гэр бүл маань орчин үеийн бидэнд тулгамдаад буй зарим асуудлыг ойлгохгүй, ойлгох чадамжгүй болохоор ихэнх нь гэр бүлээсээ нуудаг, хэлээд ч ойлгохгүй гэж цөхөрдөг, тэгээд найз нөхөд, үеийнхэндээ л ханддаг, тэгсгээд өөрсдөө л шийдэх гэж оролддог байх. Миний хувьд олон шалтгаан, нөхцөл байдал хавсарсан, “сэтгэл гутрал” гэж дангаараа танигдахгүй шахуу болчихсон, бас нэлээд хүнд, удаан үргэлжилсэн тохиолдол болохоор энэ хугацаанд ойр тойрныхон маань ч яг тэгсэн гээд нэг үгээр хэлэхийн аргагүй янз бүрийн хариу үйлдэл үзүүлж байсан. Ээжийн маань хувьд яг хүнд шинж тэмдгүүд үзүүлж эхэлж байх үед намайг сэтгэцийн өвчтэй болсон гэж бодсон гэсэн. (Инээв) Сүүлдээ тэгээд сэтгэл гутрал нь ч байна уу, ер юу нь ч байсан хамаагүй охин маань зовохгүй л байвал боллоо гэж ойлгож бодсон байх.

-Эцэг, эхийн хувьд ийм нөхцөл байдал байж мэдэх юм. Харин найз нөхөд, ажил, сургуулийн хүрээлэл, хосууд гээд бидний нэгэн үеийнхэн, гэр бүлээс гадна дотно хүмүүс яаж хүлээж авч байсан бэ?

Ж.Т: Сэтгэл гутрал гэдэг анх мэдэрмэгцээ л шууд бусдад дэлгээд байхааргүй хувийн, бас адармаатай асуудал. Тэгэхээр яг ажил, сургуулийн энгийн танилууддаа хүн шууд дэлгэх нь, асуудлаа ярьж хуваалцах нь ховор байх. Тэгэхээр эхлээд маш ойрын хүрээлэл болох дотно найз нөхөд, хос хоёрын нэг нь л мэдэж хуваалцаж таардаг. Миний хувьд хамгийн дотно хүн маань ойлгож хүлээж авахгүй, үгүйсгэдэг байсан нь их зовоосон байх. Хосын харилцаа гэдэг өөрөө дипломат харилцаа шиг хайрцаглагддаггүй, дээрээс нь хайрын сэтгэл гэдэг барьцгүй, жолоогүй зүйл болохоор, яг зүрх сэтгэлийн асуудал сэтгэл гутралтай хавсраад ирэхээр нэг нэгнээ улам ороож мушгисан, дээрдүүлж эсвэл дордуулж савлуулсан тийм туйлт нөхцөл байдал руу түлхээд байсан. Хамгийн хүнд хэцүү нь түшиж тулмаар байгаа дотнын хүнээсээ “чиний зовлон бодитой биш, хатгүй, сэтгэлийнхээ учрыг олж чаддаггүй сул дорой” гэх утгатай үгүйсгэсэн хандлага мэдрэх л маш хэцүү байсан. Бас асуудлыг маань гадарлах найз нөхөд, танилууд миний сэтгэлийг өргөх, туслах л зорилгоор надад байгаа бүхнийг минь сануулж, чамд ийм ийм юм байна, чи ийм ийм хүн, тэгэхээр одоо бос, гутрах шалтаг байхгүй, ажил төрөл, бүтээлдээ шамд гэж зоригжуулах гэж их оролддог байсан. Одоо бодоход тэр түвшинд хүрсэн сэтгэл гутралд иймэрхүү дэмжиж байгаа юм шиг мөртлөө асуудлыг нь үгүйсгэдэг дэмжлэг, энэ байдлыг хортой дэмжлэг гэж нэрлээд байдаг, ийм хортой дэмжлэг улам дордуулдаг. Нэг хэсэг үнэхээр л зүгээр явах гэж, сэтгэлээ барих гэж үзнэ, бүх юм хэвийн юм шиг хүчилж үзнэ. Тэгж байгаад буцаад унана, унахдаа өмнөхөөсөө улам дороор, өөрийгөө буруутгаж, голж, шүүж, чичилж эхэлсэн.

Ц.А: Яг сэтгэлээр унаж эхэлсэн үе бол 20 настайдаа анхныхаа найз залуугаас салаад их гутарч эхэлсэн юм байна. Өмнө нь үерхэж үзээгүй хүүхдүүд яах ийх учраа мэдэхгүй, эргэн тойронд зөв зөвлөгөө ч өгөх хүн байгаагүй, би ч асууж сураглаагүй байх. Тухайн үед хүнтэй суухаас айдаг, гэр бүл зохиовол насаараа л хэрүүлтэй байх юм байна гэж боддог. Тэгээд ч залуу байна, хийж бүтээнэ гээд хоёр тийш болцгоосон ч бараг дөрвөн жил ёстой "эморсон". Дуртай гэж хэлдэг байсан урт үсээ чихээ хүртэл тайруулаад өөрийгөө толинд харахаас ч дургүй болчихсон, орой болгон уйлна. Эхэндээ тэр хүнээ буруутгаад л байдаг байснаа удалгүй өөрийнхөө бага насны траумагаасаа болоод тэр хүнийг гомдоож байснаа ойлгоод  өөрийгөө буруутгаж эхлэв. Өглөөнөөс орой хүртэл байнга л бодогддог асуудалтай болчихсон. Хайр дурлалын шахуу асуудал болохоор хэн ч оролцох аргагүй, дээр нь миний өөрийн траума холилдсон учраас ганцаараа мэдрээд л яваад байсан. Заримдаа ямар нэг үхэлд хүргэх осол болчихдоггүй юм байх даа ч гэж бодно. Уран зохиол, дуу хөгжим бараадна. Тэгээд яах вэ, сэтгэлийн шаналан минь өнгөрсөнтэй холбогддог гэдгийг олж хараад юмсын учир шалтгааныг хайдаг болсон. Нэг мэдсэн эргэн тойрныхондоо "эмо"-оороо алдартай болчихсон байж билээ. Хөгжилтэйгээр хүлээж авдаг ч яг тулсан сэтгэлийн асуудлуудад маань угийн л гуниг гутралыг хүсэж мөрөөддөг хүн шиг чи угаасаа л "эмо" гэх байдлаар хандахаар тийм ч таатай биш. Нөгөө талаар хүн хүнээсээ "аан энэ ч ойлгохоор хүн биш дээ" гээд зайгаа барих нь амар л даа. Зовлон хүсдэг хүн гэж хаа байх билээ дээ. Зүгээр л тэр харагдахгүй, баригдахгүй мэдрэмжээ ямар нэгэн байдлаар хуваалцахыг л хүсдэг.  

-Энэ үед нэгнээ ойлгох хэрэгтэй гэдэг боловч сэтгэл гутралтай хүмүүс хоорондоо найзлаж нөхөрлөх үед нэгнээ уруу татаж, улам дордуулдаг тал бий юу?

Ж.Т: Хүн бүр л амьдралд өөр өөрийн зовлон гачигдалтай, өөр өөрийн “тулаан”-ыг хийгээд явж байгаа. Адилхан сэтгэл гутралтай байж болох ч хүн хүний шалтгаан, нөхцөл нь өөр. Миний тохиолдолд сэтгэлээ уудлалцдаг дотно найз нөхдийн цөөнгүй нь их, бага хэмжээний сэтгэл гутралд зэрэг нэрвэгдсэн байж таарсан. Мэдээж хүн зовохоороо юун түрүүнд найз нөхдөдөө ойрхон байх гэж, ханьсах гэж тэмүүлж таарна. Гэтэл ийм үед сэтгэл гутралын шинж тэмдгүүд илрээд байхад тэрийг нь танилгүй нэгэндээ гомдох, өвдсөн сэтгэлзүйг нь хүлээж авч чадалгүй сөргөөр дүгнэх ч юм уу таагүй байдал үүсээд, нэгнээ улам нэрмээд, дордуулаад байж мэднэ. Олон хүн сэтгэл гутралтай болохоороо найз нөхдөөсөө зай барьж хөндийрч эхэлдэг нь ч ийм учиртай байх. Бас сэтгэл гутралын үед өөрийнх нь сэтгэлийн зовлон хүчрэгдэшгүй, даагдашгүй болоод ирэхээр бусдын зовлонг анхаарах, санаа тавих ямар ч хүчгүй, тийм сөхөө ч байхгүй болдог. Тэр бас маш аймшигтай мэдрэмж. Чи өөрөө найз нөхдийнхөө асуудал, хүнд хэцүү үеийг огт анзаарахгүй, санаа тавихгүй болно гэсэн үг. Ер нь ийм сэтгэлзүйн байдал ямар ч дотно харилцааг ганхуулах, сэв суулгаж мэдэх хэцүү зүйл. Эхэндээ өөрсдөө ч дотно хүмүүс, найз нөхөд ч юу болоод байгааг ойлгодоггүй, бүгд хэвийн юм шиг л байхыг, хандахыг, бодохыг хичээнэ, тэр нь нэг нэгэндээ янз бүрээр нөлөөлнө. Тэгэхээр дотно хүмүүсээ, найз нөхдөө, өөрийгөө буруутгалгүй тэр нөхцөл байдлуудаа даваад, холдсоны дараа эргээд ойлголцох л зай үлдээх хэрэгтэй байх. Сэтгэл гутралтай үед найз нөхөд, дотно харилцаа гэдэг яалт ч үгүй их эмзэг асуудал.

Ц.А: Өнгөрсөн харилцаануудаа бодохоор сэтгэл гутрал гэдэг өөрийгөө үргэлж дутуу үнэлнэ, өөрийнхөө үнэ цэнийг үгүйсгэдэг зүйл. Хүнд үгүй гэж хэлж чадахгүй. Жишээ нь найз нөхдийнхөө сэтгэлийг өргөх гэж байна гээд "Чи намайг бодвол ийм, тийм байна. Чи надаас илүү ийм, тийм шүү дээ" гэж аргадсаар байгаад нөхөрлөлдөө харьцуулалт үүсгэчих гэдэг талтай юм билээ. Найз нөхөрлөл ер юун дээр ч огтлолцож болдог юм шиг. Зовлон нэгтэй хүмүүс нөхөрлөх явдал бий ч жаргалтай үед нь сааг тээг болохгүйхэн байх гэдэг чухал санагддаг. Зовлонгоо хуваалцаж дасаад, нэг нь илүү жаргалтай, амжилттай боломж руу явахаар мэдээж ганцаардаж үлдэнэ. Тэр үед нь сайн сайхныг хүсээд л сууж байх юмсан гэж боддог. Аль болох л сайн сайхан руу тэмүүлэхгүй бол амьдралын бараанд итгэчихсэн найзтай байна гэдэг хэцүү. Хорвоо ертөнцийг хар бараанаар будаж байхад нь нэмээд өнгөлөөд өгөх олигтой ч будаг надад байхгүй. Тийм болохоор нэгнээ нөгөө бараан амьдралд нь дасгаад илүү боломжоос нь зуураад байдаг шиг.

-Сэтгэл гутралтай хүн өөрөө өөртөө яллагч болж, гарцаагүй гэм нүгэлтэй гэдгээ хөдлөшгүй тогтоонгуутаа эргээд бас өөртөө шүүгч хийж "цаазын ял" оноочихдог мэт?

Ж.Т: Сэтгэл гутралын яг тодорхой үед хүн хүссэн хүсээгүй өөртөө хамгийн чанд шүүгч, харгис хэрцгий яллагч болж хувирдаг. Өмгөөлж буй тал хэдийн нь ээ үхчихсэн байдаг. Манайд нийгмийн сэтгэлзүй энэ асуудлыг үгүйсгэсэн байртай, эрүүл мэндийн тогтолцоо нь одоохондоо биеийн өвчин, зовуурьтай л түлхүү үзэлцээд байхаас биш сэтгэлийг бол үндсэндээ хөсөр хаячихсан, дэмждэг тогтолцоогүй, сэтгэл зүйн салбарын хөгжил ч дорой байна, ийм нөхцөлд үймэрч, гутарч байгаа хүн ялангуяа өөрийгөө өөрөөсөө өмгөөлж ч мэддэггүй. Миний хувьд сүүлдээ өөрийгөө буруутгаж, шүүсээр байгаад тэр нь хүчирч чадах хэмжээ, хязгаараасаа халиад ирэхээр нөгөө туйл руу савласан юм билээ. "Миний буруу биш, надад хэцүү байсан учраас тэгж байгаа юм" гэх зэргээр юу ч хийсэн өөртөө хир халдаахгүй, өөрийгөө өмгөөлж эхэлнэ. Би л тэгж өөрийгөө улайран өмгөөлөхгүй бол улам дордох юм шиг санагдаад байсан. Сэтгэлзүйн ямар нэг эзнээ хамгаалах механизм ажиллаж байгаа царай л байх. Ийм хоёр туйл руу савлаж савлаж дараа нь л нэг тэнцвэрийг нь олж, өөртөө, асуудалдаа шударга хандаж, бодитоор харж чадахтайгаа болсон.

Ц.А: Тийм ээ, хэнээс ч илүү, хэнийхээс ч ихээр өөрийгөө л буруутгаж, эмзэглэж, шаналах үе байдаг. Тийм үед толгой дотор хэний хэлсэн, хэзээнээс бий болсон зүйлс эргэлдээд байгааг чимээгүйхэн ажиглахыг хичээдэг. Тэгэхгүй бол ахиад л нөгөө оргүй хоосон руу татагдах хэцүү мэдрэмж төрөх вий гэхээс айдаг юм. Сүүлийн үед аль болох л өөрийгөө шинээр таних гэж хичээж байна даа.

-Амьдран буй нийгэм, тогтолцоо руугаа гар сунгаж үзэв үү? Жишээ нь сэтгэл зүйч, эмнэлэг ч гэдэг юм уу? Эргүүлээд атгах юм уу?

Ц.А: Хэд хэдэн удаа үхмээр санагдаж байв. Гэр бүлийн орчиндоо яг энийгээ бол харуулж болохгүй. Аав ээжийнхээ өдий болтол намайг өсгөж, өндийлгөсөн хөдөлмөрийг нь үгүйсгэж болохгүй шүү дээ. Тэгээд сэтгэл зүйч дээр очлоо. Орон ортлоо  "Мөнгөө л төлчих, ороод л суучих" гэж өөрийгөө ахин дахин ятгаж байв. Реклам дээр гардаг шиг өглөө болгон инээмсэглэж сэрэхгүй, ер сэрмээр ч үгүй болоод ирмэгцээ ажлаасаа гараад, сэтгэл зүйчид хандсан. Их зориг шаарддаг. Дотроо зөрчилдөнө. Өөрийгөө удирдаж чадахаа байх түвшинд хүрч байж л сэтгэл зүйчид ханддаг гэсэн хуучин төсөөлөл арилаж өгдөггүй. Тэгээд уулзсаныхаа дараа сэтгэлзүйн салбар байдагт нь маш их талархаж билээ, мэргэжлийн хүнтэй ярилцсан нь тус болсон. Сүүлдээ ч сэтгэл зүйчтэйгээ нийлээд нийгэм, боловсролын системээ шүүмжлээд дууссан даа. (инээв)

Ж.Т: Миний нөхцөл байдал нэлээд удаан үргэлжилсэн, хүнд сэтгэл гутрал байх. Тиймээс үе шат болгонд нь янз янзын л зүйл тохиолдож, туулж байсан. Хамгийн хүнд үе жил шахмын өмнө “СЭМҮТ”-д хэвтэж эмчлүүлж гараад сэтгэл зүй болоод сэтгэл зүрхний асуудлаа байгаа орчноосоо явж ганцаараа туулж шийдэх үүднээс нэг сар орчим гадагшаа аялсан юм. Асуудал, орчноосоо хөндийрч байгаад эргээд ирэхэд дотроо бол асуудлаа шийдлээ, одоо гайгүй болсон байх гэж бодож байтал намайг зовоож байсан нөхцөл байдал яг хэвэндээ, итгэж байсан хүн маань бас санаанд оромгүй цохилт өгөөд, өөрийгөө мэдэрч, үнэлэх маань бүр хөлийн улнаас ч дор түвшинд очсон, тэгээд “надад ямар ч аврал алга” гэж цөхөрсөндөө нэг шөнө нойрны эм уучихлаа, хордлогын төвд сэрсэн. Сэрээд ч бүрэн эрүүл ухаан ороогүй манарсан хүн эмчтэй хэдэн үг сольсноо санадаг, нэг мэдсэн л намайг ээж аваад явж байсан, тэгээд гэртээ иртэл хамт байсан дотно хүн маань ч цочирдоод салаад яваад өгсөн, ээж ч тэгсгээд намайг ганцааранг үлдээгээд явсан байх. Яг тэр үйл явдлын дараа л ганцаараа байх маш аймаар байсан. Одоо бодоход яг ч тийм нарийн ухаарал, сэтгэл хөдлөл огт байхгүй. Ойр тойрны хүмүүсээсээ урам хугарсан, цочирдсон, буруутгасан тийм нэг гэм бурууг л их мэдэрсэн, өөртөө ч их гутсан сэтгэлзүй л давамгайлж байв. Тэгээд тэрэндээ дийлдээд ахиад л үхэхсэн гэж бодно. Тэр шөнийг амиа хорлох оролдлого хийлгүй ганцаараа давах гэж ёстой эцсийн хүчээ гаргаж, шүд зуусан. Эцсийн бүлэгт ээжийгээ л бодсон санагддаг. Одоо ахиад ийм явдал болвол ээж минь тэсэхгүй гэсэн бодол л аварсан байх. Тэгэхээр хүн амиа хорлох оролдлого хийгээд эмнэлэгт очиход манайд бол туслалцаа үзүүлэх албан ёсны дэмжлэгийн тогтолцоо, үйл явц ажилладаггүй. Ядаж гэр бүлийнхэнтэй нь сэтгэл зүйч уулзаад эмнэлгээс гарахад нь нөхцөл байдлыг нь үнэлээд, ядаж ганцааранг нь орхилгүй дэргэд нь байгаарай гээд ч зөвлөчихдөггүй гэхээр ер нь тухайн хувь хүн, гэр бүл, орчин нөхцөлд нь найдаад хөсөр хаячхаж байгаа юм. Улам хүнд нөхцөлтэй очсон хүнийг яах вэ? Хувь хүн өөрөө л хичээхгүй бол хүнээ хөсөр хаясан энэ нийгэм дунд үхсэний хохь болоод сул доройгоор нь чичлээд л дуусна. Гол нь хувь хүн өөрөө хичээе гэхэд хүнд сэтгэл гутралын үед тийм тэнхэлгүй, хүчгүй, ер нь юу ч биш болсон байдаг.

-Чичлэх, буруутгах, доромжлох, шоолох, шошголох, яллах талаар?

Ц.А: Саяхан нэг япон кино үзлээ л дээ. Оройн ангийн оюутнууд хамтдаа нэгнийхээ асуудлыг шийдэх гээд ярилцаж буй юм. Нэг нь босож ирээд хэнд уурлаад буй нь мэдэгдэхгүй хатуу ширүүн үг хэлдэг. Гэтэл өөр нэг нь "чи надад хэлж буй юм уу?" гэж уурлатал багш нь "Үгүй ээ, өөртөө хэлж буй юм аа. Өөртөө сонсгох гэж буй юм" гэдэг. Хүн бусдыг буруутгахдаа үнэндээ өөрийгөө буруутгадаг, буруутгалын бай давхацдаг талтай. Хүнд бусдад хүлээн зөвшөөрөгдөхөөс гадна бусдыг буруутгах хэрэгцээ байгаад байх шиг.

Ж.Т:
Манай нийгэм өөрөө харгис хатуу, асуудал, стресс ихтэй, тэрийгээ зохистой тайлж чаддаггүй, ороо бусгаа үе дээрээ явж байгаа. Тиймдээ ч энэ нийгмийн гишүүдийн ихэнхт  зовлонгоо тайлах, чиглүүлэх бай хэрэгтэй байдаг шиг. Сошиал медиа бас энэ хандлагыг улам гаруулж, дэврээдэг нэг хүчин зүйл. Хүний өөдөөс эгц ширтэж байгаад “Чи үхээч” гэж хэлэхэд хэцүү байх. Харин хэдэн товчлуур дараад утасны цаанаас хэлчих арай амархан. Сошиал буруутгал, шүүлт гэдэг одоо үеийнхнийг амьдаар нь “алж” байдаг бас нэг аймаар зүйл болжээ. Уул нь хүнийг зовоох тийм сайхан, хүний зовлон гэж тийм гоё зүйл биш шүү дээ. Нэг утгатай үг сэтгэл санаа хэвийн явахад, сэтгэл гутралын эхэн үед, дунд үед, хүнд үед өөр өөрөөр тусна. Хэвийн үед бол өөдөөс нь эсэргүүцэж чадна, үл тоож чадна, харин хүнд хэцүү үед мэс л болно. Хэлж, бичиж буй хүн нь хол ойрыг бодолгүй, эсвэл тухайн үеийн сэтгэл зүй, амьдралын дутуу дулимгаа өөр хүнд нялзаатал угаас хүнд хэцүү нөхцөлд буй хүнд “үхье” гэж бодогдуулж ч болно.

Ц.А: Үг хүчтэй, хоёр үзүүртэй мэс шүү гэхээр тэр хүчийг ашиглаж хүн зовоох, зовоож буйдаа таашаал авдаг сэтгэл зүйтэй хүмүүс  хүртэл байдаг. Хүн өөртөө, сэтгэл зүрхэндээ хайхрамжгүй яваад л байвал тийм төрлийн хүн ч болж болно. Тийм болохоос айдаг, хүн амьдралын сайн сайхан, гоо зүйтэй зүйлд өөрийгөө уях л ёстой, уях гэж ч их хичээдэг.

Ж.Т: Хүний сэтгэл, сэтгэлзүй хар бараан талдаа болжээ. Зовлонг мэдрэхээ больтол зовсон хүн бусдыг тамлаж, зовоож, тэрнээсээ таашаал авч байж өөрийгөө дүүрэн мэдэрдэг, тэр аймшигтай туйл руу очдог жишээ олон бий. Хүн туулсан зовлон, үүссэн шарх, сэтгэл зүйн асуудлаа шийдэхгүй дарж, цуглуулж явсаар өөрийн мэдэлгүй тэр туйлд очиж болно. Тийм учраас зөөлөн, уян, гоо сайхан зүйлээс зуурах ёстой. Урлаг энэ зүйлсийн нэг.  

ХЭН Ч АТГАСАНГҮЙ

Саарал хот, саарал хүмүүс гэх санаа манай хотын бичээчдийн бүтээлд олон давтагддаг. Нийгмийн сэтгэл зүй хийгээд өнгөний сонголтын талаарх судалгаа уншиж байв. Тэнд нийгмийн сэтгэл зүй, улсын хөгжлийн түвшин дорой байх тусмаа иргэдийнх нь хувцас, машин, байшингийн өнгө саарал, бараан болдог гэсэн байлаа. Ухамсаргүйн түвшинд сонголтод нөлөөлж буй хэрэг биз. Өндөрхөн барилгын цонхоор гудамж руу харахад нээрэн л саарал харагддаг. Өмнө дурдсан өөр нэг судалгааг давтъя. Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд тааруухан байна, өсвөр насныхны бас эрчүүдийн дунд сэтгэл гутралын шалтгаант амиа хорлолт өндөр, бүс нутагтаа дээгүүр давхиж явна. Үндэстэн болохынхоо хувьд бид хэн юм бэ? гэдгээ хайж байх зуур үндэстний эд эс болох бид сүүдэрт нь бээрч яваа бололтой. Ярилцлагадаа эргэн оръё.

Монголчуудын сэтгэл гутрал ихэсжээ, үүнд нийгмийн хүчин зүйл нөлөөлж байна уу?

Ж.Т: Робинзон Крузо шиг арал дээр ганцаар амьдраагүй л бол хүн нийгмийн нэг эд эс, оршин буй нийгэм, ахуйгаасаа ангид байх бололцоогүй. Өнгөн дээрээ ахуй амьдрал өмнөхөөс, социализмын эсвэл 90-ээд оны эхэн үеийнхнээс дээрдсэн, хэрэглээний тал дээр бид хамаагүй дэвшсэн, хангалуун болсон ч нэг хэсэг нь хэт ядуу, нэг хэсэг нь хэт баян, дундаж давхарга нь хэзээ мөдгүй ядуу ангилал руугаа гулсаад орчихуйц тийм хэврэг, нийгмийн эрс тэс ялгаа, хуваагдал их, нийгэмд шударга бус байдал, ялгаварлал гаарчихсан, тэрэндээ бараг дөжирчихсөн шахуу тийм л дүр зураг, бодит байдал давамгайлсан нийгэм. Сошиал медиа, мэдээллийн нээлттэй байдал нэг талаар хүнд хөгжих, дэвших боломж олгодог ч нөгөө талаар өөрсдийн бодит байдлыг гажуудуулж үнэлэх, өөрсдийн нөхцөл байдлаас тэс өөр хөгжсөн гэгдэх оронтой өөрсдийгөө харьцуулж гутрах, нэгнээ харааж чичлэх, голж шүүх нь их байдаг. Өсвөр үе, залуу үе бол тэр чигтээ сошиал медиагийн хиймэл, гял цал, зөвхөн ажилтай, адтай одтой, мундаг, асуудалгүй хүмүүсийн орчинг л бүхэл амьдрал, бодит амьдрал юм байна гэж хүлээж авах хэмжээнд очиход ойрхон үе. Ер нь хувь хүнд ирэх сэтгэлзүйн дарамт өмнөх ямар ч үетэй харьцуулшгүй их. Сэтгэл гутралаас үүдсэн амиа хорлолт залуу үеийнхний үхлийн шалтгааныг тэргүүлж байна. Энэ мэт олон шинж тэмдгээр нь сэтгэл гутрал гэдэг сэтгэлийн хатгүй хэдхэн хувь хүний асуудал биш нийгмийн үзэгдэл, олон хүчин зүйлээс шалтгаалсан бодитой асуудал болсныг хүлээн зөвшөөрч, анхаарах цаг болсон.

Ц.А: Амжилтын нийгэм гэж яриад байна л даа. Амжилттай байхыг л тулган шаардаж, зөвхөн амжилтыг л харуулж байна. Дэлгэцийн ард юу болж буйг, дэглэлтийн цаадах үнэн юуг хэн ч мэддэггүй. Саяхан би “LEAD Mongolia” гэж хөтөлбөрийн шугамаар “Амжилт болгон өөр өөр” гэх номын зохиогчоор ажиллалаа. Энэ хугацаанд амжилт бүр өөр өөр өнгө төрхтэй, хүнээсээ хамаарч өөр өөр тэмүүллээс үүдсэн зүйл, гэтэл яг нэг хэвэнд цутгасан мэт амжилтыг л бид ярих болсонг ойлголоо. Бид өнөөдрийн нөхцөл байдлаа бодитоор олж хардаг болчихвол, хүлээн зөвшөөрчихвөл байдал арай өөрчлөгдөх байх. Нийгэмд хичнээн өөр өөр хүмүүс буй билээ. Тэдгээр хүмүүсийг хэдхэн шалгуураар хараад, шүүмжилж, буруутгана гэдэг эргээд хортой харилцаа, дарамт үүсгэх нь мэдээж шүү дээ. Хэтэрхий яаруу байна. Нэг нэгийгээ бүү хэл, өөрийгөө ч таниж амжилгүй сэтгэлзүйн асуудалд ороод түүнээсээ гарч чадахгүй байдалд хүрч байна шүү дээ. Эцэст нь улсынхаа боловсролын системд эргэлзсэн. Сургуульд маш их ганцаарддаг, шударга бусыг тов тод мэдэрдэг байлаа. Ганцаараа ингэж боддог юм уу, би л өөр хүн юм уу гэж байтал боловсролын байгууллагад ажиллаж үзээд системийн асуудал гэдэгт үнэмшсэн, би ганцаараа ингэж бодоогүй юм билээ.

Сэтгэлзүйн зөвлөгөө олныг уншлаа л даа, америк, ази, баруун төвтэй гээд олон ч өнцгөөс нь харьцуулж харлаа. Манайхны олон ч сэтгэлзүйчдийн зөвлөгөө, лекц сонирхлоо. Аль нь ч манай нөхцөлд хангалттай тохирохгүй байх шиг. Нийгмийн тогтолцоо, үндэстнийхээ хувьд туулсан түүх, ахуй амьдрал өөр. Одоо цагийн Монгол хүний амьдрал, сэтгэлзүйг судалсан дорвитой судалгаа олонгүй байх шиг?

Ж.Т: Хүний мөн чанар универсаль шинжтэй. Гэхдээ амьдарч буй нийгмээсээ хамаарч бас ялгаатай. Үүнийг л ойлгох хэрэгтэй байх. Тухайлбал, гараа сийчих, зүсэх тохиолдол байна. Биднийг дунд сургуульд байхад үзэгдлийн түвшинд байлаа. Яг амиа хорлох гээгүй хэр нь гараа зүсэж, өвтгөж, цусаа үзэж байж тайвширдаг асуудлыг манайх огт ярьдаггүй. Өөр нийгэмд үүнийг маш хурцаар судлаад шийдчихсэн байх жишээтэй. Бидний тоохгүй орхисон, даван  гарч чадсан зүйлсийг тэнд нийгмийн асуудал болгож харах нь ч бий.


ИНГЭЖ  НЭГ “САЛСАН” ЮМ

Эргээд төрсний дараах сэтгэл  гутралаа ярья. Жирэмсэн болон төрснөөс сар орчмын дараагаас эхэлдэг мэдрэмж аж. “Дундаж, дунджаас доогуур хөгжлийн түвшинд буй орны жирэмсэн эмэгтэйчүүдийн 16 хувь, төрсөн эмэгтэйчүүдийн 20 хувь орчим нь энэ төрлийн сэтгэл гутралд өртдөг” хэмээн “Postpartum depression in Mongolia: A qualitative exploration of health care providers’ perspectives (2018)” гэх монгол судлаачдын судалгаанд дурджээ. Хүүхэд тээж, төрүүлэх үед үүсч буй дааврын тулаанд сэтгэл өртөж буй хэрэг. Үүнд нэмэгдэн нийгэм, эдийн засгийн нөхцөл, соёлоор бэхэждэг ахуй, эх хүүхдэд үзүүлэх дэмжлэгийн систем, тухайн өрхийн аж байдал, хувь хүний онцлог зэрэг олон зүйл  хавсардаг ярвигтай мэдрэмж юм. Гэхдээ гол шалтгаан нь мөнөөх даавар буюу бие махбодь тул хүн үүнээс бусад сэтгэл  гутралыг бодвол арай хурдан салж болдог. Даавар бид хоёрын тулаанд төд удалгүй би ялсан нь ийм л учиртай, тэгээд ч дотнын хүн минь эрвийтэл, дэрвийтэл түшиж тулсны ач, миний сайных ер биш.

Хором мөч бүр дандаа ч муухай байна гэж үгүй байх. Үүлэн чөлөөний нар мэт өдрүүд байв уу?

Ж.Т: Нэг сэртэл тэнгэр цэлмэг, нартай, сэтгэл санаа ч өөдрөг, өнөөдрийг хэвийн туулж чадах тэнхээ байгаа нь мэдрэгдээд л. Тэр мэдрэмж маш бодитой, үнэн байсан. Ёстой л нэг харанхуй нүхнээс наранд гараад ирчихсэн юм шиг гүнзгий амьсгаа авч тайвширмаар мэдрэмж. Тэгмэгц "За, ингээд дууслаа, би даваад гарчихлаа даа" гэж бодохоос тагтан дээрээ маш удаан уйлж зогссон. Гэвч тэр бүхэн зөвхөн эхлэл байсан. Тэрний дараа ахиад л өнөө харанхуй нүхэндээ эргээд орно. Тэгээд арай гайгүй болохоор нь өөрийгөө баахан ажна, одоо ингээд гайгүй болоод гарч байна гэж. Ер нь сэтгэл хөдлөлтэй, дэврүүн хүн өөртөө дахин дахин гэнэддэг л дээ. Гэхдээ… гэхдээ буцаж унахдаа өнөөх хар нүхнийхээ ёроолд биш дунд хавьд унасан, ахиад дээрдсэний дараа бас л унасан, гэхдээ өмнөх унаснаасаа арай дээхнүүр унасан гэх мэт. Унах бүрт анхных шигээ гэнэдэхгүй шүү гэж бодно. (инээв.) Ингэж бага, багаар унаж, босож явсаар сая л нэг нүхнийхээ амсарт гараад ирлээ. Ийм нарийн процесс явдаг юм билээ.

Ц.А: Анхны хайр хүнд маш нандин, ер бусын мэдрэмж төрүүлдэг дээ. Орчноо ч үл анзаарах хэмжээний, сэтгэл гэдэг нь тэнгэрт хөөрч байгаа юм шиг л. Тийм мэдрэмжээс доош унахад сэтгэл санаа хүнд оргиод, нөгөө хүлээж итгэж явсан бүхнээ эхнээс нь баллуурдахад цаг хугацаа хэрэгтэй юм билээ. Зөвхөн хайр дурлалд ч биш, ажил төрөлд ч, найзалж нөхөрлөхөд ч тэр. “Хэзээ нэг цагт зайлшгүй үхнэ гэдгээ санаж, тэр хүртэл амьдралын хором мөчийг таашааж, одоо цагтаа төвлөрөхийг хичээдэг” тухай санааг уншиж, сонсож мэдэхээр нээрэн хүн л хүссэн хүсээгүй үхнэ, тэр хүртэл амьдарч, амьдралаас олон мэдрэмжийг амтлая гэж санагддаг юм билээ. Борооны үнэр, бүрхэг тэнгэр, цаг агаар гээд жижигхэн гэгддэг энгийн зүйлс хүртэл таатай санагдаж, бага багаар сэтгэлийн хоосон орон зайдаа ямар нэг зүйл бүтээгээд байгаа юм шиг. Хүн гутраад л байвад гутраад л байна, ёроолдоо тулаад болино гэж тооцох гэхээр тэр нь цоорхой ч байж мэднэ. Хүн хөл дороо ивээс хийж, түүн дээрээ гишгэн өндийж цааш амьдрах учраас аль болох амьдралаас гоё сайхныг олж харахыг бодож явна даа. Тийм гэгэлгэн өдрүүд бол байдаг шүү.

-Ид гутарч байх үед дотнын хүмүүстээ өөрийн мэдэлгүй гомддог байлаа. Харин сэтгэл гутралаас гараад уучилдаг шиг?  

Ж.Т: Ер нь хүн өвдөж шаналахаар, өвдөлтийн эхний хариу үйлдэл бол хэн нэгнийг буруутгах юм билээ. Дотно хүмүүсээ надад тусалсангүй, намайг ойлгосонгүй, намайг тийм хэцүү байхад ингэсэн, тэгсэн гэх мэтээр буруутгана, гомдоно. Тэр бүгдээс арай холдоод хартал дотно хүмүүс маань бүгд өөр өөрсдийнхөөрөө л хариу үйлдэл үзүүлсэн, энэ нөхцөл байдлууд бүгдийнх нь хувьд анхных, бүгд л учраа олохгүй самгардаж байсан, хэн нь ч мэргэжлийн хүн биш надтай хувийн шалтгаанаар холбогдсон дотно хүмүүс, өөрсдөө ч нэг дотно хүн нь сэтгэл гутралыг туулж байгаа нөхцөл байдалд холбогдчихсон л байсан билээ. Тухайн үед ойр тойрон, дотно хүмүүсийн маань хариу үйлдлүүд миний нөхцөл байдлыг дээрдүүлсэн үү, дордуулсан уу, гэмтээсэн үү, эдгээсэн үү гэдэг бол тусдаа асуудал. Гутраад зовж байхад тэр бүхнийг ялгаж салгаж харах их хэцүү. Тэгж чадахгүйгээсээ болоод улам ороогдож гутраад, заримдаа өөрийгөө хохирогчийн сэтгэлзүйд аваачаад улам л дордуулаад байдаг. Энэ явцад уучлая гэж бодсон мөчөөс сэтгэл санаа дээрдэнэ, сэтгэл санаа дээрдсэн мөчөөс уучилж эхэлнэ, нэг нэгнээ харилцан дэмждэг мэдрэмжүүд. Хүнийг уучил, гомдлоо март гэдгийн учир энэ юм билээ. Гэхдээ “чи уучил” гэж хүн хэлэнгүүт л шууд уучилчихдаг юм биш. Дотнын хүн маань намайг “уучил, уучил” гэж шавдуулдаг байлаа, гэтэл өнөө уучлал нь тэр дороо ирэхгүй, тэгэх тоолонд “би яагаад уучилж чадахгүй байна, би ийм хонзогнуур хүн юм уу?” гэж өөрийгөө буруутгана. Хүнд уучлах цаг өгөх хэрэгтэй, туулах, давах ёстой бүхнээ туулах л ёстой, түүнийг шавдуулж, шахаж, хүчилснээр туулах, давах явцыг улам л бэрх болгож, удаашруулдаг санагддаг.

Ц.А: Одоо ч гомддог үе бий. Намайг сэтгэлийн шархаа уудлаж байхад сонсоогүй, эсвэл цаашаа найз хүүхэн, найз залуудаа ярьчхаж гээд л. Гэхдээ яг бодохоор би ч алдаа гаргадаг хүн. Сүүлийн үед найзуудтайгаа биш өөртэйгээ их ярилцдаг болж байна даа. Өөрийнхөө алдааг хүлээн зөвшөөрч, уучилж чадахгүй бол найз нөхөр, гэр бүл, ажлын хамт олон гэх мэт ер нь сайн сайхан ханддаг хүмүүсийнхээ мэр сэр алдааг ч хүртэл томруулдаг. Хамгийн түрүүнд өөрийгөө уучилна. "Санаа, өнөөдөр сайхан унтаад ав. Өглөө босоод ажлаа хий. Алдаа гаргачихлаа даа. Дараа давтахгүйхэн шиг амьдарна аа" зэргээр буруутгахаасаа илүү ойлгоод эхлэхээр эргэн тойрныхноо ч бас ойлгож болмоор. Найзын маань хэлдэг нэг үг байдаг юм. "Бид бүгдээрээ л анх удаа амьдарч үзэж байна шүү дээ" гэж. Дотор уужруулдаг, хүмүүсийг ч уучлахад бодогддог үг.

-Сэтгэл гутралаас гарахад урлаг туслав уу?

Ц.А: Надад бол тусалсан. Жирийн үед сонсож чаддаггүй байсан хүнд үгтэй Адель, Сэм Смитийн дуунууд, Uta Barth гэх зурагчны зургууд хань болсон. Зургууд нь сарнисан, тодорхой бус, тэр нь л бүх зүйл болоод өнгөрнө, хэзээ нэгэн цагт дурсамж болно гэсэн мэдрэмж төрүүлдэг дээ.

Ж.Т: Уран зохиол, кино хоёр амьдралын маань хэцүү үед хань болсоор ирсэн зүйлс. Ялангуяа ном бол сонирхол, дуртай зүйл гэдгээс ч халиад амьдралын минь эд эс, салшгүй хэсэг нь болчихсон. Гэтэл яг сэтгэл гутралын үед уран зохиол унших тусам сэтгэл улам үймэрч, дэнслээд, хямраад дордоод байсан. Зарим үед кино ийм нөлөө үзүүлнэ. Ер нь сэтгэл өөрөө бүр доод түвшиндээ оччихсон болохоор нэмээд өөр зүйл хүлээж авах хүчгүй л болсон хэрэг. Тиймээс амьдралдаа үргэлж найддаг байсан зүйл маань намайг тэр үед авраагүй, гэтэл үүнийг хүлээн зөвшөөрөхгүй өөрийгөө улам хүчлээд л байсан, тэгж байгаад эцэстээ уран зохиолоос бүр зайлсхийж, айх хэмжээнд очсон. Харин хаа очиж хөгжим илүү их тус болсон. Хөгжмийн “хэлгүй” чанар, сонсож буй хүнийг ямар нэг төлөв, мүүдэд хөтлөхөөс биш дүгнэлт, гаргалгаанд хүргээд байдаггүй тэр чанар их тайтгаруулж, хань болсон санагддаг. Хөгжмийг өмнөхөөс арай өөрөөр нээж, мэдэрч, хирэндээ л өргөн хүрээнд сонсдог болж, амьдралын маань бас чухал таашаал, тайтгарлын нэг болсон доо.

Өөр юу тус болов?

Ж.Т: Дотно дүүгийн маань үг, намайг огт шүүлгүй хүлээж авсан нь их тусалсан. Надаас олон дүү залуучууд намайг хүндэлж, үнэлдгийг нь би нэлээд мэдэрдэг. Тэр утгаар холоос харахад дүү нартаа “мундаг, хүчтэй эгч” гэж харагддаг ч бодит байдал дээрээ сэтгэл гутралтай, харилцааны асуудалтай, архины хамааралтай, ер нь л хувь хүнийхээ хувьд бүр тартагтаа тулчихсан хүн байдаг. Энэндээ ч өөрөө их гутарна, өөрийгөө яллаж зэмлэнэ. Энэ бүхний шинж тэмдэг, хариу нь янз янзын үйлдлээр илэрнэ. Яг тийм нэг хэцүү үедээ тэр дотно дүүтэйгээ уулзахдаа цаагуураа намайг мэдрээд урам нь хугарч байгаа даа гэж өөрийнхөө бодлыг л буулгаж санаад “Би бодит байдал дээр ийм л сул дорой, ийм л муухай, ийм л асуудалтай хүн байгаа биз” гэж хэлсэн юм, гэтэл хариуд нь “Та одоо ч маш хүчтэй хүн. Одоогийн таны байдал гарч, давж туулах нөхцөл байдал болохоос таны мөн чанар биш шүү дээ” гэж тайтгаруулсан. Тэр л намайг би сэтгэл гутрал гэдэг нөхцөл байдалд байгаа болохоос биш бүхэлдээ тийм болчихсон хэрэг биш гэдгийг хүчтэй ухааруулсан. Үүнээс хойш илүү хурдан эдгэрч, сэхэж эхэлсэн байх. Хүмүүс ер нь хүнийг, амьдралыг бүхэлд нь нэг тодорхойлтод багтааж хаших гэдэг, ингээд нэг мөр шийдчихээр юмыг ялгаж салгаж, бодож, эргэцүүлж, мэдрэхгүй амар байдаг байх л даа. Гэтэл хүний амьдрал, хүн гэдэг маш олон зүйлээс шалтгаалдаг, тийм амархан аль нэг тодорхойлолт руу чихэж болдог хялбар зүйл биш шүү дээ.

-Хоржоонтой л асуулт байх, гэхдээ сэтгэл гутралыг туулснаараа алдсан, оносон зүйл тань юу вэ?

Ц.А: Алдаа, оноо нь адилхан цаг хугацаа. Цаг хугацаагаа алдсан мэт боловч өөрийнхөө цаг хугацааг хүлээн зөвшөөрсөн. Ерөнхийдөө бүх зүйл цаг хугацаатай гэдгийг ойлгосноор одоо цагаа хайрлаж, одоодоо амьдарч, төвлөрч, жижигхэн зүйлээс ч гоо сайхныг олж харж чаддаг болсон.

Ж.Т: Сэтгэл гутралын хүнд үед, үхчихгүй байх гэж л тэсэж байхад алдаа, оноогоо бодитоор дэнслэх, “амьдрал сайхан шүү дээ” гэсэн өөдрөг бодолд хүрэхгүй л дээ. Тийм сайн сайхныг олж харж чадахгүй байгаадаа ч өөрийгөө буруутгах хэрэггүй. Энэ бүхнийг даваад гарсны дараа би тэгж дээрдэж, дээшилсэн байна гэсэн бодол бүр тэртээ хол л байна. Сэтгэл гутрал гэдэг хүн сэтгэлзүйн хувьд маш их зовсон гэсэн үг. Тэр зовлонгоо даван туулаад дээрдсэний дараа, хэвийн сэтгэлзүйдээ очсоны дараа хүний сэтгэл зүрхийг, сэтгэлзүйг илүү ойлгож, энэрэх хандлагатай, илүү нинж сэтгэлтэй болсон юм болов уу. Зовж үзсэн хүн бусдыг илүү ойлгодог гэдэг дээ.

-Ирээдүй цагаа төсөөлж байна уу? Цаашдын төлөвлөгөө?

Ц.А: Багаасаа л том мөрөөдөлтэй байгаагүй, одоо ч том зүйл мөрөөддөггүй. Амьдралын хатуу хүтүү, харгис үнэнтэй тулах үе хэнд ч тулгарна, би ч адилхан, тиймээс тэр цаг иртэл өдөр өдрөөсөө гоо үзэсгэлэнг анзаарч хардаг болсон минь намайг амьдруулдаг. Надаас, миний сэтгэл санаанаас хамаарахгүй хүчин зүйл, магадгүй модны сэрчигнээн, болжморын жиргээн ч юм уу, тийм зүйлсийн гоо үзэсгэлэнг анзаарч, тэрнээс зуурч амьдрахыг л боддог.  

Ж.Т: Сэтгэл гутралаас гарч, үхчихгүй амьд үлдсэн нь миний хувьд их том амжилт. (инээв) Ер нь би сэтгэл хөндөл өндөртэй, идеалист төрлийн хүн. Өмнө бол маш дэврүүн, эрч хүчтэй, ирээдүйд ийм тийм зүйл хийнэ, ийм ном ингэж гаргана, ингэж ажиллана, тэгнэ гээд мөрөөддөг, төлөвлөдөг байлаа. Ер нь над шиг сэтгэхүйтэй хүнийг өнөөгийн амжилтын нийгэм улам л түлхүүрдэж, эгог нь бүлт үсэртэл нь томоргож, чи хүсвэл бүхнийг чадна, чамд чадахгүй юм байхгүй гэж түлхэж байдаг. Гэтэл хүний чадвар хязгаартай, нөхцөл байдал, сэтгэл зүй, ахуй орчин ч ондоо. Тэр бүхнийг ийм үнээр, ингэж ойлгосон болохоор өмнөхөөсөө өөрчлөгдсөн байх. Одоо бол бүх том төлөвлөгөө ирээдүйд байхаас илүүтэй одоо цагийн үнэ цэн, одоодоо байхын сайхныг илүү мэдэрдэг болсон. Яах вэ, уран зохиолын орчуулагчийн хувьд бол хэдэн жилийн өмнөөс төлөвлөөд, дунд нь ийм зүйл туулаад хойшилсоор байгаа хайрын өгүүллэгийн номоо л орчуулж гаргах төлөвлөгөө байна.

-Ойрын өдрүүдэд мэдэрсэн хамгийн сайхан зүйл?

Ц.А: Өмнө нь нагац дүү нараа хараад "эд яаж энэ нийгэмд амьдрана даа" гэж өмнөөс нь халширдаг байсан бол одоо "эднийг том болоход арай дээр болгочихно доо, өөрчилчихнө дөө" гэж боддог болсон. Тэдний юу ч мэдэхгүй, амьдралтай дөнгөж танилцаж буй оршихуйг харах сайхан.

Ж.Т: Монголд амьдарч буйн давуу тал нь байгаль, цаг агаар, цэлмэг тэнгэр нь байна. Би ч гэсэн эх орныхоо сайхан салхинд дуртай. Сэтгэл гутрал гэж хотын баригдмал орчинд, дөрвөн ханан дунд хашигдсан хүний шинж ч байж магад. Байгаль бол өөр энерги, амьд зүйл, байгальтай илүү ойр байсан сан бол арай дээр байх байсан ч юм бил үү. Магадгүй сэтгэл гутралын хөнгөн үед байгаль аварч, эдгээж мэднэ.

...Цээжний гуниг арчих
Цэвэр ялдам салхин минь
Салхины орон...
Тэртээ алсад хөхрөх
Тэгш дүүрэн тэнгэр минь
Тэнгэрийн орон...
Хүрээд ир гэж аав шиг дуудна
Хүүг минь өршөө гэж ээж шиг хурайлна.
Эх орон...
гэж Л.Өлзийтөгсийн мөрт бий. Энэ тэнгэр, энэ салхи нь монголчуудыг өнөөгийн ороо, бусгаа цаг үе, нийгэмд тэсэж үлдээдэг мэт санагдах үе цөөн бус удаа. Дөрвөн хананаасаа, дөрлүүлсэн ахуйгаасаа суларч, дөрвөн уулсын дундах жижигхэн хэрнээ шигүү энэ хотыг орхиод хөдөө тийш хүлгийн жолоо залахад дотор онгойно. Эрмэг, эрчит салхиндаа аргадуулсан байх нь тэр. Ай мөн аз шүү

ЗурагТайлбар




ОРЧЛОНД ЧИ ОРЬ ГАНЦААРАА БИШ ЭЭ!

“Орчлонд чи орь ганцаараа биш шүү!” гэж хүн хэлэхээр ганцаардсан сэтгэл амсхийдэг эсэхийг мэдэхгүй юм. Надад бол "энэ тэнгэрийн дор тэр минь бий шүү дээ" гэж бодогддог л юм. Харин Ж.Тэгшзаяа “Өсвөр насны дүү нараа их ойлгодог. Өөрийгөө энд тэндээс эрж хайж, цуглуулж бүтээж буй үе нь. Бидний наснынхныг бодвол тухайн нөхцөл, тухайн зовлон, тухайн сэтгэл гутрал түр зуурынх гэдгийг ойлгох, өргөн зургаар харах чадвар хөгжиж амжаагүй, сэтгэлээ сайхан зүйлд уяж, додомдох аргаа арай олоогүй байдаг. Тийм үед энэ бүхэн хэзээ ч дуусахгүй мэт санагддаг. Үнэхээр ойлгож байна. Гэхдээ багахан тэсчихвэл даваад гарч болно оо, одоогийн энэ нөхцөл үүрдийнх биш, чиний мөн чанар ч биш, амьдрал ч бас тийм муу  муухай зүйл биш гэж хэлмээр байна” гэсэн юм. Үргэлжлүүлэн “Дүү маань надад “Бидэнд ч хэцүү байна. Гэхдээ бидэнд ядаж К-поп байна. "Чамд хэцүү байна уу? Бид нарт ч адилхан хэцүү байна. Одоо яахав дээ. Хамтдаа давъя" гэж дуулдаг гэж хэлсэн. Ядаж К-попоо сонсоорой!” гэж хэлээд инээсэн юм.
Ц.Ариунсанаа бол “Ла ла ланд”-ыг тав үзээд ч уйдаагүй нэгэн охинд зориулсан бичвэрээ хуваалцсан юм. Энд төгсгөлийг нь хүргэе. “...Юу гээч, тэр охион! Чамайг иймээрээ байгааг чинь харах сайхан байдаг аа. Юу мэдэрч байгаа илэрхийлдэгт чинь, юу мэдэрдгээ мэдэрдэгт чинь... Гэхдээ би чамайг амьдралаас илүү сайхныг мэдрэх эрхтэй, сэтгэл мэдрэмжтэй гэж бодном. Би чамд чиний мэдэрдэг тэр аз жаргалыг зүрх сэтгэлээсээ хүсч байна. Чи инээх эрхтэй, чи уйлах эрхтэй, чи амьдрах эрхтэй.

Энд хүрээд дуусгая. Бидний туулсан сэтгэл гутралын шалтгаан өөр, туулсан арга нь ч ондоо боловч нийтлэг мэдрэмж олон буйг анзаарсан байх. Мэргэжлийн, залуу, дунд насны, настай хүний, эр эм хүний гээд харилцан ялгаатай сэтгэл гутрал байдгийг та угаас мэдэж магад. Гэвч тэр бүхний цаана тогтонги, өөрчлөгдөшгүй ганц л ижилсэл буй нь бид цөм хүн. Бид таны шинэхэн шархыг үрсэн байж мэднэ, эсвэл аль хэдийн аниад сорви тогтсон байтал сэдрээж маажсан байж магад. Гэвч бид тэврэхийг л хүссэн. “Ганцаараа” хэмээх цайзыг тань асуулгүй нэвтрээд ганцхан гэхдээ чанга гэгч нь л тэврэхийг... Битгий түлхээрэй!

Ярилцлагын дэлгэрэнгүйг “DEEP TALK with SANAA” подкастаас сонсохыг хүсье!.

Жич: Өө, тийм, хэрэг болж юун магад! “Сэтгэцийн эрүүл мэндийн мэдээлэл өгөх 1800-2000” хэмээх тусгай дугаар 24 цагийн турш утсаар, хотынхонд бол Спортын төв ордны хойно байрлах Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын нэгдүгээр давхарт “Нэр, хаяггүй сэтгэл зүйн зөвлөгөө өгөх” кабинет өдөр бүр биечлэн сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг юм билээ.  


Ярилцсан: Ч.Бат-Уянга
Гэрэл зургийг: З.Энхмөнх


Хамгийн их уншилттай
1
2021.03.29
"Бүхнийг чадагч" Ангууч буюу Б.Баттөрийн тухай 21 БАРИМТ
2
2021.04.12
Дэлхийн алдартнууд VS Монголын одууд | Тэд хэрхэн уучлал гуйдаг вэ?
3
2021.04.05
"Ододтой бүжиглэе" шоу үзэгчдийг зурагтны өмнө "уяж" буйг батлах хөгжилтэй 17 пост
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Өдөрт 6-аас бага цаг унтах нь сэтгэцийн өвчлөлд хүргэдгийг судалгаагаар тогтоожээ
2
2021.04.19
Ганцаардаж, яахаа мэдэхгүй үедээ бодолцож үзэх 12 асуулт
3
2021.04.16
Алисагийн тэмдэглэл: Ганцаардалд дассан нэгэн үеийнхэн
санал болгох
1
7 цагийн өмнө
Ням гарагт Улаанбаатарт бороотой
2
7 цагийн өмнө
Ном уншдаг хүн бүрийн ойлгох 21 "хүндхэн хөгжилтэй" мэдрэмж
3
11 цагийн өмнө
Дэлхийн номын өдөр | Яг одоо хүргэлттэй ном авч болох 5 газар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
14
0
0
0
1
2

Сэтгэгдэл бичих (7)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 3 өдрийн өмнө 162.158.165.203

Роман ч юм уу ямар нэг номны хэсгээс уншиж буй юм шиг мэдрэгдлээ. Хүчтэй бүсгүйчүүд юм аа. Туулж гараад, туулж гарсанаа ингэж эргэцүүлээд, түүнийгээ айж эмээхгүй хуваалцаж чадна гэдэг дотоод хүч өндрийн шинж тэмдэг биз ээ. Дашрамд Бат-Уянга, Энхмөнх нарын дараагийн бүтээлийг хүлээж байна. Тогтсон, хөөсөрсөн одуудыг биш баялаг амьдралтай хүмүүсийг танилцуулдагт талархлаа.

0 Хариулах


EEL 2021.04.13 172.69.252.145

Би чамаас айж байна, гэж Санаагийн бичиж байсан нь санаанд зурсхийв.

0 Хариулах


Зочин 2021.04.09 172.69.252.151

Төрсний дараах сэтгэл гутралын үеийн гэмшлийг яг хэлжээ. Ээж хүн ийм байх маш хэцүү.Би 3 удаа үзсэн Гэхдээ айгаад хэлж чадаагүй. Гэтэл энд шууд хэлчихэж. Өмнөөс минь хэлчих шиг боллоо. Нөхөр, хүүхдүүдээсээ айгаагүй юм байх даа .

0 Хариулах


dolgor 2021.04.09 172.69.252.145

8 sartai jiremsen bhdaa gantsaaraa autobusand suugaad Beijing yawj bile, zamdaa tsas shuuraad zam boogdson. Humuus yanaa gej bhd nadad ter ni bur taatai ingeed alga bolchih yumsan gej bodogdoj bsn daa. Gehdee esen mend bustaj irj huuhdee toruulsen. Odoo bol hund bish ch gesn baingiin asuudaltai uimerch yawdag.

0 Хариулах


Зочин 2021.04.09 172.69.252.151

Same

0 Хариулах


Zochin 2021.04.09 172.69.45.135

Uneheer taalagdlaa, bayrlalaa.

0 Хариулах


. 2021.04.08 172.69.252.151

Үхчихмээр байдаг, үхмээр байдаг....,Гэхдээ хүн давж гардаг л юм байна, энэ хүнд мэдрэмж дуусдаг л юм байна...гэхдээ яг хэзээ юм бол? Яг л өөрийгөө уншаад байгаа юм шиг мэдрэмж төрлөө, битгий дуусаасай гэж бодон бодон уншив. Баярлалаа. Хайрласан хайр үлдэнэ, хайрлаж явсан үнэн үлдэнэ ээ

0 Хариулах


Зочин 2021.04.08 172.69.252.145

Тэврэе ээ. Ямар ч байсан ганцаараа бус.

0 Хариулах


Манан 2021.04.08 172.68.246.229

Уншаад хуучны хүнд мэдрэмжүүд цээжинд түрж байна. Багын сэтгэлд үлдсэн хар дурсамжууд, айдас, ичимхий бүрэг ганцаардмал өөрийгөө эргэн санав. Гэр бүлээсээ бүрэн ялгалаварлагддаг, ангийнхандаа ч, найзууддаа ч гадуурхагддаг тийм л хүүхэд байсан. Бүх чадлаараа хичээсэн ч хангалтгүй гэдэг үг сонсож, ганц ч магтаалын үггүй өссөн өрөвдмөөр өөрийгөө эргэж харав. Бүүр багадаа хүнд өвдөхөд л өөрийгөө ер нь төрөх ёсгүй, амьдрах ёсгүй хүүхэд байсан мэтээр мэдэрч эхэлсэн. 15 нас хүрээд нэг өглөө гэр бүлийн маргаан дунд сэрээд ямар ч амьдрах хүсэлгүй байсан минь лавширч баруун зүүн гарынхаа бүх судсыг хэрчсэн. Яг тэр үед өвдөлт огт мэдрээгүй. Бүр судас харагдаж байгаа нимгэн хэсэг бүрээ зүсч маш их цус алдсан. Нэг ухаан орсон чинь ээж аав минь намайг загнах маягтай. Юу дутлаа гэж ингэдэг байна аа гэх үгсийн ард би л өөрийгөө ер нь хамгаалж, хайрлаж амьдрахгүй бол хэн ч ойлгохгүй хайрлахгүй юм байна гэсэн бодолтой юу ч болоогүй юм шиг босч очоод цусаа угаагаад "би зүгээр ээ" гэж хэлсэн. Ингээд тэвчсэн. Амьдрал энгийн мэт, би зүгээр мэт тэссээр байгаад жилийн дараа бүр хүндэрч 60 ш аспарин уусан ч үхээгүй хордлогын төвд сэрсэн. Сэрэх мэдрэмж үхэхээс хүнд. Энэ оролдлогод бүгд намайг бас л чичилсэн. Ер нь л жаргалдаа ташуурч тэнэг үйлдэл хийгээд байгаа мэтээр хамаатан саднууд ярьж, ээж буруутган загнасан. Хамаатны эгч хүртэл залгаад юу дутлаа гэж ингэдэг байна гээд л орилж хашгираад л. Аав минь харин намайг туйлын өрөвдсөн нүдээр ширтэж билээ. Битгий ингэ л дээ миний охин гээд гуйж билээ. Хоёр дахь оролдлогын дараа өөртэйгөө ярилцах гэж маш их хичээж эхэлсэн дээ. Ер нь л бодох тусам хүнд. Бүүр ёроол, адагт байгаа мэт мэдрэмжүүдээр дүүрээд л байдаг. Үнэндээ амьдрах ямар хэцүү, өөрийгөө алдахгүй байх гэдэг ямар хэцүү гээч...

0 Хариулах


Зочин 2021.04.13 188.114.103.240

Iim oilgomjgui eejuudiig usdeed chirmeer sanagddag shuu

0 Хариулах


Зочин 2021.04.08 172.69.252.133

Тийм ээ, та тэр бүхний ард гараад л ирсэн байна. Таныг тэврэе.

0 Хариулах