Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

THE MAN STANDING NEXT кино ревью | Tegshee’s Movie Corner


“Дэргэд зогсож буй хүн” (The Man Standing Next) кино эхлэхдээ л “Энэ кинонд 1979 оны аравдугаар сарын 28-ны өдөр гарсан ерөнхийлөгчийн амь насыг бүрэлгэсэн хэргийн талаар өгүүлнэ” гэсэн бичиг гарч үндсэн өрнөл байтугай киноны төгсгөлөө ч илчилж орхидог. Ерөнхийлөгч гэдэг нь 1962-1979 оныг хүртэл өмнөд солонгос улсыг 18 жил тасралтгүй засаглаж, эцэстээ цэргийн дарангуйлал тогтоосон түүхэн хүн Пак Жон Хый юм. Пак ерөнхийлөгчийн амь насанд халдсан энэ хэрэг солонгосын түүхийн эгзэгтэй цэг, хувь хүний цадиг түүхийн эмгэнэлт төгсгөл билээ. Харин солонгосчуудын хувьд сонирхолтой байж болох ч олон улсын үзэгчдийн хувьд төдийлөн хамааралгүй, нэгэнт тодорхой болсон солонгосын улс төрийн хэрэг явдлыг хөндсөн киног үзээд сэтгэл хангалуун үлдэх нийтлэг үнэ цэнийг “Дэргэд зогсож буй хүн” кино бүрдүүлж чадсан болов уу гэдэг л үзэгч бидэнд сонин.

Миний хувьд “The Man Standing Next” киног сонирхож үзэх эхний шалтгаан найруулагч Ү Мин Ху байв. “Дэргэд зогсож буй хүн” кино 1970-иад оны улс төрийн өндөр албан тушаалтны замналыг харуулж, үйл явдал “хөх ордонд” голчлон өрнөдөг бол найруулагчийн өмнөх кино “The Drug King”-д он цагийн хувьд яг адил цаг үед Бусанд жижиг гарын хууль бус наймаалагчаас хар тамхины хил дамнасан том сүлжээний эзэн болсон И Ду Сам хэмээх бодид дүрээр дамжуулан солонгосын нийгэм “гудамжинд” хэрхэн өрнөж, гэмт бүлэглэл хуулиас гадуур хэрхэн цэцэглэж байсныг харуулдаг. Ү Мин Ху найруулагчийн дараалсан хоёр кино солонгосын нийгмийн ижил цаг хугацааг эсрэг тэсрэг, хоёр өөр өнцгөөр харуулсан нь сонирхолтой давхцал. Найруулагч “The Drug King” киноныхоо талаар “энэ киноны гол дүрийг гаргахдаа анхнаасаа “Narcos” олон ангит юм уу, эсвэл “The Godfather”, “Scarface” зэрэг алдартай кинонуудтай адил байлгахыг зориогүй, энэ төрлийн агуулга, жанрт хашигдалгүй жинхэнэ солонгос дүр, үнэн мэдрэмжийг дэлгэцэнд хэрхэн буулгахыг л чухалчилсан” гэж хэлсэн байдаг. Нээрээ л “Parasite”, “Memories of Murder” зэрэг киноны дүрүүдээрээ алдаршсан жүжигчин Сун Кан-хугийн бүтээсэн “Drug King” хууль бус засаглалынхаа оройд залран бүхнийг хянаж байдаг барууны ижил агуулга бүхий киноны зэвүүн дүрүүдээс ондоо, өөрийнхөө ертөнцийн эрх мэдлийн оройд хүрсэн ч мөлжүүлсээр, дарамтлуулсаар байдаг нэг л золгүй дүр. Ү Мин Ху найруулагч “Scarface”-ийн солонгос хувилбарыг бүтээх биш анхнаасаа л оригнал солонгос кино бүтээнэ гэж зорьсон нь “The Drug King” киноны чансааг илтгэдэг. 

Орчин цагийн солонгосын улс төрийн бохир тоглоом, хэвлэл мэдээлэл, хуулийн байгууллагыг хамарсан авилгалын сүлжээг улс төрч, сонины эрхлэгч, прокурор, улс төрийн бохир ажлыг гардан гүйцэтгэгч гэсэн дүрүүдийн зөрчилдөөнөөр туйлын хурц хөндсөн Ү Мин Ху найруулагчийн “Inside Men” хэмээх кино нь солонгост 16 наснаас дээш үзэгчдэд зориулсан буюу R rated ангиллалын киноны хувьд кинотеатруудаас хамгийн их ашиг олсон дээд амжилтыг өдгөө ч хадгалсаар байна.

“Inside Men”, “The Drug King”, “The Man Standing Next” хэмээх Ү Мин Ху найруулагчийн дараалсан эл гурван киног “эрх мэдлийн трилоги” гэх нь бий. Ер нь Ү Мин Ху улс төрийн драм (political dram) төрлөөр амжилттай дагнан мэргэшиж буй кино найруулагч гэж болно. Тиймээс ч түүний шинэ кино “Дэргэд зогсож буй хүн”-ийг үзэх хүсэл айхавтар гозолзож байлаа. Ихэнх үзэгчийн хувьд найруулагчийн өмнөх чансаатай бүтээлүүдээс илүү “Дэлгэцэнд зогсож буй хүн” нь жүжигчин И Бён Хун байсан нь эл киног сонирхон үзэх хангалттай шалтгаан юм.

И Бён Хун тухайн үед солонгосын тагнуулын төв газрын (СТТГ) дарга, ерөнхийлөгч Пак Жон Хыйн итгэлт нөхөр байснаа эцэст нь ерөнхийлөгчийн амь насыг хөнөөсөн  Ким Жэ Гю хэмээх бодит хүний дүрийг бүтээсэн юм. Сэтгэлзүйн хувьд тал тал тийш чангаасан байнгын эргэлзээ, шинэ тутам өрнөх эгзэгтэй нөхцөл байдлын ацан шалаанд ээрүүлсэн зөрчилтэй дүр “Ким захирал”-ын дүрийг И Бён Хун өөгүй гаргасан. Кино эхлээд удалгүй “Эр хүн зантай байдаг бол улс орон нэр төртэй байдаг юм” хэмээх үгээс Кимийн байр суурь мэдрэгдэнэ. 

“The Man Standing Next” гол өрнөлдөө хүртлээ солонгосоос гадна вашингтон, парис зэрэг хотуудад үйл явдлууд зэрэг зэрэг хурдтай өрнөж үзэгчдийн толгойг чамгүй эргүүлэх ба  Ерөнхийлөгч Пак, СТТГ-ийн дарга Ким хоёрын дунд улс төрийн гол тулаан өрнөж, бусад үйл явдал, дүрүүд энэ хоёрын аль нэгний талд үйлчилж байгааг урьдчилаад харчихвал үйл явдлын өрнөлийг дагах тийм ч ярвигтай биш. 

Кино эхлэхээс л зураг авалтын байрлалууд, жүжигчдийн хувцас хэрэглэл сэлтээс киноны хийц, засал өндөр түвшинд хийгдсэн нь мэдрэгдэж өөрийн эрхгүй нүд баясгана. Үзэгчид хэдий түүхэн үйл явдлыг кино эхлэхэд л мэдчих мөртлөө тэрхүү үйл явдалд хөтлөсөн учир шалтгаан, тэр үйлийг хийсэн хүмүүсийн сэтгэлзүйн байдал, хоорондын харилцаа, дотоод зөрчлийг мэдэхгүй. Энэ мэдэгдээгүй орон зайг гүйцээхдээ дүрүүдийн зорилго, санааг ил тод харуулалгүй улс төр, нийгмийн эгзэгтэй нөхцөл байдал, шийдвэрүүд дунд нь үлдээснээр үзэгчид киноны өрнөл дундуур дүрүүдтэй хамт урагшлахдаа дүрүүдийн ярвигтай сэтгэлзүй, зөрчил, түгшүүрийг өөрсдөө оюун санаандаа босгож бүтээх “ажил”-ыг үзэгчдэд өөрсдөд нь оноосноор кино ихэд сонирхолтой болжээ. Киноны өөгүй хийц, түгшүүртэй уур амьсгал ч энэ зорилгод чадамгай үйлчлэнэ. 

Киноны төгсгөлийн “гол үйл явдал”-ыг нэг үргэлжилсэн кадраар үзүүлсэн нь эл түүхэн хэрэг явдлыг үзэгчид эгээ л дэргэдээс нь харж буй мэт бодитой сэтгэгдэл төрүүлэхүйз зураглаачийн сайн шийдэл болсныг зайлшгүй дурдах хэрэгтэй. “Дэргэд зогсож буй хүн” эл шалтгаануудаар бидэнд төдийлөн хамаагүй солонгосын түүхийн үйл явдлыг цааш ухаж сонирхож үзэх хүсэл өдөөтөл чансаатай хийгдсэн кино болжээ. 

Ерөнхийлөгч Пак Жон Хыйгийн амь насанд халдах оролдлогууд өмнө хэд хэд гарч байсан бөгөөд 1974 оны 8 сарын 15-нд ерөнхийлөгчийн амийг хөнөөх оролдлого буруугаар эргэж эхнэр Юк Ён Сүгийнх нь аминд хүрсэн юм. Тийнхүү ерөнхийлөгч хоёр охин, нэг хүүтэйгээ бэлэвсэрч үлдсэнээс том охин Пак Гын Хэ нь хожим улс төрч болж 2012 оны сонгуулиар солонгосын түүхэнд анхны эмэгтэй ерөнхийлөгчөөр сонгогдсон түүхтэй.


Ү Мин Ху найруулагчийн “The Man Standing Next” киног Univision видео сангийн “Toki-той кино” цэснээс үзэж, сонирхолтой кино үзэхийн хажуугаар бэлгийн эзэн болох боломжтой шүү.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
2
10 цагийн өмнө
61 нас хүрсэн Квентин Тарантиногийн АМЬДРАЛЫН ДҮРЭМ
3
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
7 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.