Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Ажлын хүрээнд хэрхэн зохистой магтаж, магтуулах вэ?


Ахлах ч бай, туслах ажилтан ч бай нэгнээ магтаж, магтуулах нь ажлын байранд эрүүл харилцааг үүсгэхэд чухал ач холбогдолтой. Магтаалыг зөвөөр хэрэглэж чадваас хамтран ажиллаж буй нэгнийхээ үнэ цэнийг мэдрүүлж, урам зоригоор тэтгэх болно. Харин буруугаар эргэвэл аль нэг тал нь эвгүй байдалд орж болзошгүй юм. Заримдаа магтаал хэлэх нь шүүмжлэхээс ч илүү төвөгтэй ажил шиг санагддаг. Судалгаагаар магтаал хэлсэн болон хүлээж авсан хүмүүсийн 70% нь эвгүй, тухгүй байдалд орж байсан удаатай гэжээ. Тиймээс ажлын орчинд магтаал хэлэх болон хүлээн авахдаа хэрхэн эерэг сэтгэгдэл үлдээх талаар дараах зөвлөмжүүдийг өгч байна.

Магтаалыг хүлээн авах

Хэн нэгэн таныг магтах үед хүлээн авч сурах хэрэгтэй. Тэдний хэлсэн зүйлтэй санал нийлж буй эсэх чинь тийм ч чухал биш бөгөөд хэн нэгэн таны талаар төрсөн эерэг сэтгэгдлээ л хуваалцаж буй хэрэг юм. Тиймээс магтаал гэдэг нь магтаалыг хэлж буй нэгний үзэл бодол учраас эелдгээр “баярлалаа” гэж хэлэх нь зөв. Магтаалын хариуд өөрийн мэдэлгүй тохиромжгүй наргиа хийж хэлсэн зүйлийг нь үгүйсгэсэн тохиолдолд араас нь “өршөөгөөрэй, би магтаал хүлээн авч сурч байгаа” гэж хэлж болно.Магтаалын хариуд хэлж болох үгс:

  • Хичээл зүтгэлийг минь үнэлсэнд баярлалаа.
  • Бодлоо хуваалцсанд баярлалаа.
  • Ийм бодолтой байгаад талархлаа.

Хэрэв танд ирсэн магтаал өөр хүнд очих ёстой мэт санагдвал:

  • Баярлалаа, гэхдээ энэ төслийг Ананд хариуцан ажилласан юм. Сэтгэгдлээ түүнтэй хуваалцсан нь зөв байх.
  • Бодлоо хуваалцсанд талархлаа, гэхдээ энэ ажлыг Ариунаа гүйцэтгэсэн юм. Түүнтэй таарахаараа дамжуулж хэлье.

Хэрэв тухайн ажлыг багаараа хийсэн тохиолдолд магтаалын хариуд багийнхнаа дурдаж болох юм. Харин та багийн ахлагчаар ажилласан бол таны удирдах ур чадварыг онцлон магтсан байж болно. Эс бөгөөс магтаалын хариуд нь “Үнэхээр их баярлалаа. Манай багийнхан өнгөрсөн хугацаанд маш их хичээж ажилласан. Тэдэнтэй уулзахаараа таны хэлсэн үгсийг дамжуулах болно оо” гэж хэлэх хэрэгтэй. Магтаалд зөвөөр хариулах дадал зуршлыг төлөвшүүлэхийн тулд тодорхой хэмжээний хугацаа, хүчин чармайлт орох нь дамжиггүй. Тиймээс өдөр тутамдаа хэрхэн хариу үйлдэл үзүүлж буйгаа анхаарч, давтах нь зүйтэй.

Магтаалын үг хэлэх

Ажил эрхлэгчдийнхээ ур чадварыг анзаарч, хэрэгтэй үед нь зөв үгийг хэлэх нь жинхэнэ удирдагч хүний зайлшгүй эзэмших чадварын нэг билээ. Нөгөө талаас адил тэнцүү албан тушаалтай нэгэнд ч урам зориг өгөх, магтаалын үгсийг хэлэх нь ажлын байрны уур амьсгал хийгээд ерөнхий үр бүтээмжид тодорхой нөлөөг үзүүлэх нь бий. Тиймээс хэн нэгэнд магтаалыг үг хэрхэн яаж хэлэх талаар дараах зөвлөмжийг хүргэж байна.    Үнэн сэтгэлээсээ магтах

Хэн нэгнээс ямар нэгэн зүйл гуйхын өмнө, шүүмжлэхийн өмнө эсвэл алдаа гаргасных нь дараа сэтгэлийг нь дэмжих зорилгоор магтаалыг ашиглах нь тохиромжгүй. Үнэн сэтгэлээсээ л биш бол ямар ч сайхан үгийг хэлсэн тухайн хүнд сайнаар хүрэхгүй. Ер нь ямар ч үгсийг худал сэтгэлээс хэлэхэд хүмүүст мэдрэгддэг бөгөөд таныг ерөнхийдөө л худалч нэгэн гэж ойлгож мэднэ. Тиймээс магтаалыг хэлэх ёстой мэт санагдсандаа бус, тухайн хүний хийсэн зүйл сэтгэлд чинь хүрсэн тохиолдолд л илэрхийлж гаргах хэрэгтэй.

    Тодорхой магтах

Магтаал хэлснээрээ тухайн хүнийг төөрөгдөлд оруулах хэрэггүй. “Үнэхээр сайн байлаа!” гэхийн оронд яг юу нь сайн санагдсан талаараа хэлэх. “Маш их бахархаж байна!” гэхийн оронд яг ямар үйлдлийг нь хараад бахархсан талаараа хуваалцах. Магтаалыг дэлгэрэнгүй нарийвчлан хэлснээр тухайн хүнд элдэв янзын эргэлзсэн бодол төрүүлэхээс зайлсхийх юм. Тухайн хүн яг яагаад магтаал хүлээн авснаа мэдэх хэрэгтэй шүү дээ.

Бүрхэг магтаал: Уулзалтын тэмдэглэл хөтөлсөнд баярлалаа. Чи ч мундаг шүү.

Тодорхой магтаал: Чи үг үсэггүй сайн бичиж, тэмдэглэдэг учраас сэтгэл амар уулзалтдаа анхаардаг шүү, баярлалаа.

    Үр дүнгээс гадна үйл явцад анхаарах

Зөвхөн ажлын үр дүнг л чухалчилснаар тухайн хүнд дараа дараагийн ажлыг ч бас адилхан төвшинд хийх ёстой гэсэн дарамт учруулах магадлалтай. Тиймээс ажлын явцад гаргаж буй хүч хөдөлмөр, хичээл зүтгэл болон цаг хугацааг нь ч хүндэтгэн сайшаах хэрэгтэй. Мөн тухайн хүний хийж бүтээсэн зүйл өөрт тань ямар их бодитой нөлөөг үзүүлсэн болохыг хуваалцах нь зөв юм.

Эх сурвалж: Harvard Business Review

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
7 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
8 цагийн өмнө
Түүхэн хүмүүс яг үнэндээ ямар харагддаг байсан бэ?
санал болгох
1
11 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.