Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Humans of UB | Программист болоход хэзээ ч оройтохгүй


Мэргэжил бүхэн сайхан ч бид хэзээ нэгэн цагт амьдралд юу хийх, аль замаар явахаа сонгох мөчтэй тулгардаг. Зам бүхэн дардан байдаггүй бас зөв байдаггүй. Мэргэжилдээ анхнаасаа дурлаж сонгосон хүн ч бий, өөрийнхөө юунд дуртай, юу чаддагийг мэдсэнийхээ дараа сонголтоо өөрчилсөн хүмүүс ч байдаг.  Бид “Humans of UB” булангийнхаа энэ дугаарт программ хөгжүүлэгч залуустай ярилцлаа. Тэд “IO” буюу “Input Output” институтын гишүүд бөгөөд программист болох хүсэлтэй хэн бүхэнд зориулж урам зориг өгөх гайхалтай түүхээсээ хуваалцаж байна.

Б. Буяндэлгэр, IO институтын програм хөгжүүлэгч, ШУТИС-ийн төгсөх курсийн оюутан

Silicon Valley (Цахиурын хөндий) гээд олон ангит кино байдаг. Анх тэр цувралыг үзэхэд гол дүрийн хүн нь яагаад ч юм надтай их төстэй санагдсан. Эхэндээ үг дуу цөөнтэй, даруухан нэгэн байснаа сүүлдээ программист болоод өөрийгөө нээж, доторх хүнээ гаргаж ирдэг. Анх тэр киноноос л мотиваци аван мэргэжлээ сонгож байсан. Өөрийгөө бусдаас өөр гэж мэдэрдэг хүмүүст энэ мэргэжил тохирч магадгүй юм. Программист болох тийм амархан зүйл биш л дээ. Гэхдээ нэг дурласан хүндээ бол их гоё. Заримдаа юм өрөөд л ажил биш, яг тоглоом шиг санагддаг. Өөрийгөө уран бүтээлчээр мэдэрч төсөөлөх үе ч бий. Би 3-р дамжаанд суралцаж байхдаа IO институтад нэгдсэн. Яг л нэг гэр бүл шиг бие биенээ тусалж дэмждэг. Сурахын хажуугаар ажил хийгээд, мэдлэгээ бататгаад авна гэдэг их том боломж. Багш нар маань бүгд л Монголын томоохон платформыг хөгжүүлж, оролцож байсан хүмүүс. Маш их туршлагатай, бас ирээдүйг их нарийн төлөвлөсөн, алсын хараатай хүмүүс шиг санагддаг. Миний хувьд цаашдаа мобайл апп хөгжүүлэлтийн чиглэлээр мэргэших хүсэлтэй байгаа. Хажуугаар нь бас хиймэл оюун ухаан ч юм уу, өөрийн сонирхсон зүйлсээ судлаад явах байх. Яг одоо бол Монголын IT салбар эхэн үеийн хөгжил дээрээ явж байгаа. Оргил үедээ арай очоогүй гэх юм уу. Хөгжлийн дээд шатанд хүргэх хүмүүс нь манай үеийнхэн болон манай доод үеийнхэн байх гэж бодож байна. Тиймээс энэ салбарыг сонирхож байгаа залуус маань эртдэнэ эсвэл оройтно гэж бодолгүй яг одооноос л суралцаад эхлээрэй гэж хэлье. Өөрөө дундаас нь орхилгүй тууштай байж чадвал хүн бүхэн программист болж чадна.

У.Наранбаатар, IO институтын программ хөгжүүлэгч

Багаасаа компьютер сонирхолдог, их оролддог, программ зохиодог хүмүүсийг хараад биширдэг хүүхэд байсан. Мэргэжлээ сонгохдоо шуудхан л Мэдээллийн системийн менежмент ангийг сонгосон. Одоо Санхүү Эдийн Засгийн Их сургуулийн 4-р дамжаанд суралцдаг. Сурахын зэрэгцээ IO институтэд мэргэжлээрээ ажиллаад жил болж байна. Анх өөрөө сонирхож, дурлаж сонгосон мэргэжил учраас IT салбартаа их дуртай. Миний бичсэн код хүмүүсийн өдөр тутмын амьдралыг хялбарчилж, одоо хэрэглэж байгаа, цаашид ч хэрэглэнэ гэж бодохоор сайхан санагддаг. Анх дэврүүн хүслээр мэргэжлээ сонгож байсан бол энэ салбарт ажиллаад, практикт суралцах хугацаандаа сонирхолтойгоос гадна их ирээдүйтэй, боломжоор дүүрэн болохыг нь анзаарсан. Бүхий л салбарт хөрвөх, хоршин ажиллах боломжтой учраас хүн бүрд хэрэгцээтэй ур чадвар гэж боддог. Ялангуяа багаар ажиллахад IO институтийн хамт олноосоо, системийн шинжээч Тулгаа ахаас байнга суралцдаг. Үнэхээр ур чадвартай бол эх орноосоо ч олон улсын том байгууллагуудад ажиллах боломжтой байдаг. IT салбарт математик, физик, сэтгэн бодох ур чадвар шаардахаас гадна хэлтэй байхыг шаарддаг. Мөн багаар ажиллах чадвар эзэмшиж чадвал хүссэн бүхнээ хийх өргөн боломж байдаг нь гайхалтай. Миний болон IO институтийн зорилго бол дэлхийд өрсөлдөх.

Г. Төгөлдөр, IO институтын программ хөгжүүлэгч

Би Дарханд төрж өссөн. 10 жилээ төгсөөд ЭЕШ-аа өгөн Дарханы ТИС-ийн төмөрлөгийн үйлдвэрийн технологичийн анги авсан. Мэргэжилдээ дуртай байгаагүй ч сольж чадалгүй явсаар төгссөн дөө. Нэгэнт төгсчихсөн учраас дадлага хийж, ажиллах гэж үзсэн ч нэлээн хүнд хүчир ажил шиг санагдсан. Уурхайд ээлжээр ажилладаг, ер нь л миний сонирхох зүйл биш байсан. Тэгээд л өөр боломж бололцоо, сургалтын төвүүд хайж явсаар IO институтыг олсон. IT салбар хурдацтай хөгжиж буй энэ үед байгууллага бүрд л IT инженер хэрэг болдог. Ер нь өөр чиглэлийн мэргэжилтэй хүн байсан ч IT-ийн бага сага мэдлэгтэй бол давуу тал болно. Харин над шиг IT суурьгүй хүн нэг жилийн сургалтад хамрагдаад вэб хөгжүүлэгч болно гэдэг асар их боломж шүү дээ. Манай багш нар Турк, Тайвань гээд гадаад дотоодод мэргэжил дээшлүүлсэн, Монголын томоохон компаниудад 10 гаруй жил программист хийсэн туршлагатай учраас богино хугацаанд яг практикт хэрэг болох бүхнийг заадаг. Ерөнхийдөө вэб хөгжүүлэлт болон мобайл аппликэйшн хөгжүүлэлт гэсэн хоёр төрлөөр сургалт ордог. Төгсөөд сонирхсон аль ч чиглэлээрээ ажиллах боломжтой. Гол давуу тал нь сурах явцдаа багш нарынхаа заавар доор дадлага хийж эхэлдэг. Мэдэхгүй, чадахгүй юмаа тухай бүрд нь асуугаад явдаг даа. Анх IT-гаар сурч эхлэхэд тэсвэр тэвчээр их хэрэгтэй санагдсан. Шууд бүхнийг чадна гэж байхгүй учраас их удаан сууж, тасралтгүй оролдлого хийх хэрэгтэй. Хамгийн анх алгоритм үзэж, юмыг цэгцтэй бодох, логик сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх чадвараа хөгжүүлэн түүний дараагаар программ дээр ажиллаж эхэлнэ. Авууштай зүйл нь хаанаас ч, хэзээ ч ажиллах боломжтой. Хөл хорионы үед манай ажил нэг ч зогсоогүй, гэрээсээ ажилласан. Ер нь IT чиглэлийг сонирхож байгаа ч 4 жил суралцаад диплом хамгаалах боломжгүй хүмүүс богино хугацаанд IO институтын сургалтад хамрагдаад өөрт хэрэгтэй бүхий л чадварыг эзэмших боломжтой шүү гэж хэлмээр байна.

Б.Оргил, IO институтийн багш, технологи хөгжүүлэгч 

Би МУИС-ийг программ хангамжийн чиглэлээр төгсөөд нэг жил инженерээр ажилласан. Харин IO институтийг анх байгуулагдахад ажиллангаа суралцсанаар одоо мэргэжлээрээ багшилж байна. Арван жилдээ мэдээлэл зүйн хичээлд үнэнхүү “хобби”-той, байнга л олимпиадад оролцдог хүүхэд байсан. Элсэлтийн ерөнхий шалгалтаа өгөөд Эдийн Засгийн сургуульд орохоор байсан ч IT-д илүү татагдаж, тухайн үеийн Технологийн сургуульд суралцсан юм. Оюутан байхдаа салбарынхаа ач холбогдлыг төдийлөн мэддэггүй байсан бол ажил дээр гараад код хэцүү зүйлсийг хялбарчилж, арга ухаан сүвэгчилдэг гэдгийг ойлгож, гайхалтай санагдах болсон. Энэ салбарын техник, технологи маш хурдтай өөрчлөгдөж, хөгждөг нь хорхой хүргэдэг. Өөрөө програм зохиож, бүтээл хийх нь таашаал өгдөг. Зөвхөн код бичиж, тухайн алгоритм тоог бичихдээ бус цаад ач холбогдол, үр өгөөжийг хардаг байгаасай гэж суралцагчдаасаа хүсдэг. Манай институтийн хувьд насны хязгааргүй. Гэхдээ ихэвчлэн 16,17 настай дүү нар суралцдаг. Миний ажигласнаар IT салбартаа дуртай, код бичихийг хоббигоо болгосон хүүхдүүд илүү амжилт гаргадаг. Зарим нь сургалтынхаа хугацаанд мэргэжлийн ур чадвартай болж, манайд болон хамтран ажиллагч байгууллагуудад ажилд ордог. IT-ийн 4 жилийн хөтөлбөрийг манай нэг жилийн эрчимжүүлсэн сургалтаар заадаг учраас практик дээр ажиллан цаг заванд хэмнэлттэй, үр өгөөжтэй санагддаг шүү. 

Холбоотой мэдээлэл: Humans of UB | Технологийн салбарыг түүчээлж буй эмэгтэйчүүд

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.01.06
Humans of UB / Аутизмд хийсэн аялал
2
2023.11.23
Humans of UB | Уур амьсгалын өөрчлөлтөд эергээр нөлөөлсөн монгол хүүхдүүдийн түүх
3
2023.06.27
Humans of UB | Паркаа бүтээгчид
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.