Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Нэр дэвших эрхийг нь хязгаарлаж буй парламенттай тэмцэхийн тулд Монгол Улсын Ерөнхийлөгч эрх баригч намыг тараахаар зориглов

Зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх улс төрийн явуулга Монгол улсын ардчилсан тогтолцоонд аюул учруулж болзошгүй байна.


Ойрын хугацаанд Монгол улсын нийгэм, улс төрийн тогоонд өрнөж буй халуун үйл явдлын талаар "The Diplomat" мэдээллийн сайтад гарсан нийтлэлийг та бүхэнд орчуулан хүргэж байна. 


Монгол Улсад ирэх зургаадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан улс төрийн адал явдал шинэ түвшинд гарч, эрх барьж буй бүхэл бүтэн улс төрийн намыг хууль бусаар цэрэг армитай холбогдсон гэх үндэслэлээр тараах оролдлого гарлаа. 

Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга дөрөвдүгээр сарын 18-ны өдөр МАН-ыг тараах тухай захирамж гаргажээ. Парламентад үнэмлэхүй олонхыг бүрдүүлж буй МАН 2019 онд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хязгаарласан нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулсан юм. Ерөнхийлөгч Х.Баттулгын гаргасан тус захирамжид удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшихээр яригдаж буй У.Хүрэлсүхийн эсрэг тодорхой үндэслэлүүдийг дурьджээ. Х.Баттулга нь Тэрбээр МАН-ын гол өрсөлдөгч болох Ардчилсан намаас сонгогдсон билээ.

Ерөнхийлөгч Сүхбаатарын талбай дахь Төрийн ордны төв цэгт байрлах төрийн эрх мэдлийн бэлгэдэл болсон Есөн хөлт цагаан туг бүхий танхимд захирамжаа танилцуулж буй "YouTube" бичлэгийг Ерөнхийлөгчийн Тамгын газар вэб сайтдаа байршуулжээ. Түүний хариуд МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, тус намын ерөнхий нарийн бичгийн дарга болон УИХ-ын долоон гишүүн  Сүхбаатарын талбайн зэргэлдээ намын төв байрандаа мэдэгдэл хийж буйг фэйсбүүкээр шууд дамжуулав. 

Асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй бөгөөд тэмцэл улам ширүүсэх хандлагатай байгаа юм. МАН-ын Удирдах зөвлөлийн мэдээлснээр Ерөнхийлөгчийн захирамжийг УИХ-ын байнгын хороодоор хэлэлцэхээр болсныг news.mn мэдээллийн сайтад мэдээлжээ. 

2021 оны 6 дугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой гэсэн Х.Баттулгын байр суурийг няцаасан шийдвэрийг Үндсэн хуулийн цэц гаргасны дараа тэрбээр уг захирамжийг гаргалаа. Одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу, Ерөнхийлөгч 6 жилийн хугацаатай ганцхан удаа сонгогдох бүрэн эрхийг эдэлнэ гэж заажээ. Монгол Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн дээрх шийдвэрийг албан ёсоор хүлээн аваагүй байгаа юм. Хэрэв УИХ тус шийдвэрийг хүлээн авбал Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа Үндсэн хууль зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрч буй үйлдэл болно гэж судлаачид үзэж байна. 

Парламентад суудалтай намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ тавдугаар сарын эхээр зарлаж, сонгууль зургаадугаар сарын 9-ний өдөр явагдах юм. 

Дээрх мэдэгдлүүд нь Ерөнхийлөгчийн сонгууль эхлэх дөхсөнтэй холбогдох кампанит ажил байж болох юм. Гэсэн ч холбогдох талууд удаа дараалан Үндсэн хуулийн заалтуудыг өөрөөр тайлбарлах оролдлого хийж буй нь Монгол улсын Үндэсний аюулгүй байдал, цаашдаа ардчилсан тогтолцоонд аюул учруулж болзошгүй гэсэн айдсыг төрүүлж байна.

Цэрэгжсэн гэх асуудлаар нэгнээ хардаж байна 

Холбогдох талууд бие биенээ цэрэг армитай холбоо сүлбээтэй хэмээн хардаж байгаа нь хамгийн их түгшүүр дагуулж байна. Х.Баттулгын зүгээс У.Хүрэлсүхийг орон нутгийн Засаг даргын тамгын газрууд, намын орон нутаг дахь салбарууд, орон нутгийн цэргийн ангиудаар дамжуулан хөдөө орон нутаг дахь цэргийн ангиудтай холбогдож намаа “цэрэгжүүлэх” оролдлого хийсэн гэж буруутгаж байгаа юм. Х.Баттулгын хэлснээр “МАН цэргийн ажиллагаа явуулах эрсдэлтэй гэсэн хардлага төрж байна” гэжээ. Түүнчлэн 2018 онд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан УИХ-ын чуулганы үеэр У.Хүрэлсүхийг “300 гаруй цэргийн офицерыг цуглуулсан” гэж хэлсэн нь Твиттер орчинд дахин сөхөгдөөд байна. 

Харин news.mn-ий дамжуулсны дагуу МАН-ын Удирдах зөвлөлөөс зарласан хэвлэлийн бага хурлын үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Монгол Улсын Ерөнхийлөгч дээрх мэдэгдлийнхээ дараа Зэвсэгт хүчний жанжин штаб дээр очсон” гэж мэдээлсэн нь ерөнхийлөгчийг хардаж байгаагаа илэрхийлсэн явдал боллоо. 

Цэрэг, армийн хүчийг улс төрийн зорилгоор ашиглахыг оролдсон гэж нэгнээ хардахаас гадна, талууд бие биенээ Үндсэн хуульд харшлах хууль бус үйл ажиллагаа явуулж, үндэсний эв нэгдэл, аюулгүй байдалд заналхийлсэн гэж үзжээ. 

Х.Баттулга гаргасан захирамждаа МАН нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын хэд хэдэн зүйл, заалтыг зөрчсөн гэж бичжээ. Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг барьцаалж, Үндсэн хуулийн Цэцийг ард иргэдэд хүлээн зөвшөөрөгдөх аргагүй болгосон"гэжээ. 

Харин УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар Х.Баттулгын захирамж хэд хэдэн хууль, тогтоомжийг зөрчсөн гэж мэдэгдэв. МАН-ын Удирдах зөвлөлөөс бичгээр гаргасан мэдэгдэлд Х.Баттулгын нэрлэсэн хуулиуд ч давхар дурдагдсан бөгөөд “Ерөнхийлөгч Х.Баттулга хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлж, иргэдийн эрх чөлөөнд халдан, эвлэлдэн нэгдэх эрх, шүүхийн хараат бус байдалд нөлөөлж, хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн ардчиллын үнэт зүйлийг алдагдуулах үйлдэл хйисэн” гэж бичжээ. 

Х.Баттулгын мэдэгдэлд МАН нь төрийн байгууллагуудыг ашиглан Ардчилсан намыг хагалан бутаргасан гэж буруутгасан бол МАН-ын мэдэгдэлд “Аливаа улс төрийн намыг тараах замаар парламентын ардчилсан тогтолцоог бусниулан, төрийн эрх мэдлийг Үндсэн хуулийн бус аргаар авахыг завдаж, дарангуйлал тогтоох гэсэн гэмт үйлдлийн эсрэг нэгдэхийг улс төрийн бүх намуудад уриалсан” байна. 

Нийгмийн сүлжээнд түгсэн мэдээлэл ба олон нийтийн хариу үйлдэл 

Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийн дараа хийсэн Х.Баттулгын мэдэгдэл нь олон хүнд улс төрийн байр суурийнхаа төлөө тэмцэж буй мэт харагдаж магадгүй юм. Гэвч тэр өөрийн эсэргүүцлийг МАН-ын эрх мэдлийг үгүйсгэхэд чиглүүлсэн нь Х.Баттулга ард түмний итгэл үнэмшлийг ашиглахад бэлэн байгааг харуулж байна. Парламентад МАН гэх нэг нам давамгайлж буй цаг үед МАН-аас Ерөнхийлөгч сонгогдож магадгүй нөхцөл байдал олон хүний санааг зовоож байгаа юм. 

Ерөнхийлөгч захирамжаа дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн 12:16 цагт yнших үед өөрийн Фэйсбүүк хуудсаар лайв хийсэн нь энэхүү нийтлэлийг бичих үед 12 мянган удаа шэйрлэгдэж, 1500 сэтгэгдэл цуглуулсан байв. Livetv.mn гэх пэйж дээр цацагдсан захирамж уншиж буй лайвыг 547 мянган хүн үзэж, 23 мянган лайк цугларч, 10 мянган удаа шейрлэгджээ. Хүмүүсийн реакцууд харилцан адилгүй байна. Ерөнхийлөгчийг дэмжсэн сэтгэгдлүүдийн зэрэгцээ улс орноо “хагалан бутаргаж” байгаад нь дургүйцсэн хүмүүс ч олон байв. 

МАН-ын удирдах зөвлөлийн шууд дамжуулсан мэдэгдэл нь мөн асар олон хүний уур бухимдлыг төрүүлэв. Уг мэдэгдлийг шөнийн цагаар хийсэн ба өөр олон асуудал дээр үг дуугүй байсан улстөрчид олноороо гарч ирж мэдэгдэл хийснийг иргэд эрс шүүмжилжээ. 

Хачирхалтай нь, Цэцийн дүгнэлтийн талаар ярих ёстой мэргэжлийн шинжээчид нь олон нийтийн сүлжээн дээр үзэл бодлоо илэрхийлсэнгүй. МАН-ын хариу мэдэгдлийн талаар бараг нэг ч судлаач үг хэлсэнгүй. МАН-ын Удирдах зөвлөл мэдэгдлийнхээ төгсгөлд “Монголчууд бид цар тахалтай бүх нийтээрээ тэмцэж байгаа эгзэгтэй цаг үед, аливаа хууль бус, өдөөн хатгалга, зохион байгуулалттай явуулгад автахгүй байхыг нийт ард иргэддээ уриалж байна” гэсэн байна. Харин Х.Баттулга өөрийн мэдэгдэлдээ “МАН-ыг Ковид-19 цар тахлыг удаа дараалан улс төржүүлсэн” гэж дурджээ.

Ковид-19 цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хоёр талын мэдэгдэлд өнгөрсөн нэгдүгээр сард ковидын эсрэг авсан арга хэмжээг эсэргүүцсэн жагсаалаас болж У.Хүрэлсүх үүрэгт ажлаасаа огцорсныг болон Монгол улсын цар тахлын нөхцөл байдал хэрхэн хүндэрснийг сануулав. Цар тахал Монголчуудын хувьд улс төртэй холбоотой дургүйцлээ илэрхийлэх талбар нь болоод байна. Мөн У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчид нэр дэвшихийн тулд “огцорсон” гэх хардлага болон Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээс улбаалсан Х.Баттулгыг ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахгүй гэсэн УИХ-ын шийдвэрүүд нь цар тахлын хүнд хэцүү байдлаас сатааруулж байна гэж олон монголчууд үзжээ.


Нийтлэлийг бичсэн:

Калифорнийн Их сургуулийн орон тооны судлаач, Монгол судлалаар мэргэшсэн, антропологич Марисса Смит

Канад дахь Бритиш - Колумбын Их сургуулийн докторант Батдоржийн Булган  

Бритиш - Колумбын Их сургуулийн Нийгмийн бодлого, Дэлхийн хэргийн магистрын хөтөлбөрийн багш Жулиан Диеркэс

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.13
2030 он гэхэд авлигыг үл тэвчих соёл бэхжинэ гэж үзжээ
2
2024.03.12
"Ногоон автобусны" хэргийг шүүхэд шилжүүллээ
3
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
санал болгох
1
16 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
18 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
21 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0