Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Авторын булан: Наадам ба нулимс


Хаана байна, хэмжээгүй эрхт Л.Оюун-Эрдэнэ гуай, яасан нөгөө “Ковидгүй зун”? Сүүлийн тав хоног дараалан өдөр тутам 15 хүн нас барж, Монгол Улсын 578 иргэн коронавирусийн улмаас амиа алдав. Нэг өдөрт нэмэгдэх халдварын тоо өссөөр 2500-д дөхлөө. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрх баригч МАН-ын дарга болсноос хойших зургаан хоногийн дотор Засгийн газрын ээлжит хуралдаанд сууж буй дүрсээ телевизүүдэд тарааснаас өөрөөр ил гарсангүй. Монгол Улс цар тахалд гүн нэрвэгдэж, дэлхийн улаан бүс болоод удахгүй сарын нүүр үзлээ. Зарим судлаачийн тооцооллоор, коронавирус 1400 гаруй монгол хүний амийг авч одох магадлал гарсныг Эрүүл мэндийн сайд С.Энхболд твиттерт жиргэжээ.  

Эгэл цагт монгол наадам шиг энгүй сайхан нь үгүй ээ. “Юун наадам” гэж ирээд л аль сайхан зүйлийг магтах гэж наадамтайгаа зүйрлэдэг байв даа. Наадам хэтээсээ ард олны наадам байх учиртай юм аа. Гэвч энэ удаа цэнгэн баярлах сэтгэл бидний ардад алга. Сонсох даруйд төрийнхөө авралыг эрхгүй дуудмаар эгэл биш явдлууд эх оронд минь цадиг замбараагаа алдлаа. Хоёр сартай нярай бяцхан уушгиа чагнуулж ч амжилгүй өөд болсон, гэртээ өөрийгөө тусгаарласан иргэн эмнэлгийн тусламж авч чадалгүй тамираа тасартал ханаа самардсаар амьсгал хураасан. Бид ийм бодит мэдээллүүдийн дунд өдөр хоногийг өнгөрөөж байна. 

Тэр өргөө гэрүүдийн нүсэр байгаа, тэр наадмын өртөг өндөр байгаа, тэр тоглолтын чирэгдэлтэй дарамттай байгаа нь шархан дээр давс цацахтай адил тохуутай агаад тэвчишгүй хорон аж. Энэ удаа Ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд зарцуулахаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний хувь эзэмшдэг “Хэро энтертайнмент”-аас зүтгүүлээд буй 10 тэрбум төгрөгийн төсөв үнэндээ хорлон сүйтгэх террорист ажиллагааны санхүүжилт болон хувираад байна. Монголчууд бие биедээ өртэй ах дүү хоёрт өргүй, хүлцэн зөвшөөрөх албагүй, цар тахалтай тэмцэхэд хүрэлцэн ядаж буй улсынхаа төсөвт 10 тэрбумын татвараа зарцуулахыг хүсэж байна. Сүхбаатарын талбайд өдөр бүр тайван цуглаан үүсгэж, цахим наадам хийх, урлагийнхныг олноор дайчлах, 1024 бөх барилдуулах, нас насны морьд уралдуулж, унаач хүүхдүүдийн эрүүл, аюулгүй байдлыг эрсдэлд түлхэх, цагаа олоогүй ийм зэрлэг цэнгэлд бидний гурван тэрбум төгрөгийг дэмий үрэхийг эсэргүүцсээр байна. МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ билэг танхай найруулагчийнхаа ширэн нүүрээр түрээ барин балчирдсаар, бүр ширээн доогуураа ороод суучихлаа. Олон нийтийн бухимдал дээд цэгтээ хүрсэн, айдас түгшүүрт автсан ийм үед наадам хийж хөөргөх, үхэл хагацлыг мартагнуулах, цөстэй монголчуудын дэлүүг нь хага баярлуулах найруулгад том мөнгө зарах, завшихыг зөвлөх тэнэг их зоригтон ахаас нь өөр байхгүй.  

Хөшигийн хөндийд арваад жил бүтээн байгуулсан, олон засгийн “нэрийн хуудас” болж нүүрийг нь тахлан алдсан нисэх буудал ашиглалтад орсон биш, анхны онгоц нь тахлын хорионоос сүүлчийнх болон царцав. Гэтэл саахалт Хүй долоон худагт эрх мэдэлтнүүдийг зугаацуулах урлагийнхныг дайчлан хөдөлгөсөн нь хүн малын багширалдаан болж ахуй. Инээд хөөр, баяр баясгалан хүний зүрхэнд ирэхээргүй хөндий хүйтэн байна. Энэ наадам чинь наадам биш нулимс боллоо.

Өдгөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бол нярайгаа тэвэрсэн эх өвлийн хүйтэнд нөмгөн гарахад Засгийн газраа огцруулан ёс суртахууны зэмийг өөртөө хүлээж одсон Ерөнхий сайд асан. Одоо түүнээс ч долоон дор явдлууд өдөр алгасахгүй үргэлжилж, олон монгол айл нулимсан далайд үйж байна. Гэтэл МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ичээндээ шигдсээр, МАН-ын 100 жилийн ойн баярыг 2021 оныг дуустал ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх 10 тэрбум төгрөгийн төсөвтэй ажлыг өөрийн хувь эзэмшдэг “Херо энтертайнмент” компани болон түүнтэй хамтран ажилладаг хувь, хувьсгалын “соёлчдод” шилжүүлэхээр улайрчээ. Энэ наадам цэнгэл чинь улс орныг зовлонгоос салгах бус, зоолох боломжийг нь хэдхэн идэштэнд тавьж өгөх увайгүй, эрээгүй үйлдэл шүү, Ерөнхий сайд! Хавьтагч болсноо мэдсэн ч баталгаажуулах оношлогоонд орж чадахгүйгээс өөрийгөө тусгаарлахгүй бусдад халдаагсад, гэртээ тусгаарласан нь биеийн байдал түргэн хүндэрч амьсгалын дутагдалд орогсод, эмнэлэгт хэвтэж чадсан ч амьсгал хураагсдын өмнө Ерөнхий сайд буруутай. Эмч нар, онцгойгийн албан хаагчид руу гал түлхэх ямар ч хэрэггүй, Л.Оюун-Эрдэнэ! "Ковидгүй зун" гэсэн уриалгад чинь итгэн нэгдэж, вакциндаа хамрагдаж, хөлөө хориулсан иргэд, үүд хаалгаа барьсаар ирсэн аж ахуйн нэгжүүд одоо энэ Засагт цаашид итгэх нь юу л бол. 

Шинжилгээний оношлуур хүрэлцээгүй, байгаа газарт нь хүрч очиход олонхийн хувьд төлж барахын аргагүй үнэтэй байна. Олон нийтийн хэрэглэж дадаад байсан ЭРҮҮЛГЭРЭГ аппликэйшн олон сар үнэ хөлсгүй, хичээн зүтгэж ажилласны эцэст шударга хөдөлмөрөөс “луу унждаг” хөгийн Засгийн газраас татгалзлаа. Хоёр сарын дараа хичээлийн шинэ жил болоход хүүхдүүд танхимдаа цуглаж, нөхөрлөл, хүндэтгэл дунд эрдэм боловсролд шимтмээр байна. Танаас ялгарах хүмүүжил, боловсролтой иргэдийг бид ирээдүйн хэрсүү Монголынхоо мандан бадралын төлөө өсгөж байгаа учраас өнөөгийн эцэг эхчүүд, туйлбартай татвар төлөгчдийн хариуцлага Таныхаас хавьгүй өндөр агаад үнэ цэнтэй байдаг юм аа. Бид 10 тэрбумаа онцгой үеийн зайлшгүй амин хэрэглээнүүддээ зарцуулж, сайн цагийг илүү ойрхон хармаар байна. Бид ирэх жилийн наадмаа эрүүл энх үзмээр байна!   

Хамгийн их уншилттай
1
2021.09.28
"Squid Game" киноны жүжигчин И Жон-жэгийн тухай 14 сонирхолтой баримт
2
2021.09.28
Габби Петитод юу тохиолдов? | Түүний хэргээс суралцах хортой харилцааны тухай 10 зүйл
3
2021.10.15
Энэ 7 хоногийн хөгжилтэй постууд: Сонгууль, Эрээний боомт, Юнител
холбоотой мэдээ
1
2021.10.14
Э.Тамир: Хэн хэнийхээ оршихуйг хүлээн зөвшөөрч, “Бэрх биш ээлтэй” нийгмийг хамтдаа бий ...
2
2021.10.08
Д.Гангабаатар: "Тэнгэр шиг бай" бол миний аавын надад үлдээсэн захиас
3
2021.10.04
Авторын булан: Түвшинбаяр аварга, Цэндбаатар хүү
санал болгох
1
6 цагийн өмнө
Монголын Оюун Ухааны музей ГИННЕСИЙН НОМОНД бичигдлээ
2
8 цагийн өмнө
Зурхайтай холбоотой "хөх инээд" хүргэм 12 МИЙМ
3
13 цагийн өмнө
Эх дэлхийгээ хайрлаж, ухаалаг амьдрах 40 АРГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.