UBLife Logo
Newsfeed

Эмэгтэй хүн бүрийн шохоорхдог 9 төрлийн МУУ ЗАЛУУ

Г.Сүрэн
Г.Сүрэн
Эмэгтэй хүн бүрийн шохоорхдог 9 төрлийн МУУ ЗАЛУУ

Насан туршийн хань болох хүнтэйгээ бид тийм ч амар учирдаггүй. Заримдаа хүсэн хүлээсэн тэр хүнээ дэргэдээ байгааг ч анзааралгүй өнгөрөх нь бий. Шуудхан л зөв залууг олсон бол чи маш азтай нэгэн юм. Харин ихэнх эмэгтэйчүүд зөв залуутай учиртлаа уулзаж, шохоорхдог 9 төрлийн "муу" залуу бий... Тэдний хэн нь хэн бэ? 

1. Дөлгөөн

Анх түүнтэй танилцахад дур булаам, сэтгэл татам санагдана. Хүрээлэл сайтай, спортоор хичээллэдэг, найзууд дундаа багагүй нэр хүндтэй "дажгүй" залуу. Тэр эхэндээ чамайг эргүүлж, багагүй хандрах боловч чи ч бас түүнд талтай гэдгээ мэдрүүлж эхлэхэд байдал эсрэгээрээ эргэнэ. Өчигдөрхөн л чамд сайн мэт аяглаж байснаа өнөөдөр чамайг үл тоож, гурван удаа зурвас бичсэний дараа л хариу өгч мэдэх "toxic" нэгэн. Тэр чамайг өөрийн болгомогцоо гэнэтхэн л завгүй болох бөгөөд чөлөөт цагаараа чухам юу хийдгийг нь чи хэзээ ч олж мэдэхгүй. 

2. Тэмүүлэн

"Тэмүүлэн" төрлийн залуу бодлогоширсон харцтай, дотогшоо зантай. Тэр урлагтай холбоотой ажил эрхэлдэг бөгөөд ажил нь түүний хувьд бүхний тэргүүнд бичигдэнэ. Тэр үргэлж л урлагийн тухай сошиалдаа хуваалцаж, кино, ном, урлагийн тухай догдлонгуй ярьдаг ч бодит байдалд өөрөө хийж бүтээсэн нь үгүй. Энэ нь хувийн харилцаанд нь ч ижил тул чи түүнтэй учрах үедээ хоосон, эргэлзээтэй байдалд өөрийн эрхгүй автах болно. 

3. Төгөлдөр 

Энэ төрлийн залуус тийм ч царайлаг, уран яруу нэгэн биш. Гэхдээ даруухан, мэдлэгтэй, аливаад мэдрэмжтэй тул охид ийм төрлийн залуусыг хэсэгтээ л шохоорхох нь бий. Түүнийг таньж эхэлмэгц даруухан зан нь ердөө "халхавч" болохыг чи анзаарна. Тэр чамайг хий дэмий хардаж, эрэгтэй найзуудыгаа сошиалаасаа хасч, зөвхөн өөртэй нь үргэлж хамт байхыг албаддаг бүдүүлэг нэгэн болж хувирна. 

4. Ариука

Энэ залуу чиний анхаарлыг татахын төлөө бүхнийг хийнэ. Мотоцикл унаж, савхи өмсдөг, шивээстэй энэ залуу чамруу орой бүр залгаж, өглөө гэрийн чинь үүдэнд инээмсэглэн зогсож байх вий. Гэвч чи түүнтэй дотно харилцаж, илүү танин мэдэх үедээ түүнийг үргэлж согтууруулах ундаа хэрэглэж, тамхи татаж, мөрийтэй тоглодог "муу" залуу болохыг олж мэднэ. Тэр сүүлийн үеийн трэндийг даган загварлаг хувцаслаж, үнэтэй сүрчиг хэрэглэн, чамайг гоё сайхан болзоонд дагуулан явах ч өнгөрсөн шөнө уйлсан эсэх чинь түүнд төдийлөн хамаагүй. 

5. Ананд

Тэр ичимхий, даруухан нэгэн. Түүнийг "муу" залуу гэхэд өрөөсгөл боловч түүнтэй харилцах харилцаа нэг сараас хэдэн жилээр тодорхойгүй саарал үүл мэт өнгөрнө. Хэтэрхий нөхөрсөг, уян зөөлөн зантай тул түүнийг өөртэйгөө сээтгэнэж байна уу, зүгээр л эелдэг байна уу гэдэгт хэсэгтээ л эргэлзэнэ. Нэг бол чи түүнтэй сайн найзууд болно, эсвэл "Хэзээ" гэсэн мөнхийн асуултад баригдсаар үлдэнэ. Тэр нэг бол дотно харилцаанаас айдаг, эсвэл олон охидоор хүрээлүүлэх дуртай хүүхэмсэг нэгэн байж мэднэ. 

6. Анхбаяр

Олны дунд онигоо ярьж, бүхнийг хөгжөөж чаддаг залуус энэ төрөлд багтана. Чиний мэддэг хүмүүс бүгд л түүнийг ямар нэг байдлаар таньдаг. Нийгмийн сүлжээнд ч "од" гэж болно. Харин сул тал нь чи түүнтэй харилцаад бүтэн зургаан сарын дараа л найз охинтой, бүр эхнэртэй гэдгийг нь ч мэдэж магадгүй. 

7. Доржоо

Чи түүнтэй хааяа таардаг, гэмгүй танилууд. Тэр чамд таалагдсан ч тэр ямар ч зоригтой алхам хийгээгүй. Ер нь л хийхгүй. Фэйсбүүк, нийгмийн сүлжээгээр түүнтэй харилцах гэж оролдох ч тэр чамайг зүгээр л орхичихсон. Ийм залууст охид ихээр татагддаг бөгөөд хий дэмий итгэл найдвар хүлээгээд дэмий л болов уу. Нэг үгээр тэр баригддаггүй хэтэрхий сайхан залуу. Гэхдээ "сайхан" гэдэг "сайн" гэсэн үг биш шүү дээ.

8. Болд

Болд яруу найраг, уран зохиолд дуртай. Чиний төрсөн өдрөөр шүлэг уншиж, зохиосон бадагтаа нэрийг чинь оруулах зэргээр уран яруу үгээр хэзээ ч дутаахгүй. Түүнтэй учраад өөрийгөө яг л "Жулиетта" мэтээр төсөөлөх ч удалгүй түүнийг хоосон үгнээс "цаашгүйг" олж харах вий. Чи түүнийг илүү халамжтай байгаасай гэж хүсэх ч тэр хэзээ ч өөрчлөгдөхгүй. Учир нь тэр хийдэггүй, зөвхөн хэлдэг хүн шүү дээ. Тиймээс л хамгийн "муу" залуу юм. 

9. Ганзо 

Хааяа ордог кофе шопын зөөгч юм уу, өглөө бүр таардаг хөршийн залуус энэ төрөлд орно. Танилцаж, ярилцаж үзээгүй ч чамд битүүхэн таалагдана. Тэр чамайг гэнэтийн болзоонд урих ч ердөө л ганцаараа уйдсан, гэртээ хүнгүй байгаа тул хамтдаа "гэмгүйхэн" кино үзэхийг хүссэндээ тэр юм. Гэнэт гарч ирсэн шигээ, гэнэт ор сураггүй болдог төрлийн "муу" залуу. Түүнийг хүлээнэ гэдэг гол руу хоосон уурга шидсэнтэй л ижил.

(Уг нийтлэлийг Buzzfeed бэлтгэснийг эх хэлээр хөрвүүлэв. Нийтлэлийн нэрс зохиомол болно)

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
5
33
1
1
1
1
1
8

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...