Хайх зүйлээ бичнэ үү

39 мин

Он оны эрхмүүд: 1983, С.Жалан-Аажав (№2)


Хүмүүс түүхийг бүтээдэг. “Time” сэтгүүл 1923 оноос одоог хүртэл бараг 100 жил тухайн долоо хоногийн гол үйл явдалтай холбогдуулж, Онцлох хүнийг тодруулсаар ирсэн. Социалист Монголын улс төрийн уймраан үймээний үүдэл цэг болсон 1983 оноос эхлээд ардчилсан нийгэмд шилжсэн хагас жаран 2021 он хүртэлх 38 жилийн улс төрийн түүхийг тухайн жилд болсон онцлох үйл явдалтай нь холбогдуулж, гол дүр болсон эзнийг нь тодруулан, он оноор нь уншигч Та бүхэнд хүргэж байна. Өмнөх дугаарыг ЭНД дарж уншина уу.


ЗӨРЧЛИЙН ЛОГИК

1981 оны хавар Улс төрийн Товчооны гишүүн, Намын Хянан Шалгах Хорооны дарга Н.Лувсанравдан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, түүний орыг НАХЯ-ны сайд, хурандаа генерал Б.Дэжид эзэлсэн нь С.Жалан-Аажавын байр суурийг сүрхий ганхуулжээ.  

С.Жалан-Аажав, Н.Лувсанравдан хоёр олон арван жил дээд зиндаанд хамтран зүтгэж, дотно нөхөрлөж ирсэн билээ. С.Жалан-Аажавыг 1948 оноос сайтар мэдэх, Улс төрийн Товчооны гишүүн, Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга байсан Т.Рагчаа энэ тухай нотолж, «Тэд дээд удирдлагын гишүүд дотроос хамгийн их ходий хоёр. Ажил төрлөө аминчлан ярьж хөөрнө. Үзэл бодол ойр, бие биеэ сайн ойлгодог нь надад мэдрэгддэг байсан» гэж дурсаж билээ.

Н.Лувсанравдан, С.Жалан-Аажав нар эрхэлж буй намын албан тушаалаасаа гадна БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн хоёр орлогч даргаар хамт ажиллаж байсан юм.  

НХШХ-ны дарга, хурандаа генерал Б.Дэжид

Харин С.Жалан-Аажав Б.Дэжидэд огт өөр хандлага гаргаж байв. Орон нутагт удтал ажиллаж, Төв, Баян-Өлгий аймгийг удирдаж явсан, намын арвин туршлагатай ажилтан Б.Дэжид 1971 онд тагнуул, сөрөх тагнуул, хилийн ба дотоодын цэрэг, цагдан сэргийлэх албыг нэгтгэж захирдаг НАХЯ-ны сайд болоход МАХН-ын Төв Хорооны хууль, хүчний байгууллага хариуцсан нарийн бичгийн даргын хувьд С.Жалан-Аажав ажлыг нь дээрээс чиглүүлж байжээ. С.Жалан-Аажав түүнийг тусгай албыг удирдахад мэдлэг дутаж, чадвар мөхөсдөнө гэсэн байр сууриа хамгаалж, НАХЯ-ны системд гарсан алдаа доголдлыг дэвэргэж, айхтар зэмлэдэг байв. Тухайн үед МАХН-ын Төв Хорооны Ерөнхий хэлтсийн эрхлэгч байсан Ц.Намсрай дурсахдаа, «Жалан-Аажав...хууль, олон нийтийн байгууллагуудыг хариуцдаг байсан. Тэр үед НАХЯ, ялангуяа цагдан сэргийлэхийн ажлыг их дутагдалтай муу байна, удирдаж чадахгүй байна гэж Дэжидийг их гөлөлзүүлдэг байсан юм».

Улс төрийн Товчооны гишүүн Т.Рагчаа дурсаж ярихдаа, «Дэжид тэр хоёр ёстой муу харилцдаг байсан. Жалан-Аажав өндөр боловсролтой, том хуульч, их тулхтай, тийм тайван хүн мөртлөө түүнтэй таарч зохицно гэж бүр ердөө байхгүй, хурал дээр түүнийг хилсээр хүн шийтгэдэг энэ тэр гэж бут авна».
С.Жалан-Аажав, Б.Дэжид хоёр үг хэлээ ололцохыг огт хүсэхгүй байсан хурцадмал нөхцөлд тэдний зөрчил улам гүнзгийрсээр байлаа. Хэдийгээр мал аж ахуйн орон болох Монголын нөхцөлд малын эмч туйлын хэрэгцээтэй, нэр хүндтэй мэргэжил боловч ийм хүн тусгай албадыг удирдах, хянаж шалгах төв аппаратыг толгойлоход эрдмийн зэрэг хамгаалж, салбартаа олон жил ажилласан мэргэжлийн хүрээнийхэн таагүй хүлээж авч байсан гэж үзэж болох юм.

-Үгүй байх аа, малын эмч хүнийг арай ч Намын Хянан Шалгах Хорооны дарга болгохгүй биз хэмээн нэгэн цагт Улсын ерөнхий прокурор, НАХЯ-ны нэгдүгээр орлогч сайдаар ажиллаж, улмаар Батлан хамгаалах яамны сайд болж дэвшсэн, хурандаа генерал Ж.Авхиа мушилзаж байсан нь чухам энэ хандлагыг тусгажээ. Ийм бодол санааны үүднээс С.Жалан-Аажав Б.Дэжидийг голж, өөчилж байв.

Н.Лувсанравданг албан тушаалаас нь чөлөөлөх тухай асуудал явцуу хүрээнд яригдаж, оронд нь Б.Дэжидийг томилох санал гарахад С.Жалан-Аажав дүрсхийж, «Энэ тагнуулыг дэвшүүлж яах нь вэ? Берия л гэсэн үг. Цаадах чинь малын бөгс рүү тарьж явснаас биш, улс төрийн боловсролгүй хүн. Би санал өгөхгүй» гэж эсэргүүцсэн хэдий ч Ю.Цэдэнбал өөрийнхөөрөө зүтгэж, эцсийн бөлөгт Б.Дэжид Намын Хянан Шалгах Хороог толгойлж, Улс төрийн Товчооны орлогч гишүүнээр сонгогдов.

1980-аад оны эхэн үед С.Жалан-Аажав Б.Дэжид хоёрын харилцаа зөвхөн хувийн зөрчил төдийгүй улс төрийн ашиг сонирхлыг агуулах болж, эрс хурцадсан юм.

ЦАГИЙН АЯС

Тухайн үед Ю.Цэдэнбалын биеийн байдал улам суларч буйг хамтран зүтгэгчид нь түгшин ажиглаж байв. Түүний хамгийн ойрын хүрээллийн хүмүүсийн нэг, намын хоёрдахь хүн Д.Моломжамц хожим дурсан ярихдаа, «Наяад оны эхээр Цэдэнбал мартах нь ихэссэн. Өнөөдөр нэг асуудал ярьж тохироод маргааш ороход өөдөөс “юу билээ” гэж гайхширна. Тэгэхэд би Цэдэнбал надад ингэж дургүйцэх болж гэж дотроо бодож байтал үнэхээр мартамхай болчихсон байв».

Улс төрийн дээд хүрээллийн нөхцөл байдлыг сайтар аждаг Б.Дэжид ЗСБНХУ-аас БНМАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.П.Павловт нөхцөл байдлыг аминчлан сонордуулахдаа, «Цэдэнбалын биеийн байдал муудаж, улс орныг удирдаж чадахаа больж буй нь улам бүр мэдэгдэж байна. Анастасия Ивановна жолоодлогыг гартаа авч, оролцохгүй юм гэж байхгүй боллоо. Москватай урьдчилан тохирсны дагуу ингэж буй мэт сэтгэгдэл төрүүлж байна. Энэ бүхнийг харж мэдэж байгаа хүн бүхэн түүний ийнхүү дураараа авирлаж байгаад дургүйцэж байна. Иймэрхүү байдалд Монгол нөхдийн дургүйцэл нь Москва руу ч хандаж байна. Нөхцөл байдал тун төвөгтэй байна даа» гэж ярьжээ.  

1962 оноос хойш буюу Л.Цэндээс өөр хэн ч Ю.Цэдэнбал болон түүний гэргийг шүүмжлэн мэдээлж зүрхлээгүй атал хашир Б.Дэжид яагаад осолтой алхам хийсэн нь сонирхолтой. Эсвэл Ю.Цэдэнбалыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөд хүрвэл «...Монголын удирдагчид хэрхэн хандахыг тандах» тухай удирдамжийг түүнтэй уулзахаас өмнөхөн Кремлээс авсан С.П.Павлов зорилготойгоор мэдээлэл алдав уу?

Ийм нөхцөлд нам-төрийн аппаратын ажилтнууд улам бүр доройтох Ю.Цэдэнбалын залгамжлагчаар хэн тодрох тухай шивнэлдэх болжээ. Б.Дэжид хожим «Цэдэнбалын эрүүл мэнд муудаж...түүний улс төрийн үйл ажиллагаа суларч байсан... Яг ийм байдал ажиглагдахаар суудлын төлөө өрсөлдөөн ил далд гарч эхэлсэн. Хэн нэг нь Цэдэнбалын суудалд өөрөө эс ч өөр нэгийг суулгах гэж санаархсан үе. Бас хэн нэгийг тэр суудалд суучих вий гэж атаархаж байсан үе» гэж ярьсан удаатай.

Бодит эрх мэдэл гагцхүү МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргад төвлөрдөг учраас тэр суудалд хэн залрах боломжтой нь сонирхол татаж байв. Залгамжлагчийн тухай таамаглал зөвхөн дээд удирдлагын есөн хүнээр хязгаарлагдаж, тэдний дотроос Ж.Батмөнх, Д.Моломжамц, С.Жалан-Аажав нар тодорч байсан гэж үзэж болох юм.

 МАХН-ын Төв Хороо, Засгийн газрын дээд удирдлага: Ж.Батмөнх, Д.Содном, Б.Дэжид, Д.Моломжамц, Т.Рагчаа, Б.Алтангэрэл, Б.Ламжав, Ц.Балхаажав, Ч.Сүрэн, П.Дамдин, Д.Цэвэгмид нар.

Засгийн газрын Тэргүүн Ж.Батмөнх, намын хоёрдахь хүн Д.Моломжамц нараас С.Жалан-Аажав илт давуурхаж, онцгой ялгарахгүй ч зарим талаар давуу байсан. Тэрээр намын зохион байгуулалтын асуудлыг хариуцдаг, Төрийн тэргүүний орлогч буюу өөрөөр хэлбэл дэд Ерөнхийлөгч байсан тул нэр нөлөө ихтэй байв. Түүний хүчирхэг байдлын хөрс суурь нь Ю.Цэдэнбалын онцгой ивээл, МАХН-ын Төв Хорооны гишүүдийн олонхийг эзэлдэг орон нутгийн намын дарга нар болон цагтаа өөрөө биечлэн дэвшүүлсэн ойрын хүрээллийнх нь дэмжлэгт орших ажээ. 1971 онд Улс төрийн Товчооны гишүүн болмогцоо 1960-аад онд Мэдээлэл радио, телевизийн улсын хороог толгойлж байхдаа хамтран ажиллаж байсан сэтгүүлч Г.Адьяа, Ц.Нацагдорж нарыг намын төв аппаратад татжээ.

Тэд С.Жалан-Аажавын баруун, зүүн гар болон шадарлаж, Г.Адьяа Төв Хорооны хэлтсийн эрхлэгч, улмаар МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга хүртэл өгсөж, харин туслах З.Төмөр-Очир Төв Хорооны Намын байгууллагын хэлтсийн эрхлэгч, Ц.Нацагдорж хэлтсийн орлогч эрхлэгчийн суудалд залрав.
Хэрэв Ю.Цэдэнбал албан тушаалаасаа чөлөөлөгдсөн тохиолдолд түүний оронд төрийн эрх барих дээд байгууллага болох Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийг удирдах хууль ёсны эрхтэй цорын ганц хүн бол Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн орлогч дарга, төрийн хоёрдахь хүн С.Жалан-Аажав байв.

С.Жалан-Аажавын нэр нөлөө батжих тусам Б.Дэжидийн байр суурь ганхаж, аюул учрах болсон нь мэдээж. Хожим өрнөсөн үйл явдлуудаас ажихад тэрээр С.Жалан-Аажавыг «авч хаях» далд ажиллагааг 1981 оноос хойш (Намын Хянан Шалгах Хороог удирдах болсон үеэсээ) идэвхтэй явуулжээ. Гэхдээ намын болон төрийн дээд удирдлагад онцгой нөлөөг эзэлдэг, сэхээтний хүрээнд дэмжлэг ихтэй С.Жалан-Аажавыг улс төрийн тайзнаас түлхэн унагахад бэрх учраас сайтар төлөвлөж, гарцаагүй үндэслэл олох хэрэгтэй байв. Харин тэрхүү боломжийг өөрийнх нь удирддаг Намын Хянан Шалгах Хороо олгожээ.

ДАЛД ХӨЗРӨӨ ИЛ ГАРГАВ

Намын Хянан Шалгах Хорооны шинэ дарга Б.Дэжид албан өрөөндөө төвхнөхөд түүний сейфэнд өмнөх дарга Н.Лувсанравдангаас үлдэж хоцорсон «маш нууц» тэмдэг дардас бүхий олон хавтас баримт бичиг байв. Тэдгээр нь хэн нэгэнд хонзогнож, эсвэл шийтгэл хүлээлгэх, өөрөө алба дэвших санаа өвөрлөж бичсэн нэргүй захидал, мэдээлэл, матаас юм. Голдуу нам-төрийн дээд зиндаанд алба хашдаг хүмүүсийн тухай мэдээлэл Намын Хянан Шалгах Хорооны даргын өрөөнд хадгалагдаж, ач холбогдлоор бага бусад нь нууц архивт шилжинэ. Тэдгээр олон хавтас баримтаас байнга зөрчилддөг С.Жалан-Аажавт холбогдох зүйлс түүний сонирхлыг онцгой татжээ.

1963-1981 онд Намын Хянан Шалгах Хороог толгойлсон Н.Лувсанравдан МАХН-ын Төв Хорооны нэгэн Бүгд хурал дээр С.Жалан-Аажавт өс санасан хүмүүс түүнийг хорлохоор тогтмол матаас бичдэг болохыг нотолж, «...радио, мэдээллийн хорооны ажил их муу байсан юм, Жалан-Аажавыг очихоос өмнө. Тэр дотор ажил хэргийн талаар ч гэсэн, үзэл суртлын талаар ч гэсэн базаахгүй улсууд нэлээд байсан. Жалан-Аажав тэд нараас зарим нөхдийг нь халж, өөрчилсөн. Халагдсан этгээдүүд эсэргүүцэж, Жалан-Аажавыг...Төв Хороонд элдвээр мэдээлж, энэ нөхөр бол [Ц.Лоохууз, Б.Нямбуу, Б.Сурмаажав нарын] тэр хэрэгт оролцож байсан хүн байх гэсэн юм хүртэл бичсэн» гэж мэдэгдэж байв.

Урьд өмнө С.Жалан-Аажавыг 1964 оны Намын эсрэг бүлэгт холбож, гүтгэсэн матаасуудыг улам баяжуулахаар Намын Хянан Шалгах Хороо 1983 оны намраас идэвхтэй «ажиллаж», намаас хөөгдөж, цөлөгдсөн олон хүнийг дуудаж, буруутгах үндэслэл нэмж олохоор хичээв.

 Хошууч генерал С.Даваахүү

Намын Хянан Шалгах Хорооны орлогч дарга С.Даваахүү Шарын голд аж төрж байсан Б.Нямбууг дуудаж, С.Жалан-Аажавын тухай бичгээр мэдээлэл өгөхийг шаардав. 1964 онд Ю.Цэдэнбалыг хурц шүүмжилж, «Намын эсрэг бүлэг»-ийн толгойлогч гэж буруутгагдан МАХН-аас хөөгдсөн Б.Нямбуу тэрхүү шаардлагыг хүлээж аваагүй төдийгүй С.Жалан-Аажавтай огтхон ч холбоогүй болохоо нотолсон захиаг МАХН-ын Төв Хороонд бичив.

Цагтаа С.Жалан-Аажавыг дэмжиж, намын төв аппаратад томилсон, 1960-аад онд намын томоохон удирдагч байсан, арай хожуухан «үндсэрхэг үзэлтэй этгүүдийн туг болж, намын эсрэг ажил явууллага үйлдсэн» гэж гүтгэгдэж, МАХН-аас хөөгдсөн Д.Төмөр-Очирыг НХШХ-ны ажилтнууд Дархан хотоос дуудаж, Б.Нямбуугаас шаардаж байсан зүйлээ давтжээ. Хэдэн сарын дараа ярианы агуулгыг нь өөрчилж, «Намын амьдрал» сэтгүүлд бичсэнийг үзээд «Муухай улс юм даа, миний хэлээгүй үгийг хүртэл хэлсэн болгож бичсэн байна» гэж эхнэр С.Нинжбадгартаа гуниглан ярьж байв.

 Дархан хотын музейн жижүүр Д.Төмөр-Очир

Хувь заяаг нь золиослох хэлмэгдлийн гашуун зовлонг туулсан тэд амьдралынхаа туршлагаар Намын Хянан Шалгах Хороо С.Жалан-Аажавыг «хөнтрөх нь гэдгийг» ойлгожээ. Тэд энэ хэрэгт оролцохоос эрс татгалзав.

Их зүйл хүлээсэн хянан шалгагчид С.Жалан-Аажавыг гүтгэх «даацтай» баримт олж чадаагүй учраас дуудсан хүмүүсийнхээ өмнөөс худал мэдээлэл зохиож бичжээ. Намын Хянан Шалгах Хорооноос өгсөн хуурамч танилцуулгыг Ю.Цэдэнбал тэмдэглэлийн дэвтэртээ хуулж авчээ. Тэрээр «Лоохууз хэлэхдээ, Би толгойлоогүй, Жа толгойлсон юм. Жа зүгээр сууж байгаа биш, харин ажиллаж байна. Жалан-Аажав биднийг түлхээд өөрөө үлдсэн. Нямбуу хэлэхдээ, энэ маш зальтай этгээд. Хүнээр хийлгэдэг хүн» гэж бичээд хашилтан дотор Дэжидэд бий гэж тодотгожээ.

Үнэндээ Ц.Лоохууз, Б.Нямбуу хоёр С.Жалан-Аажавыг хэзээ ч буруутгаж байгаагүй болохыг яг тэр үеэр МАХН-ын Төв Хороонд эгдүүцэнгүй бичсэн тавь орчим хуудас захидал нь гэрчилнэ.

ТЭГЭХЭД БОЛСОН ЯВДАЛ

Эдүгээ хүртэл учир битүүлэг хэвээр үлдсэн цорын ганц зүйл бол С.Жалан-Аажав 1964 оны хэрэг явдалд оролцож, ард нь нуугдаж үлдсэн үү? эсвэл огт холбоогүй юм уу? хэмээх оньсого. МАХН-ын Төв Хорооны хэлтсийн эрхлэгчээр 1966-1981 онд ажиллаж байсан Ц.Гүрбадам нэгэн хачирхалтай байдлыг анзаарчээ. Тэрээр энэ тухай дурсаж «Зарим хүмүүс Жалан-Аажав даргыг Төмөр-Очир, Лоохууз, Нямбуу, Сурмаажав нартай нууц холбоо, сүлбээтэй байх гэж болгоомжлон төдий л дотносон ойртохгүй, зайгаа барьж ханддаг тал ажиглагдсан» гэж ярьж билээ. Энд дурдагдаж буй «Зарим хүмүүс...» гэдэг нь МАХН-ын Төв Хорооны аппаратын албан хаагчдыг хэлж байгаа юм. Тэгвэл ингэж сэжиглэх ямар үндэслэл байв аа?

1964 оны өвөл МАХН-ын Төв Хорооны VI Бүгд хурал болохын өмнөх өдрүүдэд С.Жалан-Аажав хуралд оролцохоор Москвагаас ирээд байсан Б.Нямбуутай санамсаргүй таарч, маргааш нь Х.Чойбалсангийн үед Гадаад явдлын яамны сайд байсан Н.Лхамсүрэн гэрт нь зорьж ирэхэд уулзсан аж. Хэн нэгэнтэй тааралдаж, ярилцах нь жирийн хэрэг боловч гол учир нь, тэрхүү уулзалтаас хойш ердөө дөрөв хоногийн дараа чуулсан МАХН-ын Төв Хорооны «дуулиант» VI Бүгд хурал дээр Б.Нямбуу болон бусад хүмүүс нам-засгийн тэргүүн Ю.Цэдэнбалыг хурц шүүмжилж, түүнийг сэнтийнээс нь «авч хаях»-аар оролдсон нь хуйвалдаан гэж дүгнэгдэж, МАХН-аас хөөгдсөнөөр барахгүй алс бөглүү нутагт цөлөгдсөн билээ. Тэр өдрөөс хойш МАХН-ын дайсан гэж тооцогдох болсон Б.Нямбуу, Н.Лхамсүрэн зэрэг хүмүүстэй уулзаж, ярьсан хүн бүр сэжиглэгдэж байв.

Тийнхүү тэр үеэс С.Жалан-Аажавыг тэдэнтэй далд холбоотой хэмээх үндэсгүй цуурхал дэгдэж, түүнд өсөрхсөн хүмүүс энэ тухай байнга матаж байжээ.

Уг нь ийм нэгэн явдал болсон юмсанж. Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны дарга байсан М.Лувсанчоймболын гэрт 1964 оны 12 дугаар сарын 17-нд МАХН-ын Төв Хорооны VI Бүгд хурал болохоос дөрөв хоногийн өмнө С.Жалан-Аажав зочилжээ.

 М.Лувсанчоймбол

Тэр өдөр С.Жалан-Аажав идэр залуу үеэс дотно нөхөрлөсөн М.Лувсанчоймболын гэрт зочилж, удтал хууч хөөрч суужээ. Тэд 1943 онд анх танилцаж, хорь илүү жил ойр дотно явсан. Тэгэхэд ярианы завсар М.Лувсанчоймбол «Өнөө Нямбуу галзуураад утасдаад байх юм» гэж хэлэв. Магадгүй удахгүй болох Бүгд хурлын өмнө «дэмжигч хүч» олохоор төлөвлөж, Төв Хорооны гишүүдэд нэргүй захидал өгч, утсаар ярьж байснаас үзэхэд энэ зорилгоор Б.Нямбуу түүнийг татах гэж оролдож байсан байж болох юм. 1950-иад оны үед Өмнөговь аймгийн намын хороог тэргүүлж байгаад ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Намын дээд сургуульд суралцахаар явсан, МАХН-ын Төв Хорооны «нөлөө бүхий гишүүн» Б.Нямбуу олон удаа Ю.Цэдэнбалыг шүүмжилж, дайрдаг учраас С.Жалан-Аажав элдэв ярианы гэрч болохоос эмээж,

-Тэгвэл би одоо гарлаа. Тэр галзуутай чинь би ерөөсөө уулзахгүй» гэж хэлээд шууд хаалга руу зүглэхэд Б.Нямбуу хаалга тогшоод өөдөөс нь ороод иржээ. 1983 онд С.Жалан-Аажав намаас хөөгдөх үедээ «...Нямбуу надтай тохиолдлоор гай болоод таарчихсан юм» хэмээн «үйлтэй» тэр өдрийг зүхэж байлаа.

С.Жалан-Аажав түүнтэй дургүйхэн мэндлээд,
-Одоо ажилтай гээд гарч явах гэхэд Б.Нямбуу:
-Хэдхэн минут, ганцхан минут гэж ятгаад М.Лувсанчоймболын зочны өрөөнд дагуулан оржээ. Цай уух зуур Б.Нямбуу яриа өдөж,
-Төв Хорооны Бүгд хурал, Төв Хороо ер нь хачин болчихжээ. Гишүүнээ Бүгд хуралд оролцуулахгүй, энэ ардчилал гэдэг чинь яачихсан, хаашаа алга болчихсон [юм бэ?] гэж ярихад С.Жалан-Аажав эгдүүцэж,
-Чи чинь оюутан хүн, оюутныхаа мөрийг хөөгөөд л явж байна биз. Гадаадад сурч байгаа оюутнуудыг Бүгд хурал бүрт дуудаж ирүүлдэггүй шүү дээ. Гэтэл чи юугаа хийж ирсэн юм. Чи бид хоёргүйгээр Төв Хорооны Бүгд хурал болоод л өнгөрнө шүү дээ гэж зэмлэжээ. Тэгэхэд Б.Нямбуу гэнэт дүрсхийж,
-Яадаг юм, би чалчсаар ирсэн, чалчиж байгаа, цаашид ч чалчина. Намайг чалчина гэж айж, намайг үг хэлүүлэхээс татгалзаж байх шиг байна. Би үг хэлэхээ л хэлнэ. Би Төв Хорооны гишүүнийхээ эрхийг эдэлнэ» гэж зөрөв.

 МАХН-ын Төв Хорооны гишүүн Б.Нямбуу

С.Жалан-Аажавын гэрчилснээр, Ю.Цэдэнбал болон бусад удирдагчдыг «авч хаяж», тэдний оронд ойр дотно хүмүүсээ томилох жагсаалтыг чухам Б.Нямбуу хийж үзүүлсэн гэдэг. Хожим болтол тэд уг жагсаалтыг бие биедээ түлхэн буруутгаж байв. Энэ уулзалтыг бодитоор тодруулах боломж огт байхгүй учраас олон хүний хувь заяаг золиослосон тэрхүү жагсаалтыг хэн зохиосон болох нь ч таамаг хэвээр хоцрох бөгөөд эдүгээ тийм ч ач холбогдолтой биш юм аа.

«Амьд хүний гэрч болсноос үхсэн хүний дэр бол» гэдэг ардын цэцэн үгийг санаад С.Жалан-Аажав М.Лувсанчоймболын гэрээс гараад шууд Засгийн газрын ордонд очиж, Ю.Цэдэнбалд энэ уулзалтын тухай ярьж өгчээ. Тэрээр «Би [Цэдэнбал] даргад ингэж байна, ийм улсууд ингэж явна гэж ярьсан. Тэгэхэд нөхөр Моломжамц, Намын Хянан Шалгах Хорооны дарга байсан Лувсанравдан байсан шиг санаж байгаа юм» гэж 1983 онд Намын Хянан Шалгах Хороонд мэдэгджээ.

1964 оны арванхоёрдугаар сарын 21-22-нд чуулсан МАХН-ын Төв Хорооны VI Бүгд хурал Ю.Цэдэнбалыг хурц шүүмжилсэн Б.Нямбуу болон түүний нөхдийг «бут ниргэв». Бүгд хурал дээр М.Лувсанчоймбол, С.Жалан-Аажав хоёр бусдын адилаар Ю.Цэдэнбалыг хамгаалж, «гал цогтой» үгээ хэлсэн юм. Тэрээр Б.Нямбуу, Н.Лхамсүрэн хоёртой таарч, юу ярьснаа хэнээс ч нуугаагүй төдийгүй Бүгд хурал дээр олны өмнө мэдэгджээ. С.Жалан-Аажав индэрт гарч, Ц.Лоохууз, Б.Нямбуу, Б.Сурмаажав нарыг цохож, «...ийм хүмүүст улс төрийн янхан, улс төрийн галзуу өвчтэй гэж онош тавихаас өөр аргагүй байна. Лоохуузын ярьж байсан тэр замаар манай нам, ард түмэн явах юм бол ёстой нохойн замаар орох болно...намын гишүүн, Төв Хорооны гишүүний хувьд намаа хамгаалж байна» гэхчлэн ярив.

1983 онд Намын Хянан Шалгах Хорооноос гаргасан шийдвэрт «1964 онд илэрч, Төв Хорооны VI Бүгд хурлаар бут цохигдсон намын эсрэг бүлэгт С.Жалан-Аажав идэвхтэй оролцож, угтаа түүний гол толгойлогч байсан, зүсээ хувиргаж, үйлдсэн хэргээ ам хэлээр цагаатгаж, үнэнч шударга хүний дүр эсгэж, удирдах тушаалд дэвшсэн» гэж дүгнэсэн юм.

Намын Хянан Шалгах Хороог 1963-1981 онд удирдсан Н.Лувсанравдан нэгэн удаа С.Жалан-Аажав 1964 оны хэрэг явдалд хамаагүй болохыг нотолж, «Тийм юм ерөөсөө байгаагүй. Тэр [матаас] бичсэн улсууд ямар ч баримт байхгүй, маш ерөнхий зүйл бичсэн. Энэ хүний нэр хүндийг унагах гэж оролдсон. Жалан-Аажавт тийм явдал байгаагүй юм. Тэр үл бүтэх этгээдүүдийн хэрэгт оролцож, тэднийг дэмжиж байгаагүй юм. Харин тийм хэцүү үед бол хатуу шугаман дээр зогсож байсан юм» гэж баталсан удаатай.
Тэр ч байтугай Ц.Лоохууз «Жалан-Аажав бидэнтэй огт холбоогүй» гэж өчиж, Б.Нямбуу МАХН-ын Төв Хороонд 52 хуудас захиа хүртэл бичиж байв.

Гэтэл Намын Хянан Шалгах Хорооны шинэ удирдлагад эдгээр нотолгоо огт хамаагүй байлаа. Тэд хуурамч матаасуудыг ашиглаж, С.Жалан-Аажавыг «авч хаях»-аар хэдийн хуйвалджээ. Гэхдээ намын гол удирдагчдын нэгийг сүр дуулиантай «илчлэх» нь олон нийтэд шуугиан тарьж, тэдэнд эргэлзээ төрүүлж, улмаар дээд удирдлагын нэр хүндийг сэвтээх уршигтай тул түүнийг «авч хаях ажиллагааг» дэс дараатай хийж, уяаг нь аажуухан чангалсаар эцэст нь хамаг бурууг тохож, ард олны сэтгэхүйг дасгахыг хичээжээ. Үүний тулд хэсэг азнаж, тэсэж хүлээхээс өөр аргагүй. Гэвч удаан хүлээх шаардлага байхгүй болжээ. Хэрэг явдал аяндаа дэгдэж эхэлсэн юм.

ГАЛ ДЭЭР ТОС НЭМЛЭЭ

Тухайн үед Ю.Цэдэнбалын ой санамж доройтож, гэргий А.И.Филатова нь нам-төрийн хэрэгт хутгалдан орох нь идэвхжив. Эр нөхрийнх нь засаглал дархлагдан тогтсон 1970-аад оноос Хүүхдийн төлөө фондыг байгуулж, удирдах болсон тэрээр юуг ч хийж чадах нөлөөтэй болжээ. Хэдийгээр тэрхүү нөлөө албан бус боловч удирдагчийн гэргий, Зөвлөлт Холбоот Улсын иргэн хэмээх хоёрхон алдар л түүнийг халдашгүй эрх дархтай болгоход хангалттай байлаа. Монгол орны хувь заяа ЗХУ-аас үлэмж хамаарч байсан цаг үед Кремлийн элч гэж хамсан ойлгогдоход хүрсэн А.И.Филатова гэдэг нэр ямар ч даргаас хүчтэй сонсогдож байв.

 А.И.Филатовагийн ард: Ю.Цэдэнбал, С.Жалан-Аажав, Т.Рагчаа зэрэг Монголын нэг, хоёр, гуравдугаар хүмүүс зогсож байна. Москва. 1981 он.

Ганц үг хэлэхэд л түүнийг биелүүлэхээр өрсөн уралдах албатууд А.И.Филатоваг улам зоргоороо бөгөөд бардам болгожээ. Түүний эгдүүг хүргэсэн хүмүүс суудалдаа удаан тэсч чадахгүй. Зохиолчдын хорооны дарга С.Удвал, Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөлийн дарга, намын туршлагатай аппаратчик Г.Очирбат зэрэг хүмүүс ийм хувь заяаг амсчээ. Эдгээр байгууллагыг С.Жалан-Аажав хариуцдаг учраас тэднийг халах асуудлыг А.И.Филатова түүнээс шаардаж байв. Харин С.Жалан-Аажав эелдэг боловч эрс татгалзаж, «Өө, би түүнийг мэдэхгүй ээ. Энэ бол миний мэдлийн асуудал биш. Улс төрийн Товчоо л мэдэх байх» гэж мултарна.

Хожим С.Жалан-Аажав дурсаж ярихдаа, «...Филатова бид хоёр сүүлдээ гал ус шиг харшилдсан. Нийгэмд нэр хүндтэй, эрхэлсэн ажлаа сайн хийдэг ч өөрт нь таалагдаагүй олон хүнийг шууд халахыг надаас ахин дахин шаардахад би огт хүлээж аваагүй. Нэг өдөр намайг дуудлаа. Очтол “Цэдэнбалын тухай ном оросоор гараагүй байхад яагаад Ширэндэвийн намтар гарав” гээд л хилэгнэв. Би түүний зандрахыг хүлээж байгаад намдах үед нь “Энэ чинь Зөвлөлтийн иргэний бичсэн ном. Та юу ярьж байгаагаа ухаар” гэж учирлаад салсан...Намайг Эмэгтэйчүүдийн хорооны дарга, нэрт зохиолч Удвалаас болж мөн ч их зовоосон доо. Түүнийг ажлаас нь хал гэж байна. Тэгэхэд хариуд нь “Удвал бол манайд байтугай олон улсад хүндтэй хүн. Тэгээд ч энэ миний мэдлийн асуудал биш. Та самуурч байна” гэсэн. Уурлаад хашхичаад эхэлсэн дээ».

С.Удвалыг чөлөөлж, орны хүнийг томилоод А.И.Филатова С.Жалан-Аажав дээр очиж, «Удвалыг чиний оролцоогүйгээр авч хаялаа. Одоо би чамайг Улс төрийн Товчооны гишүүн байтугай Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга ч гэж үзэхгүй!» гэж занажээ. Удалгүй Ю.Цэдэнбал С.Жалан-Аажавыг дуудаж,
-Удвал гээд нэлээд хүн ажлаас гарсан. Түүнийг эхнэр бид хоёртой холбож яриад байна. Тэд чинь чиний л хариуцсан ажлын хүмүүс гэхэд С.Жалан-Аажав,
-Тэднийг би биш та халсан гэж няцаав.
-Үйлдвэрчний Төв Зөвлөлийн Очирбат архидаж, амралт хэсдэг.
-Дарга аа, тэр худлаа. Хэдэн амралт чинь муу байна, чи ядаж өөрөө амарч байгаач, амралтуудаараа орж бай гэж би хэлдэг. Очирбат архи ч уудаггүй гэж тайлбарлахад Ю.Цэдэнбал яриаг нь тасалж,
-Лувсанг Алжираас дууд! гэхэд
-Лувсан гуайг дуудах миний ажил биш гэж С.Жалан-Аажав огцом хариулжээ.
Түүнээс А.И.Филатова олонтаа шаардаж, зовоодог зүйлсийг Ю.Цэдэнбал үгчлэн давтаж байв. Тэрээр олон жилийн дотно нөхөрлөлөө үл хайхран С.Жалан-Аажавт таагүй хандаж эхлэв. Б.Дэжид ЗХУКН-ын Төв Хорооны зааварлагч Ш.Г.Надировт аминчилж хэлсэн «Цэдэнбал эхнэрийнхээ гарт хүүхэлдэй болчихлоо!» гэдэг үг үнэн хэрэгтээ бодит байдлыг тусгах болжээ.

БОЛОХОО БАЙЖ БАЙГАА ЮМ БАЙНА ДАА!

1983 оны арванхоёрдугаар сарын 6-нд МАХН-ын Төв Хорооны VII Бүгд хурал чуулжээ. Энэ хурлаар С.Жалан-Аажавын хашиж байсан Улс төрийн Товчооны гишүүн, Төв Хорооны нарийн бичгийн дарга хэмээх эзгүйрсэн 2 орон тоонд томилогдох хүмүүсийг батламжилжээ.

МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн даргаар Ерөнхий хэлтсийн эрхлэгч буюу ойлгомжтой хэлбэл МАХН-ын Тамгын газрын дарга бөгөөд Ю.Цэдэнбалын шуурхай хяналт эрхэлсэн туслах Ц.Намсрайг сонгов. Намын Хянан Шалгах Хорооны дарга буюу намын ерөнхий прокурор гэж хэлж болох Б.Дэжидийг Улс төрийн Товчооны орлогч гишүүнээс жинхэнэ гишүүн болгож дэвшүүлэв. Энэ Бүгд хурал мөн С.Жалан-Аажавыг МАХН-ын Төв Хорооны бүрэлдэхүүнээс гаргажээ.

С.Жалан-Аажав Бүгд хурлын сонсгол мэдээг «Үнэн» сониноос олж уншаад өөрийг нь Төв Хорооны гишүүнээс хассан тухай олж мэджээ. Төв Хорооны гишүүд Бүгд хуралд заавал оролцдог атал хэн ч түүнийг дуудаагүй юм. Тэрээр «Болохоо байж байгаа юм байна даа» хэмээн эхнэртэйгээ сэтгэл зовнин ярьж байв. Одоо тэр нам-төрийн бүх сонгуульт ажлаасаа хагацаснаар халдашгүй дархан эрхээ алдаж, түүний хувь заяаг шийдэхэд саадгүй болжээ.

Нэгэн өдөр Ц.Намсрай Ю.Цэдэнбалд ажлаа танилцуулаад сууж байв. Тэгэхэд Б.Дэжид гаднаас хавтас сугавчлан орж ирээд Ерөнхий нарийн бичгийн даргад хандаж,
-Энэ Жалан-Аажав чинь Лоохуузтаны гол төлөөлөгч юм байна шүү дээ, дарга аа.
-Чи яаж мэдэв? хэмээн Ю.Цэдэнбал гайхшран асуухад Б.Дэжид хавтсаа сөхөж,
-Би материал уншиж судаллаа, нилээд хэдэн хүн дуудаж асуулаа. Гарцаагүй тэр хэрэгт гүнзгий оролцож, зохион байгуулсан нь илрэв.
-Өө, тийм цус уу!
-Түүгээр ч барахгүй, таныг авч хаяад оронд нь хэнийг тавих, ер нь нам засгийн удирдах бүрэлдэхүүний нэрсийг гаргаж, 1964 онд гол үүрэг гүйцэтгэж байгаад нуугдаж хоцорсон этгээд байна шүү дээ!
-Айхтар цус вэ! Шийтгэ, та нар шалгаад шийтгэ!
-За дарга аа гээд баяртай нь аргагүй инээмсэглэн гарч оджээ.

Бусдын үгэнд эргэлзэлгүй итгэж, учрыг нь олохыг хичээлгүй, дотно нөхрийнхөө хувь заяаг эгшин зуур шийдсэн нь Ю.Цэдэнбал бие хүнийхээ хувьд хичнээн их доройтсоныг илтгэнэ. Ердөө арав хүрэхгүй жилийн өмнө С.Жалан-Аажавыг өндөр албанд томилох үедээ, «Тэр этгээдүүд /Ц.Лоохууз нар/ тэр үедээ (1964 онд) зарим нь Жалан-Аажавыг ятгахыг оролдсон...Тэд нар бичиг сачиг ч хэд хэдэн хүнд өгч, тарааж байсан. Түүнийг дор нь өгсөн. Ийм учраас тэр талаар бол зөв шугам дээр зогсож байсан, ийм хүн байгаа юм» гэж магтаж байснаа Ерөнхий нарийн бичгийн дарга хэдийнээ таг мартсан бололтой.
«Түүний мартамхай болсныг хүмүүс овжин ашиглаж байв. Сүүлдээ хардаж сэрдэх нь дэндсэн. Цэдэнбал жирийн үнэнч ажилтнуудыг ажлыг нь хийлгэхгүй ингэж хардаж сэрдэх болсныг НАХЯ-ны сайд, дарга нар “Тэр таныг тэгэх гэж байна. Энэ ингэх гэж байна” гэсэн хоосон хов хүргэж, ажиллаж байснаас шалтгаалсан гэж би боддог» хэмээн С.Жалан-Аажав дурсчээ.

ГЭСГЭЭЛИЙН ӨДӨР

«...өвлийн нэгэн өдөр гэрийн утас дуугарч “Та Намын Хянан Шалгах Хороон дээр одоо хүрээд ир” гэж байна. Би очлоо. Намын Хянан Шалгах Хорооны гишүүд Дэжидийн өрөөнд цуглачихаж, хурал болохнээ янз нь. Би ч үүдний өрөөнд хүлээгээд сууж байлаа. Тэгтэл “За тэр Жалан-Аажавыг оруул” гэж байна» хэмээн хожим Жалан-Аажав өөрөө дурсчээ.

Намын Хянан Шалгах Хорооны хуралд оролцсон долоон дарга хурлыг мэтгэлцээн болгохоос зайлсхийж, дуугаа өндөрсгөн С.Жалан-Аажавыг буруутгах нэмэлт үндэслэл олохоор хичээнэ. Ердөө хэдхэн сарын өмнө 60 насных нь ойгоор найрсаг дотноор тэвэрч, мөнгөн аягатай сүү өргөн барьж, уран үгээр ерөөл айлдаж байсан тэд огцом хувирсан байв.

1983 оны арванхоёрдугаар сарын 16-нд МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Намын Хянан Шалгах Хорооны дарга Б.Дэжидийн өрөөнд болсон хурлаар МАХН-ын гишүүн С.Жалан-Аажавын «асуудлыг» хэлэлцэв.
Хурлын өмнөх өдөр МАХН-ын Төв Хорооны хэлтсийн эрхлэгч, Намын Хянан Шалгах Хорооны гишүүн З.Төмөр-Очирыг «...эрхэлсэн ажилдаа дутагдал гаргасан тул» гэж томьёолон халжээ. Тэрээр С.Жалан-Аажавын туслахаар олон жил ажиллаж байгаад намын энэхүү өндөр албанд томилогдсон юм. Чухам ямар дутагдал гаргасан учраас халсан болохыг хэн ч мэдсэнгүй. Хуучин даргыг нь «авч хэлэлцэхэд» туслах байсан залуу нь саад учруулна гэж болгоомжилсон биз ээ.

 Улс төрийн Товчооны гишүүн, НХШХ-ны дарга Б.Дэжид

Хурал даргалагч Б.Дэжид эхэлж үг хэлжээ. Тэрээр:

-Өнөөдөр Намын хянан шалгах хорооны хурлаар намын гишүүн нөхөр Жалан-Аажавын тухай асуудал хэлэлцэх гэж байна. Жалан-Аажавын талаар намын гишүүдээс ирүүлсэн захидал, мэдээллийн мөрөөр Намын Хянан Шалгах Хороо шалгасан юм. Жалан-Аажав чухам яагаад намын эсрэг бүлэгт оролцох болов гэдгийг хариулах дүгнэлт ч дээрх материалтай танилцах явцад тодрон гарч байна. Ийм учир бид таны асуудлыг судлан шалгах хэрэгтэй болсон. Түүний дагуу шалгаж, судалж, дүгнэлт хийсэн юм. Та намын өмнө хоёр нүүр гаргасан, намыг хуурч мэхэлж байсан хүн байна. Жалан-Аажав та намын эсрэг этгээдүүдтэй хамт байсан, нам-төрийн эсрэг эргэлт хийх хуйвалдаанд идэвхтэй оролцсоныг баримт нотолж байна. Үүнийг олон түмэн бас баталсан» гэж мэдэгдэв.

Бас «Таны тухай тодруулж илчилж өгөхийг намын шударга гишүүд Төв Хорооноос шаардаж байна. Ингээд Намын Хянан Шалгах Хорооны хурлаар таны асуудлыг авч хэлэлцэх гэж байгаа юм» хэмээн Б.Дэжид хурлыг нээгээд «Тантай маш хариуцлагатай ярих болно» гэж амлажээ.

Эдгээр үгсийг сонсоод цочирдож түгшсэн С.Жалан-Аажавт ойрын таван сар танил хүмүүс нь дөлж, тоомсоргүй харьцах болсон, дарга нар хүлээж авахаа больсон зэрэг учир шалтгааныг нь тааж ядан уймарсан бүх шаналалын далд учир гэнэт тайлагдах мэт болсон биз ээ.

Түүнийг нам, төрийн эсрэг хуйвалдаанд оролцсон хэмээх асуудал тавьж, гурван зүйлээр буруутгажээ. Нэгд: 1964 оны XII сарын 17-нд тухайн үеийн Улаанбаатар хотын гүйцэтгэх захиргааны дарга М.Лувсанчоймболын гэрт Б.Нямбуутай уулзаж, Ю.Цэдэнбалыг «авч хаях» тухай төлөвлөж, хэрэв эргэлт амжилтанд хүрвэл дээд удирдлагад сонгох хүмүүсийг тодруулсан. Хоёрт: 1964 оны XII сарын 18-нд, МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүн, Гадаад яамны сайд асан Н.Лхамсүрэнгийн өдөөн хатгалгад автаж, Ю.Цэдэнбалын эсрэг ажиллагааг зохион байгуулсан. Гуравт: Ц.Лоохууз, Б.Нямбуу, Б.Сурмаажав нарын толгойлсон намын эсрэг бүлэгт идэвхтэй оролцсон атлаа түүнийгээ олон жил нууж, намын өмнө үнэнч биш байсан гэж дүгнэв.

Нилээд тэвдэж сандарсан С.Жалан-Аажав тухайн үед Н.Лхамсүрэн, Б.Нямбуу хоёрыг няцааж байсан, улмаар «Цэдэнбал даргад ийм улсууд ингэж явна гэж ярьсан» хэмээн гурван ч удаа хэлжээ. Түүний үг бодит байдалд нийцэж байлаа.

НХШХ-ны гишүүн, дараа нь Улсын Ерөнхий прокуророор томилогдсон Ж.Балжинням ярихдаа, С.Жалан-Аажавыг Д.Төмөр-Очирын хамсаатан гэж нотлоод хатуу шийтгэхийг шаарджээ. Д.Төмөр-Очир үнэхээр түүнийг дэмжиж, улс төрд татан оруулсан юм. Гэхдээ Д.Төмөр-Очир 1962 онд «намын гол дайсан» гэж шийтгэгдсэн учраас түүний дэмжлэгээр дэвшсэн хүмүүс бас гэсгээгдэх ёстой хэмээх залхаан цээрлүүлэх логик урган гарч иржээ. Ж.Балжинням өөртөө итгэлтэйгээр:

-Жалан-Аажав улс төрийн ноён нуруугүй, муу санаатай, эрх тушаал, нэр хүнд хөөцөлддөг, хоёр нүүр гаргадаг, хувирамтгай зан араншиндаа хөтлөгдөж, манай нам, түүний шалгарсан удирдагч, олон улсын коммунист ажилчны хөдөлгөөний нэрт зүтгэлтэн нөхөр Цэдэнбал тэргүүтэй нам төрийн удирдлагын эсрэг хар буруу санаа өвөрлөж, улмаар үзэл санаа, үйл ажиллагаагаар намын эсрэг бүлгийнхэнтэй нэгдэж... Улс төрийн хутган үймүүлэгч Төмөр-Очиртой Жалан-Аажав ойр дотно байж, дуу хоолойгоо нийлүүлэн бие биеэ дэмжин өөгшүүлж, эвсэн сүлбэлдэж байжээ. Төмөр-Очирыг хэлэлцсэн 1962 оны III Бүгд хуралд Жалан-Аажав огт чимээгүй өнгөрсөн. Харин Баянхонгор явахад нь үдэн гаргаж өгсөн баримт бий. Чухам үүгээрээ манай намын эгнээнд байх гавьяагаа алджээ...Нам улсын сахилгыг ноцтой гажуудуулж, намын...эв нэгдэлд хохирол учруулж, намыг хуурч мэхэлсэн Жалан-Аажавыг МАХН-аас хөөх саналтай байна».

 Хошууч генерал С.Даваахүү


Намын Хянан Шалгах Хорооны орлогч дарга, 1970-аад онд НАХЯ-ны сайд Б.Дэжидийн орлогч байсан хошууч генерал С.Даваахүү С.Жалан-Аажавыг намаас хөөх санал тавьж, өөрийн сайн мэдэх үйл явдлаас буруутгах үндэслэл олж гаргажээ.
-Жалан-Аажав 30-аад оны сүүлчээр Дотоод явдлын яамны ажиллагаанд гарсан завхралыг шалгах комиссын бүрэлдэхүүнд оролцож, тэнд очсон байна. Очоод шалгалтыг явуулж байх явцад тэр комиссын зарим гишүүнд Дотоод явдлын яамны алдааны өнгөрсөн үеийг шалгахаас гадна одоо цагийн алдааг бас шалгах хэрэгтэй хэмээх шаардлага тавьж байж. Дотоод явдлын яамнаас гаргасан алдаа, завхралыг илрүүлж засах ажилд оролцохдоо Цэдэнбал даргыг л яаж ийгээд холбогдуулах юм юу байна вэ? гэдгийг шинжсэн аж...Ийм учраас Жалан-Аажав цаашид МАХН-ын...гишүүн гэдэг ариун нэрийг хадгалж явах гавьяагүй болжээ гэж үзэж байна».

 МАХН-ын Төв Хорооны Боловсон хүчний хэлтсийн эрхлэгч Б.Ламжав

1963 оноос Намын Хянан Шалгах Хорооны нэгдүгээр орлогч даргаар хавсран ажилласан Б.Ламжав сүүлийн жилүүдэд С.Жалан-Аажавтай тааруу харилцаатай байсан учраас шүүмжлэх тохиолыг алдсангүй. Тэд томилгооний асуудлаар байнга зөрчилдөж байв.

Б.Ламжав ярихдаа, «Жалан-Аажавын үнэн нүүр царайг Төв Хороо таньж чадаагүй учраас өндөр албан тушаал, хариуцлагатай ажилд тавьсан. Ер нь Жалан-Аажав бол намд харш үйлдэл хийгээд зогсохгүй төрийн эргэлт хийх гэсэн хуулинд заасан гэмт хэрэг үйлдсэн байна. Энэ нь хууль зүйдээ хэрхэн нийцэж буйг мэдэхгүй. Ийм учраас одоо Жалан-Аажав ямар ч тайлбар, ямар ч зүйл ярилаа гэсэн, юуны өмнө нэгэнт байгаа баримтад тулгуурлах, намын шударга гишүүдийн шүүмжлэл, Намын хянан шалгах хорооны шалгалтын баримтад тулгуурлан зохих шийдвэр гаргах нь зүйтэй».
С.Жалан-Аажавыг «авч хэлэлцэх» хурал 4 цаг үргэлжилжээ.

Эцэст нь Б.Дэжид хурлыг дүгнэв.
-Жалан-Аажавын амьдрал, үйл ажиллагааны замыг бид сонирхож үзсэн л дээ. Ямар замаар явсан бэ? гэхээр сахилгагүй, архидах, завхайрах ийм замаар явж ирсэн. Намын сургуульд байхдаа ч тийм байсан. Багш байхдаа ч тийм байсан. Ийм хүн манай намын эгнээнд байх үнэхээр гавьяагүй юм. Харин намд удаан хугацаагаар нуугдаж байсан нь харамсалтай байна...Өнөөдөр бид Жалан-Аажавын намын эсрэг үйл ажиллагааг илрүүлж байгаа нь зарчмын ач холбогдолтой, том үйл явдал гэж үзэж байна...Би манай [Намын хянан шалгах] хорооны гишүүдийн гаргасан санал дүгнэлттэй санал бүрэн нэг байна. Жалан-Аажавыг МАХН-аас хөөх нь зүйтэй...» гэж ярив.

Тэгээд С.Жалан-Аажавт үг хэлэх зөвшөөрөл өглөө. Самгардаж балмагдсан тэрээр хожим дурсахдаа, «Би мэдээж эсэргүүцсэн. “Би өөрийгөө гүтгэж чадахгүй. Хүний хувьд, ёстой нулимс асгаруулж гуйхад манай намын нүд чих болсон [Намын] хянан шалгах хороо зарим баримтыг нягталж үзвэл сайнсан. Юм үнэнээрээ л дээр шүү...” хэмээн дуусгаж амжилгүй хэлэхэд Дэжид “Олон үг ярих хэрэггүй. Чи суу” гэж зандарч байв. Тэгэхэд арга мухардсан надад “гүжир үгэнд сөөм хариугүй” гэдэг цэцэн үг бодогдож билээ».
Архивт хадгалагдаж буй уг хурлын протоколыг үзэхэд С.Жалан-Аажав өөрийгөө буруугүй гэдгийг олонтаа нотолж яриад эцэстээ цөхөрсөн аяс ажиглагдана. Тэрээр «Миний сэтгэл ариун. Төв Хороо яаж дүгнэж, юу гэж хэлнэ. Би түүний тухай юу ч ярихгүй, юу ч ярихгүй» гэж гутран өгүүлжээ.

Хуралд оролцсон Намын Хянан Шалгах Хорооны гишүүд С.Жалан-Аажавыг «намын нэгдэл нягтралын эсрэг жигшүүрт явуулга хийж, МАХН-ын дүрмийг онц хортойгоор зөрчсөн» хэмээн буруутгаж, МАХН-аас хөөх тогтоолыг бүгд гар өргөж батлав.

Яг дөчин жилийн өмнө залуу багш байхдаа МАХН-д гишүүнээр элссэн тэрээр намын удирдах бүрэлдэхүүнд олон арван жил сонгогдож, эцэстээ тэрхүү намынхаа эгнээнээс хөөгдөв. Хурлын дараа хэрхсэн тухай С.Жалан-Аажав дурсахдаа, «Намайг гунигтайгаар гэртээ явж ороход шөнөжин минийхээ төлөө санаа нь зовж хүлээж байсан миний хайрт хань яагаад ингэж удав аа гэж л асуух шиг болсон. Би намаасаа хөөгдчихлөө гэж хэлмэгц хүүхэд шиг асгартлаа уйлсаар арай гэж үүр цайлгаж билээ».

АНГУУЧЛАЛ

Ээлжит цохилтууд үргэлжлэв. Утсыг нь тасалж, гэрийн эд хогшлыг нь хураав. С.Жалан-Аажавыг шийтгэх арга хэмжээг Ю.Цэдэнбал өөрийн гараар төлөвлөж, «Дэжид, Намсрай нарт. 1. Этгээдийн (Жалан-Аажавын) талаар авсан арга хэмжээний тухай бүх сонинд тавих 2. Намын сэтгүүлд бүрэн тавих (Залуучуудын сэтгүүл, Ардын армийн сэтгүүл) 3. Нутаг зааж суулгах. Этгээдийн одон медалийн тухай нарийн бичгийн дарга нарын тогтоол гаргасан. Нарийн бичгийн дарга Готовт даалгах» гэж доорх хүмүүстээ үүрэг өгчээ.
Зөвхөн шүүхийн шийдвэрээр шийтгэдэг нутаг зааж суулгах ялыг С.Жалан-Аажавт хууль бусаар оноов.
«Он гарахад би гэрийн хорионд суусаар байлаа. Манайх тэр үед энэ 26-р байрандаа байсан юм. Гэтэл нэгэн өдөр цагдаа нар ирж намайг хөдөө цөлөгдөх болсныг хэлэв. Эрх зүйч мэргэжил эзэмшсэн би энэ шийтгэлийг хуульд нийцэхгүй, шүүхийн шийдвэр чинь байхгүй байна гэж няцаахад тэд сандарч «Жалан-Аажав гуай, та энэ тухай яриад огт нэмэргүй. Үүнийг их – тэд их гэдэг үгийг тодотгож байв – дээгүүр шийдсэн» гэлээ. Яг явахын өмнө багш маань манайд зориглон ирж «Чамайг хөх тэнгэр, хөрст дэлхий хоёр л гадуурхахгүй. Чи заавал эргээд ирнэ. Зориг чанга, ухаан саруул байхад алзахгүй ээ» гэж тайтгаруулсан юм. Тэгээд 1984 оны гуравдугаар сарын 18-нд Завхан аймагт хүргэгдэж билээ» гэж С.Жалан-Аажав дурсчээ.

Түүнийг цөлөгдөхийн өмнөхөн Ю.Цэдэнбал «Этгээдийг (Жалан-Аажавыг) суулгах газрыг урьдаар бэлтгэхийг Дэжидэд» гэж цохжээ. Нэгдүгээр хүнээс авсан үүргээ Намын Хянан Шалгах Хорооны дарга хэрхэн биелүүлэв ээ?

«Тэр жил их хүйтэн өвөл болсон юм. Хүргэгдээд очиход намайг хаалга, цонх нь хагархай, жихүүн салхи сэнгэнэж, жавар хоргодсон амьдрах аргагүй байшинд оруулав. Аль болох мууг минь үзэж, бахаа хангатал зовоох санаа өвөрлөсөн хүмүүсийн сэдсэн ажил энэ байх, яаж шүү өвөлждөг юм билээ дээ гэж бодож суулаа» хэмээн С.Жалан-Аажав хожим ярьж байв.

С.Жалан-Аажавыг гутаах кампани улс даяар дэгдэв. МАХН-аас хөөсөн тухай сонин хэвлэлд мэдээлж, түүнийг шүүмжилж, хэлэлцэх үүргийг төв, орон нутгийн намын бүх байгууллагад өгөв. Төрийн дээд бүтцээс анхан шатны нэгж хүртэл бүгд намын үүртэй учраас орон даяар «шүүмжлэх» давалгаа өрнөсөн хэрэг. Энэ тухай үл өгүүлэн өгүүлэх нь, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн даргын хувьд С.Жалан-Аажавын удирдлагад олон жил харьяалагдсан Намын байгууллагын хэлтэс хуучин даргаа «авч хэлэлцсэн» хурлыг сонирхоё.    

Тэгэхэд З.Төмөр-Очирын оронд МАХН-ын Төв Хорооны Намын байгууллагын хэлтсийн эрхлэгчээр хэдийн өөр хүн томилогдсон байлаа.

Хэлтсийн шинэ эрхлэгч Г.Чингэл 1984 оны нэгдүгээр сарын 2-нд-С.Жалан-Аажавыг хараахан цөллөгт яваагүй байх үед-шинээр удирдах хэлтэстэйгээ танилцахаар бүх ажилтнуудыг дуудаж, зөвлөлгөөн хийв. Тэрээр «Бид шинэ ирсэн болохоор тайлагнах шаардлагагүй гэж үзсэн. Ойрын өдрүүдэд Сумьяа бид хоёр та нөхөдтэй ганцаарчлан уулзана» гэж мэдэгдэв. Түүнийг шинэ албанд томилохдоо одоо удирдах хэлтсийнх нь ажил маш хангалтгүй байгаа гэж анхааруулжээ. Энэ байдлыг засах зорилгоор хэлтсийн ажилтнуудаас тайлбар нэхэв. Гэтэл тэд хамаг бурууг өмнөх эрхлэгч З.Төмөр-Очир болон МАХН-аас хөөгдөж, «намын эсрэг этгээд» гэж улс даяар зарлагдсан, хуучин дарга С.Жалан-Аажав хоёрт тохов. Тэд ээлжлэн босч,

«...Намын ажлыг Жалан-Аажав сулруулжээ. Хэлтсийн эрхлэгч Төмөр-Очир хүнтэй ажиллах арга дадлага муутай хүн байв. Шаардлага мохоо, илэрсэн дутагдлыг тухай бүр шуурхай ярьж өгдөггүй байсан», «нөхөр Жалан-Аажав орон тоо нэмж, намын хөрөнгийг их үрж байжээ. Намын ажлаас энэ хэлтсийнхнийг их хөндийрүүлсэн гэж үздэг. Танил талаа татах явдал байсан, надад баримт бий. Хэлтсийн удирдлагад Төмөр-Очирыг их хурдан дэвшүүлсэн, намын ажлын мэдлэггүй хүнийг өөртөө залж байхаар бодсон байх. Жалан-Аажав онол ярьж, цаг их үрдэг байлаа», «Жалан-Аажав биднийг дуртай үедээ хөдөө явж бай гэж байсан нь зардал мөнгө сүйтгэж, ажилд системтэй хандахыг боож байжээ», «Намын байгууллагын ажил хангалтгүй байгаа нь Жалан-Аажав, Төмөр-Очир нарын арга барилтай холбоотой. Намын XVIII их хурлын заалтыг манай хэлтэс зүйлчлэн барих ёстой байсныг сулруулсан нь Жалан-Аажав, Төмөр-Очир нарын хоцрогдолтой холбоотой юм», «Хэлтсийн ажил муу байсан нэг шалтгаан бидний ажлыг тодорхой дүгнэж, хэлж өгөхгүй байсантай холбоотой», «Намын анхан шатны байгууллагын роль сүүлийн үед нэлээд суларсан нь энэ ажлыг хариуцаж байсан Жалан-Аажавтай шууд холбоотой», «Төмөр-Очир Жалан-Аажавын итгэгддэг ойр дотны хүн нь байсан. Жишээ нь, Төмөр-Очирыг 1979 онд хэлтсийн орлогч эрхлэгч болоход “намын ахмад ажилтнуудыг түшиж ажиллах хэрэгтэй” гэж зөвлөж байхад “Жалан-Аажав дарга байхад гайгүй биз дээ” гэж хэлж байсан юм» гэхчлэн ярьжээ.

Тэгэхэд С.Жалан-Аажав гэрийн хорионд байсан бөгөөд мэдээллийн бүх хэрэгслээр түүнийг гүтгэн гутаах хийрхэл үргэлжилсээр байсан билээ. Түүний туслах байсан З.Төмөр-Очир намын өндөр албанаасаа халагдаж, «Октябрийн туяа» хэмээх сэтгүүлийн эрхлэгчээр очжээ.

Удирдлагад нь ажиллаж байсан хүмүүс хоёр даргынхаа хаягаар зэмийн үгс харамгүй урсгахыг тэд төсөөлөө ч үгүй биз.

Харин энэ үед С.Жалан-Аажавын гэр бүл, төрөл садныг зориуд хохироох ажиллагаа улам идэвхжиж, үүнийг Намын Хянан Шалгах Хороо зохицуулав. Орон сууцыг нь хураав. Охин Ж.Хандсүрэнг нь ажлаас халж, хүү Ж.Батбаатарыг нь ойлгомжгүй хэргээр гүтгэж барив. Төрсөн дүү, цэргийн түүхч Ш.Жамсранжав болон түүний охин Ж.Наранмандалыг ажлаас нь халав. С.Жалан-Аажавын тэтгэврийг гурав дахин бууруулав.

Бичиж туурвисан номуудыг нь хурааж, цензурчид ном хэвлэлийг ахин дахин уншиж, С.Жалан-Аажав хэмээх нэрийг баллаж байв. Улмаар архивт хадгалагдсан гэрэл зургууд, кино хальсуудаас дүрсийг нь устгав. Одон медалийг нь хурааж, төмрийн хөрөөгөөр хөрөөдөж устгаад акт бичив. Гэр бүлээр нь шийтгэх, түүхээс мартуулахыг оролдох иймэрхүү зэрлэг ажиллагааг дундад зууны харанхуй үед, аль эсвэл Сталины дэглэмд л хэрэгжүүлдэг байсан билээ. Гэвч ХХ зууны наяад оны Монголд энэ үйлдэл давтагдсан юм.
Намын Хянан Шалгах Хорооны удирдлага «Ер нь С.Жалан-Аажав бол 1964 онд гарсан намын эсрэг бүлгээс сугарч үлдсэн этгээд бөгөөд С.Жалан-Аажавын бүлэг гэж манай намд 80-аад онд тусдаа гараагүй гэж бид үздэг. Манай намын 80-аад оны түүхэнд намын эсрэг бүлэг гарсан мэтээр ойлговол буруу юм. Харин С.Жалан-Аажавыг талархагч, дэмжигч хүн байхыг бид үгүйсгээгүй» гэж даруухан мэдэгдсэн боловч тэрхүү «талархагч, дэмжигч» хүмүүсийг олохоор хичээв.

Түүний ойрын хүрээлэлд багтдаг З.Төмөр-Очир, Ц.Нацагдорж, Ш.Хавтгай, Д.Бямбасүрэн, Б.Лигдэн, сайд О.Нямаа болон аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга хэд хэдэн хүнийг өчиггүй халжээ.

АЙДАС ХҮЙДСИЙН МӨСТЛӨГ

С.Жалан-Аажавын хүү Ж.Батбаатарыг хууль бусаар Завхан аймагт аавтай нь хамт цөлсөн билээ. Тэрээр дурсахдаа, «...би бас хааяа хот руу сэмхэн ирнэ ээ. Нэг удаа аавынхаа захиаг аваад ирлээ. Хотын намын хорооны ойролцоо ажил тарахыг хүлээгээд. Отсоных Алтангэрэл даргатай уулзаад “аав үүнийг Батмөнх даргад өгөөдхөөч гэж байна” гэлээ. Алтангэрэл дарга ийш тийшээ хулмалзаад хүний чөлөөгөөр намайг үнсээд “за ах нь заавал хүргэнэ ээ. Аавдаа мэнд хүргээрэй. Бие нь сайн биз” гээд нөгөө захиаг ум хумгүй пиджакныхаа дотуур карманд хийгээд яваад өгсөн. Юу ч гэсэн тэр захиа очсон байх».
Б.Алтангэрэл тухайн үед Улс төрийн Товчооны гишүүн, Улаанбаатар хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга байв.

 Б.Алтангэрэл, С.Жалан-Аажав нар. 1981 он

Б.Алтангэрэл амласандаа хүрч, С.Жалан-Аажавын захиаг хаягласан эзэнд нь өгчээ.
Гэвч Ю.Цэдэнбалын залгамжлагч, МАХН-ын Төв Хорооны шинэ Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Батмөнх 1985 оны тавдугаар сарын 3-нд Улс төрийн Товчооны хуралдаан дээр мэдэгдэхдээ:

-Намын эсрэг бүлэгт холбогдсон хүмүүстэй ямар ч яриа байхгүй гэдэг нэгдсэн ойлголттой байх хэрэгтэй...Жалан-Аажав Намын Хянан шалгах хороог дайрч, хэд хэдэн юм Төв Хороонд бичсэн байгаа. Тэдний үйлдсэн хэрэг бол улс төрийн асуудал. Тэд намын шугамын эсрэг байсан улс. Иймд бид тухайн үед гаргасан намын шийдвэр, шугам дээр хатуу зогсох хэрэгтэй» гэж сануулав.

Хилс хэргээ цагаатгуулах С.Жалан-Аажавын найдвар биелэх цаг болоогүй, улс төрийн урь ортол өдий байлаа.

С.Жалан-Аажав цөллөгт зургаан жилийг өнгөрөөсөн юм. Урьд өмнө дотно нөхөрлөж, уйлах нь халаг туслалцаа дэмжлэг гуйж, нэр төрөө барж байсан олон хүн түүнээс нүүр буруулж, огт танихгүй мэт авирлаж байв. Гэхдээ энэ бүхэн бол арай хожуухан болсон явдал. Харин С.Жалан-Аажавыг гэсгээн цээрлүүлэх кампани эхлэхэд 1983 он дөнгөж шувтарч байлаа.

ЭРГЭЖ УЧРАХ ХОРВОО

1990 он гарч, цаг төр орвонгоороо эргэв. Орон даяар хэлмэгдсэн хүмүүс үзэж туулсан зовлон гунигаа уудалж, шаналсан сэтгэлээ нээж байлаа. Тэгэхэд 70 шахсан өвгөн Жалан-Аажав Улаанбаатарт эргэн иржээ. Түүний цээжинд тоо томшгүй гомдол, бухимдал хурсан ч цагийн аясыг даган хувирахыг огтхон ч хүссэнгүй.

Тэрээр амьдралд нь хар толбо үлдээсэн гунигт үеийг мартахыг хүсэж, өөрийг нь хилсээр тарчлаан зовоосон хүмүүст хэзээ ч өширхөөгүй билээ.

Нэгэн удаа С.Жалан-Аажав хотын төвөөр салхилж яваад нуруугаа үүрээд мөн л салхилж явсан Б.Дэжидтэй тааралджээ. Урьд өмнө ганцхан цохолтоор хэн нэгний хувь заяаг шийдэх эрхтэй явсан дээд удирдагчид, нэгэн цагийн улс төрийн эвлэрэшгүй өрсөлдөгчид тэгэхэд аль хэдийнээ тэтгэвэртээ гарсан өвгөд болсон байлаа.

Хамаг хэрэг мандаж, нэг нь шийтгэж, нөгөө нь шийтгүүлсэн өвлийн бүүдгэр тэр шөнөөс хойш тэд огт уулзаагүй юмсанж. Б.Дэжид гар барих гээд гараа зангахад С.Жалан-Аажав ганц ч үг солилгүй дуугүйхэн зөрөөд өнгөрчээ...

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.02.19
Хөрөг | Наддаа чи минь нар байлаа
3
2024.01.23
ХӨРӨГ | Цэг цэгүүд нийлсээр нэгэн бүхэл зураасыг бүтээв
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
0
0
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (4)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2023.09.12 59.153.115.222

Үнэн сонин дээр бх аа, гэнэт Жалан аажав гуайн тухай хэдэн нүүр буруутгасан нийтлэл гарсан бсын. Тэр үед бүгд л өө сэвгүй бурхан мэт хүндлэгдэж бсан хүмүүсийн нэг гэнэт муу муухайн туйл болоод бичигдсэн бхыг үзээд маш их гайхсан. Их муухайгаар бичсэн бсан. Тэр үед “аз жаргалант” орны хүмүүсээс элдэв саар мэдээг маш нууцалдаг, муухай зүйл бараг уншдаггүй бсан болоод ч тэр үү, дотор муухайрах мэт хачин санагдаж бж билээ. Бас үнэмшилгүй их хачин санагдаад хэд хоног гайхаж бв. Бүр бөгс бөөрний явдал үртэл бичсэн, их увөйгүй муухай зүйл бсан даа. Ёстой тэр үеийнхээр бол “үзэл суртал”-гүй зүйл байсан даг.

0 Хариулах


ц.чимэддорж 2023.02.17 124.158.64.50

П.Дамдинг Ерөнхий нарийн бичгийн даргаар томилох саналыг Д.Майдар дарга дэвшүүлж ЗХУ-н холбогдох дарга нар Горбачёв болон олон хүн татгалзахгүй гэж тохирсон байжээ. Гэтэл ЗХУ-н аюулаас хамгаалах хороонд Моломжамц мэдэгдэж Цэдэнбалыг авч үлдэх хуйвалдаан зохион байгууллаа гээд Майдар буруутаж тэтгэвэртээ гарлаа Уг нь Цэдэнбал АИХ-н орлогч даргын албан тушаал үлдээе гэснийг гуйвуулжээ Т.Рагчаа дарга саналаа хэлэхгүй бултганаад байсан нь өөрөө санаатай байж л дээ.Намсрайг ЗХУ-н аюулаас хамгаалах хороон дарга Ерөнхий нарийнаар тавиулна гэж амалсан энэ бүхнийг Моломжамц өөрийгөө зүтгүүлэх бодолтой байснаа больж Намсрайгч болиулж Монголын дарга нар ЗХУ-ын дарга нараас албан тушаал олж авах тэмцлийг жинхэнэ утгаар өрнүүлж шившгээ хутгасан байдаг П.Дамдин дарга 2018 онд нэг ярилцлагадаа Батмөнх СЭВ-н орнуудын дэмжлэг авч хөгжих боломжийг харамсалтайгаар олон жил түгжсэн гэж билээ.Д.Майдар СнЗ-н даргад Ч.Сүрэнг санал болгосон нь Батмөнх төлөвлөгөө мэдэхгүй гээд дахиад л Моломжамцтай хамт Содномыг томилсон гэдэг.Баавар УТТ-ныхны тухай буруу,дутуу, сургаар мэдээлэл авч "Нүүдэл,суудал" номондоо бичсэн байна лээ

0 Хариулах


Сүхбаатар 2021.05.26 192.82.76.126

Цэдэнбал, Дэжид нарын увсын ойрд улаантнуудын балгаар ганц Жалан-Аажав гуайгаас гадна хэдэн зуун монголын сэхээтнүүд шоронд сууж хөдөө цөлөгдөж амьдаараа тамлуулж байсан даа.Хүнийг тамласан ййм новшнуудыг эдүгээ олон нийтээр жигшэж үнэнийг мэдээлэх хэрэгтэй.

0 Хариулах


Ду.Батбаяр 2021.05.26 66.181.181.179

Баярлалаа эгүнийг бичигчид. Дараагийн нийтлэлийг тосон суун хүлээнэ.

0 Хариулах