Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

5 ЯЛГАА | Хортой эерэг үзэл ба талархал

Талархал гэдэг нь таагүй нөхцөл байдлыг үргэлжлүүлэн тэвчинэ гэсэн үг биш.


Хүн гомдол, тунирхалыг орхиход талархах сэтгэл гарч ирдэг. Тэгвэл талархал гэж юу билээ? Сэтгэл судлалын шинжлэх ухаанд тодорхойлсноор "Өөрт буй эерэг, сайн сайхан зүйлээ мэдрэхийн тулд ухамсартайгаар хийж байгаа хүчин чармайлт" гэжээ. Гайхалтай нь хүн гээч амьтан ямар ч нөхцөл, юунаас ч талархах зүйлээ олж чаддаг ажээ. 

Гэвч талархлын жинхэнэ утга учрыг ойлголгүй, буруугаар тайлбарласнаас үүдэж өнөө үед хортой эерэг үзэл (toxic positivity) газар авчээ. Энэ нь эерэг сэтгэлгээнд хэт автаж, амьдралын бүхий л үед тэр бүү хэл уй гашуу, эмгэнэлт явдал тохиолдоход ч эерэг байх ёстой гэж итгэх явдал гэжээ. Аливаад талархаж сурах нь хүний сэтгэцийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг бол хортой эерэг үзэл эсрэгээрээ муу нөлөөтэй. Тиймээс л талархал ба хортой эерэг үзлийг ялгаж сурах нь чухал юм. 

Сэтгэл судлаачид дээрх хоёр ойлголтын ялгааг ингэж тайлбарлаж байна. 

Талархал өөрт тулгарсан асуудлуудыг хүлээн зөвшөөрдөг бол...

"Аливаад талархана гэдэг нь бусад мэдрэмжүүдийг үгүйсгэнэ гэсэн үг биш юм. Бодит байдалд эсрэг тэсрэг хоёр зүйл зэрэгцэн орших боломжтой. Жишээ нь, хайр сэтгэл, нөхөрлөлөө алдах үед бид сэтгэл дотроо эмтэрч байдаг ч олж авсан туршлага, ойлгосон бүхэндээ талархдаг. Харин хортой эерэг үзэл ийм үед "Аз жаргалыг л сонго", "Үргэлж эерэг бай" гэхчлэн чихэнд шивнэдэг. 

Талархал нь таагүй мэдрэмж, үйл явдлыг хүлээн зөвшөөрдөг нь тэдгээрийг даван туулахад тус болдог. Талархсанаар хүнд, хэцүү мэдрэмжүүд алга болохгүй. Харин түүнийг хүлээн авч, туулж буй бэрхшээлийнхээ хажуугаар өөртөө өсөж хөгжих орон зайг олгож буй хэрэг юм. 

...хортой эерэг үзэл тэдгээрийг үгүйсгэдэг

Гэтэл бүхий л өвдөлт, зовлонг зөвхөн эерэг хандлага, сэтгэлгээ л эмчилнэ гэх буруу итгэл үнэмшилд суурилсан хортой эерэг үзэл өдгөө нийгэмд соёл болтлоо түгсэн бөгөөд өөртөө туслах ухаан (self-help)-ы мэргэжилтнүүд хэмээн өөрийгөө нэрлэсэн хүмүүс ийнхүү хортой эерэг үзлийг сурталчилсаар байна. Бидний өдөр тутамдаа тулгардаг системийн дарангуйлал, гарааны тэгш бус байдал, нийгмийн хүчин зүйлс гэх мэт хувь хүн дангаараа хянах боломжгүй зүйлсийг хортой эерэг үзэл огтхон ч харгалзаж үздэггүй. Түүгээр ч үл барам сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэлийн шарх (траума), уй гашууг үгүйсгэдэг. Тухайлбал, "Бүх зүйл шалтгаантай болоод л тохиолдож байгаа. Энэ бүхэн чамайг илүү хүчирхэг болгоно" эсвэл "Удахгүй зүгээр болно доо" гэх мэт үгсээр илэрнэ.

Энэ бол хувь хүний хандлага

Эдгээр ойлголт гаднаасаа ижилхэн мэт санагдавч цаад хандлага, хувь хүний хийж буй сонголтоор ялгардаг. Талархсан үед хүн чин сэтгэлээ байгаа зүйлээ үнэлж, сэтгэлийн гүн дэх мэдрэмжүүд, сэтгэл хөдлөлөө таньж авдаг. Өөрөөр хэлбэл, тал аяга минь дүүрэн байна гэж итгэх замыг сонгож байгаа хэрэг. Эсрэгээрээ хортой эерэг байдалд орсон хүн хэзээ нэгэн цагт хагарах нь тодорхой бөмбөлөг дотор амьдарч, сөрөг, таагүй мэдрэмжүүдийг үгүйсгэж, нууж, зугтах замыг сонгодог. 

Хортой эерэг үзэл таныг мухардалд оруулдаг бол талархал урагшлах шат болдог

Амьдралыг харах өнцгөө өөрчилж, хүн бүрд тулгардаг таагүй мэдрэмжүүдийг мэдрэхийг өөртөө зөвшөөрнө гэдэг муу зүйл биш юм. Тиймдээ ч талархаж чаддаг хүн "Надад том асуудал тулгарсан учраас би санаа зовж (уурлаж, уйтгарлаж) байна. Гэлээ ч намайг тайтгаруулж, аз жаргалтай болгодог гэгээлэг, сайн сайхан зүйлс миний амьдралд олон бий" гэж өөртөө хэлж чаддаг. 

Талархана гэдэг нь таагүй нөхцөл байдлыг үргэлжлүүлэн тэвчинэ гэсэн үг огтоос биш. Дан ганц асуудалд төвлөрөх бус, түүний цаадахыг олж харж, үүнээс гарахын тулд юу хийх хэрэгтэй вэ гэдгийг тодорхойлж сурахад талархал тусалдаг билээ. 

Хортой эерэг үзлээс хэрхэн ангижрах вэ? 

Бясалгал хийх үед амьсгалаа ажиглахыг зөвлөдөг шүү дээ. Тэгвэл хортой эерэг үзлээс салахыг хүсэж байвал сэтгэл хөдлөл, мэдрэмжээ ажигла, тань. Хүн бол мэдрэмжийн амьтан. Тиймээс юу харж байна, юу сонсож байна, юу мэдэрч байна гэдгийг өөрөө байнга асуугаарай. Эдгээрт хариулж, мэдрэмжээ шударгаар хүлээн зөвшөөрөх нь хүсээгүй мэдрэмжээ арилгахын тулд хуурамчаар эерэг байдлыг бий болгох хүслийг тань бууруулна. 

Эх сурвалж: Hello Giggles, Very well

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Хүүхдээ хичээнгүйлэн өсгөж буй эцэг эхчүүдэд дэм болох үгс
2
3 өдрийн өмнө
Нарциссист хүнээс хэрхэн зайгаа барих вэ?
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
санал болгох
1
14 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.