Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Д.Оргил: Иргэний үнэмлэхээ харьяалал харгалзахгүй өөрт ойр хороодоос захиалах боломжтой болсон


Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Азийн сан НЗДТГ-тай хамтран хэрэгжүүлж буй "Хотын засаглалыг сайжруулах” төслийн хүрээнд иргэний үнэмлэхийг нийслэлийн 31 хорооноос харьяалал харгалзахгүй шинээр авах боломжтой болжээ. Энэ талаар Азийн сангийн Хотын засаглалыг сайжруулах төслийн дэд менежер Д.Оргилтой ярилцлаа.

- Хотын засаглалыг сайжруулах төслийн талаар товчхон мэдээлэл өгнө үү. 

- Хотын засаглалыг сайжруулах төслийг Азийн сан, НЗДТГ-тай хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн буцалтгүй тусламжаар 2015 оноос хойш хэрэгжүүлж байна. Төсөл маань нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх, төрийн үйлчилгээг хүргэх байршлын тоог нэмэгдүүлж, үйлчилгээг цахимжуулснаар төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, ОНХС-гийн хөрөнгөөр хэрэгжих төсөл хөтөлбөрт иргэдийн санал өгөх үйл явцыг боловсронгуй болгож, иргэдийн саналыг төрийн шийдвэрт тусгах гэсэн үндсэн 3 чиглэлээр хэрэгжиж байна. Товчхондоо, сүүлийн жилүүдэд хөдөөгөөс хот руу чиглэсэн, тодорхой зохицуулалтгүй шилжилт хөдөлгөөний улмаас Улаанбаатар хотын захын дэд бүтэц муутай, төлөвлөгдөөгүй гэр хорооллын суурьшлын бүсүүд тэлсээр байна. Эдгээр бүсэд амьдарч буй иргэдэд төрийн үйлчилгээг яаж хүндрэл чирэгдэлгүй, чанартай хүргэх вэ, оршин суугчдын амьжиргааг хэрхэн дэмжих вэ гэдэг сорилтуудыг даван туулахад төсөл маань бодит хувь нэмэр оруулж байгаа юм.

- Төвлөрлийг сааруулах зорилгоор хороод руу шат дараатайгаар төрийн үйлчилгээг шилжүүлж буй юм байна. Тэгэхээр хороод руу шилжүүлэх төрийн үйлчилгээнүүдийг хэрхэн сонгосон бэ?

- 2017 онд НЗДТГ-ын даргын тушаалаар хорооноос үзүүлэх боломжтой үйлчилгээний жагсаалт гаргах, үйлчилгээг хороонд шилжүүлэх боломжийг судлах, бэлтгэл ажлыг хангах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан юм. 2018 онд энэ ажлын хэсэг нийт 14 төрлийн төрийн үйлчилгээг тодорхойлсон бөгөөд ХЗС төсөл эдгээр 14 үйлчилгээ тус бүр дээр бизнес процессын дахин загварчлалын арга зүйг ашиглаж харьцуулсан судалгааг хийж гүйцэтгэсэн. Энэхүү судалгааны үр дүнг үндэслэн ажлын хэсэгтэй ярилцаж тохиролцсоны үндсэн дээр хамгийн их эрэлттэй буюу Нийслэл дэх Улсын бүртгэлийн газрын иргэний үнэмлэх олгох үйлчилгээг, бусад төрийн үйлчилгээг авах гарцаагүй хэрэгтэй материалын жагсаалтад ордог гэдэг утгаар Нийслэлийн Архивын газрын гурван төрлийн лавлагаа олгох үйлчилгээг сонгож авсан.

Одоогоор гэр хороолол, орон сууцны хороолол, хүн амын нягтаршил зэргийг харгалзан алслагдсан болон төвийн 31 хороонд иргэний бүртгэлийн үйлчилгээг үзүүлж байна.

- Өмнө дурдсан архивын лавлагаа болон иргэний үнэмлэх шинээр авах, сунгах үйлчилгээ үзүүлэх хороодыг хэрхэн сонгосон бэ? Ямар хороод байгаа бэ? 

- Иргэд төрийн үйлчилгээ авахын тулд бүтэн өдөр зарцуулахгүй байлгах үүднээс хотын захын хороодыг хамгийн түрүүнд сонгон ажилласан. Одоогоор гэр хороолол, орон сууцны хороолол, хүн амын нягтаршил зэргийг харгалзан алслагдсан болон төвийн 31 хороонд иргэний бүртгэлийн үйлчилгээг үзүүлж байна.

- Иргэний үнэмлэхийг хорооноос авах үйлчилгээг нэвтрүүлснээр ямар давуу талууд үүсэж байгаа бэ?

- Төрийн үйлчилгээг дэргэдээсээ авдаг болсноор иргэний хувьд цаг хугацаа, мөнгө хэмнэх боломжтой болсон. Тодруулбал, иргэний үнэмлэх авахын тулд иргэн УБЕГ, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв, эсвэл харьяа дүүргийнхээ бүртгэлийн хэлтэс дээр очих, хүсэлт гаргах, иргэний үнэмлэхийн зураг авхуулах, төлбөрөө банканд тушаах, гэх мэт олон процессыг өөр өөр цонхонд хандаж хийдэг, цонх болгон дараалал ихтэй байдаг байлаа. Энэ бүх алхмын цаана иргэдийн цаг зав, мөнгө урсаж байдаг. Үйлчилгээг хороонд шилжүүлснээр иргэн эдгээр бүх алхмуудыг зөвхөн хорооны улсын бүртгэгчид хандан авах боломжтой болсон. Хотын захаас хоёр автобус дамжин очиж, үйлчилгээний цэгт дугаарлахад тал өдөр байтугай хугацааг зарцуулдаг байсан бол хороондоо очоод 30 минутад иргэний үнэмлэхээ захиалах боломжтой боллоо. Мөн захиалсан иргэний үнэмлэхээ 14 хоногийн дараа авдаг байсан бол зарим процессыг сайжруулснаар 3-5 хоногийн дотор авдаг болов.

Өмнө нь хотын захаас хоёр автобус дамжин очиж, үйлчилгээний цэгт дугаарлахад тал өдөр байтугай хугацааг зарцуулдаг байсан бол одоо хороондоо очоод 30 минутад иргэний үнэмлэхээ захиалах боломжтой боллоо.

Өмнө нь иргэн зөвхөн банк хоорондын гүйлгээ, унааны зардалд дунджаар 3,000-6,000 төгрөг зарцуулдаг байсан бол үйлчилгээг шилжүүлснээр энэ зардал 6-12 дахин буурч 500 төгрөг болжээ. Бас нэг зүйл онцлоход хорооны улсын бүртгэгчид Гэрэгэ ПОС машин байрлуулснаар иргэд банк орж дугаарлах шаардлагагүй болсон. Ингэснээр хотын захад амьдардаг иргэн хорооноос хамгийн ойрын банк орох гэж автобусны гурван буудлын зайтай газар явдаг байсан гэх мэт асуудлууд шийдэгдсэн юм. 

Бас нэг давуу тал нь иргэд дээрх 31 хороод дээр харьяалал харгалзахгүйгээр үйлчилгээ авах боломжтой болсон байгаа. Замын түгжрэлийг бууруулахад, төдийгүй коронавирустай нөхцөлд олон хүн цуглуулахгүй байхад бага боловч нөлөөлнө гэж харж байна.

- Хороон дээрээс иргэний үнэмлэх шинээр авах болон солиулах үйлчилгээ авахын тулд ямар бичиг баримттай очих хэрэгтэй вэ? 

- Монгол Улсын иргэн 16, 25, 45 насанд хүрсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор иргэний үнэмлэх захиалах үүрэгтэй. Хугацаа хэтэрсэн тохиолдолд иргэний үнэмлэх захиалахад торгууль төлөх шаардлагатай байдаг. Тиймээс иргэд маань эдгээр насанд хүрсэн бол энд дурдсан 31 хорооны аль өөрт ойр байрлах хороонд очиж иргэний үнэмлэхээ захиалаарай. Бүрдүүлэх материалын хувьд анх удаа авч буй бол төрсний гэрчилгээ, эцэг эхийн иргэний үнэмлэх, тэмдэгтийн хураамж, иргэний үнэмлэхээ сунгуулж, солиулах тохиолдолд иргэний үнэмлэх болон тэмдэгтийн хураамжтай очно. Ер нь төр өөрт буй мэдээллээ иргэнээс нэхэхгүй байх зарчмын дагуу үйлчилгээ авахад шаарддаг бичиг баримтуудыг аль болохоор багасгаж байгаа. Жишээ нь иргэний үнэмлэх авахад хуучин оршин суугаа хорооны тодорхойлолт авдаг байсан бол энэ тодорхойлолтыг шаарддаггүй болсон. 

Бүрдүүлэх материалын хувьд анх удаа авч буй бол төрсний гэрчилгээ, эцэг эхийн иргэний үнэмлэх, тэмдэгтийн хураамж, иргэний үнэмлэхээ сунгуулж, солиулах тохиолдолд иргэний үнэмлэх болон тэмдэгтийн хураамжтай очно.

- Иргэдийн хувьд мэдэгдэхүйц үр ашигтай энэхүү үйлчилгээ цаашид бусад хороод болон орон нутагт нэвтрэх үү? 

- Хотын засаглалыг сайжруулах төсөл хотын хэмжээнд хэрэгжиж буй төсөл. 2018 оноос Нийслэлийн 7 дүүргийн 7 хороон дээр үйлчилгээг туршилтын байдлаар нэвтрүүлсэн. Зөвхөн 2020 онд гэхэд 3,700 гаруй иргэн эдгээр 7 хорооноос уг үйлчилгээг авчээ. Иргэд болон хороодын ажилчдын хувьд үйлчилгээнд маш сэтгэл хангалуун байсан тул 2021 онд үйлчилгээ үзүүлэх хороодын тоог өсгөн 31 болгосон ба үйлчилгээний эрэлт тэр хэмжээгээр өсөх болов уу. 

Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор дүүргийн бүртгэлийн хэлтсүүд олон хүн цуглуулахгүй байх үүднээс өөрсдийн санаачилгаар энэхүү үйлчилгээг харьяа зарим хорооддоо шилжүүлэх хүсэлт дээд удирдлагуудаараа дамжуулан бидэнд тавьж байгаа нь хороонд шилжүүлсэн үйлчилгээний ач холбогдлыг харуулж буй болов уу. 

- Маш хэрэгтэй мэдээллүүдийг өгсөн танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье!

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Уржигдар
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
2
Уржигдар
Ажлын гараагаа ногоон гэр бүлтэй хамт
3
Уржигдар
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
15 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
17 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
20 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.