Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Өнөөдрийн зурвас: Засгийн газрын энтертайнментаа зогсоо!


Засгийн газрын зугаацуулан цэнгүүлэх тун хэтэрч утгаа алдлаа. Ийм зүйлсийг хэн найруулж байгааг иргэд тааж цөхсөнгүй. Цахим сүлжээнд яг таг нэрлэжээ. “Хэро” энтертайнментын Б.Баатар. Дүүгийнхээ тэргүүлж буй Монгол Улсын Засгийн газрыг өөрийн дэглэсэн энтертайнмент болгож, шоунд хувирган найруулж байна. Ийнхүү манай оронд сайн, муу ямар нэг үйл явдал болох бүрт монголчууд бид түүнийг “Хэро”-гийн бодож олсон дүрслэлээр харж, тоо баримт, статистик сэлтэд төвлөрөхөөсөө хэлбэр хийцэд найрагдан цэнгэн хөгжилдөх үзэгчид болж байна. 

Засгийн газар болгон овогтой байдаг. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар бол яах аргагүй “ЭНТЕРТАЙНМЕНТ” хочтой болж үлдэнэ. Хөөсөн үгтэй, хоосон үйлдэлтэй Ерөнхий сайд нь иргэд олноороо үрэгдэж байхад яаж шоудахаа л хичээдэг. Гэр нь тартагтаа тулсан байхад хүүхдүүддээ таблет тэврүүлчихээд хэсээд явчихдаг ээж шиг. Нэг ширхэг вакцин худалдан авсан үнэ, ковидоор өвчилсөн нэг хүний эмчилгээний зардал бүрхэг. Гэртээ өөрийгөө эмчилж буй тахлаар халдварлагсдад үзүүлэх учиртай эмнэлгийн үйлчилгээг хүртээмжтэй болгохын тулд хэдэн төгрөг сох дутчихаад байгаа нь ч нууц. Гэхдээ Засгийн газрын үйл ажиллагааг яаж харуулбал үзэгч түмэн омогшихыг бодож боловсруулдаг энтертайнмент их найруулга явж байгаа тул бид дуугүй л толгойгоо дохилзуулан суухаас өөр гарцгүй болж байна. Хэдүүлээ таблетаараа сайхан шоу үзээд маргааш хэрхэхээ бодохгүй хөгжилдөх ёстой болсон. 

Удахгүй болох үндэсний их баяр наадмыг олон нийт эсэргүүцэж байна. Цахим наадам хийх зар түгсэн ч түүнийг бүтээх өртөг хөлс 10 тэрбумаас хэд болж буурах нь тодорхойгүй нь иргэдийн дургүйцлийг хүргэсээр, эргэлзээ тээнэгэлзээ төрүүлж бухимдал төрүүлсээр байна. 10 тэрбумаар наадам хийхийн тулд 500 гаруй уран бүтээлчийг ажиллуулж, халдвар тархах эрсдэлд оруулна. Тухайлбал, найрал хөгжим тоглоход багаар бодоход 100 хүн нэг дор цуглаж, олон хоногийн бэлтгэл үргэлжлэх ёстой. Үүний оронд PCR шинжилгээндээ үнэгүй хамрагдах шаардлага иргэдэд илүү тулгарч байна. Наймдугаар сарын 15-нд хичээлийн шинэ жилийг танхимд эхлүүлнэ гэж Засгийн газар төлөвлөсөн л бол эрүүл, аюулгүй орчинд хүүхэд залуусын сурч боловсрох нөхцлийг хангахад найр наадмаас илүү чиглэж ажиллах ёстой. Одоо энтертайнмэнтаа ЗОГСОО! 

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Японы үндэсний бөхийн 68 дахь их аварга Д.Дагвадорж нийтийн сүлжээнд АСА явуулын станцаа дахин асаалаа. Өмнө нь “Хэро”-гийн найруулсан Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн сурталчилгаанд Х.Баттулгыг дэмжихээр ийм “станц” идэвхжүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл унтраасан байв. Энэ удаа Д.Дагвадорж ковидын нөхцөл байдлыг иргэдэд мэдээлдэг 11 цагийн хөтөлбөрийн хөтлөгч болон хувирсан нь мөн л “Хэро” ажиллагаа. Д.Дагвадорж телевизээр энтертайнмент үзүүлэх туршлагатай. Түүнийг сүмогийн дэвжээнээ ид алдаршиж байх жилүүдэд Японы дэлгэцийн шоунууд өндөр хөлсөөр залж, зугаа цэнгээний нэвтрүүлгүүдийн од болгосон. 

2021 оны зургадугаар сарын 17 буюу өнөөдөр Эрүүл мэндийн яамны мэдээллийн цаг АСА станц болов. Үүнээс хойш арав хоногийн турш түүний асуултаар дамжуулан иргэд мэдээллээ Засгийн газраас авах нь. Ийм болгож өөрчлөх зайлшгүй шаардлага ойлгомжгүй. “Үнэн худал нь мэдэгдэхгүй шум яваад бүр толгой эргэчих юм. Бодит байдал дээр эрдэмтэн мэргэдээс АСА станц явбал яах бол?” хэмээн нэг өдрийн өмнө фэйсбүүкт постолж байсан түүнийг маргааш нь 11 цагийн мэдээний хөтлөгч болох гэж байгааг иргэд тааварлаагүй. Дагваа станцаа асаагаад эргэлзээ тээнэгэлзээ төрүүлсэн асуултад мэргэжлийн хүмүүсээс хариулт авах лайв хийхийг түүнийг дагагсад хүлээж авна. Харин хэвлэл мэдээллийн орон зайд ганцаарчилсан тоглолт хийхийг бид зөвшөөрөхгүй. Сав л хийвэл сайн мэдээ цацаж байх шаардлагыг сэтгүүлчид хангаж өгөхгүй байгаа нь Засгийн газарт алдартай хүмүүсийг хөлсөлж мэдээллийг хүссэнээрээ найруулахаас өөр аргагүй болгов бололтой. “Энтертайнмент” Засаг алиа салбадайнуудтайгаа хамт одоо боль, ЗОГС! 

Хамгийн их уншилттай
1
2021.09.28
"Squid Game" киноны жүжигчин И Жон-жэгийн тухай 14 сонирхолтой баримт
2
2021.09.28
Габби Петитод юу тохиолдов? | Түүний хэргээс суралцах хортой харилцааны тухай 10 зүйл
3
2021.10.15
Энэ 7 хоногийн хөгжилтэй постууд: Сонгууль, Эрээний боомт, Юнител
холбоотой мэдээ
1
2021.10.18
Өнөөдрийн зурвас: Хамгийн залуу гишүүн
2
2021.10.13
Өнөөдрийн зурвас: Чиний хөх ямар вэ?
3
2021.10.06
Өнөөдрийн зурвас: Монгол хүүд бүх юм хориотой
санал болгох
1
7 цагийн өмнө
Монголын Оюун Ухааны музей ГИННЕСИЙН НОМОНД бичигдлээ
2
8 цагийн өмнө
Зурхайтай холбоотой "хөх инээд" хүргэм 12 МИЙМ
3
13 цагийн өмнө
Эх дэлхийгээ хайрлаж, ухаалаг амьдрах 40 АРГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.