Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Подкаст тойм | Вакцин эсэргүүцэгчдийн бодлыг юу өөрчилдөг вэ?


Цар тахлын эхэн үед тулгараад байсан нэн тэргүүний асуудал нь хэрхэн вакцин гаргаж авах тухай байв. Эрдэмтэд богино хугацаанд хэд хэдэн төрлийн вакциныг амжилттай гаргаж авсан ч АНУ-д олон арван сая хүн вакцин хийлгэхээс татгалзаж байгаа нь дараагийн том сорилт боллоо. 

Судалгаагаар вакцин хийлгэх хүсэлгүй байгаа хүмүүсийн ихэнх нь ерөнхийлөгчийн сонгуулиар Бүгд Найрамдах намаас нэр дэвшсэн Дональд Трампад саналаа өгөгсөд байв. Тиймээс олон нийтийн эрүүл мэндийн хэлтсийн зүгээс Трампад саналаа өгсөн, вакцин хийлгэх хүсэлгүй 20 хүнтэй цахим уулзалт хийж энэ тухай ярилцан тэднийг вакцин хийлгэхэд ятгах туршилт явуулжээ. Тус туршилтыг хөтлөн явуулсан Франк Лунцын This American Life подкастад өгсөн ярилцлагыг тоймлон хүргэж байна.

Франк Лунцын хувьд барууны үзэлтэн бөгөөд ярих болон ятгах чадвараараа бусдад гайхагддаг нэгэн юм. Тэр энэхүү туршилтаараа бодит баримт болон хүний төрөлх сэтгэл хөдлөлийг ашиглан тоглолт хийхээр бэлтгээд байв. Туршилтад оролцогчдын бодлыг өөрчлөхөд хамгийн их нөлөөлсөн гурван хүчин зүйлсийг Франк нэрлэжээ. 

Юун түрүүнд вакцин хийлгэхээс татгалзаж буй хүмүүсийн шалтгааныг маш сайн сонсох хэрэгтэй. Түүний дараа тэдгээр шалтгааны үндэслэл нь хангалтгүй гэдгийг батлан харуулах баримтуудыг тайлбарлах явдал. Туршилтын үед Америкийн халдварт өвчин, нийгмийн эрүүл мэндийн доктор Томас Фриден дархлаажуулалтад хамрагдах дараах таван үндэслэлийг хэлсэн нь хүмүүст ихэд хүрчээ.

  • Нэгдүгээрт, хэрэв та вирусийн халдвар авбал таны бүх биеэр вирус тархан үлдэх ба урт хугацаандаа вакцинаас илүү хор хөнөөлтэй юм. 
  • Хоёрт, вакцин таны дархлааны системийг дэмжээд л таны биеэс бүрэн гадагшилна. 
  • Гуравт, судалгаагаар эмч нарын 95% нь өөрт олдсон эхний вакциныг нэн тэргүүнд хийлгэсэн. 
  • Дөрөвт, бид олуулаа вакцин хийлгэж байж л хэвийн амьдралдаа эргэн орж, эдийн засгаа хөгжүүлэн ажил хөдөлмөрөө эрхлэх боломжтой болно. 
  • Тавд, та вакцин хийлгэснээр ковидоос болж амиа алдах магадлалтай 100,000 хүний амийг аварч чадах юм.

Дээрх таван шалтгаан нь вакциныг эсэргүүцэгчдийн бүхий л шалтгаанд хариу өгч чадсан байна. 

Үүний дараа Америкийн улстөрч Крис Кристи өөрөө ковид туссан түүхээ хуваалцсан нь хүмүүст ихэд нөлөөлжээ.  

"Би өөрийн туулсан ковидтой холбоотой гурван түүхийг та бүхэнтэй хуваалцъя. Эндээс ямар дүгнэлт хийх нь хүн бүрийн хувьд чөлөөтэй. Би АНУ-ын хамгийн аюулгүй газар гэгдэх Цагаан ордноос ковидын халдвар авсан. Тухайн үед өдөр болгон ордон руу орохдоо шинжилгээ өгдөг байлаа. Шинжилгээний хариу ч үргэлж сөрөг гардаг байв. Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээнд бэлдэх үеэр долоон хүн дөрвөн өдрийн хугацаанд 16 цаг хамтдаа байж таарсан юм. Хоуп Хикс, Келлианни Конвей, Билл Степиен, Стефен Миллер болон Ерөнхийлөгч бид хоёрыг оролцуулаад нийт 6 хүн коронавирусийн халдвар авсан. Хүнд, хөнгөн өвдөх эсэх нь хүн бүрд харилцан адилгүй байсан бөгөөд би тэдний дундаасаа хамгийн хүнд өвдөж, хамгийн удаан эмнэлэгт хэвтсэн нь юм.

"Дараагийн хүнд өвдсөн хүн нь Ерөнхийлөгч байсан бол түүний дараа бидний дундаас хамгийн залуу, эрүүл чийрэг биетэй нь болох Хоуп Хикс байж таарав. Тэрбээр 30 гаран настай бөгөөд өдөр бүр 7-8 км гүйж өөртөө анхаарал тавьдаг нэгэн юм. Хоуп 10 хоногийн дотор эдгэж дээрдсэн боловч амьдралдаа анх удаа л ингэж хүнд өвдөж байна гэж хэлсэн юм."

Өөр нэгэн тохиолдол гэвэл манай үеэл 64 настай эмэгтэй ковидоор өвчилсөн. Яахав үеэл маань тамхи татдаг байсан л даа. Эхэндээ бие нь хэвийн байсан ч удалгүй эмнэлэгт хэвтсэн. Харин түүний нөхөр элдэв муу зуршилгүй, 63 настай хөнгөн шингэн эр байсан юм. Нью-Жерси дэх усан онгоцны зогсоол дээр идэвхтэй ажилладаг нэгэн. Эхнэрээсээ халдвар авснаар тэр хоёр эмнэлэгт хамт хэвтсэн. Харамсалтай нь, хоёрхон долоо хоногийн өмнө тэд хоёулаа өөд болсон."

Энэхүү түүхийг хуваалцсаны дараа хүмүүс ихэд гайхшрав. Бид ихэвчлэн сайн сайхан яваагаа л бусдад харуулахыг зорьдог ч өвчин зовлонтой хэцүү үеэ хүмүүст харуулах дургүй байдаг билээ. Гэтэл хүмүүсийн бодит түүх бусдад нөлөөлөх нь элбэг байдаг ажээ. 

Дээрх туршилтад оролцогчдын нэг сэтгэгдлээ хуваалцсан нь бусдынхаа бодлыг өөрчлөхөд мөн нөлөөлжээ.

Сью: Энэ цахим уулзалтаас ойлгосон зүйл нь бид иймэрхүү чухал асуудал дээр төр засагтай холбоотой эсэргүүцлээ хойш нь тавиад цэвэр шинжлэх ухааны өнцгөөс харах хэрэгтэй гэж бодлоо. Улстөрч хүн хэчнээн үнэн зүйл ярьсан ч бидэнд худал юм шиг санагддаг шүү дээ. Харин энэ шүүмжлэлт сэтгэлгээгээ цар тахалтай холбоотой асуудал дээр түр унтраах хэрэгтэй болов уу. Би өөрөө эмзүйч хүн л дээ. Мерк компанид өмнө нь ажилладаг байсан, тэдний бүх вакцин сайн гэдгийн мэднэ. 

Гол эргэлзсэн зүйл маань засгийн газрын үйл ажиллагаа өдийг хүртэл биднийг зөв тийш нь хөтлөөгүй байхад дахиад яаж тэдний хэлснийг дагах вэ л гэдэгт байсан юм. 

Тэгэхээр энэ хандлагаа түр орхиод цэвэр анагаах ухааны өнцгөөс хараад үзэхэд бүх зүйл өөр санагдаж байна" гэсэн юм.

Бодит амьдрал дээр бид эргэн тойрны хүмүүсээ ухамсаргүйгээр даган дуурайх хандлагатай байдаг. Дээрх туршилтын дараа бодлоо өөрчилсөн хүмүүс үзэл санаагаа илэрхийлэхэд бусад нь ч тэднийг дагах боломжтой юм. Түүнтэй адил вакцин хийлгэх нь эргэн тойрны чинь хүмүүст энгийн үзэгдэл болж хувирвал танд ч бас энэ нь энгийн мэт санагдаж эхлэх болно.

Дээрх туршилт нь хоёр цагийн турш өрнөсөн бөгөөд эцэст нь 20 хүний бодлыг өөрчилж чадсан юм. Магадгүй нийгэмд тархсан зарим “буруу” хандлагууд нь хүнээс илүүтэйгээр тэдэнд очиж буй мэдээллийн урсгалаас шалтгаалж буйг энэхүү туршилтаас харах боломжтой юм.

Дээрх подкастыг бүрэн эхээр нь сонсох бол энд дарна уу.

Хамгийн их уншилттай
1
2021.09.24
"Squid Game" кинотой холбоотой хамгийн хөгжилтэй 16 пост
2
2021.09.28
"Squid Game" киноны жүжигчин И Жон-жэгийн тухай 14 сонирхолтой баримт
3
2021.09.28
Габби Петитод юу тохиолдов? | Түүний хэргээс суралцах хортой харилцааны тухай 10 зүйл
холбоотой мэдээ
1
2021.09.27
The Media Show | Д.Нарантуяа - Редакцийн зурвас
2
2021.06.17
Фэйсбүүкт ирэх 7 хоногоос подкаст оруулах боломжтой болно
3
2021.04.12
Санал болгох: Яг одоо сонсууштай шинэ содон 6 подкаст
санал болгох
1
3 өдрийн өмнө
Энэ 7 хоногийн хөгжилтэй постууд: Сонгууль, Эрээний боомт, Юнител
2
3 өдрийн өмнө
UB.LIFE-ийн туршилт: Яг одоо хэдэн төгрөг зээлж чадах вэ?
3
3 өдрийн өмнө
Муур эзэнтэйгээ "эх үрийн холбоогоор" ээнэгшин дасдагийг судалгаагаар тогтоожээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
6

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.