Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Humans of UB | Сэтгүүлчид салбарынхаа тухай юу ярив?


“Сэтгүүлч хүн зам хөндлөн гарахдаа л замын нөгөө талд хэрхэн амьд очих тухайгаа боддог. Бусад үед үргэлж уран бүтээлийн санаа, шинэ содон нийтлэл нэвтрүүлгийн эрэл хайгуул хийж явдаг” гэж МУСГЗ, нэрт сэтгүүлч Д.Амбасэлмаа хэлсэн. Үргэлж бусдад хүртээмжтэй, өгөөжтэй бүтээл бэлтгэн хүргэх сэн гэж дотроо асч, шатаж явдаг хүмүүс бол сэтгүүлчид. Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна. Энэ өдрийн утга учир, сэтгүүлч мэргэжлийн үнэ цэнийн тухай сэтгүүлчид сэтгэгдлээ хуваалцлаа.

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн сэтгүүлч Б.Болд:

-Хуучнаар ЗХУ-ын Уралын Их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсөж ирснээс хойш 30 жил ажиллаж байна. Бидний үед сэтгүүлчдийг төрөлжүүлдэггүй, сэтгүүлч гэсэн нэг, ерөнхий гал тогоонд "чанадаг" байлаа. Биднийг төгсөх үед сэтгүүлчид спортын, телевизийн, радиогийн гэж төрөлжиж эхэлсэн. Харин бид ажиллах явцдаа жишээ нь, би анх улстөрийн, дараа нь эдийн засгаар, сүүлийн жилүүдэд экологийн сэтгүүл зүйгээр төрөлжих буюу дагнан бичиж ажиллаж байна. Тэр үеийг бодвол өнөөдөр мэргэжил нэгт нөхөд маань, ялангуяа залуу сэтгүүлчид өөрийн хүссэн төрлөөр мэргэших боломжтой болсон тул нэг сэдвээрээ дагнан бичиж байгаарай гэдгийг хэлье. 

Хэвлэлийн эрх чөлөөний тухайд манай улсад харьцангуй эрх чөлөө бий. Гагцхүү биднээс өөрсдөөс шалтгаалах, санаа зовоосон 2-3 зүйл байна. Нэгт, мэргэжлийн сэтгүүл зүйг шантаажны буюу сэтгүүл зүйн нэр төрийг нийгэмд унагаж буй мэргэжлийн бусаас ялгаж салгах хэрэгтэй.

Энд сэтгүүлчдийг сонины гал тогооноос эхлүүлэн мэргэшүүлж байх, мэргэжлийн үнэмлэх олгох зэргээр биднээс, сэтгүүлчдийн байгууллагаас хийх зүйл их. Мөн сүүлийн жилүүдэд мөнгөтэй, мөн мэргэжлийн бус хүмүүс Монголын сэтгүүл зүйд "орж ирж" сүйтгэж байна. Энэ бүхний төлөө бид л тэмцэж, хэлэхгүй бол өөр хэн ч дуугарахгүй ээ.

МҮОНРТ-ийн "Монголын мэдээ” сувгийн сурвалжлагч  Ц.Цасчихэр:

 
-Би шинэ төгсөгч. СУИС-ийн РТМУС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгсөөд хэвлэл мэдээллийн салбарт нэг жил ажиллаж байна. Шинэ үеийн төлөөллийн хувьд хэвлэлийн эрх чөлөөг хараат бус байдал гэж хардаг. Хэвлэлийн хүрээлэнгээс манай улсын хэвлэл мэдээллийн байгууллагын 70 орчим хувь нь улс төрөөс хамааралтай байдаг гэсэн судалгаа гаргасан байна. Надад энэ судалгаа үнэнд ойр санагддаг. Залуу сэтгүүлч бид ахмад үеэсээ үргэлж үлгэрлэж суралцаж явна. 

Шуурхай байдал маш чухал. Гэхдээ түүнээс илүү бодит, олон талын эх сурвалжтай баталгаат мэдээ л нийгмийн "талх" юм шүү гэж манай ахлах редакторууд сургадаг.

Ганцхан минутын мэдээ бэлтгэх гэж бүхэл өдөржин явах үе байдаг ч сэтгүүлч мэргэжил сайхан. Цаашид нийгмийн асуудал илүүтэй хөндсөн, бодит амьдрал сурвалжлахыг зорьж байна.


Өдрийн сонины эдийн засгийн тоймч Ц.Баасансүрэн:

-Сэтгүүл зүйн салбарт 19 жил болчихжээ, өнгөрсөн хугацаагаа хуруу дараад тоолсон чинь (инээв). Хүний амьдралын хувьд урт хугацаа юм шиг хэр нь гялалзаад өнгөрсөн байна. Би өөрийгөө өдөр тутмын сонины бүтээгдэхүүн гэж хэлэх дуртай. Сэтгүүлч болох гээд нийслэлийн төв хэвлэл “Улаанбаатар таймс” сонины хаалгыг татаж байсан тэр үе санаанаас гардаггүй юм. Тэр үед өнөөдрийнх шиг сэтгүүлч бүрийн өмнө компьютер гэж байсангүй. Намайг сэтгүүлчээр ажиллаж эхлэх үед манай сониныхон бүгд л нимгэн шаргал цаасан дээр гараараа “жирийлгэцгээдэг” байсан. 

Шинэхэн талхны үнэр ямар байдаг билээ. Яг түүн шиг зөөлөн таатай үнэр сонинд байдаг юм. Өглөө ажилдаа ирэхэд угтдаг тэр үнэрийг мартахын аргагүй. Магадгүй хэзээ ч мартахгүй байх аа. 

Өчигдөрхөн бичсэн мэдээ, нийтлэл, сурвалжилга, ярилцлага өмнө минь таатай үнэр сэнгэнүүлэн дэлгэгдэх тэр агшинг сэтгүүлч болж, энэ ажлын амтыг мэдэрсэн хүн л төсөөлнө. Гэхдээ өдөр тутмын сонин гэдэг их айлын босгыг алхсан хүн л үүнийг илүү тод мэдэрдэг байх гэж би боддог. Сэтгүүлчийн ажил дурлахгүй байх аргагүй эрчимлэг. Өдөр бүр өөр өөр хүнтэй уулзаж, элдэв өнгийн сэдвээр ярилцана, алхам бүрдээ л өөрийгөө хөгжүүлж явдаг онцлогтой мэргэжил.


EGUUR.MN сайтын Ерөнхий эрхлэгч Ж.Мядагбадам:


-Ардчилсан орны нэг давуу тал нь хэвлэлийн эрх чөлөө жинхэнэ утгаараа хөгжих боломжтой байдаг. Монгол Улс Хэвлэлийн эрх чөлөөний 2021 индексээр 68-д жагсаж байгаа. Сэтгүүлч хүн үүрэгтэй, хариуцлагатай, иргэнлэг, бусдын нэр төрд халддаггүй, шантааж хийдэггүй, сэтгүүл зүйг жам ёсоор нь хөгжүүлэх зүтгэлтэй байх ёстой. Энэ бидний үүрэг болоод байгаа. Манай салбар хөгжлийн шинэ үе дээрээ явж байна. Одоо бид илүү иргэний сэтгүүл зүй рүү шилжиж, контентийн ялгарал бий болгох ёстой. Үнэхээр сайн өөрчлөлт хэрэгтэй байна. Өөрчлөхийн тулд төрөлжилт бий болгох нь зүйтэй. 

Өнөөдрийн нийгэмд салбарын нэр хүнд улстөрчидтэй адил хэмжээнд зэрэгцээд уначихсан. Үүнийг хэн өөрчлөх вэ гэхээр итгэл үнэмшилтэй, түүнийхээ төлөө зоригтой дуугарах, сөрж зогсдог сайн редакц, чиглүүлэгч. Тэд сэтгүүлчдээ төлөвшүүлнэ, энэ маш чухал асуудал.  

Манай салбарт олон зовлон, жаргал бий. Сэтгүүлчид бага цалинтай. Үүний хэрээр болохгүй, буруу асуудалд орооцолдож байна. Ажил олгогчид сэтгүүлчийг ахуй хангамж тааруу нөхцөлд ажиллуулж ирсэн. Сүүлийн үед сэтгүүлчид хэвлэлийн эзэн, ажил олгогчид болж байна. Үүгээр цаг цагийн шинэ дуу хоолой буй болж, сэтгүүл зүйн салбарт сайн салхи орж байна гэж би хувьдаа боддог. Сэтгүүлч мэргэжил хайрлаж дурлаж чин зүрхнээсээ хийх ажил. Бусдын эрх ашгийн төлөө олон зүйлээсээ татгалзаж чаддаг байх ёстой мэргэжил. Манай сайт өнөөдөр буюу Хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр эрх чөлөө ярихаас илүү яагаад гажуудав, яагаад нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдөхөө болив, тэргүүлэх үүрэг хааччихав гэдэг асуудлуудыг хөндсөн байгаа. Бид салбараа нухацтай хараад, юу болохгүй байгааг дүгнээд явах цаг нь болсон. Үгүй бол энэ салбар медиа хөгжлийн хэрээр улам бүр тоогдохоо больж арчигдах эрсдэлтэй тулгарчихаад байгааг редакцууд маш сайн ойлгох хэрэгтэй байгаа.


Гэрэл зургийн MPA.MN агентлагийн гэрэл зурагчин Д.Занданбат:


-Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа сэтгүүлч, зураглаач, гэрэл зурагчдадаа дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг хүргэе. Би МУБИС-ийн сэтгүүл зүйн ангийн төгсөх курсийн оюутан. Сурахын хажуугаар гэрэл зургийн сурвалжлагчаар МPA.mn агентлагт хоёр дахь жилдээ ажиллаж байна. Сэтгүүлчээр суралцаж байгаа ч гэрэл зурагчнаар ажиллаж буйд зорилго бий. 

Хэвлэл мэдээллийн гэрэл зургийн хөгжил бол 86 жилийн түүхтэй гэж манай ахмад үеийнхэн хэлдэг. Харин өнөө цагийн хэвлэл мэдээллийн салбарын залуу сэтгүүлчид үүнийг учир дутагдалтай хараад байгаа нь ихээхэн анзаарагддаг.


Гэрэл зургийн ач холбогдлыг их, дээд сургуульд төдийлөн заадаггүйгээс үнэлэмж нь бага байж болох юм. Салбарын ах эгч, дүү нарыг бас үеийнхнээ хараад байхад хэвлэлийн гэрэл зургийн төрлөөр дагнах сонирхолтой хүн цөөн юм. Редакцууд хэвлэлийн гэрэл зургийг үнэлэх тал дээр учир дутагдалтай хандана. Ер нь гэрэл зураг авахыг их амархан ажил гэж боддог хүмүүс цөөнгүй. “Мянган үгийг бичих үү эсвэл мянган үгийг нэг зургаар илэрхийлэх үү” гэдэг үг бий. Манай агентлагийн гэрэл зурагчид өглөө эрт гараад өдөр 14.00-15.00 цаг хүртэл зургаа авч явсаар ажил дээрээ ирдэг. Гэрэл зурагчид өөрийн мэдрэмжээр уран бүтээл туурвиж байгаа. Сонин, сонирхолтой, содон агшинг буулгасан зургуудаа маш их хайрлаж, нандигнадаг. Гэтэл зөвшөөрөлгүйгээр авч ашигладаг тохиолдол олон гарна. Хэлэхээр оюуны өмч зөрчиж буйгаа мэддэггүй, хүлээн зөвшөөрөхгүй хандлага их. Гэтэл ганцхан зураг авахын тулд асар их хөдөлмөр зарцуулж байдаг.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.01.06
Humans of UB / Аутизмд хийсэн аялал
2
2023.11.23
Humans of UB | Уур амьсгалын өөрчлөлтөд эергээр нөлөөлсөн монгол хүүхдүүдийн түүх
3
2023.06.27
Humans of UB | Паркаа бүтээгчид
санал болгох
1
14 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин 2021.05.03 162.158.166.44

гэрэл зурагчин хүү ямар зөв бололтой юм бэ

0 Хариулах