Хайх зүйлээ бичнэ үү

11 мин

Анхаар троллууд айсуй | Сошиал ертөнцийг солиоруулахаар ирж буй тэд


Сошиал орон зайд хэн нэгэн хүн таны уур бухимдлыг маш ихээр хүргэсэн тохиолдол бий юу? Үзэл бодол нийлэхгүй байгаагаа бүдүүлэг арга замаар илэрхийлж, нэр нүүрээ нуучихаад доромжилж бас заналхийлсэн ч байж магад. Тантай биш юмаа гэхэд өөр бусад хүмүүстэй хэрүүл өдөж, харааж зүхэн, олуулаа нийлж дайрах зэргээр авирлаж буй хүмүүстэй таарч байсан уу?

Тийм бол та бүү санаа зов. Тэдгээр хэт нэг талыг барьсан үзэл бодол бүхий аккаунтууд бодит хүн биш троллууд байх өндөр магадлалтай. 

2018 оны байдлаар Фэйсбүүкийн 2.2 тэрбум хэрэглэгчийн 850 сая нь хуурамч аккаунт буюу тролл, ботууд байна гэсэн судалгаа гарчээ. Энэ тоо 2020 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг угтан үлэмж өснө гэж судлаачид тооцоолж байсан юм. Тооцоолсны дагуу ч болж, Фэйсбүүк компани өмнөх оны сүүлээр буюу ерөнхийлөгчийн сонгууль болон цар тахлын идэвхжлийн үеэр 35 мянган хүний удирдан ажиллуулдаг 1.3 тэрбум хуурамч аккаунтыг устгасан гэдгээ тайландаа дурджээ. Statista-гийн судалгаагаар өдгөө тус платформын 2,8 тэрбум хэрэглэгчийн 16% нь буюу 400 орчим сая хэрэглэгч тролл байх магад гэсэн байна. Та бид ердөө тэрхүү хэдэн зуун сая хуурамч аккаунтын нэгтэй л үзэж тараад байсан хэрэг үү дээ. 

Тэдний хийх үндсэн ажил бол сошиал орчинд өрнөж буй халуун сэдэв, хуурамч мэдээллүүдийг өрдөж, сэвж, үлээж, асааж бодит хүмүүсийн сэтгэл хөдлөл дээр тулгуурлан хэрүүл тэмцэл өрнүүлж, хуваан талцуулах юм. Бот буюу роботууд ч мөн энэ ажлыг хийдэг. Гэхдээ троллууд илүү идэвхтэйгээр хуурамч мэдээлэл тарааж, бүдүүлэг, тэнэг, хэт туйлширсан чанараараа хүний анхаарлыг татаж, хариу үйлдэл хийлгүүлж дөнгөх чадвартай байдаг. Туйлширсан юм бичиж байж л хүний аазгайг хөдөлгөж, хариу бичүүлж, лайк шэйр хийлгэж чадах тул энэ тэднийг таних тэмдгүүдийн нэг юм.

Троллуудаар дамжуулж хуурамч мэдээллийг түгээх илүү хялбар байдаг тул улс төрийн сонгуулийн үеэр улс төрчдөөс ч илүү троллууд идэвхждэг. Сая сая бот, троллууд хуурамч мэдээллийг нэгэн зэрэг сэвж, тэрхүү мэдээлэлд хүмүүсийн анхаарлыг хандуулж, хэрүүл мэтгэлцээнд өдөөн турхирч, хиймэл сөргөлдөөн үүсгэж, бодит бус уур амьсгал бүрдүүлж чадаж буй нь олон нийтийн оюун санааг удирдан хянах томоохон хүч болж буй юм. Энэ арга орчин цагт ихэд дэлгэрээд буй нь мэргэжилтнүүдийн санааг зовоож байна. 

Тэднийг бүү хоолло

Бот, троллууд интернэт орчин дахь харилцан яриа, сэдэв тодорхойлолтын маш өндөр хувийг удирдан чиглүүлж байдгийг мэдсэн хэн бүхэн цочирдохоор. Массачусетсийн технологийн институтийн эрдэмтэд жиргээнд хамгийн их хандалт авсан 126 мянган сэдэвт анализ хийхэд бот, троллоор дамжсан хуурамч мэдээллүүд бодит мэдээллээс 6 дахин их хурдаар тархаж, хамгийн их хүнд хүрчээ. 

АНУ даяар эрчтэй өрнөсөн Black Lives Matter хөдөлгөөний үеэр арьс өнгөний хэт үзлийг сурталчилж, хар арьстнуудыг илтэд ялгаварлан гадуурхсан контент тарааж, хөөсрүүлж байсан хүмүүс дан хуурамч аккаунт буюу бодит хүн биш байсан тухай судлаачид жишээ татан тайлбарлаж. Мөн 2016 оны Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулиар Оросын тролл ферм хүчтэй нөлөө үзүүлснээр Доналд Трамп сонгогдсоныг баримттай өгүүлэх олон бүтээл хэвлэгдсэн. Троллууд ихэвчлэн нийгмийн эмзэг асуудал, олон нийтийн санал бодол хуваагдсан сэдвээр шуугиан үүсгэдэг технологитой. Америкт буу эзэмших эрхийн асуудал, арьс өнгөний үзэл, эрүүл мэндийн даатгалын асуудал, сонгууль гээд эмзэг сэдвүүд бишгүй. Эдгээр асуудал хөндөгдөх бүрт троллын бүхэл бүтэн арми ажиллаж байдаг нь тогтоогджээ. 

Монголчуудын эмзэг сэдэв болох цаазын ял, хэт үндсэрхэг болон хятадын эсрэг үзэл зэрэг нь мөн л троллуудын олз болж, хуурамч мэдээлэл тараах, олон нийтийн санаа бодолд нөлөөлөх сайхан далим болсон нь цөөнгүй. Аливаа мэдээллийн сенсаац шуугианыг өөр нэгээр дарах арга хэрэгсэл болсон нь ч бий. 

Троллууд мэдээж жинхэнэ хүн биш учраас тэдэнтэй жинхэнэ харилцан яриа өрнүүлэх ямар ч боломжгүй. Тэдний зорилго таныг яриандаа татан оролцуулж уур бухимдлыг тань л төрүүлэх. Та маргаанд ялах гэж улайрах зуур тролл аль хэдийн зорилгоо биелүүлчихсэн байгаа. Тиймээс тэдэнтэй тэмцэх хамгийн ухаалаг арга бол өгөөшийг үмхэлгүй, аливаа яриа хөөрөө, сэдэв сэвэлтэнд оролцохгүй холхон байх. Тэднийг бүү хоолло.  

Хүлээн авагчид хэрсүү болохын хэрээр троллууд ч мөн хөгжиж байна

Тролл арми ажиллуулдаг нэгэн хүнтэй ярилцаж үзэхэд тэр сонгуулиар хийх ёстой хамгийн чухал ажлуудын нэг бол ийм арми ажиллуулах явдал байдаг гэв. Штаб дээр сошиал медиа хариуцна гэдэг нь армиа удирдан захирах ажил байдаг аж. 2016 оны сонгуулиар гэхэд троллчидыг олноор ажиллуулж “хүнээр зоддог” байсан бол мэдээлэл технологийн хөгжлийг дагаж өнгөрсөн жилээс заавал олон хүн суулгаж ажиллуулах шаардлагагүй болжээ. Нэг командаар олон хаягнаас зэрэг үйлдэл хийж болдог болсон гэнэ. Контентыг нь бэлдэж, үг өгүүлбэр, сэтгэгдэл, ажиллах тактикийг боловсруулах баг нь тусдаа байдаг ба троллууд сонгуулийн үеэр улс төрчид болон тэдний дэмжигчдийн лайвын дор хамгийн идэвхтэй ажилладаг гэлээ. Хүмүүсийн итгэл үнэмшлийг илүү татах зорилгоор сүүлийн үед ахмад настны дүрд хувирсан троллууд олширсон гэв. Мөн тролл хаяг олноор нээхэд нэг хүндрэлтэй асуудал байдаг нь бүртгүүлэх утасны дугаар олноор олох явдал аж. Эхэн үедээ троллчид компани нээгээд, үүрэн компаниудын байгууллага хариуцсан менежерүүдтэй холбогдож нэг дор зуу зуугаар нь шинэ дугаар авч болдог байсан бол одоо томоохон үүрэн компаниуд үүнийг хориглоод буй учраас энэ тал дээр төвөгтэй болжээ. 

Бид өөрсдийн үзэл бодол, хандлага, итгэл үнэмшлийг зөвхөн минийх гэж ойлгодог нь маш том эндүүрэл. Яагаад гэвэл бидний үзсэн харсан, уншсан зүйлс бидний үзэл бодол ямар байхыг чиглүүлдэг. Энэ зарчмаар бодвол өнөөгийн хэт их хуурамч мэдээлэл бидний хандлага, итгэл үнэмшлийг бүрэлдүүлж, цаашлаад зан авирт маань хүртэл нөлөөлж байна.

Жирийн хүмүүс ч хуурамч мэдээллийг түгээхэд оролцдог

Хүмүүс ухаалаг. Гэвч тэд сэтгэл хөдлөлдөө захирагдах нь элбэг. Цахим орчинд хэн нэгний санаа зорилготойгоор бүтээсэн хуурамч мэдээллийг бид зөвхөн хуваалцахаас гадна ганцхан лайк дарах төдийд, ганцхан реакшн илгээж, сэтгэгдэл бичих төдийд л тараан, түгээж буйгаа мөн ойлгох хэрэгтэй. Учир нь Фэйсбүүкийн алгоритм таны хийсэн үйлдэл бүрийг найзуудад чинь дэлгэн харуулж байдаг. Үүнийг органик хандалт гэж нэрлэдэг юм. 

Судалгаагаар 65 буюу түүнээс дээш насныхан аливаа төрлийн хуурамч мэдээлэлд итгэх, тараах хувь хэмжээ өндөр байна гэж гарчээ. Учир нь ахмад настнуудын дижитал мэдээллийн боловсрол харьцангуй бага бөгөөд онлайн орчинд аль нь худал, аль нь үнэн болохыг ялган таних чадвар муу хэмээжээ. (Хүмүүс яагаад худал мэдээлэл тараадаг вэ? Буканан.Т, 2020 он)

Төв Флоридагийн их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар эрчүүд хуурамч мэдээлэлд итгэх хувь хэмжээ эмэгтэйчүүдийнхээс өндөр байна. Их сургуулийн оюутнуудын дунд судалгаа хийхэд ч эрэгтэй оюутнуудын мэдээллийн боловсрол илүү муу байгаа нь ажиглагджээ. 

Харин Колорадогийн их сургуулийн судалгаагаар уламжлалт мэдээллийн хэрэгсэлд итгэдэггүй, боловсролын түвшин доогуур, эсвэл улс төрийн аль нэг талыг хатуу баримтлагч хүмүүс хуурамч, төөрөгдүүлсэн, баталгаагүй, нэг талыг баримталсан мэдээллийг тараах нь элбэг байдаг байна. Тиймээс судлаачид тролл бот, худал мэдээлэлтэй тэмцэх цорын ганц арга зам бол дижитал мэдээллийн боловсрол хэмээн дуу нэгтэй хэлж буй юм. Мэдээллийн боловсрол гэдэгт аливаа мэдээлэл, контентыг нягтлан хүлээж авахаас гадна тролл, ботуудыг таних асуудал ч багтана. Тролл гэж хэн болох тухай багахан төсөөлөл өгөх үүднээс бид ийм ажил хийдэг нэгэн залуутай ярилцсан юм. 


Г.Э: “Троллын ажил хийхэд хүн чанар зулгаадаг”

- Чи энэ ажлыг хийж дадсан туршлагатай хүн үү?

- Би өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулиар нэг удаа, өнгөрсөн жилийн парламентын сонгуулиар мөн нэг удаа ажилласан. Ерөнхийдөө сонгуулийн үеэр сошиал багийн ажил байна уу гээд асуугаад очихоор ийм ажил бэлэн байдаг. Ямар ч шалгуургүй шууд авдаг ба дан залуучууд байдаг юм.

- Цалин хөлс хэдийг авдаг бол?

- Компьютер дээр суугаад бэлдэж өгсөн мэдээг шэйрлээд, коммент бичээд суудаг амархан ажил учраас их цалин авахгүй дээ. Өнгөрсөн жил сар хагас ажиллаад 600 мянган төгрөг авсан. Тэр хавьцаа л байдаг.

- Хийдэг үндсэн ажлаа дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч.

- Ер нь бэлтгэсэн мэдээг сэвдэг ажил. Лайк, шэйр хийж, коммент бичээд өөр хүмүүстэй хэрэлдээд, няцаагаад явах ёстой. Өөрийн маань жинхэнэ царай харагдахгүй болохоор санаа зовоод байх зүйлгүй зоригтой бичнэ. Хараад ерөөл хүртэл бичээд л. Худлаа мэдээлэл байсан ч хамаагүй бич гэснийг нь л бичдэг. Гэхдээ заримдаа бас үнэт зүйлтэй минь тэрсэлдсэн зүйл хийх үед хүн чанар зулгаадаг шүү. Яалт ч үгүй  хийсэн ажлаа хянуулж байж цалингаа авдаг болохоор өөр аргагүй. 

- Чи яг ямар төрлийн мэдээлэл тарааж, сэвдэг байв?

- Би бол доод түвшний сошиал мэдээлэл дээр ажилладаг байсан. Олон хүнтэй группууд рүү ороод тэдгээрт маш их юм шэйрлэнэ. За тэгээд аливаа мэдээллийн дор хүмүүсийг ятгаж болохуйц, эсвэл өдөөн турхирсан сэтгэгдэл бичнэ. Бас олуулаа ороод дэмжиж байна, сайн байна гэх мэт магтана. Эсвэл газар доор ортол нь муулна. Нэг нэгнийхээ сэтгэгдэл дээр лайк дараад биенээ дэмжээд явна.

- Нэг хүн хэдэн хаягнаас тролл хийх үү?

- 10-аад хаягнаас хийнэ. Анх ажиллаж байхад нэг IP дугаараас олуулаа холбогдож тролл хийж байсан. Ингэж орохоор Фэйсбүүк цаанаас нь устгаад байдаг юм байна лээ. Одоо бол өөр технологитой болсон гэсэн. Нэг хаягнаас нэг юм шэйрлэхэд олон хаягаар олон групп рүү зэрэг шэйрлэдэг программ гарсан гэж дуулсан.  

- Зохион байгуулж буй хүмүүс нь ямар үүрэгтэй байдаг вэ?

- Нэгдүгээрт биднийг хянах үүрэгтэй. Хэдэн группт шэйрлэж байна, хэдэн сэтгэгдэл бичсэн байна, хэр идэвхтэй байна гэдгийг хянадаг гэсэн үг. Хоёрдугаарт, чиглэл өгнө. Иймэрхүү маягаар энэ хүнийг ингэж харлуулж бичээрэй, эсвэл дэмжиж байгаа хүнээ албаар харлуулж сөрөг юм бичээд, дахиад өөрсдөө өөрсдөндөө хариу өгч цайруулж, хамгаалж бичнэ гэх мэт. Ер нь бол троллчид тэнд нарийн тавилттай жүжиг тоглож байдаг. 

- Троллыг хэрхэн таних вэ? Чи зөвлөөч.

- Троллыг шууд танихад хэцүү. Заримыг нь заавал профайл руу нь орж харж байж таних боломжтой. Гэхдээ хамгийн гол таних арга нь нэр нь байдаг. Жишээ нь энгийн хүмүүс бол дийлэнхдээ бодит овог нэрээ бичсэн байдаг бол троллууд “Цэцэг Цэцэг” эсвэл “Tuya Smile” гэх мэт зохиомол, хийсвэр, жинхэнэ хүн биш гэдэг нь ойлгогдохоор нэртэй байх нь түгээмэл.  Ер нь олон аккаунт нээж буй учраас толгойд орж ирсэн нэрээ л бичсэн байдаг. Хоёрдугаарт профайл зургаар нь таньж болно. Одуудын зураг ч юмуу цэцэг ургамал, адуу мал энэ тэр гэсэн зураг тавина. Гуравдугаарт, бүр сайн танья гэвэл профайл руу нь ороод харахад дандаа нэг талыг барьсан мэдээллүүд шэйрлэсэн байгаа. За тэгээд саяхан нээсэн аккаунт байвал гарцаагүй тролл. 

- Тролл ботын ажиллагаа олон нийтийн бодол санаанд хэр хүчтэй нөлөөлдөг гэж чи боддог вэ?

- Маш хүчтэй нөлөөлдөг. Жишээ нь, нэг мэдээллийн дор энэ хэзээ ийм байсан юм, ингэхгүй яасан юм, тэгэхгүй яасан юм гээд уншиж буй хүмүүст муу муухай сэтгэгдэл төрүүлэхээр коммент олныг бичнэ. Ямар ч сайн мэдээ байсан ард түмний сэтгэгдэл сөрөг байгаа мэт харагдуулна гэсэн үг. Хэн нэгэн лайв хийж байх үед хар мянгуулаа зэрэг муухай коммент бичиж дайраад, ууртай реакшн явуулахаар тэр лайв тун хэцүү болдог. Энэ бол хуурамч сэгтгэгдлийг олон нийтэд төрүүлж байна гэсэн үг. Би ийм ажил хийж байсан ч гэлээ үнэндээ дотроо бол хүмүүс үүнийг мэдээсэй гэж хүсдэг. Оюутан залуус бидэнд мөнгө хэрэгтэй. Хийхэд амархан ажил мэт боловч хүн чанар зулгаах үе зөндөө байдаг. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.07
Мөнгөө захиран зарцуулахад ур чадварт суралцах үүрэгтэй Данийн өсвөр насныхан
2
2023.10.10
Сошиал сүлжээнд "share", "post" хийхээсээ өмнө өөрөөсөө асуух 4 чухал асуулт
3
2023.08.27
Хувийн мэдээллээ хуваалцахаас өмнө таны мэдвэл зохих ойлголтууд
санал болгох
1
8 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
2
4
0
3
0
0
3

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.