Хайх зүйлээ бичнэ үү

16 мин

Humans of UB: Агаар “бэлэглэж”, амьдрах орчноо урлаж буй эгэл баатрууд


Жил бүрийн хавар, намар Бүх нийтээр мод тарих өдөр болдог билээ. Хавар болж, урин дулаан болсон энэ цагаар хашаа хороо, амьдардаг орчноо арчилж, мод бут суулгаж буй хүмүүс цөөнгүй. Байгаль орчноо хайрлан хамгаалж, олон нийтэд мэдлэг мэдээллээ түгээж буй эрхмүүдийг энэ удаагийн дугаартаа онцлон урилаа.  


Д.Сэрдарам: Хүн хүсвэл ажилладаг орчноо эко орчин болгох бүрэн боломжтой


ШУТИС-ийн Монголын түүхийн багш

Би социализмын үеийн хүүхэд болохоор угаасаа л мод, ургамал тарьж, сайн дурын ажил болох субботник хийж хүмүүжсэн. Тэр үед “Залуу байгальчдын станц” гэж байхад л мод тарьж Хөдөлмөр зуслан, САА-д явдаг байлаа. 2000-2006 онд БНСУ-д сурч байхдаа Сөүл хотод хэд хэдэн том цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажилд оролцож зөндөө олон мод тарьж ургуулсан. Тэнд буцаад очиход миний хуучин танил мэт намайг хүлээж байгаа юм шиг дотно санагддаг.  

Солонгосоос ирээд мод тарих хөдөлгөөнд шууд орсон. Тэр үед 1 сая мод ургуулна гэсэн зорилго тавихад амьдралаас их хол мөрөөдөл шиг санагдаж байсан. Олон газар мод тарьж, хамгийн гол нь олон мянган хүүхэд залуучуудтай энэ ажлыг тасралтгүй хийж өдий хүртэл явсандаа итгэж чадахгүй байна. Гэхдээ болдог юм байна. Хамгийн жижигхэн жирийн нэг жишээ хэлэхэд 15 жилийн өмнө ШУТИС-ийн эргэн тойронд их цөөхөн мод байсан. Ажлын хажуугаар, зүгээр нэг өнгөрч явахдаа жоохон цаг гаргаад “хөлөөвийн” хүүхдүүдтэйгээ, Зуны сургуулийн оюутнуудтай мод суулгаад бага багаар арчлаад байсан чинь одоо нас бие гүйцсэн, сайхан ургаж байгаа 90 гаруй модтой болчихоод арчилж ургуулж, гоёлын тайралт хийхэд хүч хүрэхээргүй сайхан ургажээ. Энэ модод маань бүгдээрээ эзэнтэй, дурсгалтай моднууд. Хэрэв хүн хүсвэл өөрийн ажилладаг орчноо бага багаар эко орчин болгож тохижуулах бүрэн боломжтой.
“My club”-ийн ажил дөрөвдүгээр сараас эхэлж, аравдугаар сард дуусдаг. Энэ хооронд бид олон газар 30-40 гаруй Эко сайн дурын ажил хийдэг. Клубт маань ахлах ангийнхан болон олон Их, дээд сургуулийн 1, 2 дугаар курсийн оюутнууд идэвхтэй ажилладаг. Энэ удаад бид нарын ажил ид өрнөх үеэр хөл хорио тогтоочихлоо. Энэ 15 жилийн хугацаанд ийм залуучуудын бүхэл бүтэн 6 үеийг дамжсан байна. Анхны “динозаврууд” маань аль хэдийн 34, 35 нас хүрч амьдралд өөрсдийн байр сууриа олохоор завгүй ажиллаж байгаа ч сэтгэл зүрхээрээ холбоотой байдагт итгэдэг. Бид жилд дунджаар 1500-2500 хүнийг Эко сайн дурын ажилд оролцуулдаг гэхээр энэ хугацаанд 25 мянга орчим хүнийг сайн дурын ажилд оролцуулжээ. Бидний ажлыг дэмждэг хүмүүс, байгууллага, олон улсын төсөл хөтөлбөрөөс 365 сая төгрөгийн хандив босгож Улаанбаатар хот, Булган, Төв, Дундговь, Дорноговь, Сэлэнгэ аймаг гээд 16 газар төвлөрч ажиллан 1.250.000 мод ургахад өөрсдийн хувь нэмрийг оруулсандаа бахархаж байна. Бидний ажлыг Монголд цөлжилтийн эсрэг төсөл хэрэгжүүлж байгаа “Ногоон Ази”, “Ногоон хэрэм” ТББ, хувь хүмүүс болон байгууллагууд өөрсдийн хэмжээгээр дэмжин ажилладаг.

15 жил тууштай ажиллаа, нэг сая мод ургуулж зорилгодоо хүрчихлээ. Нас ахиж хүүхэд залуучуудыг удирдаж чадахгүй боллоо гээд хойш сууж клубээ залгамжлагчдаа өвлүүлмээр санагдавч тийм хүнийг хараахан олоогүй байна. Гэхдээ клубийнхээ шинэ үеийн залуучуудаас эрч хүч авдаг болохоор мод тарих ажлаа улам өргөжүүлж, Богд ууланд шинэс модны үрсэлгээ тарих болон Улаанбаатар хотод монос, буйлс, гүйлс, голт бор, боролзгоно тарьж, дөрөвдүгээр сарын Солонгос, Япон шиг хотын гудамжаа цэцэгт умбуулах зорилгыг “My club online community” энэ жил тунхагласан. Бид энэ хөдөлгөөнийг хэрэгжүүлж олон нийтийг уриалж чадвал 5 жилийн дараа хотын хаврын гудамж үзэсгэлэнтэй сайхан болно.

Р.Сүнжидмаа: Цэдэнбал Филатова гуайн бэлэглэсэн пондероза сортын нимбэгийн мод бий

МУИС-ийн Экологийн боловсролын төвийн ахлах мэргэжилтэн, Байгалийн ухааны доктор

Би Герман хэлний багш, орчуулагч мэргэжилтэй л дээ. 1998 онд Германд түр хугацаагаар очих үед тэнд “эко” гэдэг үг моодонд орсон байхыг ажиглалаа. Нэлээн сонирхол татсан тул Монголд ирснийхээ дараа МУИС-д экологийн чиглэлээр хаана сурч болох тухай судалж явтал Биологийн факултетийн хичээлийн хуваарь дээр экологи гэсэн хичээл олон байснаас гадна ургамал судлал, байгаль хамгаалал гэх мэтийн миний багаасаа дуртай байсан, бас ирээдүйд хэрэгцээ нь өсөх магадлалтай хичээлүүд ч байсанд олзуурхсан. Тэр үеэс хойш экологиороо гүнзгийрүүлэн сураад Германд 4 жил докторантурт суралцаж ирээд өнөөг хүртэл Экологийн боловсролын төвдөө ажиллаж байна.      

ЭБТ өвөл зунгүй ажилладаг дөрвөн улирлын хүлэмжтэй. Улирлаас шалтгаалж 50-80 төрлийн 400-800 тооны ургамал байдаг. Яг одоо 7-8 төрлийн нэг наст мандлын цэцэг, нарийн ногооны үрсэлгээ хийгээд эхэлсэн. Хотын гудамж, зам талбай, айлуудын хашаа хороо, орон сууц, барилгын гадна талыг чимж байдаг өнгө өнгийн цэцгүүдийг дулаан хүлэмжинд гуравдугаар сараас эхлэн тарьж, арчилж ургуулдаг юм. Тавдугаар сараас цэцэглэж, зургаадугаар сарын 10-даар гадаа талбайд гаргаж тарихад бэлэн болдог. Харин тасалгааны ургамлуудаа хүмүүст жилийн турш санал болгодог. Хүмүүс ирж сонгодог төдийгүй манай мэргэжилтнүүд зөвлөгөө өгдөг юм. Манай хүлэмжийн хамгийн гол онцлог нь танин мэдэхүйн хүлэмж. Магадгүй Монголд байгаа энэ зорилгын цорын ганц хүлэмж байх. Жирийн хүлэмжинд янз бүрийн ногоо, тасалгааны цэцэг зэргийг ургуулж хувийн хэрэгцээг хангах юм уу, худалдан борлуулдаг бол манай хүлэмж зочдод, тэр тусмаа хүүхэд багачуудад байгалийг ойртуулах, байгалийн сайхныг мэдрүүлэх зорилготой. Ийм ч учраас ургамлын олон янз байдал болоод орчиндоо зохилдсон болохыг харуулах, таниулах зорилго бүхий ургамлыг түлхүү тарьдаг.

ЗурагТайлбар





Ховор содон ургамал гэвэл, 1980-аад оны үед Цэдэнбал Филатова гуайн бэлэглэсэн, одоо 40 орчим настай пондероза сортын нимбэгийн мод байна. Жил бүрийн хоёрдугаар сард жимс нь боловсорч ургацаа өгдөг. Бас, 6-10 настай мейер, каламондин соортууд бий. Ингээд 3 төрлийн жүржтэн нэг дор ургаж байна. Манай хүлэмжинд мөн кофены бут, халуун чинжүү, монгол царс, бас Монголд буй хамгийн том кактус болох аршийн алга зэрэг ховор содон ургамал бий. Бид хүлэмжиндээ байдаг ягаан, цагаан өнгөтэй сарнайн бутан дээрээ өнгө өнгийн сарнайн мөчир залгаад, 11 өнгийн сарнай ургуулж чадсан. Яг ингэж нэг сууринаас олон өнгийн сарнай цэцэглэсэн байх үед нь ирвэл маш гоё харагддаг. Танин мэдэхүйн хүлэмж учир ургамлын онцлог, зохилдолгоог хүүхдүүдэд мэдрүүлэхийг хичээдэг. Жишээ нь, нимбэгийн навчийг үнэрлүүлээд юу үнэртэж байгааг нь асууж, дараа нь ургамал яагаад үнэр гаргадаг болохыг тайлбарлаж өгнө. Мөн кофены бутан дээр цэцэг нь үүсэхээс өгсүүлээд ямар шатыг дамжиж, кофе боловсордгийг харуулж, кактус яагаад өргөстэй, ичимхий гамба буюу мимоза яагаад хүрэхээр навчаа хумьдаг зэргийг нүдээр нь үзүүлэн учир, зүйг тайлбарлаж өгөхөд хүүхдүүд маш сайн ойлгож тогтоож авдаг юм. Тэр чинээгээр хүүхдийн байгалийг сонирхон судлах, танин мэдэх, хайрлах хүсэл эрмэлзэл бадарч байдаг. Үүнд л манай зорилго оршино.  
     
Нийгмийн харилцаанаас хүнд урам хугарах, итгэл алдрах, гомдох, гонсойх зэрэг сөрөг талын мэдрэмж ирэх магадлал их бол байгалийн орон зай ямагт эерэг мэдрэмжийг төрүүлж байдаг онцлогтой. Гагцхүү түүнийг олж харах, мэдрэх нь л чухал. Байгаль орчноо танин мэдэх сонирхолтой, байгалийн гайхамшгаас олж харж чаддаг, мэдэрч таашаал авч чаддаг хүн товчхондоо бол аз жаргалтай хүн болдог гэж би боддог.

ЭБТ-д ажиллах 10 гаруй жилийн хугацаанд өөртөө бол их л том нэг зүйлийг хийжээ. Энэ нь хүүхэд багачууд, залууст зориулан боловсруулсан байгаль орчны танин мэдэхүйн өртөөчилсөн сургалт юм. Хөтөлбөрийг нь өөрөө зохион боловсруулдаг. Энэ хугацаанд 23 өртөөний хөтөлбөр боловсруулж, нийт 40 гаруй хөтөлбөрийг сургалтад нэвтрүүлжээ. Хүүхдийн нас насны онцлогт тохирсон, нэг өртөө нь 15 минут л үргэлжилдэг энэхүү сэдэвчилсэн сургалтаараа 2012 оноос эхэлж хичээл заахад одоогийн байдлаар 25000 гаруй хүн хамрагдсан байна. Сургалтын амьд орчин болсон цэцгийн хүлэмж, цэцэрлэгт хүрээлэн, амьтны музейдээ танин мэдэхүйн орчин бүрдүүлж, сонин содон ургамал, сургалтын хэрэгдэгдэхүүнээр баяжуулсан. Энэ өртөөгөөр аялсан хүүхдүүд бидэнд сэтгэгдлээ бичиж, зарим нь хичээлийн дараа өөрөө ирж сэтгэгдлээ илэрхийлдэг. Энэ л миний ажлын хамгийн урам өгсөн, баяр баясал бэлэглэсэн сайхан мөч юм даа. Баянхонгор аймагт нэг удаа сургалтаар явж байхдаа “Экологийн ул мөр” гэдэг сэдвээр лекц уншсан юм. Гэтэл, лекцийн дараа 7-8-р ангийн болов уу гэлтэй нэг хүү над руу ирснээ “Багш аа, танд баярлалаа, та миний амьдралыг гайхамшигтай болголоо” гэж хэлсэн. Би лекцэндээ “Ердийн хөсөг одоо ч хэрэглэж байгаа хүүхэд байна уу, сумын төв рүүгээ мориороо ирдэг үү, хятад мотоцикл унаж байна уу?” гэх мэт асуулт асуугаад, морин тэргээр явдаг гэх хүүхэд бусдаасаа жаахан зовонгуй, бусад нь жаахан шоолонгуй янзтай байсанд “Одоо ч үхэр тэргээрээ нүүдлээ хийж, малдаа мориороо явдаг монгол хүүхэд чамайг л харах гэж гадны зочид, дэлхийн жуулчид ирдэг юм шүү дээ. Та нар бол Монголын бахархал, Монголын соёлыг өвлөж, тордож, өөртөө шингээн тээж байгаа маш үнэ цэнтэй хүмүүс, хүүхдүүд шүү” гэж хэлсэн юм л даа. Тэрийг ярьж байхад л нүүрэнд нь баяр тодорч, нүдэнд нь гал асаад байсан хүүхдийн нэг ирж тэгж хэлсэн нь их хөөрхөн санагдсан. Бас нэг удаа, “Хөл доорх ертөнц” гэдэг өртөөгөө ярьж дууссаны дараа бас нэг хүү ирээд, яг өмнө минь тулж зогссоноо “Ээ дээ, мөн ч сонин оо, таны ярьсан. Баярлалаа багш аа” гэсэн. Энэ мэтээр, цайлган цагаан хүүхдүүдийн, чин сэтгэлээсээ хэлсэн үгс л хамгийн сайхан байж сэтгэлд тод үлддэг дээ. Цаашид хүүхдийн танин мэдэхүйн ач холбогдолтой болон ард иргэдэд сонирхолтой ховор сонин, содон, өөр газар тэр бүр байдаггүй, эксотик голдуу ургамал түлхүү ургуулах төлөвлөгөөтэй байна. Жүржтэний янз бүрийн ургамал нутагшуулж, жүржийн соёлыг Монголдоо түгээх зорилго бий. Энэ талаар мэргэшсэн Б.Гантөмөр биологичтой хамтарч ажилладаг. Иргэд маань гэртээ, албан тасалгаандаа өөрийн гараар төрөл бүрийн нимбэг, жүрж зэргийг ургуулж, жимсийг нь иддэг болох цаг ойртож байгаа.

У.Солонго: Байгальтай харилцаж байгаа гэж бодохоор дотор уужраад нэг л гоё

 Нийслэлийн 65 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч

Ноднин клубтээ элсэж, анх ШУТИС-ийн нэгдүгээр байрны өмнөх мод, цэцгийг янзалж байсан. Сайн дурын ажил болохоор сонирхож үзэхээр анх ирж байсан л даа. Долоо хоног бүрийн бямба гарагт цугларч, мод тарих ажил хийхэд надад үнэхээр таалагдаж, яваандаа идэвхтэй болсон. Төв аймаг руу явж, Эрдэнийн талбайд 10 мянга гаруй зулзган модыг усалж, агаарт өдрийг өнгөрүүлээд ирсний дараа толгой амарч, эрч хүч орсон юм шиг л санагдсан. Анх удаа тийм олон мод тарьсан талбайг харсан шүү. Клубтээ явахдаа хамгийн гоё мэдрэмж авдаг. Манай Дарам багш олон хүүхэдтэй, том хүн хэрнээ бид хэдийг “Андаа, хамаа, найзаа, нөхдөө” гээд нээлттэй харилцдаг болохоор ичиж, санаа зовох зүйлгүй гоё байдаг. Тийм болохоор клубтээ маш их дуртай. Байнга ирдэг, товлосон ажлуудаа таслах дургүй. Одоо карантин болоод нээх их зүйл хийж чадахгүй болохоор хэцүү санагдаж байна. Би хурдан стресстдэг, түргэн ууртай, зожиг төрлийн хүн л дээ. Клубтээ ороод олон хүнтэй харилцсан чинь ааш зан маань засарч, олон найзтай болсон. Сургуулийнхаа фэйсбүүк хуудас, доод ангийн дүү нартаа ийм клуб байдгийг хэлж, сайн дурын ажил хийхийг уриалсан ч хүүхдүүд идэвхтэй хандаагүй. Гэхдээ би клубийн ажлаа байнга сторидож, зураг оруулсан чинь хүүхдүүд сонирхож эхэлсэн шүү. Өнөөдөр /2021.04.09/ клубийн 15 дахь жилийн нээлтийн ажлаа хийж байна. Манай хоёр найз “Мод цэцэг тарьж, цэвэрлэгээ хиймээр байна” гээд хамт ирсэн.
Би Төв аймгийн Эрдэнэ суманд нэг мод тарьсан. Тэр модоо маш ихээр тойлдог. Модыг зүгээр нэг суулгаад орхичихвол ургахгүй л дээ. Ургамлыг арчилж, сэтгэл гаргаж байж л ургадаг юм чинь. Модыг хаана ч тарьж болно. Хамгийн гол нь усалгаа, арчилгаа л хэрэгтэй. Би инстаграмдаа байгалийн зураг дарж оруулдаг байсан. Агаарт гарах, байгалийг харах, зургийг нь дарах гоё л гэж боддог байсан. Яг өөрөө мод тарьж, хөдөлмөрлөсөн чинь цаанаасаа л гоё санагдсан. Амьд зүйл, байгальтай харилцаж байгаа гэж бодохоор дотор уужраад нэг л гоё. Модноос унасан навчыг цэвэрлэхэд хүртэл кайф мэдэрдэг.

Ч.Эрдэнэчулуун: Хүн өөрөөсөө гадна бусад амьтан, шувуудад хэрэгтэй мод тарих нь чухал

СБД-ийн 16-р хорооны иргэн

Би нийслэлийн унаган иргэн. Улаанбаатар 2000 оны үеэс гэр хорооллоор бүслэгдэж, агаарын бохирдол, тоосжилт, хөрсний элэгдэлд өртөж эхэлсэн. Нийслэлийн өнгө төрхийг сэргээхэд гэр хорооллын орчныг яаж сайжруулах вэ гэж боддог байлаа. Ингээд нэгдүгээрт, гэр хорооллыг ногоон хороолол болгох хоёрдугаарт, хүмүүсийн хандлагыг жаахан ч гэсэн өөрчилж, байгаль экологийн асуудалд ач холбогдол өгдөг болгохыг хүссэн. Манай аав хими, биологийн багш байсан. 1990-ээд оны дундаас 2000 оны эхэн гэхэд хашаандаа багахан хэмжээний мод зүлэг тарьж байсныг би үргэлжлүүлэхээр шийдсэн юм. Ойр хавийн айлууддаа үлгэрлэх, орчноо ногоон бүс болгоё ч гэж бодсон. Манай хашаанд 30 орчим төрөл зүйлийн 400 орчим мод бий. Манай уур амьсгалд зохицсон тэр дундаа жимсний мод тарихыг хичээсэн л дээ. Манайд байгаа 30-аад төрлийн модыг шилмүүст болон навчит гэж хуваана. Манай Монголд шилмүүст төрлийн 4-5 зүйл мод бий. Нарс, гацуур, шинэс, хуш мод энэ төрөлд багтана. Навчит мод нь чимэглэлийн, жимсний мод гэж хуваагддаг. Жимсний мод дотроо зэрлэгээрээ байгальд ургадаг монос, мойл, нохойн хошуу, үрэл (зэрлэг алим) зэрэг жимсний мод, таримал жимсний мод гэж бий. Давжаа алим, бэсрэг алим, чавга гээд таримал жимсний мод байгаа. Манай хашааны 20 хүрэхгүй хувьд нь байшин барилга бий. Бусад нь дан зүлэг, модтой. Жимсний модыг нөмөр газар, салхи ихтэй талд нь том мод тарихад зүгээр байдаг шүү. Миний хувьд Монголын нөхцөлд дасан зохицох чадвартай, хурдан ургадаг нь хайлаас. Шилмүүст мод арчилгаа илүү шаарддаг. Бага зэргийн туршлага хуримтлуулсны дараа шилмүүст мод таривал зохимжтой.

Хашаандаа төгөлтэй болоод ирэхээр ойн зэрлэг шувуунууд нүүдлийнхээ үеэр аяндаа дайрч өнгөрдөг. Зарим нь суурьшаад амьдардаг. Шувуу болгонд суух дуртай мод гэж бий. Хэр олон төрлийн модтой байна тэр хэмжээгээр шувууд цуглардаг л даа. Би ховор шувууд ирэхээр зургийг нь авах сонирхолтой. Цэцэрлэгч хүн шувуу сонирхож болно, зураг авдаг болно. Мэргэжлийн гэрэл зурагчны түвшинд очихгүй гэхэд ямар шувууд танайхаар буугаад өнгөрөв гэдгийг мэддэг болдог. Шувууны тухай ном авдаг болно. Надад орос хэлээр ч, монголоор ч шувууны нэлээн хэдэн ном байна. Өвөл хорионы үед манайд хэдэн төрлийн шувуу ирж байгааг судалж, жагсаалт гаргасан. Хүн анзаардаггүй л болохоос бор шувууны багийн олон төрлийн зүйл шувуу ирдэг юм байна. Зарим жил ирдэг шувууд дараагийн жил ирэхгүй эсвэл бүр ховор үзэгддэг. Манайд тоншуул, хүүрзгэнэ гээд Дорнодын зэрлэг тагтаа, шонхор болон суурин газрын алаг шаазгай, улаан хошуут, хэрээ ирдэг. Бичил эко орчин бүрдүүлчихвэл зөвхөн шувуу биш янз бүрийн эрвээхэй, соно, зөгий, ховор нандин цох, хорхой шавж ирэхийг үгүйсгэхгүй. Манай төгөлд 4-5 цөөрөм байдаг. Би том цөөрөм, байгалийн цөөрөм, гүүртэй цөөрөм гэхчлэнгээр нэрлэчихсэн. Хашаанд цөөрөм байвал агаар чийгшиж, ургамал мод сайн ургадаг. Ургамал ногоо элбэг байвал цөөрөм усаа тогтооход хэрэгтэй. Цөөрмийг дагаж байнга ус уудаг зөгий, соно ирнэ, шувууд ч ус ууна. Бид нар шувууг ус их уудгийг мэддэггүй юм билээ. Манай төглийг Ойн төгөл гэдэг. Австрали, Япон зэрэг орнуудад ойн төгөл маш их дэлгэрч байгаа. Энэ төгөл нь байгалийг өөрөөр нь бий болгодог онцлогтой. Онгон дагшин байгалийг хашаандаа “татаж” бий болгож байна л гэсэн үг. Англиар “forest garden” гэдэг юм билээ. Интернэтээс хайвал анх санаачилсан хүнээс эхлээд бүх мэдээлэл байгаа. Дулааны улирал богинохон, хуурай уур амьсгалтай учраас манайд ойн төглийг хэрэгжүүлэх нь амаргүй юм билээ. Гэхдээ би хэрэгжүүлэх гээд үзээд л байгаа. Нэлээн дөхсөн шүү.  

Хүмүүс мод тарьж, ургуулахад л болчихдог мэт боддог. Ажиглаад байхад хүмүүс хашаа, эдэлбэр газартаа алим, чавганы мод тарьвал ашигтай гэж ярьдаг. Огт тарихгүй байснаас дээр боловч хүн ам тэлэхийн хэрээр ан амьтан, шавж хорхой, шувууны амьдрах орчныг булааж, эзэлж байна. Тийм болохоор хүн өөрөөсөө гадна бусад амьтан, шувуудад хэрэгтэй мод олж тарих нь чухал. Энэ талаар өнөө үед ярихгүй байгаа нь түвшин нь болоогүй байгаагийн илрэл болов уу. Мод тарихаа ярьж байгаа улс чинь энэ хэмжээнд ярих арай болоогүй байх. Мэдээж цаг гаргаад арчилж, нэгэнт хөдөлмөрлөж байгаа учраас жимсийг нь аваад идчих мод тарих нь буруу биш. Хүн төрөлхтөн байгалиа сүйтгэж, дандаа хэрэглэж амьдарч ирсэн. Дэлхийн нөөц баялагаа бараг ашиглаад шавхаад дуусч байна. Ингэхээр хүссэн хүсээгүй байгальдаа зохицож, нөхөн сэргээж амьдрах хэрэгцээ үүсэж байгаа. Нэгэнт л хүмүүс байгалиасаа авч, ашиглаж байгаа хойно байгалийг нөхөн сэргээх үйлсэд хувь нэмрээ оруулж, дэлхийдээ эргүүлж өгөх хэрэгтэй. Үүнийг ганц мод тарьж илэрхийлэх биш бүх амьд зүйлсийг хайрлаж, хүндэлж амьдралын хэв маягаа зохицуулах хэрэгтэй. Сүүлийн үед хүмүүс мод тарих, хашаа хороогоо зүлэгжүүлэх эерэг хандлагатай болсон. 2010 онд Ерөнхийлөгчийн зарлигаар хавар, намар бүх нийтийн мод тарих үндэсний өдөртэй болсноор хүмүүсийн сэтгэлгээ эрс өөрчлөгдсөн шиг санагддаг. Эртнээс нүүдлийн мал аж ахуй эрхэлж ирсэн улс жимсний мод таръя гээд явж байгаа нь дэвшилттэй алхам юм даа.



Хамгийн их уншилттай
1
2021.09.24
"Squid Game" кинотой холбоотой хамгийн хөгжилтэй 16 пост
2
2021.09.28
"Squid Game" киноны жүжигчин И Жон-жэгийн тухай 14 сонирхолтой баримт
3
2021.09.28
Габби Петитод юу тохиолдов? | Түүний хэргээс суралцах хортой харилцааны тухай 10 зүйл
холбоотой мэдээ
1
2021.09.09
Humans of UB | Хатгал тосгоноос Холын Америкт
2
2021.09.03
Digital Nation - 2021 | Цахим эриний дижитал иргэд
3
2021.08.20
Humans of UB | Хичээлийн шинэ жилийг мөн ч их хүлээсэн...
санал болгох
1
3 өдрийн өмнө
Энэ 7 хоногийн хөгжилтэй постууд: Сонгууль, Эрээний боомт, Юнител
2
3 өдрийн өмнө
UB.LIFE-ийн туршилт: Яг одоо хэдэн төгрөг зээлж чадах вэ?
3
3 өдрийн өмнө
Муур эзэнтэйгээ "эх үрийн холбоогоор" ээнэгшин дасдагийг судалгаагаар тогтоожээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
13
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

mdku 2021.04.15 172.69.252.151

Daramkula bagshaa hairtai shuuuuu

0 Хариулах