Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Нарциссизм | Өөрийгөө хэт өндрөөр үнэлэх өвчин юунаас үүдэлтэй вэ?


Ромын яруу найрагч Овидын бичсэн Метаморфоз гэх бүтээлд Нарциссус гэх залуу хүүгийн тухай домог гардаг. Царай төрх нь өв тэгш учир охид түүнд дурлах ч Нарциссус учрыг ойлгохгүй явсаар хүмүүсээс залхана. Нэгэн удаа тэрбээр ойн гүн дэх тогтоол уснаас цангаагаа тайлахдаа өөрийн тусгалыг анх удаа харан гүн гүнзгий дурлаж орхидог. Усан дээрх тусгалаа илбэн таалж, үнсэж тэвэрье гэсэн ч өөрийн хүссэн тэр хайраа авч чадахгүйгээ ойлгон усанд живдэг. Домогт гарах Нарциссусын түүхээс өөрийгөө хэт их хайрлах гэсэн утгатай "нарциссизм" гэх үг анх үүсжээ. 

Орчин үеийн сэтгэлзүйн салбарт нарциссизмыг сэтгэл зүйн эмгэг гэж тодорхойлох болсон. Австрийн сэтгэл судлаач Зигмунд Фройд өөрийгөө хэт их хайрлах үзэгдлийг эмэгтэйчүүдээс гаралтай хэмээн тайлбарлажээ. Түүний бичсэнээр эмэгтэйчүүд эр хүний бэлэг эрхтэнг хүсэмжлэн, өөрт байхгүй тэр зүйлийг орлохын тулд өөрийн бие, царай төрхөд хэт анхаарал хандуулж таашаах болсон гэжээ. Түүнээс хойш сэтгэл судлаачид илүү ул суурьтай шинжлэх ухааны дүгнэлтүүд хийсээр ирсэн бөгөөд сэтгэлзүйн эмгэгийн гадагшаа илрэх шинж тэмдгээс илүүтэйгээр дотоод шалтгааныг нь хайж эхэлсэн байна. 

Нарциссистууд гаргасан амжилтаа хэтрүүлэн үнэлж ирээдүйд ч бас энэ хэвээр бүхнийг ялна гэдэгтээ итгэдэг. Тэд өөрсдийгөө бусдаас онцгой гэж бодох ба зөвхөн онцгой хүмүүс л тэднийг ойлгож чадна гэж боддог аж. Дугаарлаж буй хүмүүсийн урдуур дайрч, бусдын яриаг таслах нь тэдний хувьд хэвийн үзэгдэл. Бусдыг бодолгүй өөрийгөө л бишрэн шүтэж, бусдаас ирсэн шүүмжлэлийг тэвчдэггүй гэнэ. Гэтэл бодит амьдрал дээр бид дээрх үйлдлийг гаргавал тодорхой хэмжээний ёс суртахууны хэмжүүртэй тулдаг. Харин нарциссистуудад гэмших мэдрэмж төрөхгүй байгаа нь сэтгэлзүйн эмгэг бөгөөд үүнийг муу эсвэл сайн хүн гэж тодорхойлох аргагүй, харин эрүүл эсвэл өвчтэй л гэж үзэх юм. 

АНУ-д сэтгэцийн эмгэгийг ангилах, оношлох зорилготой DSM гэх албан ёсны журмыг анх 1952 онд гаргажээ. Тус журам нь 1980 онд нарциссизмийг хувь хүний эмгэг буюу нийгмээр хүлээн зөвшөөрөгддөг хэвийн гэх ойлголтоос сэтгэхүй болон зан үйлээрээ ялгаатай байдал гэж тайлбарлажээ. Хувь хүний эмгэгт эхлэл эсвэл төгсгөл цэг гэж байдаггүй. Гэр бүлийнхэн нь тухайн хүнийг үргэлж ийм байсан гэж дүгнэнэ. Түүнчлэн эмгэгтэй хүмүүс өөрсдийгөө хэвийн гэж үзэх ба ихэвчлэн гэр бүл, ойр дотны хүмүүс нь тэдний ааш занг тэвчилгүй эмчилгээнд явуулдаг байна.Нарциссизм нь бүхний анхаарлыг хүсдэг хэрнээ бас бүгдийг үгүйсгэдэг сэтгэлзүйн төлөв байдал юм. Фройд нарциссист хүний энэ их эсэргүүцэл нь эмчлэгдэх боломжийг ч бас тэрслэн үгүй хийнэ гэжээ. Харин Унгарын психоанализын сургуулийг үүсгэн байгуулагч Шандор Ференци нарциссизмыг эмчлэгдэх боломжтой, гагцхүү тэдэнд хайр энэрэл мэдрүүлэн, сонсож ойлгох хүн л хэрэгтэй гэжээ. Тэрбээр өвчтөнүүдийнхээ нэгтэй нь гэрлэсэн байдаг. 

1940 онд нацистуудаас зугтан АНУ руу цагаачилсан Венийн эмч Хайнц Кохут эх хүн хүүхдэдээ энэ дэлхий дээрх хамгийн шилдэг нь гэсэн мэдрэмжийг өгч чадаагүй учир өөрийгөө үнэлэх үнэлэмж хэт доогуур хүмүүс нарциссист болдог гэж үзжээ. Хүүхдийг багаас нь эхлэн зурсан зураг, хийж бүтээсэн зүйлсийг нь урамшуулж, магтах хэрэгтэй гэнэ. Ингэснээр хожим амьдралд алдах үедээ гутарч гунилгүй цааш явах сэтгэлийн хат сууж өгдөг байна. Харин нарциссист хүн өөрийгөө хэзээ ч алдаа гаргана гэж боддоггүй тул өчүүхэн ялагдал мэдрэхэд л амьдрал нь сүйрч буй мэт санагддаг аж. 

Бидний сэтгэлзүй болон хувь хүний зан араншинд гэр бүлийн анхдагч харилцаа ихээр нөлөөлдөг. Ухаан ороогүй бага насандаа тулгарсан бүхий л асуудал хожим хувь хүн болж төлөвших үед тодоор илэрдэг. Тиймээс өөрийгөө сэтгэлзүйн асуудалтай гэж үзвэл анхдагч шалтгааныг нь олж, тэр цэгээс л эмчилж эхлэх нь зүйтэй гэсэн байна.  

Эх сурвалж: The New York Times

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
Өчигдөр
Стрессийг ердөө минутын дотор бууруулах шидтэй биеийн 8 цэг
3
2024.03.22
Зөв хүнтэйгээ учрах үед танд мэдрэгдэх 10 өөрчлөлт
санал болгох
1
4 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
5 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
9 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.