Хайх зүйлээ бичнэ үү

9 мин

Р.Жавхлантөгс: Гэрээсээ ажиллаж байгаад л дэлхийд гарах боломж энд байж шүү дээ гэж бодсон


ARTGER бол Монголын ёс заншил, уламжлал тэр дундаа хоолны соёлыг дэлхий дахинд түгээж буй контент бүтээгчдийн нэг билээ. Монголчуудын аж амьдрал, хоол, үзэсгэлэнт байгалийг хослуулж англи хэлээр контентоо хүргэдэг тэд өдгөө дэлхийн өнцөг булан бүрээс олон мянган үзэгч, дэмжигчтэй болжээ. Контентоо эхлүүлсэн түүх, зайнаас ажиллах тухай, мөн цаашдын төлөвлөгөөний талаар Артгэр Медиа Группийн үүсгэн байгуулагч Р.Жавхлантөгстэй ярилцлаа. Тэрбээр сэтгүүлч мэргэжилтэй бөгөөд төрөлх Дархан хотдоо ажиллаж амьдран Улаанбаатар, Сингапур, Шанхай дахь залуустайгаа хамтран ARTGER сувгийн бүхий л контентыг хийсээр иржээ. 


- ARTGER YouTube суваг бараг 5 жилийн өмнөөс бичлэгүүдээ хийж эхэлжээ. Ер нь ийм контент хийе гэдэг санаа танд хэзээ, юунаас үүдэж төрөв? 

- Би Дарханы унаган хүүхэд л дээ. Ээж минь Сэлэнгэ аймгийнх, аав маань Говийн хүн боловч ханилж сууснаасаа хойш Дарханд суурьшиж, энэ хотыг босголцож явсан хүмүүс. Аав маань сэтгүүлч, зохиолч мэргэжилтэй болохоор багаасаа аавыгаа дагаж Дарханы RGB телевизээс ажлын гараагаа эхлэн нэвтрүүлэг хөтлөх, кинонд дуу оруулах, орчуулга хийх зэргээр янз бүрийн ажил хийж явсаар сүүлд өөрөө фм байгуулж тэндээ хөтлөгч, найруулагчаар ажиллаж байсан. Дараа нь видео продакшн студи байгуулснаар энэ салбарт эргэлт буцалтгүй хөл тавьсан юм. 2017 оноос ARTGER YouTube сувгийг хөгжүүлж, 2020 оны эхээр Артгэр Групп медиа компани болон өргөжөөд байна. 

Эргээд бодохоор ARTGER сувгийг эхлүүлэхээс ч өмнө олон улсын шинжтэй ажлууд хийх гэж оролдож байсан юм билээ. 2008 онд одоогийн Nargie’s Mongolian Cuisine шоуны хөтлөгч Нарги, DJ, сэтгүүлч Брайн Оффентер гээд хэд хэдэн найзтайгаа хамтарч “Монголын нууц товчоо”-г монгол, англи хэлээр радио жүжиг болгох төслийг эхлүүлж байлаа. Тухайн үед манай аав “Монголын нууц товчоо”-г хүүхдэд зориулсан радио жүжиг болгон бичиж байсан юм. Үүнийг маань тухайн үед олон улсад хүмүүс ихэд шохоорхон, гадныхан мэр сэр авч сонсдог болсон. 

Хоёр жилийн дараагаас Шанхай хотод соёлын солилцооны төслүүд хэрэгжүүлж эхлэв. Монголын хамтлаг дуучид, зураач нарын уран бүтээлийг Шанхайд толилуулах, концерт зохион байгуулах ажлуудыг төслийн хүрээнд хийж байсан. Энэ төсөлд Моханик, Лемонс, Гүрэн хамтлаг, Дарханы Зураачдын холбооны уран бүтээлчид, Улаанбаатараас ганц нэг гэрэл зурагчин хамрагдсан. Мөн Шанхай болон бусад улсаас хамтлаг, дуучдыг Монголд урьж "Рок наадам" зохион байгуулж үзсэн удаа бий. Энэ нь жижигхэн боловч сайн дурын, ашгийн бус фестиваль л даа. Урьсан хамтлаг, дуучдын жижиг концертыг Улаанбаатар хотод хийчихээд Дарханы хүүхдийн асрамжийн газруудад хандивын аян өрнүүлэх зорилгоор гол үйл ажиллагаагаа Дарханд зохион байгуулдаг байв. 

Баруун гар талаас хөтлөгч Баясаа, Нарги, Жавхлантөгс, Болдоо

Шанхайн хэвлэл мэдээллийн салбарын залуустай хамтран Luxury Mongolia сошиал төслийг туршилтаар хийж байхдаа YouTube-д автаж, энэ платформын “ид шид”-ийг олж харсан юм. Би багаасаа л хоол хийх дуртай, foodie төрлийн хүн болохоор YouTube-ээр янз бүрийн хоолны бичлэгүүд хайж үздэг байлаа. Тэгээд нэг удаа монгол хоолны бичлэг байна уу гээд үзтэл жуулчдын гар утсаараа бичсэн цөөн хэдэн бичлэгээс өөр олигтой юм олдсонгүй. Дэлхий нийтэд монгол хоолоо танилцуулах нь бидний гол даалгавар юм байна, үүгээр дамжуулж олон улсад гарах боломжтой юм гэдгийг тэгж олж харсан.

Тэр үед YouTube өнөөдрийнх нь шиг дэлхий дахины трэнд, амжилттай платформ болж амжаагүй байсан ч тун удахгүй эрчээ авах нь тодорхой байв. YouTube маш олон бэрхшээлийг дөтөлж, цаг хожиж өгөх юм байна. Бид заавал Америк эсвэл Холливудад очиж хүчээ үзэх шаардлагагүй, гэрээсээ юмаа хийж байгаад л дэлхийд гарах боломж энд байж шүү дээ гэж бодсон. Анхнаасаа гадаад зах зээлд зориулсан контент бүтээнэ гэдэг амбицтай ARTGER сувгийг эхлүүлсэн, хүссэн тэр замаараа л явж байна даа. 

ARTGER сувгийн хамгийн их буюу 9.7 сая үзэлттэй дугаар

- Аливаа контент “дүр”-тэй байж л үзэгчдэд илүү ойр дотно мэдрэмж төрүүлдэг болов уу. Жишээ нь, ARTGER сувгийг хүмүүс Нарги, Баясаа, Болдоогоор голдуу төсөөлдөг. Контент бүтээгчдийн олонх нь Дархан хотод ажиллаж амьдардаг гэж сонссон. Багийн гишүүдээ хэрхэн бүрдүүлсэн бэ? 

- Манай багийнхан дэлхийн өнцөг бүрээс ажилладаг. Надаас гадна манай шоуны хөтлөгчид болох Нарги, Баясаа, Болдоо нарын залуус Дархандаа ажиллаж, амьдардаг. Харин дэлгэцээр гардаггүй ч арын ажлыг нугалдаг олон мундаг залуучууд өөр өөрийн амьдардаг газраасаа ажлаа явуулж байна. Тухайлбал, орчуулга, эвлүүлгийн ажлыг хийж гүйцэтгэдэг Брайн Оффентер Шанхай хотоос, гадаад харилцаа, төслүүдийн хөгжүүлэлт, санхүүжилттэй холбоотой асуудлыг хариуцдаг Гүнбилэгт Сингапураас, зураглаач, эвлүүлэгчид Улаанбаатараас ажилладаг байх жишээний. 

ARTGER сувгийн хөтлөгч Баясаа, Нарги, Болдоо 

- Нарги гол төлөв хүмүүстэй ярилцаж хоолоо хийдэг бол Баясаа ихэвчлэн ганцаараа харагддаг шүү дээ. Яг бодит байдал дээр камерны ард хэчнээн хүн контентыг бүтээлцдэг вэ? Нэг дугаар бүтэхэд хэр их хугацаа шаарддаг, ямархуу бэлтгэл хийдэг тухай бидэнтэй хуваалцаач? 

-Khan’s kitchen гээд долоо хоног бүр цацагддаг ARTGER сувгийн шоун дээр жишээ авъя л даа. Энэ контеныг хийдэг продакшны баг харьцангуй цомхон. Улаанбаатарт байдаг зураглаач, эвлүүлэгчид цар тахлаас болоод ирж чадахгүй байгаа учраас сүүлийн нэг жил зураг авалт, найруулга гэх мэт ажлуудад гол төлөв би өөрөө ажиллаж байна. Шинээр бэлдэж байгаа зураглаач, эвлүүлэгч маань удахгүй бие даагаад ажиллаж эхлэх байх. Тэрнээс гадна шоуны гол дүр болох тогооч Баясаа, монгол банхарууд байна. Мөн нохойны аж ахуйг хариуцдаг Нямпүрэв, зургийн дарга, менежер гэсэн бүрэлдэхүүнтэйгээр Khan’s kitchen шоуг бүтээдэг. Харин Nargie’s Mongolian Cuisine шоуг арай олуулаа хийдэг дээ. 

- ARTGER гол төлөв монгол хоолыг орчин үеийн хувилбараар баяжуулж хийж байгаа харагддаг. Заримдаа  цоо шинэ жор зохиосон юм уу гэж үзэгчийн хувиар хардаг. Ингэхэд хоолны жоруудаа та бүхэн яаж гаргадаг вэ?

- YouTube сувгаа яаж бусдаас ялгарах онцлогтой болгох уу гэдэг дээр толгойгоо багагүй гашилгасан. Мэдээж монгол ахуй, байгаль, хоол бол яах аргагүй бидний ялгарах донж, өнгө төрх мөн. Гэхдээ монгол хоолыг жагсаагаад бичвэл тийм олон биш шүү дээ. Тэгэхээр аль болох орчин цагтайгаа хөл нийлүүлж шинэчлэн баяжуулсан, гадны хоолноос санаа авч монголчилсон хоолнуудыг зохиохыг хичээдэг. 

- Аварга том бургер гээд л дэлгэцийн цаанаас харахад ARTGER-ийн хоолнууд арааны шүлс асгарам амттай, өнгөлөг харагддаг. Та бүхний зохиосон жор хүлээлттэй нийцэхүйц байж чаддаг уу, бүтэлгүйтэх тохиолдол хэр олон гардаг вэ? 

- Бүтэлгүйтлүүд гаралгүй яахав. Зарим хоолыг зургийн талбай дээр анх удаа хийж үзэх тохиолдол ч бий. Жишээ нь, чиний хэлсэн бургер хийсэн дугаарын зураг авалтыг бараг гурван өдөр хийсэн. Эхний өдөр ихэнх зургаа авсан боловч талхан дээр үнэхээр асуудалтай байсан. Хээрийн нөхцөлд, цогон дээр тийм том талх барина гэдэг үнэхээр хэний ч санаанд оромгүй зүйл. Эхний талх нь бүтэлгүйтсэнээс болоод Баясаа тогооч сэтгэлээр унаж, орой нь төлөвлөгөөгөө дахин шинээр боловсруулсан. Маргааш нь Болдоотой хамтраад хийтэл дахиад л болоогүй. Гурав дахь өдрийн оролдлогоор амжилттай болсон. 

-  ARTGER-ийн хамт олон цаашид ямар төлөвлөгөөтэй байгаа вэ? Би л гэхэд үзэгчийн хувиар өмнө нь гардаг байсан монгол ёс заншид, уламжлалтай холбоотой сонирхолтой дугааруудыг хүлээж байна?

- Аялал жуулчлалд тулгуурласан бизнесийн шинэ суваг бий болгох зорилго минь ARTGER сувагтай салшгүй холбоотой. Бид ARTGER-ийг анх гаргаж ирэхдээ л контент болон аялал жуулчлалыг хослуулахыг зорьсон. Цар тахлын нөхцөл байдал дээрдэхээр энэ ажил маань сэргэх болов уу.  

Түүнчлэн ARTGER-ээс гадна хэд хэдэн шинэ суваг гаргаж ирье гэсэн бодолтой байгаа. Тухайлбал, шинэ үеийн залуучуудын амьдралын хэв маяг, хөгжим, хувцас загвар, арт гээд Азийн соёлыг харуулсан funky маягийн энтертеймент суваг, Монголын ёс заншил, соёл уламжлал, монгол хүмүүсийн аж амьдралын тухай ArtgerPlus суваг, өмнө нь хийж байсан Luxury Mongolia төслийг шинэчлэн Luxury Nomad болгоё гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.  

ARTGER-ийн мерчендайз бүтээгдэхүүнүүд АНУ-ын зах зээлд туршилтаар гарч эхэлсэн, удахгүй Монголд худалдаалагдаж эхэлнэ. Мөн монгол хөрсөнд ургасан ургамал, ногооноос бүтсэн өвөрмөц жор бүхий Boodog Boys нэртэй махны соусыг Монголын томоохон үйлдвэрлэгч корпорацитай хамтарч гаргахаар болсон. 

ЗурагТайлбар




- Хотжилт дагасан асуудлууд сүүлийн жилүүдэд нэлээд хурцадмал болж байна. Залуус бид ажил, орлого, хүүхдийн боловсрол гээд олон хүчин зүйлсээс шалтгаалж асуудалтай ч гэлээ хотод амьдрах сонголтыг хийсээр ирсэн. Гэтэл цар тахал хэмээх дэлхий нийтэд нүүрлээд буй шоо шинэ сорилт ажил, амьдралын талаарх бидний ойлголтыг шинэчилж байна. Үүнийг дагаад хүмүүс цэвэр агаартай, бохирдол багатай газар руу нүүж, зайнаас ажиллах боломжийг дор бүрнээ бүрдүүлж буй. Артгэрийн хамт олныг харахад ч цөөнгүй хэсэг нь Дархан хотдоо амьдарч байна. Тэгвэл та орон нутагт амьдрах сонирхолтой хүмүүст хандаж юу хэлэх вэ? 

- Цар тахал байсан байгаагүй бүхнийг зайнаас амжуулах боломжтой эрин зуунд бид амьдарч байна. Хийсэн контентоо дэлхийн өнцөг булан бүрд хүргэх боломжийг YouTube тэргүүтэй плафтормууд нь бэлээхэн бий болгоод өгчихсөн. Тэгэхээр агуулгаа олж хараад бүтээж л чадвал хаана байх нь, хаанаас ажиллах нь сонин биш. Боломжийг олж харсан бол зоригтойгоор үйлдэл хийж, туршиж үзээрэй л гэж залуустаа хэлье. Номоо бичих нь бичээд, зургаа зурах нь зураад онлайнаар ч болов зараад үзэх хэрэгтэй. Бүх зүйл улам л энгийн болж байна шүү дээ. 

- Ярилцсанд баярлалаа, цаашдын ажилд тань амжилт хүсье. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
5 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
0
15
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.07.15 202.179.21.237

hhhee BOIII

0 Хариулах