Хайх зүйлээ бичнэ үү

20 мин

Ойчоо нь үгүй сэтгэл


Тэнгэрийн уудамд аялсан

Тэргэл цагаан сар уу даа

Тэртээ өндөр ууландаа

Тээглээ ч үгүй сэтгэл үү дээ...

Монголын радиогоор Өлзийтийн Балчиндоржийн шүлэг, Мондооны Норсонжавын хөгжим “Ийм нэгэн сэтгэл” дууг дуучин Гомбын Зориг 1964 онд дуулсан нь дуурсана. Уран барималч Дамдины Дамдимаа гуай бодогдоно. Заавал энэ дууг сонсоод түүнийг бодох минь юу вэ? Тэртээ өндөр ууландаа тээглээ ч үгүй, нулимс, инээд ээлжилсэн урт замд нугараа ч үгүй сэтгэлтэн хэр олон юм бол? Тийм сэтгэл тээж амьдрах гэж яг юу юм бол? Үүнд хариулахын тулд бараг 100 жилийн өмнөх рүү бэдрэхээс өөр арга алга.

ДАМДИ(н)+(Осоржа)МАА= ДАМДИМАА

1927 оны гал туулай жил. Гэр бүлийн улс болох Дамдин, Осоржамаа нар Сүхбаатар аймгийн Дарьганга суманд нэгэн айлд дөрөө мулталж л дээ. Гэрийн зүүн талын оронд өлгийтэй хүүхэд байх юм гэнэ. Гэргий Осоржамаа “Танай энэ хүүхэд уйлдаггүй, торниун юм аа” гэхэд айлын эзэгтэй “Охин юм шүү дээ. Та үрээ болгож ав, ав” гэнэ. Ханилаад хэдэн жил болсон ч үрийн зулай үнэрлээгүй байсан хос ингээд л охинтой болох нь тэр. Тавилангаар учирсан үрд нь хамт ажиллаж асан орос комиссар тэдний нэрээс үг бүтээн Дамдимаа хэмээх нэр хайрласан гэдэг. 

1927 он гэдэг чинь Монголд юу юу боллоо? Амгаланбаатар хотноо яруу найрагч, жүжгийн зохиолч, орчуулагч Чойжилын Чимэд мэндэлж, төр, цэргийн нэрт зүтгэлтэн, домогт жанжин  Хатанбаатар Магсаржав бээр бурхан зүг одсон жил. “New York Herald Tribune” сонинд тэр үеийн монголчуудын гэрэл зураг бүхий “Рерихтэй хамт Монголд” хэмээх нийтлэл гарсан жил. Эдгээр түүх энэ бичвэртэй огт хамаагүй. Зөвхөн Д.Дамдимаа гуайн амьдарч асан цаг үеийг эхлэл цэгээс нь өөртөө зураглах гээд л бодоод буй хэрэг. Ардын хувьсгалаас зургаан насаар дүү хүн юм, надаас даруй 60 жилээр алс хүн юм, тэр. За, арай тодорхой болж ирлээ. Тодруулах гээд буйн учир гэвээс аливаа хүнийг, тэр дундаа уран бүтээлчийг амьдран буй цаг хугацаа, үйл явдал, нийгэмтэй нь уян харж, ойлгох нэгэн арга бий. “Аливаа нийгэм, цаг үе нь жам ёсоор  хувь хүн, бие хүнийг буй болгодог, нэг талаасаа бүтээдэг, төрүүлдэг, төлөвшүүлдэг бол нөгөө талаасаа тухайн бие хүн өөрийн цаг үе, нийгмийг өөрчилдөг, шинэчилдэг, уламжлан үлдээдэг билээ” хэмээн хэл, бичгийн ухааны доктор, дэд профессор Ш.Баттөр нэгтээ дурдсан юм. 

  1. Аав Ч.Дамдин, ээж Д.Осоржамаа, ах Д.Данзангийн хамт. ( Д.Дамдимаа 4 настай)
  2. Д.Дамдимаа хүү Ц.Данзанням, Ц.Дагваням нарын хамт
  3. 1946 онд С.Чоймбол тэргүүтэй Д.Сүхбаатарын хөшөөг хийсэн 8 барималч (Дамдимаа, Лхамсүрэн, Пүрэв, Равдан, Чоймбол, Данзан, Жамбаа, Данший нар)
  4. Хань О.Цэвэгжав, түүний төрсөн дүү О.Мягмар, О.Гэндэн-Осорын хамт
  5. 1953 онд Зураг, урлалын газрын барималчин Д.Дамдимаа

Дамдин, Осоржамаа нар ганц охиныхоо сэвлэгийг ч үргээсэнгүй, монголчуудын хэлдгээр торгонд хөрвөөлгөж, тосонд умбуулж өсгөсөн аж. Охин багаас голын хөвөөнд элсээр элдэв хүн амьтны дүрс хийн ганцаар тоглож нааддаг байв. Арваад жил зүүн хилээр алба хашиж явсан Дамдиных охиноо 12 нас хүрдэг жил Нийслэлд сая нэг төвхнөв. Хэдэн жилийн дараа охин ижийдээ “сургуульд оръё, эс бол ажилд оръё” хэмээн тунирхав гэнэ. Сайд нарын дэлгүүрт худалдагч хийхдээ Д.Сүхбаатарын бэлэвсэн гэргий Н.Янжмаатай танилцсан Осоржамаа учир байдлаа хэлж л дээ. Хэсэг хугацаа өнгөрсний дараа Н.Янжмаа гуай “Цогт тайж” гэдэг уран сайхны кино хийж байгаа юм байна. Би тэдэнтэй ярьчихсан, охиноо дагуулаад оч” гэнэ. Ингээд Кино үйлдвэрт уран барималч Д.Гүрдорж гуайн дагалдан болсон гэнэ. Түүхийн эхлэл ийм л энгийн ажээ. Тэр жил охин 16-тай байсан гэхээр 1944 он байх учиртай. Хорьдугаар зуунд хийсэн хүн амын гуравдугаар  тооллого болсон жил агаад тэр үед манай улс ердөө 759061 хүнтэй л байж. Долоон зуун тавин есөн мянга жаран нэгэн хүний нэг Д.Дамдимаагийн амьдрал энэ үеэс л насан туршийн замнал “уран баримал”-тайгаа холбогдов. Хойтон жил нь Д.Сүхбаатарын хөшөөг урлах багт ажиллаж, басхүү насны хань Очирын Цэвэгжавтайгаа танилцав. Ай, тэр он жилийг төсөөлөхөд ч сайхан. Хэдий хойшоогоо хүний л амьдрал учраас нулимстай ч гэлээ бид учрахдаа хагацахаа, урьдаа юу хүлээж буйг мэддэггүй л. 

Чулуу хийгээд шаазан амилуулагч

Уран барималч гэж хэн бэ? Хөдөлмөрийн яамнаас гаргасан ажил, мэргэжлийн тодорхойлолтод “Гурван хэмжүүрт урлагийн бүтээлийг чулуу, мод, шавар, металл, хиймэл материал ашиглан гараар болон төрөл бүрийн багаж хэрэгслээр урлан хийх ба дизайн гаргана” гэж тодорхойлсон буй. Түүнд мөн уран барималч хүнд шаардагдах мэргэжлийн ур чадвар, бие хүний онцлог шинж чанар, ирээдүйд ахих дэвших боломж гэх цэс байх ба тэр хэсэг харин хоосон. Бусад мэргэжлийн эл хэсэгт ямар нэг зүйл заавал дурдсан байх ба бүр “зураач” мэргэжилтэй бол ирээдүйд “Өөрийн болоод гадаадын улс оронд улс орныхоо соёл урлагийг сурталчилсан уран бүтээл туурвиж, төрийн томоохон шагналуудыг хүртэж, өөрийн гэсэн галерей, урлантай болох, их дээд сургуульд багшлах, удирдах арга барилд суралцсанаар соёл урлагийн салбарт удирдах албан тушаалтан хийх боломжтой” гэсэн байдаг. Инээдэмтэй, магад эмгэнэлтэй байж мэдэх тодорхойлолт ч адаглаад зураач мэргэжлийг ойлгох, үнэлэх оролдлого гэж харах аваас “уран барималч” гэх мэргэжлийг бид ойлгодог уу, ядаж ойлгохоор оролддог уу гэх асуулт урган гарна. Хувьхандаа ойлгохоор оролдон Монголын уран баримлын талаар нэг сэдэвт бүтээл, судалгааны өгүүлэл хайсан ч олныг олсонгүй.  

6. "Д.Сүхбаатар бичиг уншиж буй нь”

7. “Эрийн гурван наадам” цуврал

8. "Д.Сүхбаатар"

9. "Б.Шарав"

10. “Зураач хүү”

Тэгвэл уран барималч Д.Дамдимаа гэж хэн юм бэ? Д.Сүхбаатарын хөшөөг урлахад оролцсон ганц эмэгтэй гэхээс өөрийг бид мэддэггүй шиг. Түүний бүтээлийн жагсаалтыг харвал том хэмжээний хөшөө дурсгал 23, БНМАУ-ын баатар, хөдөлмөрийн баатар, хөдөлмөрийн сайчуудын зэргээр хөрөг баримал 70 гаруй,  шаазан бүтээл 42 гэсээр нийт 200 орчим бүтээлтэй хүн байх аж. Анхны агаад томоохон бүтээл нь болох Д.Сүхбаатарын хөшөө ч шинэчлэгдэн, одоо эх хувь нь Дундговь аймагт очсон зэргийг бодоход л цагийн эрхээр түүний бүтээлүүд мартагдах нь бас ч аргагүй мэт. Цагийн аяс гэж ийм ажээ, уран бүтээлчийн амьдарч асан он цагийг ойлгох гээд зүтгээд буйн өөр нэгэн учир ч энэ. Нөгөө талаар түүний бүтээл цагийн шалгуурт үлдэж чадсангүй юу, эс бол Монголын одоо цаг гэгч өнгөрсөнд хамаарах хэн бугайг ч мартаж орхидог хариуцлагагүй болоо юу? Хариулж эс чадах.  

Одоо цагт тэр “мартагдсан” юм бол өнгөрсөн гээч нь одоо цаг байх үест тэр ямаршуухан уран бүтээлч байсан юм бол? Хайя л даа! “Урлаг гэдэг амьдралын талаарх зохиогчийн өвөрмөц нэгэн мэдлэг авьяас, их хөдөлмөрийн үр дүн юм. Д.Дамдимаагийн уран бүтээл уран сайхны дүр, хөрөг баримал гэсэн хоёр үндсэн чиглэлтэй байх шиг санагддаг юм” гэж сэтгүүлч М.Батзориг 1965 онд, “Уран барималч Д.Дамдимаагийн манай уран баримлын хөгжилд оруулсан нэмэр хандив их юм. Тэр аливаа сэдвийн утга агуулгыг гярхай харж, зохиомж, дүрслэл, материалын өвөрмөц шинж чанарыг зөв уялдуулж чаддаг авъяастай бүтээлч юм” хэмээн урлаг судлаач Р.Бат-Очир 1975 онд, “Уран баримал өөрийн хэл, өнгө зохиомжтой. Тэмцэл, ялалт, баяр баясгалан, уйтгар гуниг, хайр дурлал, байгалийн тансаг үзэмж, дуу цахилгаан, аймшигт салхи шуургыг хүртэл багтаан үзүүлэх чадалтай. Д.Дамдимаагийн бүтээсэн хувьсгалт эмэгтэй Н.Янжмаа, БНМАУ-ын баатар, хилчин Х.Дамба, ардын домогт баатар, манлай ван Дамдинсүрэнгийн баримал чухамхуу тэр яруу сайхан хөгжмийг сонсогдуулж, бидний өнгөрсөн үеийн түүхийг нэхэн санахад хүргэнэ” гэж сэтгүүлч П.Соёлдэлгэр 1978 онд тус тус дүгнэжээ. Харин сүүл үед буюу 2007 онд мөн л урлаг судлаач Р.Бат-Очир “Түүний уран бүтээлийн онцлог нь реализм буюу бодит натур байдалд түшиглэсэн, дүрийн дотоод ертөнцийг агуулсан, цараа өргөнтэй байдгаараа гойд” гэх бол 2009 онд нийгэм судлаач З.Цэрэндулам “Түүний 1965 онд боржингоор цоолборлон бүтээсэн “Шуурга” гэдэг баримал байгалийн бэрхшээлээс шантраагүй малчны хатуужил, чин зоригийг харуулаад зогсохгүй цасан шуургыг нүдэнд харагдаж, чихэнд сонсогдтол харуулж чадсан байна” хэмээн бичжээ. 

Товчхондоо Д.Дамдимаа уран барималч, шаазан эдлэлийн эх загвар бүтээгч, сурган хүмүүжүүлэгч хүн ажээ. 

11. “Догшин сарлаг” гипс, 60 х 70, 1957

12. “Д.Сүхбаатар үсэг өрөгч” гипс, 80 х 60.

13. Н.К.Крупская, цагаан гантиг чулуу, 60 х 40.

14. "В.И.Ленин" боржин чулуу цээж баримал.

Түүний сонин, сэтгүүлд өгсөн ярилцлагуудыг эмхэтгэн охин Ц.Дагиймаа нь “Чулуу амилуулагч” нэртэй номыг 2009 онд гаргасан юм. Түүнийг нь би 2019 онд Д.Дамдимаа гуайн зээ хүү уран барималч Д.Очироос гуйн авч уншив. Цаг хугацааны үечлэлээр нь жагсаан түүний хүүрнэлийг нэхэн үзвээс тэнд нэгэн уран бүтээлч эмэгтэйн “амьдрал” л бий. Тэр номноос ургуулан дараах ярилцлагыг түүнтэй хийлээ. Д.Дамдимаа гуай одоо байхгүй, гэхдээ байна, бүүр урд минь суугаад Шаазан ваарны үйлдвэр эсвэл Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллеж дэх өрөөндөө надтай энэ ярилцлагыг хийж буй юм. Харин хэдэн онд ч юм бэ дээ?  

Таныг анхны эмэгтэй уран барималч, Д.Сүхбаатарын хөшөөг урласан барималчдын дунд ганц эмэгтэй нь гэх зэргээр бид их бахдах юм аа. Гэтэл та ердөө л “Хожим дурсахад дурсах ганц зүйлтэй л үлдэж дээ” гэх юм.?

1945 он шүү дээ, Кино үйлдвэрээс шилжиж уран барималч С.Чоймбол багшийнхаа гарт очсон юм. Багш хойно сурч ирээд Зураг урлалын газрын дэргэд Уран баримлын тасгийг анх нээж байсан юм билээ. Удалгүй төр засгаас Д.Сүхбаатарын хөшөөг барих найман хүнтэй баг бүрдүүлэхэд миний бие багтлаа. Багш маань юу хий гэнэ, түүнийг л хийх төдийхөн байлаа. Нэг өдөр багш дуудаад “Дамдимаа, чи энэ хөшөөний баруун мөрөн дээр гараад суугаадах” гэдэг юм байна. Би ч хэлснээр нь суугаатахлаа. Багш Д.Сvхбаатарын өрөөсөн чихний эскиз өгөөд “Энийг масштабаар нь томруулаад хийгээрэй” гэв. Тэгснээ “Морины энэ хөлийг бас хий. Хожим чи Д.Сvхбаатарын хөшөөний юуг барилцсан бэ гэж асуувал хэлэх юмтай үлдэнэ. Яаж хийх нь чиний үүрэг” гэж билээ. Багшийнхаа ачаар л би гэгч балчир хүн Д.Сүхбаатарын хөшөөний баруун чих, морины урагш тэмүүлэн нугарсан хөл, хөшөөг тойрсон арслангуудын ам, гинжийг холбосон навчнууд, хөшөөний урд талын ингүүмлийг хийсэн юм. Хожим бодоход нээрэн дурсамжтай, ирээдүй хойч үедээ хэлэх үгтэй, хийсэн юмтай л үлдэж дээ. 

Дурсамж тухайд лавшруулъя л даа. Одоо төв талбайд Д.Сүхбаатарын хөшөө байдгаараа л байна. Гэхдээ эх хувь нь бол биш. Юу бодогдох юм? 

Д.Сүхбаатарын хөшөөг хиймэл боржингоор хийсэн юм. Хиймэл боржин гэхэд энэ олон жил маш бат бөх байлаа. Ардын хувьсгалын 80 жилийн ойгоор (2001 он) Урчуудын эвлэлийн хороо, хотын захиргаа хамтран надаар ахлуулсан баг гаргаж хөшөөний ан цавыг цемент цутган засч янзалсан. Сайжруулахдаа хөшөөг өөрчлөөгүй. Ямар байсан тэр байдлаар нь зассан. Энэ чинь тухайн хүний хийсэн уран бүтээл учраас эх загварыг өөрчлөх ч ёсгүй. Харин хөшөөг шинэчилж сайжруулах цаг нь болсон байсан даа. 

Та ажлын гараагаа эхлэх үедээ л том бүтээлд оролцон, шагнал ч хэд хэдийг хүртэв. Гэтэл 30 гарсан хойноо нэмж суралцлаа л даа. Ийм шаардлага байсан уу? Өөртөө хангалтгүй байв уу? Олон хүүхдийн хажуугаар суралцсан гэхээр шантармаар даа? 


15. “Марзан Балдоогийн Шарав” цээж баримал, 50 х 40, 1981 он.

16. "О.Цэвэгжав", гипс, 80 х 60.

17. "Д.Пүрэвдаш", гипс цээж баримал, 70 х 50, 1982 он.

18. "О.Цэвэгжав", боржин чулуу, 170 х 80.

19. 1958 онд Москвад социалист орнуудын дүрслэх урлагийн бүтээлийг Төв үзэсгэлэнгийн зааланд дэлгэн харуулах үед О.Цэвэгжав, Н.Цүлтэм нар төлөөлөгчөөр оролцон Д.Дамдимаагийн “Уургач” баримлын дэргэд буй нь.

1964 онд 33 настайд Урчуудын эвлэлээс намайг дуудаад Ленинградад явж мэргэжлээ дээшлүүл гэнэ. Тэгэхэд бид долоон хүүхэдтэй байлаа. Даргынхаа саналыг ханьдаа хэлэхэд “Мянга сонсохоос нэг үз гэдэг юм. Чи яв даа” гэж зөвшөөрч явуулж байв. Долоон нялх хүүхэдтэйгээ хоцордог эр хүн гэж байх уу даа. Би ийм сайхан сэтгэлтэй ханьтай байлаа. Ингээд Репиний нэрэмжит уран зураг, баримлын академид дөрөвдүгээр курсээс нь элсэж хоёр жил суралцан төгсөв. Оросууд намайг “Маленькая мама” гэж нэрлэчихсэн байв. Нэг түүх ярихад Октябрийн хувьсгалын 40 жилийн ойгоор (1957 он) манай хэдэн зураачид Москва руу нисдэг юм байна. Онгоцны цонхоор хартал бөөн бөөн үүл харагдахаар нь үзэг, дэвтрээ гаргаад

Бөөн бөөн цагаан үүлэн дээгүүр

Бүргэд шиг нисч явна.

Арав шахам үрсээ орхиод

Алтан Москваг зорьж явна гээд бичиж байлаа. Үүн шиг л арав шахам үрээ орхиод суралцаад ирсэн дээ. Амар юм гэж байдаггүй. Гэвч уран бүтээлч хүн байнгын эрэл хайгуулч, өөдрөг үзэлтэй байх хэрэгтэй.

Таны баримлууд дунд хөрөг баримал жинтэй байр эзэлдэг. Учир юу вэ?

1959 онд хийсэн “Н.Янжмаа” цагаан гантиг чулуун баримал, 1972 онд хийсэн Д.Сүхбаатарын цээж хөх боржин чулуун баримал, 1973 онд хийсэн “В.И.Ленин, Д.Сүхбаатар нарын уулзалт” цагаан гантиг баримал, 1978 онд хийсэн  “Очирын Цэвэгжав” баримал, 1988 онд хийсэн “Хатанбаатар Магсаржав” баримал гээд тоочвол бас ч нэлээд юм ярих байх.  

Тэр жил (Ч.Б: 1977 он болов уу.) Францын нэрт бүжиг дэглэгч Морис Бежар Москвад ирээд Айседора Дунканы тухай бүжгэн жүжиг (Айседора) дэглэн тоглууллаа. Дунканын дүрд алдарт бүжигчин Майя Плисецкая тоглож билээ. Би түүнийг үзээд биширсэн юм. Сайхан баримал гэдэг чинь амьтай бүжигчин. Сайхан бүжигчин гэдэг чинь амьд баримал юм даа гэх санаа төрж, түүнээс хойш уран бүтээлдээ өндөр шаардлага тавьж ажиллах болсон.  

Миний уран бүтээлд түүх, орчин үеийн ажилчин, малчин хүний тухай сэдэв гол байр эзэлдэг. Залуу үе миний бүтээлээс өнгөрсөн үеийн түүхийн баатар, орчин үеийн тэргүүний ажилчин, малчдын гавъяаг танин мэдэж, тэдний сайн сайхан бүхнийг өөртөө тусган аваасай гэж хүсдэг юм.

Хөрөг хийхэд юу анхаарах вэ?

Чулуу бүхэн өөрийн өвөрмөц онцлогтой байдаг юм. Би голцуухан улаан, хөх боржин, цагаан, бор гантигаар бүтээлээ хийдэг. Улаан боржингоор ямар нэг дайчин, сүрлэг санаатай бүтээл хийвэл нийцтэй байхад цагаан гантигаар эх хүн, эмэгтэйчүүдийн дүрийг бүтээвэл илүү зохимжтой. Бор гантигаар баатарлаг үйлстэн, хөдөлмөрийн хүмүүсийг урлаж болно. Энэ маань чулуутай хэл нэвтрэлцэж, чулууны хэлээр ярьж байна гэх миний романтик санаа ч байж болох юм. 

Хүний баримал хийлээ гэхэд урдаа суулгаж байгаад, шавраар баримлыг нь хийчхээд түүнээсээ хэв авдаг, дараа нь хэвэндээ цутгаж хийдэг  Их нарийн чимхлүүр. Хөрөг хийхэд хүнтэйгээ адилхан болгох чухал. Ер нь хvний хөрөг баримал хийхэд зураг харснаас өөрийг нь харж байгаад хийхэд илүү болдог юм. Хэдий хүнд, хэцүү хөдөлмөр ч туурвиж бүтээсэн бүтээлээсээ жаргал, цэнгэл олж авдаг даа. 

Уран барималч гэж тэтгэвэрт гардаггүй мэргэжил үү? Та 80 гарчихлаа. Ажлаа хийж л байх юм?

Чулуу цохиж, чулуутай ноцолдох чинь хүчир ажил. Чулууг гурил шиг болгон үйрүүлж, нунтаглаж байж сая баримлынхаа дүрсийг гаргадаг. Хэр баргийн эмэгтэй хүн халшрахуйц. Гэсэн ч би дуртай. Одоо ч би зүгээр суудаггүй ээ. Жижиг сажиг юм урлан, бусдад зөвлөгөө санамж өгч л байдаг. Том бүтээл хийе гэвч байр урлангүйгээс боломжгүй. Хийе гэвэл хэдийгээр нас 80 гарсан ч хүч чадал, оюун санаа минь буураагүй ээ. 17 настайгаас хойш өдийг хүртлээ 60 илүү жил чулуу амилуулж сууна даа. Ямар ч бүтээлийг авьяаст тулгуурлаж хийнэ. Дээр нь хөдөлмөрийг нэмбэл мөн ч ихийг бүтээнэ.

Залуу уран бүтээлчдийг хараад юу гэж бодох юм?

Бидний үед тэргүүний хүний баримлыг барих ёстой гэж заадаг байв. Урчуудын эвлэлийн хорооноос захиалга өгч, ямар аймаг суманд хэний баримал хөшөө барих төлөвлөгөөтэй юм, тэрнийг л бид хийдэг байлаа. Одоо цаг сайхан болж, чөлөөтэй сэтгэж хийж болдог болж дээ. Материал, будгийн хувьд ч их сайжирчээ. Гэвч аль ч цаг үед өөрчлөгдөхгүй зүйл бий. Хөдөлмөрийг шүтэж, ямагт өмнөө хатуу шаардлага тавин ажиллаж, ирээдүйгээ харж, байнга өөдөлж явахыг хичээгээрэй!

Миний заяа дутахад…

Д.Дамдимаа уран бүтээлчээс гадна хүний хань, хүүхдүүдийн ижий. Түүний туулсан хувийн амьдрал инээд, нулимс, жаргал, зовлон хослон буй. Харин хагацал, нулимс нь илүү жин дарахуйц. Түүний хань, манай нэрт зураач О.Цэвэгжав гэдгийг өмнө дурдсан даа. Идэрхэн 48 настайд нь хань, дараагаар нь хүүхдүүд нь ээлжлэн тэнгэрт дэвшсээр хэдий долоон хүүхэд төрүүлсэн ч гуравтай л хоцорсон юм. Хүн гэдэг сэтгэл зүрх, оюун ухаанаас бүрдэх амьтан тул хагацал, шаналангаа даван гарах, эргэцүүлэх ахиад 40 орчим жил түүнд ногдсон хэрэг. Д.Дамдимаа гуайн ярилцлагуудыг уншихад “Би их азгүй хүн дээ, Чингиз Айтматовын “Эхийн дууль”-ийн Толгонай шиг л торойж хоцорлоо доо” гэх зэргээр ярьж байсан бол сүүл үед “Миний заяа дутахад…” гэх болсон нь анзаарагддаг юм.

Ярилцлагаа үргэлжлүүлье. 

Хань тань бурхан болчихлоо. Дараалан дөрвөн хүүхэд тань ч бас. Энэ олон хагацлын ард юу бодогддог юм бол? Яаж давж гараа вэ? 

Би ханьтайгаа 30 гаруй жил амьдрахдаа долоон сайхан хvvхэд төрүүлж, өсгөсөн. 1960, 1970-аад он миний амьдралд их хүнд үе байлаа. Том болсон хөвгүүд, охин, ханиа алдаж байлаа. Миний л заяа дутсан юм байлгүй дээ. Багадаа өвдөж зовоогоогүй хүүхдүүд минь том болж, сургууль соёлоо төгссөний дараа ид хийж бүтээх насандаа өвчнөөр хорвоог орхисон. Залуу насаа би ургахын улаан нартай зүйрлэнэ. Харин өтөл энэ насанд бол жаргаж байгаа нар л санагддаг болж. Ч.Лхамсүрэн гуайн “Хүрэн морь” найраглалд оройн улаан нарны өмнүүр урваж, хөрвөөж буй хурын бараан үүл гардаг шүү дээ. Одоо амьдрал тийм л байна. Гэвч  сунаж хөвсөн тэр бараан үүлний сугаар оройн нар нэвт шагайж  байдаг шиг залуу насанд хийсэн, бүтээсэн минь гялтайж л байх юм.

Заяа дутах гэж? Үрээ алдах мэдрэмжийг үүнээс өөрөөр яаж ч илэрхийлэх билээ гэж бодогдох юм?

Миний өтлөх насны гуниг бол өтөлж буйдаа харамсаж гуниж байгаа хэрэг огт биш. Салаа саглагар мөчиртэй мод байгаад салаа мөчрүүд минь хугараад тасраад явчихсанд л  миний гуниг оршдог юм. Гэхдээ миний хүүхдүүд бүгдээрээ л хорвоод төрж, үүлэн чөлөөний нар шиг гялбаад өнгөрсөн ч эх орондоо, үр хойчдоо дурсагдах уран бүтээлээ хийж амжсан даа.  (Ч.Б: Түүний хүү Ц.Давганям, Ц.Дашням, охин Ц.Дашиймаа нар нь зураач байлаа. Ц Дашиймаа нь монголын хүүхэлдэйн киноны анхны зураачдын нэг агаад "Азар, Базар, Тазар гурав", "Өвгөн, арслан хоёр, "Эрх цагаан ишиг" зэрэг хүүхэлдэйн киноны зураач юм.)

Та ханийнхаа газарт байх баримлыг урласан. Хүүхдүүдийнхээ  хөрөг баримлыг ч бас?

Өвгөнийг нас барсны дараа ажлаасаа чөлөө аваад ханийнхаа хөрөг баримлыг хийнэ гээд зүтгэчихсэн. Гэтэл зарим хүмүүс “Чи хэрэггүй ээ. Тусгай комисс байгуулагдаад, уран бүтээлчид нь томилогдсон” гэж билээ. Гэхдээ л зүтгэсээр өөрөө ихэнхийг нь, зарим хэсгийг хүнээр хийлгэсэн. Хүүхдүүдийнхээ баримлыг бас хийлээ. Хэцүү шүү дээ. Өлгийтэй бяцхан, өхөөрдөм үе, яриа хөөрөө, амьдралынх нь агшнуудыг нүдэндээ ургуулан, нулимсаа дусаан байж дүрийг нь уран бүтээлдээ шингээсэн юм. Хүмүүс намайг ямар их сэтгэлийн тэнхээтэй, тэвчээртэй юм бэ гэж хэлдэг. Надад учирсан аюул зовлонгоос ганцхан хөдөлмөрлөх, тэгээд уран бүтээл минь аварсан юм. Уран бүтээлээ хийхээр зовлонгоо түр ч гэсэн мартдаг.

Та 1995 оны өвөл 68 настайдаа гэр бүлийнхээ зургаан хүний бүтээлээр үзэсгэлэн  гаргажээ?

Би энэ бүхнийг хийх ёстой байлаа. Хүүхдүүд минь амьд байгаа сан бол би хаанаас ингэж гүйх билээ. Би ер нь яагаад амьд яваа юм бэ гэвэл тэр л үзэсгэлэнг гаргах гэж тэр шүү дээ. Амьд үлдсэн миний үүрэг. Үүнийг яавч чадах л ёстой. 

20. С.Төгс-Оюун "Д.Дамдимаа", 2019. 

Орчлон дэлхийд мэлтийсэн

Онгон цагаан сар уу даа

Оломгүй далайн усандаа

Ойчоо ч үгүй сэтгэл үү дээ...

Дуу ч дууслаа. Ярилцлагаа ч өндөрлөе. Ийм л товчхон ярилцжээ, бидэн хоёр. Хэрэв зээ би Д.Дамдимаа гуайтай амжиж ярилцсан бол асуулт үүнээс өөр байж магад. Нэгэнт амжаагүйн учир үе үеийн сэтгүүлчдийн ярилцсанд түшиглэхээс өөр аргагүй. Харин бид түүнээр бүтэн 60 жил шахуу Д.Сүхбаатарын хөшөөнд ажилласан талаар нь л яриулжээ. “17 наснаасаа гараа холгож эвэрштэл насаараа чулуу нүдсэн барималч эмэгтэй ертөнцийн хаана ч төрөөгүй байх аа!” гэж нийгэм судлаач З.Цэрэндулам гуай нэгтээ бичсэн юм. Ийм хүнээс илүүг асууж чадсан бол доо? Оломгүй далайн усандаа ойчоо нь үгүй сэтгэл тээн амьдарч чаджээ, тэр. Тулсан зовлонгоо туулаад л гарчээ. Уран бүтээл амьдрах зорилго ч болно, шалтгаан ч болно, арга ч болно. Амьдарч чадах хүч ч болно.

Цаг хугацаанаас өрсөх гэж ойлголт байх. Энэ Монголыг бүтээлцсэн олон хүнээс хожуу төрсөндөө тэдэнтэй уулзаж, гол нь асууж чадсангүй. Одоо ч тэр, тэрэн гуайтай “амьд дээр нь л ярилцах сан” гэж цаг хугацаатай өрсөлдөж адгах үе олон тохиох юм. Амжих сан даа, хэдүүл. 

Гэрэл зургийг бичвэрт зориулан бэлтгэсэн Зоригтын Энхмөнх.

Ашигласан эх сурвалж: 

Р.Бат-Очир.,, “Дүрслэхүйн ертөнцөд”, УБ 2007 он.

Ц.Дагиймаа., “Чулуу амилуулагч”, УБ 2009 он. 

З.Цэрэндулам., “Гэгээн дурсамж”, УБ 2009 он.

Ч.Бат-Уянга., “Гайхамшигт 50: Урам зоригийн түүх”, 2019 он. 

М.Батзориг., “Залуу үе” сэтгүүл, 1967 он, №4. 

Б.Доржсүрэн., “Найрамдлын зам” сонин, №35, (2136)

Р.Бат-Очир., “Дүрслэх урлаг” сэтгүүл, 1975 он, №4. 

П.Соёлдэлгэр., “Монголын эмэгтэйчүүд” сэтгүүл, 1978 он, №3.

Л.Гантуяа., “81 суваг” сонин, 2001 он, №23-24. 

Ч.Байгальмаа., “Үнэн” сонин, 2008 он, №5.

Г.Баатарчулуун., “Дал” сонин, 2008 он.

Хамгийн их уншилттай
1
2021.09.28
"Squid Game" киноны жүжигчин И Жон-жэгийн тухай 14 сонирхолтой баримт
2
2021.09.28
Габби Петитод юу тохиолдов? | Түүний хэргээс суралцах хортой харилцааны тухай 10 зүйл
3
2021.10.15
Энэ 7 хоногийн хөгжилтэй постууд: Сонгууль, Эрээний боомт, Юнител
холбоотой мэдээ
1
2021.10.14
Э.Тамир: Хэн хэнийхээ оршихуйг хүлээн зөвшөөрч, “Бэрх биш ээлтэй” нийгмийг хамтдаа бий ...
2
2021.10.08
Д.Гангабаатар: "Тэнгэр шиг бай" бол миний аавын надад үлдээсэн захиас
3
2021.10.04
Авторын булан: Түвшинбаяр аварга, Цэндбаатар хүү
санал болгох
1
6 цагийн өмнө
Монголын Оюун Ухааны музей ГИННЕСИЙН НОМОНД бичигдлээ
2
8 цагийн өмнө
Зурхайтай холбоотой "хөх инээд" хүргэм 12 МИЙМ
3
13 цагийн өмнө
Эх дэлхийгээ хайрлаж, ухаалаг амьдрах 40 АРГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
11
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.07.15 103.57.94.157

Гайхалтай гоё бичвэр байна

0 Хариулах


Зочин 2021.07.11 43.228.131.150

Баярлалаа!

0 Хариулах