Хайх зүйлээ бичнэ үү

11 мин

Humans of UB | Технологийн салбарыг түүчээлж буй эмэгтэйчүүд


Энэ долоо хоногт олон улсын "Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбар дахь эмэгтэйчүүдийн өдөр" тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан бид НҮБ-тай хамтран "Humans of UB" булангийн шинэ дугаарт технологийн салбарт манлайлж буй эмэгтэйчүүдийг урьж, сонирхолтой яриа өрнүүллээ.


Э. Сүндарь, "Loopy code" академийг үүсгэн байгуулагч

Нийгмийн тал хувийг эмэгтэйчүүд эзэлдэг ч хэрнээ технологийн салбар дахь орон зай нь эрчүүдээс харьцангуй бага байгаа нь олон жилийн явцуу хандлага, нийгмийн хүлээлттэй холбоотой гэж би хардаг. Гэхдээ энэ хандлага бага багаар өөрчлөгдөж буйд баяртай байгаа. Нийгмийн нэг бүлэг хүмүүс л технологийг хөгжүүлээд байвал өөр бусад бүлгийн хэрэгцээ, шаардлага гээгдэж мэднэ. Тиймээс технологи бидний амьдралд томоохон байр суурь эзлэхийн хэрээр илүү хүртээмжтэй, олон талт оролцоог хангасан, хэрэглэгчдийн ялгаатай байдал, хэрэгцээ шаардлагыг тусган хөгжих нь зүйтэй.

Энэ салбарт ажиллахад эмэгтэйчүүдэд тулгарч буй гол сорилт нь боловсрол юм. Охидыг бага наснаас нь технологи, инженерчлэлийн салбартай танилцуулах, сонирхуулах, тэдэнд боловсрол олгох үйл явц дэлхий даяар дутагдаж байна. Бид хөвгүүдэд техник сэтгэлгээ хөгжүүлэх лего, угсардаг тоглоом авч өгдөг бол охидод айл гэр болох тоглоом авч өгдөг. Хөвгүүдийг техник сэтгэлгээ хөгжүүлэх сургалтад явуулдаг хэрнээ охидыг балет, төгөлдөр хуурын сургалтад явуулахыг илүүд үзнэ. Үүний оронд эцэг эхчүүд охин хүүхдээ өөр олон зүйлд сонирхлыг нь хөтөлж, туршилт хийлгүүлэх хэрэгтэй болов уу.

Нийгмийн нэг бүлэг хүмүүс л технологийг хөгжүүлээд байвал өөр бусад бүлгийн хэрэгцээ, шаардлага гээгдэж мэднэ. Тиймээс технологи бидний амьдралд томоохон байр суурь эзлэхийн хэрээр илүү хүртээмжтэй, олон талт оролцоог хангасан, хэрэглэгчдийн ялгаатай байдал, хэрэгцээ шаардлагыг тусган хөгжих нь зүйтэй.

Жишээ нь, хүүхэд тань технологийн салбарыг сонирхож эхэлбэл юун түрүүнд компьютерын шинжлэх ухааны суурь сургалтад хамруулах хэрэгтэй. Код бичих тухай хичээлийг code.org, tynker.com, khanacademy.org зэрэг вебсайтуудаас онлайнаар үзэх боломжтой. Мөн математикийн хичээлийн суурь маш чухал бөгөөд YouTube дээр TED-Ed, Kurzgesagt зэрэг сувгуудаас компьютерын шинжлэх ухаантай холбоотой бичлэгүүд үзүүлж ойлголтыг нь тэлж болно. Ерөнхийдөө Google-ээс “Coding for kids” гээд хайхад л хангалттай их материалын нөөц, сургалтууд гарч ирдэг шүү.

Би анх хүүхдүүдэд код бичихийг заах саналыг хүлээж аваад өөртөө нэг л итгэлгүй байсан ч бага багаар судалж үзсэний дараа итгэл төрж эхэлсэн. Дүүгээ 4, 5 настай байхад нь код бичихтэй холбоотой ном авч өгч, хамт хичээллэдэг байсан нь их дэмжлэг болсон гэж боддог. Хүүхдүүдийг илүү сонирхолтой, бүтээлч, хөгжилтэй байдлаар код бичих үйл явцтай танилцаасай гэж хүссэн тэмүүлэл маань яван явсаар үндсэн ажил маань болсон. 

Манай технологийн салбар одоо ч хүн хүчээр дутагдалтай байна. Тиймээс технологийн байгууллагууд алсын зайнаас, хүссэн цагаараа ажиллах боломжтой, гүйцэтгэлд суурилсан үнэлгээ бүхий ажлын соёлыг нэвтрүүлэхээр яарч байна шүү дээ. Мөн эмэгтэйчүүдэд зориулсан технологийн салбарын маш олон тэтгэлэг, дадлага, менторшип хөтөлбөрүүд зарлагддаг. Их сургуулиуд технологийн салбарын эмэгтэй оюутнуудад зориулж их хэмжээний тэтгэлэг санал болгох болсон. Монголд ч ялгаагүй сүүлийн жилүүдэд мэдээлэл технологийн салбар хүний нөөцийн хомсдолд ороод байгаа тул энэ салбарт ажиллах боломж бололцоо дүүрэн байна.

Г. Нандин-Эрдэнэ, программист

Би анх Анагаахын Шинжлэх Ухааны Их Сургуулийг эрүүл мэнд, мэдээлэл технологи гэсэн мэргэжлээр сурч төгссөн. Суралцах явцдаа өөрийгөө мэдээлэл боловсруулах, цаашдаа IT салбарт илүү сонирхолтойг олж мэдсэн. Эрдэм шинжилгээний бага хурлын үеэр ихэнх оюутан анагаах ухааны чиглэлээр илтгэл хэлэлцүүлдэг байхад би хурууны захын судсыг ашиглан хүний зүрхний бичлэг буулгадаг төхөөрөмж бүтээж байлаа. Сүүлд Орос улсдаа хамгийн том гэгдэх IT компанийн тэтгэлгээр өөрийн сонирхсон чиглэлээр мастерын зэрэг хамгаалсан юм. Одоо ОХУ-ын “1C” компанийн Монгол дахь салбар болох Вансифорус ХХК-д программистаар ажилладаг бөгөөд бүх төрлийн байгууллагын дотоод үйл ажиллагааг автоматжуулах програм зохиодог. 

Орост IT салбарт ажилладаг эмэгтэйчүүд харьцангуй их. Эмэгтэйчүүд програм хөгжүүлэгчээр ажиллах нь энгийн л үзэгдэл. Харин Монголд эмэгтэй хүн гэхээр нэг л итгэж өгдөггүй, техникийн хүн биш гэсэн хандлагатай байдаг. IT салбарын ажилтан авахдаа шаардлага гэсэн хэсэг дээр эрэгтэй хүн байх гэсэн заалтууд хүртэл харж байлаа. Хэдийгээр манайд дөнгөж хөгжиж байгаа салбар ч гэлээ эрэгтэй эмэгтэй гэж ялгалгүй өөрийгөө хөгжүүлж, ур чадвараа харуулж чадвал ажлын байр, нөөц боломжууд хангалттай бий. 

 IT салбарт өдөр бүр шинэ асуудлууд ундарч байдаг нь миний сониуч, уйдамтгай, асуудалд шийдэл олох дуртай зан чанартай нийцсэн юм болов уу гэж боддог. 

Миний хувьд магистраа хамгаалахаар суралцаж байхдаа курсийн ажлаараа “Чимэгэ”-тэй төстэй хиймэл оюун ухаан ашигласан програм бүтээж байсан. Монголд эх хэлний сан гэж байдаггүй нь хиймэл оюун ухааны салбар хөгжихөд саад болж буй нэг бэрхшээл юм. Эх хэлний санг IT чиглэлийнхэн бус хэл шинжлэлийн мэргэжилтнүүд үүсгэх ёстой байх. Их хэмжээний мэдээллийн сан үүсгэн, тухайн санд үндэслэн AI моделийг бүтээдэг. Тухайн модель нь яг хүүхэд шиг өгөгдсөн мэдээллээс суралцаад өөрөө ажиллаж эхэлнэ гэсэн үг. “Google translate”, “chat bot” зэрэг нь бидний өдөр тутмын амьдралд ашиглагддаг хиймэл оюун ухааны жишээ юм. 

Сүүлийн үед AI (хиймэл оюун ухаан) ч юм уу төрөл бүрийн технологийг ашиглан хүмүүсийн хувийн мэдээллийг их цуглуулах болсон. Нэгэнт цугларсан датаг сайн муу ямар ч зорилгоор ашиглаж болох тул мэдээллийн аюулгүй байдалдаа хүмүүс анхаарч, хувийн мэдээллээ цахим орчинд дэлгэхгүй байх, нууц кодоо байнга сольж байх нь их чухал. Ойрын 20 жилд IT салбар хурдацтайгаар хөгжин олон төрлийн мэргэжлүүд үгүй болох тул өөрийнхөө салбарыг технологийн чиглэлтэй холбох орон зайг хүмүүс эрэлхийлээсэй гэж хүсдэг. 

Б. Ариунсанаа, Фемтек Солюшн ХХК-ийн үүсгэн байгуулагч

Би өнгөрсөн жил Чевенингийн тэтгэлгээр Сассексийн их сургуульд хөгжлийн бодлогын чиглэлээр суралцаж төгссөн. Технологийн салбарт орохоосоо өмнө бизнесийн удирдлага болон консалтинг чиглэлээр ажиллаж байсан туршлагатай. Харин өнгөрсөн тавдугаар сард өөрийн хамтрагч Мандын үүсгэн байгуулсан Фемтек Солюшн ХХК-д хамтран үүсгэн байгуулагчаар ажиллах саналыг хүлээж авч Hello baby гэх мобайл аппликейшныг гаргаснаас хойш өөрийн бүхий л цагаа энэ ажилдаа зориулж байна. Дэлхий дахинд эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудлыг технологиор дамжуулж шийддэг салбарыг Фемтек гэж нэрлэдэг. Бидний хувьд Монголын анхны Фемтек компани юм.

Монголд жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан баталгаатай, шинжлэх ухаанд суурилсан мэдлэг, мэдээллийн эх сурвалж маш ховор, хүртээмж муутай байдаг. Тийм болохоор анх удаа бие давхар болсон эмэгтэйчүүд олон асуулттай тулгардаг бөгөөд найдвартай эх сурвалжаас мэдээлэл, зөвлөгөө авах хэрэгцээ асар их байгааг бид олж харсан юм. Иймд хэн нэгэн асуудлыг шийдэхийг хүлээлгүй, ээжүүдэд зориулж аппликэйшн гаргахаар шийдсэн билээ. 

Би өөрөө гурван хүүхдийн ээж. Ажил амьдралын шаардлагаар хүүхдүүдээ Белги, Англи, Монгол гэсэн гурван өөр улсад төрүүлсэн. Монгол эмэгтэйчүүд харилцан адилгүй орчин нөхцөл, мэдээлэл дунд хүүхдээ тээн төрүүлдгийг өөрийнхөө туршлагаас анзаарсан. Жишээлбэл, Монголд жирэмсэн эхчүүд нэг удаа үзлэгт хамрагдах хугацаа дунджаар 15 минут байдаг бол бусад оронд 45-60 минут байна. 

Миний хувьд анхны хүүхдээ төрүүлэхдээ мэдээлэл дутмаг, туршлагагүй байснаас үүдэн охин маань ургийн гаж хөгжлөөр оношлогдсон. Миний туулсан зүйлийг бусад ээжүүд битгий мэдрээсэй гэж хүсдэг. Тиймдээ ч охиноо төрснөөс хойш хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асран хамгаалагч нарт зөвлөгөө өгдөг төрийн бус байгууллагад дөрвөн жил ажилласан.

Дэлхий дахинд эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудлыг технологиор дамжуулж шийддэг салбарыг фемтек гэж нэрлэдэг. Бидний хувьд, Hello baby бол Монголын анхны фемтек компани юм.

Эмэгтэйчүүд жирэмсэн болохоосоо өмнө биеэ хэрхэн бэлдэх, хүүхэд тээх хугацаандаа өөрийн болон ургийн эрүүл мэндэд хэрхэн анхаарах талаар үнэн зөв, бүрэн бүтэн мэдээллийг авч байж эрүүлээр тээж төрүүлнэ. Мэдээллүүд хүртээмжгүй байгаагаас үүдэн нэг ч гэсэн ээж битгий хохироосой хэмээн хүсэж Hello baby аппликэйшнийг бүтээсэн. Энэ бол жирэмсэн ээжид зориулсан цогц хөтөч бөгөөд нийт 300 гаруй жирэмслэлттэй холбоотой зөвлөгөө, жирэмсэн үед тохиолддог шинж тэмдэг, өвчлөлүүдийн талаарх мэдээлэл багтсан. 

Мэдээллийн санг бүрдүүлэхдээ эмч мэргэжилтнүүд болон анагаахын орчуулагчидтай хамтарч, ДЭМБ-аас гаргасан хамгийн сүүлийн үеийн судалгаа шинжилгээнд үндэслэн, олон улсад эх хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын зөвлөгөө мэдээллийг  эх сурвалжаа болгосон.

Монгол улсад нэг жилд 79-80 мянган эмэгтэй амарждаг ба 1200-1400 хүүхэд нярайн эндэгдлээр нас бардаг гэсэн судалгаа бий. Тэдгээрийн дийлэнх нь тээх үеийн эрсдэлээс шалтгаалсан байдаг. Мөн цар тахлын үед эхийн эндэгдэл 28 хувиар нэмэгдсэн гэх харамсалтай тоон мэдээлэл гарсан. Энэ хүнд хэцүү үед бие давхар ээжүүдэд хэрэгтэй амин чухал зөвлөгөөг өгөх нь бидний үүрэг юм. Одоогийн байдлаар нийт 60 мянган ээж манай аппыг хэрэглэж байгаа. 

Цаашид гэр бүл төлөвлөлт, жирэмслэлттэй холбоотой Hello Lady аппыг бүтээхээр төлөвлөж байна. Олон улсад эмэгтэйчүүдийг чадавхжуулах гол суурь нь эмэгтэй хүний төрөлт хоорондын зайг тодорхойлох, эрүүлээр жирэмслэх, эрүүл хүүхэд төрүүлэх явдал гэж үздэг. Эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх тогтвортой хөгжлийн зорилтод бид технологийн тусламжтайгаар эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлыг шийдэж өгье, гэр бүл төлөвлөлтийнх нь дутуу байгаа хэрэгцээг хангахыг зорьж байна. 

Мөн анх удаа ээж аав болж буй хүмүүст зориулсан 0-2 настай нярай хүүхдийг асарч, бойжуулахад туслах Hello mamu апп хөгжүүлэлтийн шатандаа явж буй. Залуу эцэг эхчүүд фэйсбүүкийн групп дээр ч юм уу, бусад эцэг эхчүүдээс зөвлөгөө авдаг. Эдгээр нь мухар сүсгийн шинжтэй, хоцрогдсон, баталгаагүй мэдээлэл байдгаас олон эцэг эх хүүхдийнхээ эрүүл мэндийг эрсдэлд оруулж байна. Тиймээс бид хүүхдийг анх олсноос эхлээд хоёр нас хүртэл буюу амьдралынх нь эхний 1000 хоногт яаж эрүүл саруул өсгөхөд туслах мэдээллийг олгох зорилгоор уг аппликэйшнийг бүтээж байна. 

А.Бямбажаргал, Faro Foundation Mongolia ТББ-ын тэргүүн

Би уг нь сэргээгдэх эрчим хүчний инженер мэргэжилтэй. Магистрын зэргээ хамгаалчихаад эх орондоо эргэн ирж, мэргэжлээрээ ажиллаж байхдаа монголчуудад хэлний бэрхшээл гол асуудал болж байгааг ойлгож 2014 онд хоёр хамрагчтайгаа нийлээд Faro англи хэлний сургалтын төвийг нээж байлаа. Дараа нь үг цээжлүүлдэг Hippocard аппликэйшнээ бүтээсэн. Гэтэл тухайн үед хүмүүст аппликэйшнийг хэрэглэх соёл хараахан суугаагүй байв. Зөвхөн аппликэйшн хэрэглэх тухайд ч биш, хэрэглэгчийн хаягаа нээх, нууц үгээ сэргээх, фэйсбүүк, и-мэйл хаягаа бусдад алдахгүй байх гэх мэт технологийн энгийн ур чадварууд дутагдалтай байгааг ойлгосон учраас 2019 оноос Digital Literacy буюу цахим бичиг үсгийн боловсролыг хүмүүст олгох зорилготой төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. 

Digital Literacy гэдэг нь интернэт, сошиал медиа гэх мэт дижитал платформыг зөв зохистой хэрэглэж, цахим орчинд эерэг хандлагыг бий болгох чадвар юм. Өөрөөр хэлбэл, нэг талаас онлайнд орчинд хувийн мэдээллээ алдах, гэмт хэргийн хохирогч болох зэрэг болзошгүй эрсдэлээс өөрийгөө хамгаалах, нөгөө талаас бусдыг үг хэлээр доромжлох, гүтгэх, дээрэлхэх зэрэг сөрөг үйлдэл гаргахгүйгээр дижитал платформыг зохистой хэрэглэх гэсэн хоёр гол ур чадварын нийлбэр гэж хэлж болно. 

Анх бид гадаадын хөтөлбөрүүдийг орчуулж 13-18 настай ЕБС-ын сурагчдад зааж байлаа. Гэхдээ агуулгыг монгол хөрсөнд буулгаж хүүхдүүдэд ойлгуулах хүндрэлтэй санагдсан. Наад зах нь Барак Обамагаар жишээ аваад ярихад хүүхдүүд энэ хүнийг танихгүй байх нь элбэг. Хөдөө орон нутгийн хүүхдүүдэд заахад энэ мэт ялгаа илүү анзаарагдсан учраас өнгөрсөн хоёр жилд хөтөлбөрийн агуулгаа нэлээд өөрчилж, сайжруулсны үндсэн дээр Фэйсбүүк компанитай хамтарсан “Бид цахим иргэд” хөтөлбөрөө энэ сард нээгээд байна. Зургаадугаар сар хүртэл энэ хөтөлбөрийг онлайнаар үнэ төлбөргүй зааж, турших бөгөөд ирэх намраас БШУЯ-тай хамтарч багш нарыг бэлтгэх өргөн цар хүрээтэй хөтөлбөр эхлүүлэхээр төлөвлөж байна. 

Монголчууд интернэт, сошиал медиаг идэвхтэй хэрэглэдэг ч үүнийг дагаад цахим гэмт хэрэг, сөрөг хандлага, хуурамч мэдээлэл газар авч, хүмүүс одоо л цахим бичиг үсгийн боловсролын үнэ цэнийг ойлгож байна шүү дээ. Гэхдээ энэ нэг удаагийн сургалт, хичээлээр бий болчихдог зүйл биш, энэ бол насан туршийн боловсрол юм. Технологи өдөр өдрөөр шинэчлэгдэж, мэдээлэл маш хурдан хуучирч байна. Тиймээс бид ч дагаад тасралтгүй суралцаж, хөгжих шаардлагатай. 

Манай хамт олны хувьд монгол хүүхдүүдэд ямар агуулгыг, яаж заавал дижитал мэдлэг, ур чадваруудыг амжилттай эзэмшүүлэх вэ гэдгийг туршлагынхаа хүрээнд тодорхойлж, сайжруулаад явж байна. Урт хугацаандаа дижитал иргэн төлөвшихөд шаардлагатай суурь боловсрол, ур чадварыг ерөнхий боловсролын сургуулиудад системтэйгээр заадаг болгохын төлөө ажиллах болно. Үүнд бидэн шиг иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлүүдээс гадна төр, холбогдох яамны үүрэг, оролцоо чухал гэдгийг онцлохыг хүсэж байна. 

Бэлтгэсэн: Б.Уранзаяа

Хамгийн их уншилттай
1
2021.09.24
"Squid Game" кинотой холбоотой хамгийн хөгжилтэй 16 пост
2
2021.09.28
"Squid Game" киноны жүжигчин И Жон-жэгийн тухай 14 сонирхолтой баримт
3
2021.09.28
Габби Петитод юу тохиолдов? | Түүний хэргээс суралцах хортой харилцааны тухай 10 зүйл
холбоотой мэдээ
1
2021.09.09
Humans of UB | Хатгал тосгоноос Холын Америкт
2
2021.09.03
Digital Nation - 2021 | Цахим эриний дижитал иргэд
3
2021.08.20
Humans of UB | Хичээлийн шинэ жилийг мөн ч их хүлээсэн...
санал болгох
1
3 өдрийн өмнө
Энэ 7 хоногийн хөгжилтэй постууд: Сонгууль, Эрээний боомт, Юнител
2
3 өдрийн өмнө
UB.LIFE-ийн туршилт: Яг одоо хэдэн төгрөг зээлж чадах вэ?
3
3 өдрийн өмнө
Муур эзэнтэйгээ "эх үрийн холбоогоор" ээнэгшин дасдагийг судалгаагаар тогтоожээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
11
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.