Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Ж.Анунаран: Бид гадаад, дотоод орон зайд зэрэг амьдардаг

Жаргалсайханы Анунаран


 

Зураач Ж.Анунаран

"НордАрт" олон улсын үзэсгэлэн болон уран бүтээлийнхээ талаар

1. “НордАрт” олон улсын үзэсгэлэнд Монголоос сонгогдсон уран бүтээлчдийн нэг нь та. Энэхүү үзэсгэлэнгийн талаар яриагаа эхлүүлэх үү?

-Германы “Kunstwerk Carlshtte” урлагийг дэмжих ашгийн бус байгууллагаас Бюделсдорф хотноо 1999 оноос эхлэн жил бүр “NordArt International Art Exhibition” үзэсгэлэнг зохион байгуулж байгаа. Дүрслэх урлагийн бүх төрөл, хэв маягийг  багтаасан орчин үеийн хамгийн том үзэсгэлэнгүүдийн нэг.

Энэ үзэсгэлэнд Монгол Улс хоёр дахь удаагаа оролцож байна. Өнгөрсөн  жил манайх онцлох орноор шалгарч, “Модерн шилжилт ба дүр төрх” гэсэн нэрийн дор, 34 уран бүтээлчийн бүрэлдэхүүнтэй оролцсон. Манай павильоноос уран бүтээлч, барималч Ч.Очирболд үзэгчдийн нэрэмжит шагналыг хүртсэн. Энэ жилийн хувьд 17 уран бүтээлч шалгараад байгаа.  

2. Монголын павильон энэ жил “Уламжлал ба орчин үе” гэсэн сэдвийн дор нээгдэж байгаа гэсэн.  Яагаад уг сэдвийг сонгох болов?

-Миний ажигласнаар дээрх сэдвүүдийн цаана монгол хүний нийгэм, цаг үеийн шилжилтэд хувьсан өөрчлөгдөж буй үйл явцыг уламжлал болон орчин үетэй харьцуулан илэрхийлсэн санагдсан.

3. “НордАрт” олон улсын үзэсгэлэн ямар шалгуураар уран бүтээлчдээ сонгодог вэ?

-Шалгаруулалтын өмнө нээлттэй байдлаар зарлаж, бүтээлүүдийг хүлээн авдаг. Уран бүтээлчдийн оролцсон үзэсгэлэн, бүтээлээ тайлбарлаж буй байдал, бүтээлийн фото хувилбар, мөн “Норд Арт”-д санал болгож буй бүтээл, тэдгээрийн тайлбар шаардлагатай. Бас мэргэжлийн шүүмжлэгчдийн шүүмжлэл, бүтээлийнх нь талаар бичсэн нийтлэлүүд, олон улсад гаргасан үзэсгэлэнгүүд шалгаруулалтад нөлөөлдөг.

4. Та үйл хөдлөлийн буюу перформанс чиглэлийн уран бүтээлч. Энэ урсгал чиглэлийн талаар тайлбарлахгүй юу. Манайд хэр хөгжсөн урлагийн хэлбэр вэ?

-Миний хувьд үйл хөдлөлийн урлагаас илүүтэй миксед медиа болон инстоляц төрлөөр давхар ажилладаг. Үйл хөдлөлийн урлаг 1950-иад оноос Баруунд үүсч, 1960 онд урлагийн чиглэл болж хөгжсөн. Өмнөх үеийн бүтээлүүдээс ялгаатай нь перформанс арт нь хэдэн минутаас эхлээд хэдэн өдөр хүртэл хугацаанд үргэлжилдэг.  Үзэгч болон уран бүтээлч хоорондын харилцаа, орон зай, цаг хугацаагаар дамжин илэрхийлэгддэг. Перформансыг зарим хүмүүс үзүүлбэр, тоглолт мэтээр ойлгох нь бий. Гэвч энэ тавилт, найруулгатай зүйл огт биш. Уран бүтээлчийн бий болгосон нөхцөл байдалд бүтээлч өөрөө үйлдэх юм уу, зарим тохиолдолд үзэгч перформансын нэг хэсэг болдгоороо ялгаатай.  

5. Таны бүтээлүүдээс ажиглахад материалын тал дээр анхаардаг юм шиг санагдсан. Үүнийг туршиц гэх үү, эсвэл уран бүтээлийн өвөрмөц чанар уу?

-Надад зотон, тос, уул, ус, ургамал, морь, мал гэх ойлголтоос илүү өөр материал дээр ашиглалтын зориулалтаасаа өөрөөр илэрч, урлаг хэрхэн болж болох тэр үйл явцууд сонирхолтой байдаг. Уран бүтээлч хүн үргэлж л туршилт хийдэг. Энэ нь өвөрмөц байдлыг хүссэн хүсээгүй бий болгодог.

6. Таны гаргасан бие даасан үзэсгэлэнгүүд “Өөрчлөлт”, “Чөлөөлөлт” гэсэн нэртэй. Эдгээр утга агуулга таны уран бүтээлд хэр том орон зайг эзэлдэг вэ?

-Бидний харж, мэдэрч, анзаарч байгаачлан гадаад, дотоод орон зайд зэрэг амьдардаг. Гадаад, дотоод орон зай нь харилцан үйлчлэлтэй. Миний хувьд хүчтэй мэдэрч байгаа зүйлээ аливаа уран бүтээлчид санаатай,  эсвэл санамсаргүй,  өөрийн мэдэлгүй л хийдэг.  Түүний л нэг илрэл байх. Миний хувьд чухал гэж би хэлнэ.

7. Таны гэр бүлийн хүн мөн зураач. Хоёулаа уран бүтээлч байхын онцлог тал бий юу?

-Уран бүтээлч хүнд бие даасан байдал чухал. Бид бие биенийхээ уран бүтээлийн бие даасан байдал, орон зайд нөлөөлөхгүй байхыг эрхэмлэдэг. Тэр нь онцлог болов уу.

8. Зураг зурж байхдаа сонсдог хөгжим, тогтмол хийдэг үйл байдаг уу? 

-Би шууд зурах юм уу, эскиз хийхгүйгээр эхлээд их боддог. Гадуур явж  байхдаа, хоол идэж байхдаа гэх мэт өөр зүйл хийж байхдаа хэрхэн бүтээлээ хийх тухай бодолд автана. Мөн олон зүйлийг ажигладаг. Бодоод байгаа зүйл маань миний бүтээлд хэрхэн хөрвөн буух, үзэгчдэд ямар мэдрэмж өгөх талаар төсөөлдөг. Ганцаараа байж, ерөөсөө сонсоод уйддаггүй хөгжмүүдээ сонсдог. Бас үзэсгэлэндээ зориулж хийлгэсэн хөгжмүүдээ сонсоно.  

 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
2 цагийн өмнө
Ах дүү Абэ нар Анталъяд ялалтын цувралаа үргэлжлүүлэх үү?
3
2 цагийн өмнө
61 нас хүрсэн Квентин Тарантиногийн АМЬДРАЛЫН ДҮРЭМ
санал болгох
1
20 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
22 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
Өчигдөр
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.