Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Шинэ агуулга: Ерөнхийлөгчөө хамтдаа сонгохоор “Надад нэг санал байна” медиа аян эргэн ирлээ


Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль зургаадугаар сарын 9-нд болоход сар гаруйн хугацаа үлджээ. Насанд хүрсэн хүн бүрийн саналаар цор ганц хүнийг сонгодог хариуцлагатай сонгууль ийнхүү хаяанд ирсэн байна. Сонгогчдын дийлэнх болсон залуус бидний оролцоо хамгийн чухал бөгөөд шийдвэрлэх үүрэгтэй гэж болно. Тиймээс залуусын дотны найз UB.LIFE Азийн Сан, АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг, Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр "Надад нэг санал байна-3" медиа аяныг улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчээс хараат бусаар эхлүүлж байна. Өнгөрсөн оны 6, 10-дугаар сард болсон УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийн үеэр манай редакцаас өрнүүлсэн медиа аяныхаа алдаа оноондоо тулгуурлаж, энэ удаагийн "Надад нэг санал байна-3" аянаа илүү нягт, чанартай, тулхтай мэдээ мэдээлэл, сонирхолтой нийтлэл, контентоор баяжуулан уншигчдадаа хүргэх гэж байгаагаа дуулгахад таатай байна.  

Залуу Та аль нэг талын захиалгат мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр “урсдаг” спонсор хийсэн постоос биш мэргэжлийн редакцын, улс төрийн нөлөөллөөс ангид цахим хуудсаас "Надад нэг санал байна-3" медиа аяны хүрээнд үнэн, бодит, тэнцвэртэй мэдээллийг авах боломжийг бид санал болгож байна. Бид зургаадугаар сарыг дуустал залуусыг сонгуульдаа идэвхтэй оролцохын зэрэгцээ мэдээ мэдээлэлтэй, өөрийн гэсэн үнэт зүйл, үзэл бодолтойгоор сонгуульд саналаа өгөхийг уриалж төрөл бүрийн сонирхолтой контентыг хүргэх болно.

"Надад нэг санал байна-1, 2" медиа аянаараа бид өнгөрсөн жил болсон УИХ-ын ээлжит сонгууль болон орон нутгийн сонгуулиар уншигчдадаа тэнцвэртэй мэдээ мэдээлэл, сонирхолтой видео контент, салбар бүрийн, нас насны хүмүүсийн үзэл бодол, сонгуулийн хүлээлт болон Монгол Улсаа, нийслэлээ ямар байлгахыг хүсэж байгаа тухай контентуудыг Unread.today, YZ TV медиа болон Fat Cat Jazz Club-ийн бүтээлч залуустай хамтран бэлтгэж, тус тусын сувгаар хүргэсэн билээ.

“Надад нэг санал байна-3”  медиа аяныг эхлүүлж манай хамт олон тус бүрийн саналаа хуваалцаж байгааг хүргэе.



У.Бямбаням – Ерөнхий редактор

Бүх ард түмний саналаар цор ганц хүнийг сонгодог ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирлээ.  Энэ удаа бид ерөнхийлөгчийн эрх үүргийг Цагаан сар, Шинэ жилээр зурагтаар үг хэлдэг, одон тэмдэг энгэрт зүүж өгдөг хүнээс давж судлан, хэнийг сонгох вэ, түүнд ямар эрх мэдэл бий вэ, тэд ямар үүрэг хүлээх вэ гэдгийг сайтар эргэцүүлэх шаардлагатай.



Г.Сүрэн - Сэтгүүлч

Би уг нь улс төр, улстөрчдийн талаар огт сонирхож, бодолгүй амьдрахыг хүсдэг залуусын төлөөлөл. Гэтэл ингэж "мөрөөрөө" амьдрахад минь өнөөгийн улс төрийн нөхцөл байдал, улсын эрх мэдэл яалт ч үгүй нөлөөлж байна. Улс орны маань нөхцөл байдал тогтвортой, тэгш дардан болоогүй байна л гэсэн үг. Тэгэхээр залуус бид оролцож, судалж, бодолтой хэрсүү сонгогч байж л өөрийн хүсэл мөрөөдөлдөө саад тушаа болдоггүй нийгмийг бүтээж, өөр өөрийн зорилгын төлөө хөдөлмөрлөж, сайхан амьдрах боломжтой нийгэм бий болох болов уу.



Ж.Тэгшжаргал – Гүйцэтгэх захирал

Ерөнхийлөгчийн сонгуулийн улс төр хэдийнэ эхэлсэн гэдгийг хүүхэд ч ойлгохоор үйл явдлууд өрнөж байна. Энэ удаагийн сонгууль их дуулиантай болох нь нэгэнт тодорхой боллоо. Тиймээс сонгогч бид илүү няхуур, хариуцлагатай, сэтгэл хөдлөлөөр биш бодитоор, мэдээлэлтэй оролцохгүй бол болохгүй нь. Бидний бэлтгэх контентууд хариуцлагатай сонгогч байхад тань замчилна гэж найдаж байна.



Ж.Мөнхзул – Сэтгүүлч

Гоё ерөнхийлөгчтэй болмоор байна. Гэхдээ гоё ерөнхийлөгч зүгээр сууж байхад өөрөө хүрээд ирдэггүй. Түүнийг олж авахын тулд тэмцэх хэрэгтэй. Мэдлэг мэдээлэлтэй байж, сонголтоо хийж, саналаа өгснөөр энэ бүхэн биелдэг.



Б.Нямзул - Редактор

Мэдээлэл бидний сонголт, шийдвэр гаргалтад ямар хүчтэй нөлөөлж байгааг манайд төдийгүй дэлхий дахинд өрнөж буй үйл явдлууд гэрчилсээр байна. Энэ мэдээллийн шуурган дунд хаанаас, ямар мэдээлэл авах вэ, юунд итгэх вэ, юунд үл итгэх вэ гэдгээ шүүмжлэлт сэтгэхүйгээр тодорхойлж чаддаг, өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй, хараат бус уншигчид улам олон болоосой гэж бид хүсэж байна.



Б.Ялгуун - Копирайтер

Улсаа ямар ерөнхийлөгчтэй байхыг сонгоно гэхээр сонирхолтой санагдаж байна. Шинэ үндсэн хуулиар 4 биш 6 жил ажиллах ерөнхийлөгчөө бид сонгохоор болж байна. Зургаан жил үерхэж, нөхөрлөх хүнээ сонгоно гэж бодохоор бүр маш сайн судалж, давуу болон сул талыг нь мэдэж авах хэрэгтэй боллоо. Өмнөх түүхүүдийг нь сөхөж, хэр сайн туршлагатайг нь шалгахгүй бол хайр халамжгүй, хогийн худалч, араар тавигч, амиа хичээгч, холбоо барихгүй алга бологчийг сонгочихвол тэгээд өөртөө гомдож зургаан жил уйлж суух л болох нь дээ.




З.Энхмөнх – Арт директор

Өдөр тутамд бидэнд үлгэр дуурайл авах улстөрч үнэндээ цөөн байдаг болохоор залуу хүн надад лав энэ сэдэв огт сонирхолгүй санагддаг байж болох. Гэлээ гээд энэ талаарх мэдлэгээ хумьж огт боломгүй. Надад, миний эргэн тойрныхонд, хойч үр хүүхдүүдэд ч энэ нь хамаатай сэдэв болохоор хойш сууж болохгүй гэж өөртөө хэлж байна. “Надад нэг санал байна” ээлжит аянаараа сэдвийн талаарх мэдлэг ойлголтоо улам тэлнэ гэхээс тэсгэл алдан байна.


А.Энхжаргал – Оффис менежер

Манай улс хэдийгээр ерөнхийлөгчийн засаглалгүй ч ерөнхийлөгчөөр зөв хүнээ сонгож чадвал улсын хөгжил дэвшилд чамгүй их хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэдэг. Таны нэг санал улс орон, ирээдүй хойч үед ямар хэрэгтэй болохыг ухаараарай. Саналаа зөв хүндээ өгөхийн тулд мэдээлэлтэй байж, сайн судалж өгөх хэрэгтэй болов уу. Би өөрийн болон хойч үеийнхээ төлөө мэдлэг, мэдээлэлтэйгээр сонгуульд оролцож, саналаа заавал өгөх болно.



Э.Намуун – Редактор

Аливаа сонгуулийн санал хураалтад нэг хүний санал ч ганцдаггүй гэдгийг манай уншигчид сайн мэднэ. Хүмүүс сонгуульд идэвхтэй оролцохоос гадна хуурамч мэдээлэл “баруун солгойгүй” давалгаалж буй энэ цаг үед бодит, үнэн, тэнцвэртэй мэдээлэлтэй байх нь бидэнд чухал болжээ. Нэр дэвшигч, аль нэг намаас хараат бус сонгогч байх нь зөвхөн та бидний гарт бий.



Ж.Хулан - Дэд захирал 

Би 30 нас хүрээд удаагүй байгаа залуусын төлөөлөл. Редакц маань "Надад нэг санал байна" аянаа зохион байгуулж үе тэнгийн залуус болон дүү нартайгаа улстөрийн тухай, сонгуулийн тухай ярилцах болоод багагүй хугацаа өнгөрчээ. Ярилцах тусам илүү олон хүн, илүү өргөн хүрээлэлтэй өдөр тутмын хэлэлцүүлэгт оролцож тэдний олонх нь улстөрөөс л хол байя, улстөр гэдгийн "у" үсгээс ч зайгаа барья гэх хандлагатай байгааг харсан юм. Тэр ч бүү хэл улстөрийн үзэл баримтлалтай, итгэл үнэмшилтэй зарим нь түүнийгээ ил хэлэхээс нэрэлхдэг, найз нөхөд нь ч итгэл үнэмшил нь ямар гэдгийг үл хамааран "улстөржсөн" байгааг нь л тоглож, тохуурхахтай таарав. 

Энэ үед надад төрсөн бодол нь бид яагаад улстөржихөөс ичих болчихов? Улс орны ирээдүйтэй холбоотой ямар шийдвэрийг хэн гаргаж, ямар үзэл баримтлалаар цааш алхах вэ гэдгээ ярилцахдаа яагаад нэг нэгнээсээ нэрлэхэх ёстой билээ. Харин ч боловсрол эзэмшиж, ажил эрхэлж, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох учиртай насан дээрээ итгэл үнэмшлээ олоогүй байвал ичих ёстой биш гэж үү? Тиймээс л би найзуудаасаа улстөржихөөсөө битгий ич гэж хэлмээр байна. 

Ичмээр улстөрчдийг бид шахаж, ичмээр үйлдэл хийснийг нь шаардаж, ичмээр шийдвэрийг нь хянадаг идэвхтэй иргэд байя. Ингэхийн тулд бидэнд бодит мэдээлэл зайлшгүй хэрэгтэй. Тиймээс мэдээлэлд хамтдаа хянамгай хандаж, ултай улстөржицгөөе гэх надад нэг санал байна. 


Б.Энхцэцэг - Тоймч

Шинэ Үндсэн хууль батлагдсаны дараах Ерөнхийлөгчийн анхны сонгуулийн дүн нийгэмд илүү эерэг үр дагавар авчрах, эсэх нь чиний сонголтоос ч бас хамаарна.




Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2023.03.30
Сонгуулийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар залуусын мэдвэл зохих 5 зүйл
2
2022.06.15
"Би Нэгдий" залуусын өдөрлөгөөс онцлох нь: Юу болж өнгөрөв?
3
2022.06.11
"Би Нэгдий" залуусын өдөрлөг амжилттай явагдаж өндөрлөлөө
санал болгох
1
13 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

unshigj 2021.04.25 172.69.252.133

Ghde tanaih sayhan ex or next gsn video tsatschihaad iim ym bichih zugeer uu tee

0 Хариулах