Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Алисагийн тэмдэглэл: Өнөөдөр өвөөгийн минь төрсөн өдөр (Би баярлах ёстой, гэвч...)


Тавьж явуулж чадаагүй хүний төрсөн өдрийг яаж тэмдэглэх, энэ өдрийг яаж өнгөрүүлэх ёстой юм бол?

Мэдэхгүй л байна. Мэдэхгүй байсаар өдөр хоногууд өнгөрч дуусах нь...

Алисагийн буланд эргэн тавтай морил. Та бүхэнтэй шинэ бичвэрээр уулзаж байгаадаа баяртай байна. Цаашид ч дараагийн бичвэрүүдээр уулзаж, сэтгэлээ хуваалцаж байна хэмээн найдаж байна. Мөн одоохондоо идэвх сул байгаа ч удахгүй гоё болох Алисагийн тэмдэглэл группд минь нэгдээрэй.

Өмнө нь би тавьж явуулах талаар бичиж байсан л даа. Бас өөрийгөө их аятайхан байдлаар хүнд хэцүү мэдрэмж, дурсамжийг тавьж явуулсан гэж бодож байгаа ч дотор нэг зүйл үлдчихсэн хэвээр л байна. Яагаад 7 сарын 1-нд, шинэ жил айсуй байдаг 12 сард би туйлын эмзэг болж, уйлчих гээд байдгийн учрыг өөрөөсөө ч нуух гэж оролдсоор явсан ч эцэст нь нүүр тулахаас аргагүй болов. Би одоо болтол өвөөгөө энэ ертөнц дээр байхгүй гэдэгтэй эвлэрч чаддаггүй, би одоо болтол санадаг, би одоо болтол харамсдаг, би одоо болтол ид шид, нууцлаг зүйлд итгэдэг.

Тэгэхээр яаж бүр мөсөн тавьж явуулах вэ гэж би их удаан бодож шаналлаа. Гэхдээ хариултыг нь олж чадсан шүү. Түүнийгээ яг одоо та бүхэнтэй хуваалцах гэж байна.

1. Бүр мөсөн орхиж, мартах хэрэггүй юм байна. Энэ бяцхан өвдөлт, нулимс, ганцаардал надад хэрэгтэй.

Яагаад ч юм мартчихвал сэтгэлд амар, өдөр хоногуудыг зогсолтгүй туулаад л байна гэж бодсон боловч буруу байжээ. Харин ч энэ шаналал, тэр гунигтай ч юм шиг дурсамжууд амьдралд минь асар их хэрэгтэй байв. Одоо байгаа хүмүүсээ хайрлахад, цаг хугацааны үнэ цэнийг мэдрэхэд, зарим тэнэг алдаагаа ухаарч явахад минь, бас сэтгэл дотор минь нэг ийм эмзэг тал байдаг шүү гэдгийг мэдрэхэд тус болдог юм. Энэ ертөнцөд би хайрлагдсан хүн гэдгээ мэдэрдэг юм. Хайрыг алдахад харуусдаг, яаж ч шаналаад эргэж ирдэггүй гэдгийг бодоход л би үнэ цэнийг нь ихээр мэдэрч, тэр үгийг болгоомжтой хэлэхээ хүртэл ухаардаг юм.

2. Яг ийм өдрүүд улам үнэ цэнтэй болдог.

Саяхан ээжтэйгээ утсаар ярьсан юм. 

-"Өвөөгийн чинь төрсөн өдөр болох гэж байна."

-"Харин тийм ээ... Юу хийдэг юм билээ..."

-"Гэр бүлээрээ цуглаад сайхан агаар салхинд гарч, нэг өдрийг өнгөрүүлэх үү? Ах нар нь бүгд хүүхдүүд, гэр бүлээ аваад ирье гэсэн. Ээж нь зохион байгуулна аа. Миний охин хүү, нөхөр хоёроо дагуулаад ир."

Би яг үүнийг сонсоод ямар их баярласан гээч. Энэ өдөр хий хоосон өнгөрдөг, зүгээр л урсчихдаг тийм өдөр биш болсон. Цаашид ч бид олон жилийн турш, он алгасахгүй ингэж цугларахыг би мэддэг болсон. Тус тусдаа амьдрал зохиосон завгүй нэг гэр бүлийн гишүүд жилд цөөхөн тохиох тийм л ойр дотно уулзалт хийж, хамтдаа нэг өдрийг жаргалтай өнгөрөөнө гээд бод доо. Өвөөгийн минь үлдээсэн бас нэг сайхан зүйл энэ гэж би боддог юм. Үр хүүхдүүдээ ойр байлгах тэр нэг нандин холбоо нь болж оршсоор байна гэдэг, цаашид миний хүүхдүүд ч энэ өдрийг чухал өдөр гэж бодно гэхээр сайхан. Өвөөг минь мартахгүй байх, цаашид ч мэдэж амьдрах тийм сайхан хувь тохиол.

3. Хэний хүчинд өдий зэрэгт хүрснээ ухаардаг...

Би өөрийн мэдлэг чадвараар, өөрийн авьяасаар, чадлаар энэ хүрлээ гэж ярих гэхээр би бүр цаанаасаа чаддаггүй юм. Худлаа юм чинь. Өвөө минь байгаагүй бол би одоогийн энэ хүн болохгүй байсан. Одоогийн өөрийнхөө хумсны толионд ч хүрэхгүй. Үргэлж намайг гэж хамгаалж ирсэн түүний далавчин доороос гарсан бол нэг алхаад л бүдрэх байснаа ухаардаг юм. Тиймээс би хэт бардам, хамраа сөхсөн, хуурамч хүн болохоос аврагддаг. Үүнийг ухаарч явахад би хэзээ ч хэн нэгэнд шударга бус хандахгүй гэдгээ ухаардаг. Амьдрал яаж ч эргэсэн бай би өөрийгөө алдахгүй гэдгээ гүн мэдэрдэг. Тиймээс л би мартахгүй байхыг илүүд сонгосон. 

4. Эцсийн эцэст энэ чинь л амьдрал шүү дээ.

Би өмнө нь өөрт тийм чухал хүнийг ховорхон алдаж байсан болохоор, алдсан ч бүрэн ухаарах хэмжээнд биш байсан болохоор л маш цочирдом хүлээж авсан юм. Тэр үеэс хойш олон ч удаа сөхөрч, бүр өөрийн амьдралыг утгагүй гэдэгт бүрэн итгэж, үнэ цэнгүйд тооцож байлаа. Хэн ч хагацалд бэлэн биш байдаг шүү дээ. Тиймээс та хайртай нэгнээ алдаад яаж ч аашилсан, яаж ч сөхөрсөн, тэр бол хүлээн зөвшөөрөгдөх шаналал юм шүү. Гол нь түүний дараа эргэн босоод, тэр хүнгүйгээр ч гэсэн амьдарч сурах, тэр хүний үлдээсэн түүхийг хүндлэх, нандигнаж явах юм. Хэрэв би тухайн үед ухаантайхан байж, үүнийг ухаараагүй бол өдийд миний үргэлжлэл болох үр хүүхдээ гартаа тэврээд сууж байхгүй л байлаа. Тиймээс би шаналж буй, хайртай хүнээ алдсан хүн болгонд хандаж хэлье. Хайр хэзээ ч алга болдоггүй. Хайр дамжуулагдаж, өвлөгдөж явдаг зүйл. Нэгийг алдлаа ч та өөр нэгэнд хайраа мэдрүүлж, зориулж яваарай. Тэгж байж тэр хүний өчүүхэн ч гэсэн хэсэг тантай цуг амьд явах болно. Бидэнд дахин уулзах өдөр ирнэ гэдэгт би гүнээ итгэдэг учир тэр өдөр хэзээ ч ирсэн бай бэлэн байхын төлөө хүнээс хайр, сайхан үгийг харамлахгүйг хичээдэг. Та ч гэсэн ойлгоно оо... Нэг л өдөр, яг ийм бүрхэг өдөр цонхоор ширтээд сууж байхдаа, гадаа алхаж явахдаа, өвдөөд орноосоо ч өндийж чадахгүй хэвтэж байсан ч... Ойлгох өдөр заавал ирнэ. Тэр таныг орхиогүй гэдгийг...

Тиймээс над шиг гуниг зовлонгоос айж, тэр хүнийг дурсахаас ч айж суусан бол хэрэггүй шүү гэж зөвлөмөөр байна. Нүүр тулж, бүр баярлаж, хайртай, чухал хүмүүстээ, эсвэл өөртөө цаг гаргаж, энэ өдрийг нандигнаарай. Би одоо босоод хүүхдийнхээ живхийг солих бодолтой байна. Дараа нь хүүгээ тэврээд удаан сууна. Маш удаан сууна... Хайр алга болоогүйг мэдрэх гэж шүү дээ.

Illustrations: Ernest et Célestine 

Хамгийн их уншилттай
1
2021.09.24
"Squid Game" кинотой холбоотой хамгийн хөгжилтэй 16 пост
2
2021.09.28
"Squid Game" киноны жүжигчин И Жон-жэгийн тухай 14 сонирхолтой баримт
3
2021.09.28
Габби Петитод юу тохиолдов? | Түүний хэргээс суралцах хортой харилцааны тухай 10 зүйл
холбоотой мэдээ
1
2021.08.19
Алисагийн тэмдэглэл: ЭЕШ-д өндөр оноо авахад туслах 9 "хөөрхөн" санаа
2
2021.07.02
Үүрээр гарч алхахад л тохиодог 6 гайхамшиг
3
2021.04.16
Алисагийн тэмдэглэл: Ганцаардалд дассан нэгэн үеийнхэн
санал болгох
1
3 өдрийн өмнө
Энэ 7 хоногийн хөгжилтэй постууд: Сонгууль, Эрээний боомт, Юнител
2
3 өдрийн өмнө
UB.LIFE-ийн туршилт: Яг одоо хэдэн төгрөг зээлж чадах вэ?
3
3 өдрийн өмнө
Муур эзэнтэйгээ "эх үрийн холбоогоор" ээнэгшин дасдагийг судалгаагаар тогтоожээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.