Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Дарамт шахалтын 5 төрөл VS хэрхэн тэмцэх вэ?


Хүн бүхэнд л "хөгийн" ааш гаргах үе байдаг. Нийгмийн энэ олон асуудал дунд үргэлж сайхан ааштай явах нь бүтэшгүй зүйл юм. Хааяа бид уур бухимдлаа хажуу ойр дотны хүмүүстээ төдийгүй огт танихгүй нэгэнд хүртэл "цутгаж" орхидог. Харин энэ байдал олон давтагдвал та тэдний хувьд "дарамтлагч" болж хувирах эрсдэлтэй. Судлаачдын үзсэнээр эерэг зан чанаараас сөрөг авир нь эргэн тойрны хүмүүст халдварлахдаа хурдан, бас хүний ааш араншинг өөрчлөхөд илүү хүчтэй нөлөөлдөг гэжээ. 

Тэгвэл bully буюу дарамт гэх ойлголтод юу багтдагийг уншигчдадаа тайлбарлан хүргэж байна. Магадгүй бид үүнийг мэддэггүй, үүнээс болж санамсаргүйгээр бусдыг дарамтанд оруулдаг байж мэдэх юм. 

Байр сууриар далайлган дарамтлах

Эрх мэдэл, албан тушаал, санхүү гэх мэт нийгмийн байр сууриа давуу тал болгон ашиглаж, бусдыг сүрдүүлж дарамтлахыг хэлнэ. Тухайлбал, удирдах албан тушаалтан доод албан тушаалтнаа, хуулийн мэдлэгтэй хүн мэдлэггүй нэгнийг эсвэл санхүүгийн давамгай байдлаараа бусдыг сүрдүүлэх, хэцүү байдалд оруулах зэргээр илэрнэ. Зарим тохиолдолд багш нь сурагчаа, эцэг эх нь хүүхдээ өөрөө ч мэдэлгүй сэтгэлзүйгээр дарамтлах нь бий. Энэ үед дарамтад орсон хүмүүс үзэл бодлоо, өөрт төрж буй мэдрэмжээ нээлттэй илэрхийлж, дахин ийм нөхцөл үүсэхээс урьдчилан сэргийлэх боломжтой. 

Үг хэлээр дарамтлах

Хэл яриа гэдэг хүний сэтгэл зүрхэнд хурц үзүүртэй зүү шиг л хүрдэг. Байнга шүүмжилж, доог тохуу хийн, дайсагнасан өнгө аясаар харьцах нь хэн нэгнийг дарамталж буй үйлдэл юм. Хүйс, арьс өнгө, бэлгийн чиг хандлага гэх мэт байгалиас өгөгдсөн хувь хүний онцлог шинжийг доромжлох, хочлох нь мөн л дарамталж буй хэлбэр билээ. 

Шууд бусаар дарамтлах

Хамгийн үл анзаарагдам, зальтай байдлаар хэн нэгнийг дарамталж буйг “Passive-aggressive bully” гэж нэрлэдэг. Ийм дарамтлагчид гаднаасаа инээсэн, сайхан аашилсан нэгэн байх боловч цаагуураа бусдыг доош нь хийж, муулж, ёжилдог. Бусдын тухай хов жив, хүсээгүй хошигнол болон ёжтой үгсийг хөгжилдөх зорилгоор хэлэх нь гэмгүй мэт санагдах ч үнэн хэрэгтээ дарамт юм. 

Цахим орчинд дарамтлах

Хүмүүс ихэвчлэн нүүр тулаад хэлж чадахгүй, хийх боломжгүй зүйлсээ цахимаар үйлдэх гэж оролддог. Цахим дарамтлагчид хүмүүсийг хаана ч, хэзээ ч дарамтлах боломжтой байдаг нь хамгийн хэцүү юм. Чат, сэтгэгдэл, риакшин (reaction) зэрэг насанд хүрсэн, сэтгэлзүйн хувьд тогтвортой хүнд ч хүндээр тусдаг.

Биеийн хүчээр дарамтлах

Зодохгүй ч гараа нударгалан заналхийлэх, юм шидэх, бэлгийн хүчирхийлэл зэрэг таны биед халдсан ямар ч төрлийн үйлдэл нь энэ ангилалд багтана. 


Хөнгөн хэлбэрийн дарамттай хэрхэн тэмцэх вэ?

Дюкийн их сургуулиас явуулсан судалгаагаар бусдыг дээрэлхэж, дарамт учруулагчдын ихэнх нь багадаа дарамтад өртсөн хүмүүс байдаг гэнэ. Хүүхэд байхдаа туулсан хар бараан дурсамж нь сэтгэлзүйн шарх үүсэх шалтгаан болдог бөгөөд даамжирвал өөртөө төдийгүй бусдад гэм хор учруулах эрсдэлтэй юм. Бодит байдал дээр дээрэлхүү зантай хүмүүс өөртөө дургүй учраас бусдыг дарамталж өөрийгөө "мундгаар" мэдэрдэг байна. Тэгвэл ийм хүн хэрхэн харьцах талаар дараах зөвлөгөөг хүргэж байна. 

1. Харах өнцгөө өөрчлөх

Хүүхэд байхдаа хэцүү амьдралыг тууллаа гээд бид дээрэлхүү нэгнийг өрөвдөж өршөөх ёстой юу? Яг ч тийм гэсэн үг биш л дээ. Тухайн хүн яагаад ийм үйлдэл гаргах болов гэдгийг мэдсэнээр түүний гаргаж байгаа зан авир, үйлдэлд нь хэт их эмзэглэхээ болино. 

2. Зөв үедээ ухрах

Таныг яаж, хэр олон давтамжтайгаар дарамталж буйгаас хамаарч хариуд нь ямар үйлдэл гаргахаа шийдэх хэрэгтэй. Хэрэв тэр хүн хааяа ажлын байран дээр эсвэл жилдээ ганц нэг гэр бүлийн цугларалт дээр онцгүй ааш гаргадаг бол тухай бүрд нь зайгаа барьсан нь л дээр. Зарим зүйлийг зүгээр л хажуугаараа "өнгөрөөх" нь сэтгэлд амар тусдаг.

3. Эерэгээр тэмц

Оддын дайн киноны Жидай оюун санаагаа ашиглан бусдын бодол санааг хүслээрээ өөрчилдөг. Түүнтэй адил дээрэлхүү нэгний бодлыг ч өөрчилж болох юм. Тэр хүн сайн сайн хандаж, хэлж буй өөдгүй үгсийг нь тоглоом шоглоом болгосноор тэдний зан авир аяндаа засарч болно. 

Хүнд хэлбэрийн дарамттай тэмцэх арга

Хэрэв хэн нэгний дарамт шахалт бүхий л амьдралд тань сөргөөр нөлөөлж эхэлбэл илүү нухацтай бодож, оновчтой шийдвэр гаргах хэрэгтэй. 

1. Гарц хайх

Хурцадмал хэлбэрийн дарамт шахалтаас ухамсартайгаар холдох нь л хамгийн зөв арга. Нэг ширээнд зэрэгцэж суудаг бол байрлалаа солих, хөрш бол бол тааралдах, ярихаас зайлсхийхийг хичээгээрэй. Тэднийг амьдралаасаа холдуулж, танд хүрэх боломжгүй болгох нь чухал.

2. Тохиолдол бүрийг баримтжуулах

Юун түрүүнд, тухайн хүн танд ямар дарамт үзүүлж буйг батлах баримт хэрэгтэй. Хэрэв ажлын байранд болсон явдал бол байгууллагын дотоод журмыг шалгаад үз. Дарамтад өртсөн тохиолдолд хэрхэн яаж, хэнд мэдэгдэх тухай заавар байж магадгүй юм.

Дарамтад өртсөний дараа яг юу болсныг нарийвчлан бичиж тэмдэглэх, хэлсэн үг бүрийг нь буулгаж үлдээх. Хажуугаар гэрч явж өнгөрсөн, камерт бичигдсэн эсэхийг нягтлах. Шүүх цагдаад гомдол гаргахад хэрэглэгдэж болох зураг, дууны бичлэг, и-мэйл гэх мэт баримт нотолгоо болох бүхий л зүйлийг цуглуул. Эцэст нь зөв гэж бодсон цагтаа бүхнийг дэлгээрэй. Дарамтлагч нэгнийг үйлдлээ үгүйсгэж чадахгүй болтол нь баримт, нотолгоог бүрдүүл.

3. Хамтдаа тэмцэх

Бусдыг дарамтлагчид үйлдлээс олон удаа давтан хийх магадлалтай гэж судлаачид үзжээ. Тиймээс дарамтад өртсөн хүмүүс хамтран тэмцэх нь ганцаараа тэмцэхээс илүү үр дүнтэй. Аль болох олон хүн дуу хоолойгоо хүргэх нь тухайн үйлдэл болсон гэдгийг гэрчлэх хамгийн үр дүнтэй арга юм.

Цахим дарамттай тэмцэх арга 

1. Шууд хариулах хэрэггүй

Хүмүүс цахимаар хэн нэгнийг уурлуулж, тохуурхаж эцэст нь хариу ирэхийг хүлээж, түүнд нь баясдаг. Хэрэв хэн нэгэн таны зураг, постны доор сөрөг сэтгэгдэл үлдээсэн бол тэр дор нь хариу өгөх хэрэггүй. Харин түүнээс хойш цагийн дараа ч юм уу, тайвширсныхаа дараа яахаа шийдээрэй. Энгийн тайван байдлаа харуулж, эвтэйхэн хариу үлдээх нь цахим дарамтын эсрэг зөв хамгаалалт юм. 

2. Хадгалж авах

Цахим орчин дарамт үзүүлж буй хүн өөрийн хийсэн үйлдлээ устгахыг оролддог. Тиймээс үүнээс урьтан баримтжуулж авах хэрэгтэй. 

3. Репорт хийж, блоклох

Нийгмийн сүлжээнд зохисгүй авирласан хүнийг мэдэгдэж хаягийг нь хаалгах буюу report хийх цэс байдаг. Ер нь цахим орчинд худал мэдээлэл тараасан, бусдыг доромжилсон, нэр хүндэд нь халдсан аливаа үйлдлийн хажуугаар зүгээр өнгөрөх, эсвэл сэтгэгдэл бичиж тэмцэхийн оронд репорт хийж орхи. Энэ бол хамгийн үр дүнтэй, зохистой шийдэл. Мөн тухайн хүнийг блоклож болно. Түүнчлэн сошиал медиад анхнаасаа таниж мэдэхгүй хүнийг найзаар нэмэхгүй байх, постоо public буюу нийтэд харагдах тохиргоотой хийхээс зайлсхийх нь таныг цахим дайралтад өртөхөөс сэргийлнэ. 

Хамгийн их уншилттай
1
2021.09.24
"Squid Game" кинотой холбоотой хамгийн хөгжилтэй 16 пост
2
2021.09.28
"Squid Game" киноны жүжигчин И Жон-жэгийн тухай 14 сонирхолтой баримт
3
2021.09.28
Габби Петитод юу тохиолдов? | Түүний хэргээс суралцах хортой харилцааны тухай 10 зүйл
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Энэ 7 хоногийн хөгжилтэй постууд: Сонгууль, Эрээний боомт, Юнител
2
3 өдрийн өмнө
UB LIFE-ийн түүхүүд: Тиндерийн болзооны тухай хөгжилтэй, гунигтай 9 дурсамж
3
3 өдрийн өмнө
Тусгай хэрэгцээт сургалтын хөтөлбөрт ашиглах монгол хэлтэй анхны цахим брайл төхөөрөмжи...
санал болгох
1
3 өдрийн өмнө
Энэ 7 хоногийн хөгжилтэй постууд: Сонгууль, Эрээний боомт, Юнител
2
3 өдрийн өмнө
UB.LIFE-ийн туршилт: Яг одоо хэдэн төгрөг зээлж чадах вэ?
3
3 өдрийн өмнө
Муур эзэнтэйгээ "эх үрийн холбоогоор" ээнэгшин дасдагийг судалгаагаар тогтоожээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.