Хайх зүйлээ бичнэ үү

29 мин

Сэтгэл гэдэг эрхтэн: Энэ бүрхэг тэнгэр хэзээ онгойхыг үүлнээс асуух уу?


Хүн төрөлхтний мөнхийн тэмүүлэл юу вэ? Дэлхийн II дайны дараа цус, нулимсанд ханасан хүн төрөлхтөн “ахиж хэдүүлээ ингэхгүй шүү!” хэмээн дундын дүрмээ тохирчээ. Дүрэм ч гэж дээ, мөнхийн тэмүүллээ л хуулийн хэлээр буулгасан хэрэг. Тэр дүрэмд “Хүн бүр төрөхөөсөө эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байна” гэж бий. Цаашаа “Тэдэнд оюун ухаан, өрлөг сэтгэл заяасан бөгөөд өөр хоорондоо ахан дүүгийн ёсоор харилцах ёстой” хэмээн үргэлжилнэ.

Урьд цагт олонхоос дутуу эрх, эрх чөлөө, нэр төртэй нь боол, еврей, хар арьстан байв. Одоо буюу КОВИД-19 үеийн Америкт бол азиуд, хэдхэн сарын өмнөх Монголд бол тэр өвчнөөр өвчилсөн хэн нэгэн байв. Өөр ямар ямар хүнийг харах төдийд л хачирхаж, цочирдож, дургүйцэж, гоочилдог билээ? “Тэгш эрх” нэн хэрэгцээтэй амьдрал руу бид хэн хэнийгээ түлхчихсэн билээ? Ийм бодолд дарагдсаар эцэст нь ЛГБТИК+ хэмээх нэршилд хамаардаг улстай ярилцсан юм. Дүрэм ёсоор яг одоо ЛГБТИК+ гэж юу болохыг тайлбарлах ёстой ч түр азная. Тэгээд ч энэ ярилцлагаар хүн нь хүндээ үнэн түүхээ, чин сэтгэлээ нээж буй. Сэтгэлд ангилал байдаг бил үү?  Хүнс, хувцас, будаг шунх ер юуг ч ангилж болно, гэхдээ хүнийг, сэтгэлийг л биш!.

                                                                      ТАВГҮЙ

Би хэн юм бэ? гэх үеийг хүн бүр л туулдаг агаад өөрийгөө ойлгох, олох, бүтээх явц амаргүй л гэх. Ийм эрэл л хүн төрөлхтнийг сэтгэлгээний олон олон нээлт өөд хөтөлжээ. Гэтэл мөнхийн гэмээр энэ асуултын зэрэгцээ арай өөр утгатай “Би хэн юм бэ?” гэх асуултад ээрүүлдэг хүмүүс олон байх аж. Миний бие эмэгтэй (эрэгтэй) атал би тэс өөрөөр мэдрээд байна. Цөм л эсрэг хүйстэндээ татагдах юм, гэтэл би өөртэйгээ ижил хүйстэй хүнд л, эсвэл хоёуланд нь татагдаад ер болохгүй юм. Тэгвэл би хэн юм бэ? Яачихсан хүн юм бэ? Өнөөх өөрийгөө олох, ойлгох, бүтээх явц ингээд хоёр урсгалтай болчихлоо. 

Хүмүүс сэтгэлээ, бодлоо таних гэж явах үед тэд нэмээд  махан биеэ, хүйсээ ойлгох гэж зүднэ. Цаанаа л тавгүй. Хүн юунд ч тавгүйцэж болно. Багадсан гуталд, орон гэртээ, тодорхой хүмүүс гээд үргэлжлүүлбэл дуусахгүй. Харин хүйстээ, махбоддоо, сэтгэлдээ, хайр дурлалдаа тавгүйтэх гэж юу вэ? Тэднээс шууд асууя! Наана нь нэг шүлэг унших уу даа!.

Энэ улаан өвсийг
Юугаар будсаныг
Нарнаас асуух уу?
Шувуунаас асуух уу?
Тэр жаахан охин
Яагаад уйлсныг
Намраас асуух уу?
Өөрөөс нь асуух уу?

Энэ бүрхэг тэнгэр
Хэзээ онгойхыг
Үүлнээс асуух уу?
Салхинаас асуух уу?
Тэр хачин амьдрал
Хэрхэн төгсөхийг
Мэргэдээс асуух уу?
Зовлонгоос асуух уу?
/М.Уянсүх/

Ганзоригийн Энхжин, эрэгтэй, 20 настай. Энэ бол түүний талаарх миний бодол. Харин танд ойлгуулахын тулд “транс эрэгтэй, стрэйт” гэж тодорхойлж бичихээс өөр аргагүй болох нь. Уул нь би тайлбарламааргүй байсан даа? Эмэгтэй хүйстэй төрсөн ч өөрийгөө эрэгтэй гэж мэдэрдэг, эмэгтэй хүнд татагддаг гэсэн утга юм.

Яг ямар үед хүйстээ тавгүйцдэг вэ? 

Ер нь өөрийгөө эрэгтэй, эмэгтэй гэж тодорхойлдоггүй. Өөрийнхөөрөө, байгаагаараа л гоё байдаг, гэхдээ “чи эмэгтэй шүү!” гэх мөч хүртэл л. Намайг “эмэгтэй” гэж тодорхойлох, мэдрүүлэх бүрд дургүйцэж, тавгүйцэж буй учраас л “би эрэгтэй хүн” юм болов уу. Тэрнээс ер нь хэн ч өөрийгөө эрэгтэй, эмэгтэй талаараа байнга бодоод, мэдрэмж бүрээ эр хүнийх, эм хүнийх гээд ангилаад байдаггүй байх аа!.

“Эрэгтэй хүн” гэдгийнхээ талд хатуу зогссон үе?

Эрэгтэй гэдгээ мэдрэх, транс гэдгээ тодорхойлох хоёр өөр л дөө. Дунд ангидаа “Danish girl” гэж кино үзсэн юм. Гол дүрийн өөртэйгээ ярилцаж буй, толинд хараад өөрийгөө мэдэрч буй хэсгүүдийг тултлаа мэдэрч, маш их уйлсан. Аймаар их уйлсан. Төгсгөлд нь “Энэ бол анхны трансжендэр эмэгтэйн түүх” гэдэг тайлбар гарахад өөрийгөө энэ ангилалд хамаарах нь гэж харьяаллын хэрэгцээгээ нөхөж байгаа юм. Гэхдээ үүний дараа ч өөртэйгээ зөрчилдөөд байлаа. Аравдугаар ангидаа итгэгч болоод, хоёр жилийн дараа бурханд анх удаа өөрийгөө илэрхийлсэн. “Би танд эрэгтэй хүний өмнөөс залбирч байна” гэж. Дараа нь өөрийгөө харанхуйтай зүйрлэж, бас “Би эрэгтэй”  гэж утасныхаа тэмдэглэлийг  нээгээд бичсэн юм. Бичих үед нэг бодлын дотроос нэг юм оргилоод ч байгаа юм шиг, нөгөө бодлын “зөв болов уу, буруу болов уу” гэж айсан. Уул нь ердөө “Би эрэгтэй” гэх хоёрхон үг шүү дээ, бичих эсэхээ шийдэх гэж бүтэн өдөржин эргэлзсэн, маш хэцүү, зөрчилт мэдрэмж.

 “Би эрэгтэй” гээд биччихлээ. Тэгээд?

Шууд тэмдэглэлээ цоожилсон. Хэн ч, хэзээ ч битгий уншаасай гэж хүссэн. Гэхдээ үе үе нээж уншина. Энд нэг ус байлаа гэж бодъё. /Ч.Б: Савтай усыг заав./ Энийг хайрцагт хийж болохгүй гэж бүгд хэлээд байхад би зөрөөд хийчихлээ шүү дээ. Хийх мөч сайхан. Хийснээ эргэн харах бас сайхан. 

Юуны төлөө ахин, дахин уншдаг юм бол? Эрэгтэй хүн гэдгээ өөртөө сануулах гэдэг юм уу?

Сануулах хэрэг байхгүй, би угаасаа эрэгтэй гэдгээ мэдэж байгаа. Тэр өгүүлбэрийг унших үед би өөрөөрөө байгаа юм шиг мэдрэгддэг. Нэг тийм өөрөөрөө байж болох жижигхэн орон зай л байхгүй юу. Унших хүртлээ харин их хугацаа их зарцуулдаг аа. Догдолно, айна, эргэлзэнэ. 

 Тэр тэмдэглэлээс өөр тийм орон зай олдож байв уу?

00-ын өрөө. Тусдаа өрөөтэй байлаа ч надад 00-ын өрөө л чухал. Анх удаа хүнд “Би чамд сайн” гэж хэлчхээд өөртэйгээ нүүр тулах шаардлага гарсан. Тэрнээс өмнө дандаа өөр хүмүүст анхаарал хандуулдаг байв. Би чинь өөрөөрөө байх, өөрийгөө нэгт тавих эрхгүй хүн. Өөрийгөө анзаарахгүй, бусдыг чухалчлаад явж байхад амар байлаа. Асуудлаас зугтаад байгаа хэлбэр л дээ. Гэртээ байхдаа охин нь, гадуур байхдаа “эмэгтэй” байх хэрэгтэй. Гэтэл хүнд сэтгэлээ илчилчихлээ, үсээ ч  тайрчихлаа. Амьдралдаа анх удаа өөрийгөө хөхгүй юм шиг харахыг хүссэн. 00-ын өрөөнд ороод алчуураар хөхөө дарж, цээжээ ороосон. Ороож байх мөч бүрээ анхааралтай ажиглаж, бодоод л. Дараа нь толинд хараад “Хөөх” гэж мэдэрсэн. “Хөх байхгүй болчихлоо шүү дээ” гэх мэдрэмж маш гоё байлаа. Түүнээс хойш байсхийгээд 00-ын өрөөнд ороод сахлаа хусаж, хөхөө дарж боогоод л, өөрийгөө эрэгтэй гэж хараад л...

Хөхтэй байх тийм муухай юу? 

Хааяа боддог юм. Нийгэм хэрвээ шодойтой бол эрэгтэй, умайтай бол эмэгтэй гэдэггүй сэн бол, бие махбодын өгөгдөлд хүйс оноогоогүй бол “хүйсийн тавгүйцэл” гэж зүйл байх байсан болов уу гэж. Намайг байгаагаар минь байлгаад байвал би хүйстээ тавгүйцэхгүй. Хөхтэй эрэгтэй байхад надад асуудал байхгүй. Эмэгтэйлэг эрэгтэй байлаа ч асуудал байхгүй. Харин “хөхтэй учраас л чи эмэгтэй” гээд байгаа учраас асуудал ургаад буй юм. 

 

Алтангэрэлийн Балдангомбо, эрэгтэй, 45 настай. Ахиад л түүний талаарх миний бодол энэ. Харин тэр бусдынхаар бол гей буюу ижил хүйстэндээ татагдагч.  

Эрэгтэй хүнд татагддагаа хэзээ анх мэдсэн бэ? 

Хөвгүүд охидыг илт шохоорхож эхлэх үе байдаг даа? Тэр үе эхэлтэл би хэзээ ч охидыг сонирхохгүй, үеийнхээ хөвгүүдэд татагдаад байлаа л даа. Хүүхэд болохоор яахаа, хэнд хэлэхээ мэдэхгүй. Дотогшоогоо шингээхээс өөр аргагүй. Миний өсвөр нас гэж 1990 он шүү дээ. Мэдээлэл авъя гэхээр байгаа нь бараг ганц “Халуун хөнжил” сонин. Хүмүүсээс нууж хаагаад харахад тэнд эр, эм хүний л тухай байдаг, миний өнөө асуугаад байгаа зүйл байхгүй. Д.Болдцэрэнгийн секс судлал, бэлгийн амьдралын талаарх номууд ч гараад эхэллээ. Тэнд ч хариулт байхгүй, байгаа нь ижил хүйсийн дурлалыг “буруу хурьцал, гаж, сэтгэцийн өвчин” гэж байгаа юм.

Хэзээ өөрийгөө хүлээн зөвшөөрөв? 

Томрох тусам үеийнхэн үерхэж, гэрлэж, үр хүүхэдтэй болоод байлаа. Би гэтэл чадахгүй. Яагаад чадахгүй байна вэ? гэх асуулт хэцүү. Хариулт авах гэхээр уншсан, харсан бүх зүйлд “энэ буруу шүү” гээд байгаа шүү дээ. Тэгээд өөрийгөө засахаар шийдээд шашны бүлгэмд хүртэл элслээ. Гэвч хичээх тусам л бүх юм хуурамч санагдах боллоо. 2000 он гараад манайд интернэт түгэх үед өөрийнхөө талаар мэдэх гээд хайж эхэллээ. Тэгээд 14 наснаас эхэлсэн өнөө асуултдаа 26 нас хүрч байж “Энэ бол төрөлхийнх” гэж ганц л өгүүлбэртэй хариулт олж уншсан юм. Нэг талаар нээлт мөртлөө нөгөө талаар цочирдож, маш их харамссан. “Юугаа хийж өөрийгөө ингэж их зовоогоо вэ? Хайран 12 жил” гэж. Өөрийгөө хорлочихсон мэт санагдсан. Яг нэг л өглөө хатуу шийдэж, хувцсаа баглаад шашны бүлгэмээ ч орхилоо. Тэр он жилүүд, шашин надад сайн чанар өчнөөн суулгасан ч гэлээ өөрийгөө үгүйсгэсэн, мунхаг, харанхуй үе. Өөрийгөө хүчилж, үгүйсгэж, ямар нэг шашинд өөрийгөө багтаагаад явсан учраас тэр. Хэн нэгэн залуу таалагдаж сэтгэл догдолбол өөрийгөө зүхээд, өчнөөн хоног залбираад л.

26 нас хүртлээ гэхээр асууж байна л даа. Дурлах, ялангуяа секс бол хүний үндсэн хэрэгцээ. Гэтэл тэр хэрэгцээгээ хангаж болохгүй байдаг, тэгэхээр яадаг юм, гар хангалга хийх үү? 

Хийхгүй шүү дээ. Хийвэл эрэгтэй хүнийг төсөөлөх болно, тэр чинь нүгэл, буруу хурьцал. Нүгэл үйлдвэл тамд шатаж таарна аа даа. (инээв.)

Хэнд ч хэлэх гээгүй, ганц өөртөө хэлэх, зөвшөөрөх юу нь тийм хэцүү байсан гэж?

Хэн ч нийгмийн амьтан. Ямар нэг байдлаар нийгэмд, олонхийг дагаж, түүнд тааруулж өөрийгөө тодорхойлох болдог. Гэтэл тэрний эсрэг байдлаар өөрийгөө зөвшөөрөх маш хэцүү.

                                                                 ТУХТАЙ

“Би бол ийм хүн” гээд өөрийгөө танингуут л амар сайхандаа жаргачихдаггүй бололтой. Таньсан “би”-гээ харуулж, ойлгуулж амьдрахыг хүснэ. Харуулах гээд буйдаа ч гол учир биш, харуулж байж "би"-ээрээ амьдарч болох гээд буй тул. Өмнө эшэлсэн хүн төрөлхтний дундын дүрэм бол "Хүний эрхийн түгээмэл тунхаглал". Тэнд ахиад нэг өгүүлбэр бий. “Хүн төрөлхтний ам бүлийн гишүүн бүхэнд угаас заяасан нэр төр болон тэдний адил тэгш, салшгүй эрхийг хүлээн зөвшөөрөх нь эрх чөлөө, шударга ёс, бүх нийтийн энх тайвны үндэс мөнийг эш үндэс болгон…”. гэж. Бусдыг буй байгаагаар нь хүлээн авч байж л энх тайван ирэх нь ээ! 

Өөртөө хэлчихлээ. Харин бусдад хэлэх үед юу болов? 

Алтангэрэлийн Балдангомбо: 2004 оноос эхлээд гэрийнхэн асууж эхэллээ. 30 хүрэх гэж байгаа учраас “Хэзээ гэрлэх вэ? Хүүхэд оройтлоо” гээд л. Тэр үед ямар гей гэж нэршил мэдэх биш, бусдын нэрлэдгээр “Тийм ээ, би гомо” гэж бараг л ориллоо. Гэрийнхэн яасан нь ойлгомжтой байх. Намайг хамгийн их хайрладаг, өөрийн хамгийн их хайрладаг тэр хүмүүсээ л намайг хамгийн их ойлгоно  гэдэг хүлээлттэй байсан юм. Тэр хүлээлтэд хүрээгүй учраас их цочирдож, их ч шаналж, их ч гомдсон. Тэдний намайг ойлгож чадахгүй байгааг шууд “эд надад хайргүй юм байна” гэж хольж хутгаж, буруу дүгнэлт хийгээд байв. “Намайг ойлгож чадахгүй юм бол та нар миний гэр бүл гэж яваад яах юм? Гэр бүл минь намайг хүлээн зөвшөөрч чадахгүй юм бол нийгэм яаж ойлгох юм бэ?” гэж бодохоор л бухимдана. Нэг л ууртай хүн яваад байна, өөрөө ч тэрнийгээ мэдэхгүй. Хэн нэгэн хүн хэлж өгөхгүй л бол анзаарахгүй. Сүүлдээ та нартай, та наргүй амьдраад явчихна гэж бодох маягтай. Гэвч гэр бүлийнхэн гэдэг бол үргэлж зүрх сэтгэлд байдаг улс. Бүр мөсөн харилцаа тасална, хаяж явна гэж байхгүй

Ганзоригийн Энхжин: Гэртээ байх газаргүй, гараад алхана. Зөрж буй хүн бүр намайг хараад байгаа юм шиг, намайг “ямар заваан юм бэ?” гэж бодож байгаа юм шиг мэдрэмж төрөөд нуугдмаар болно. Бусдын бодлыг байж болох хамгийн муугаар л таамагладаг байсан. Тэр л маш хэцүү.  Бусдад хэлэх тухайд бол би шийдэж хэлэх гэхээс ч өмнө хүмүүс өөрсдөө асуудаг байсан. “Чамайг эрэгтэй юу, эмэгтэй юу гээд мөрийцчихлөө. Чи яг аль нь юм бэ?” гэж асуух үе олон таардаг. Тэдэнд юу ч гэж хариулсан бай, тэр өдөржингөө юу гэж хариулбал хамгийн зөв байсан талаар боддог. 

Ердөө жилийн өмнө транс хүүгийн гэр бүлдээ өөрийгөө илчилж буй утгатай “Би Ирээдүй баймаар байна” гэдэг жүжигт тоглосон юм. Тэр үед өөрийгөө ээждээ хэлчихсэн боловч аавдаа хэлээгүй байсан. Юун тухай жүжгийг нь ч хэлэлгүй аавдаа “Би нэг жүжигт тоглож байгаа, та үзэх үү?” гээд урилаа л даа. “Дэмий ч урьчхав уу даа” гэж айж л байсан. Жүжгийн бэлтгэлийн үеэр “Аав аа, би ийм хүн байна. Та уурласан ч би ойлгоно. Гэхдээ намайг өөрөөр минь байлгавал би илүү жаргалтай болно. Тандаа хайртай шүү” гэх утгатай захиа бичсэн байсан юм. Жүжиг дууссаны дараа өнөө захиагаа өгсөн. Аав харин “Аав нь ойлгож байгаа. Аав нь хайртай шүү дээ” гэж хэлсэн. Энэ маш том даваа байв. Дараахан нь дүү нар намайг “аниа” гээд дуудтал аав цаанаас “Тэгж ч хэлж болохгүй байх аа” гэж хэлсэн. Тэгэхэд маш гоё санагдсан. 

Гэр бүл, найз нөхдөөс гадна нийгэмд өөрийгөө илчлэх үед юу болсон бэ? 

Г.Э: “Илчилсэн” гэдэг үгийг бүх талбараа илчилсэн юм шиг ойлгодог л доо. Гэтэл илчлээгүй талбар ч бий. Би ээж, аавдаа илчилсэн, гэхдээ дүү нартаа биш. Би дүү нартаа маш их хайртай, төлөөнөө нь амиа тавьж өгөхүйц хайртай, тэд ч надад хайртай. Ээждээ хүү шиг нь байж болоод байдаг, дүү нартаа харин эгч шиг нь байх хэрэгтэй болдог. Төрсөн гэртээ хааяа очихын тулд  дотуур хувцсаа эмэгтэй хүнийхээр сольж, цээжний боолтоо амьсгал давчидтал маш чанга боодог. Дүү нартайгаа гадаа гарч тоглолоо гэж бодъё. Хүмүүс намайг эрэгтэй  гэж бодож байтал дүү нар “эгч ээ” гээд дуудаад хүрээд ирнэ. Дуудангуут хүмүүс “Юу гэнэ ээ?” гээд намайг сонжиж эхэлнэ. Ингээд би дүү нартайгаа гадуур явж ч чаддаггүй. Явлаа гэхэд тэгж дуудуулахгүйн тулд яг хажууд нь байдаг. Дүү нар тэврүүлэх гээд ирэхэд би хажиглана. Надад хөх байгаа шүү дээ. Энэ үед өөрийнхөө биеийг аймшигтай үзэн ядна. 

Ил гараад, хэлээд, ойлгуулчхаад байхад өнөө бэрхшээлүүд хэвээрээ юм уу? Тодорхой мөч хүртэл та нар хүнд хэлэхийн төлөө амьдарлаа, зорилгодоо ч хүрчихлээ.?

А.Б: Хэлэх чухал биш. Одоо би хаана ч, хэнд ч “би гей” гэж хэлж чадна. Тэгээд юу гэж? Юу ч л шийдэгдэхгүй байна. Хүний бүх амьдралын үйл явц.

Г.Э: Хэлэх бүх зүйл биш шүү дээ.  Би гэрийнхэндээ хайртай. Цуг баймаар байдаг, маш их санадаг. Гэтэл би нүүрэн талаа л “транс эрэгтэй” гэдгээ илчилсэн. Гэтэл транс эрэгтэйтэй хамт амьдарна гэж бодоод үз дээ. Усанд ороод би дотуур хувцсаа хаана тавих юм? Эрэгтэй дотуур хувцас байвал тэд яах юм? Би өөрийнхөө хэлбэрийг илчилж чадаагүй байгаа биз?. Дүү нараараа “ах аа” гэж дуудуулахыг хүснэ. Нийгмийн тухайд бол нэг түүх ярья. “Мартын 8”-аар дүү маань надад бэлэг өглөө. Тэр үед дүү маань намайг эрэгтэй гэж бодно уу, эмэгтэй хүн гэж бодно уу хамаагүй, миний дүү хайртайгаа илэрхийлж байгаа учраас маш их баярласан. Гэтэл тэр бэлгийг өгөх үед хажууд өөр хүн байсан бол эмзэглэх байсан. Ахиад л эрэгтэй юу, эмэгтэй юу гэдэгтээ санаа зовох болно. 

                                                              ТАВГҮЙН ЦААНА

Энэ хүртэл тэдний түүхийн өнгөн талыг л дэлгэлээ. Харин тэдний дотоодод юу өрнөсөн бол? Нэгдсэн вант улсад 5000 орчим ЛГБТИК+ хүмүүсийн дунд хийсэн судалгааны дүнг харвал тэдний тал нь сүүлийн 12 сард,  энэ дундаа онцолбол транс хүмүүсийн 67% нь хүнд хэлбэрийн сэтгэл гутралд оржээ. Харин 2014 оны “Монголд ЛГБТ байх нь” тайланд дурдсанаар Монгол Улсын ЛГБТИК+ олон нийт ерөнхий хүн амтай харьцуулахад сэтгэл гутрал ихтэй, өөрийгөө үнэлэх үнэлэмж маш доогуур байдаг ажээ. Эдгээр судалгаа энэ хүмүүс сэтгэл гутралд орох, амиа егүүтгэх талаар бодох, егүүтгэхээр оролдох  эрсдэл өндөртэйг харуулж байх юм. Ийм урт удаан дотоод, гадаад үгүйсгэлийг сэтгэл гээч эрхтэн дааж хүчрэх боломжгүй санагдана.  

Энэ ярвигтай явцаас ямар сэтгэлийн шархтай хоцров?

А.Б: Миний нас гэдэг аль хэдийн хүнтэй суугаад, хүүхэдтэй болох нас. Гэтэл надад тийм боломж байхгүй. Гэтэл манай албан байгууллагын, гэр бүлийн, нийгмийн соёл бол хүнийг гэр бүлтэй эсэхэд их анхаардаг. Тиймээс би үүнтэй холбоотой асуултад сөрөг хариу үзүүлдэг болсон байлаа. Хүмүүс гэр бүлтэй байгаагаа давуу тал, бахархал болгоод гоочилж эхэлдэг. Гэр бүлгүй байгаагаараа би яачихсан юм бэ? гэж бодно. Ийм асуултаас болоод, шөнө дөлөөр ажлынхаа зугаалгыг хаяж гараад Тэрэлжээс Улаанбаатар хүртэл ганцаараа алхсан удаа ч бий. Цаанаасаа л бухимдана. Энэ чинь сэтгэл зүйн гэмтэл л дээ. Хэн нэгэн надтай ний нуугүй ярилцсан бол амьсгаа авах боломж байх байсан. 

Г.Э: Өөрөөрөө байхын оронд нийгмийн тогтоосон “эрэгтэй” дүр рүү тэмүүлээд байдаг минь миний комплекс. Нэг удаа дэлгүүр ороод юм автал худалдагч “Май, миний хүү, охин” гэж эргэлзтэл хажууд байсан хүмүүс “Охин л байна шүү дээ. Хүзүүг нь хар л даа. Урт, гоолиг байгаа биз дээ” гэж хэлж байна. Би юм хэлээгүй гарсан боловч түүнээс хойш хүзүүгээ үзэн ядах боллоо. Өмнө нь хэзээ ч хүзүүгээ анхаарч байгаагүй атал хүзүүгээ нуух гэж хоолойтой цамц өмсөж эхэлж буй юм. Эрэгтэй хүн зүг чиг сайн мэддэг, спортдоо сайн, эрэгтэй хүн баруун гараасаа эхэлж хувцсаа өмсдөг гэдэг ч юм уу, нийгмийн тогтоосон эрэгтэй хүний шинжүүдтэй болох гэж хичээж эхэлсэн. Тийм шинжүүд байхгүй бол өөртөө эргэлзэж эхэлнэ. Би эрэгтэй биш юм биш үү? Би хангалттай эрэгтэй биш байна гэх зэргээр. Өөрийгөө эрэгтэй хүн гэж мэдрээд байгаа хэрнээ эрэгтэй харагдахдаа илүү анхаараад байна гэсэн үг. Транс эрэгтэй гэж өөрийгөө мэдрэх, бусдад хэлэх юу ч биш. Ягаан хувцастай эрэгтэй байлаа гэхэд “эмэгтэйлэг эр” л гэх бол транс эрэгтэй ягаан хувцастай бол “эмэгтэй хүн л байна шүү дээ” гэж хэлдэг. Нарийн хоолойтой бол нарийн хоолойтой эрэгтэй л гэнэ биз дээ, транс эрэгтэйг бол “өө, чи эмэгтэй л байна шүү дээ” гэнэ. Дундаж эрэгтэйгээс ч илүү эрэгтэйлэг байх хэрэгцээ гарна. 

Байнга бусдаас нуухаар юу болдог юм бол? 

А.Б: Өөрийгөө байнга хамгаалах, хамгаалахын тулд худлаа ярьсаар байгаад тэр нь зуршил болчихдог. Хүмүүс асуухаар “Тэгж яваад нэг эмэгтэйтэй гэрлэх л байлгүй дээ. Та нар яах гэж ингэдэг юм бэ?” гэж худлаа ярьсаар л байлаа. Нэг мэдэхэд зөвхөн бэлгийн баримжаа ч биш бусад бүх юманд сийх ч үгүй худлаа ярьж, ямар нэг зүйлийг хөнгөхөн аваад гарчихдаг болсон байсан. Бас энэ хүртэл хураасан гомдол, сэтгэлийн гэмтэл, шарх хааяа тэсэрч уурлана. Хүмүүс уул нь нэг нэгэнтэйгээ эргээд ойлголцох, эвлэрэх, ярилцах орон зай үлдээж чадах ёстой. Гэвч би үлдээж чадсан уу гэвэл мэдэхгүй юм. 

Г.Э: Хэтэрхий удаан би эрэгтэй юу, эмэгтэй юу гэдэгтэйгээ тулахгүй зугтаад явахаар ёстой жинхэнэ жүжигчин болдог. Ингэж их жүжиглэсний эцэст чин сэтгэлээсээ гомдох, уйлах, баярлах, уурлах мэдрэмж үгүй болдог. Хүмүүс бороо, цасыг хараад баярладаг, би тэгдэггүй. Найзууд хоорондоо хэдэн цагаар ч хамаагүй ярилцаад сайхан байдаг гэцгээдэг, би харин хүн хүнтэйгээ юуг нь тэгж удаан ярилцдаг юм гэдгийг ч ойлгохгүй болсон. Амьдрал хоосон, яг л оршуулгаа хүлээж  л амьдарч  байгаа юм шиг мэдрэмж төрнө. Өөрийгөө харанхуйтай зүйрлэдэг болчихсон байсан. Ямар ч мэдрэмжгүй амьдралд өөрийгөө харанхуйтай зүйрлэж буй минь л ядаж ганц мэдрэмж. 

Амиа хорлох тухай бодож байв уу? 

А.Б: Амиа хорлох тухай 15, 16, 17-тойдоо бодож үзсэн. Яагаад үхмээр байгаагаа ерөөсөө ойлгохгүй. Би хэн юм бэ? гэсэн бодол байнга төрнө. Гэхдээ хэзээ ч завдаж байсангүй. Учир нь намайг хайрлах хүн, сатааруулах зүйл олон байсан юм. Харин 24 настайдаа 12 давхар байшингийн орой дээр зогсож байлаа. Ээж минь бурхан болчихсон, би өвдчихсөн, амьдрал гэж авах юм байхгүй, сэтгэл гутрал тартагтаа тулчихсан, энэнээс өөр зам үгүй гээд шийдчихсэн үе юм. Урагшаа нэг алхвал унана. Тэр үед “Би хүн шүү дээ” гэх бодол л буцаасан. Намайг аварсан зүйл бол энэ бодол. Энэ бодлыг харин ээж минь төрүүлсэн юм. Ээжтэйгээ хэзээ ч бэлгийн баримжааны тухай ярьж байгаагүй. Гэтэл ээж минь 15 настай байхаас хатуурхаж эхэлсэн. Тэр хүртэл би айлын бага учраас хоол хийж, хувцсаа ч угааж үзээгүй байлаа. Ээж гэнэт л “Чи хувцсаа өөрөө угаа. Галстукаа өөрөө аятайхан зүүж сур” гээд л. Тэр үед “Би яачихсан юм, би юу буруу хийчихсэн юм” гэж гомдоно. Сүүлд учрыг мэдсэн л дээ. Ээж 20-той байхад минь хүнд өвдсөн юм. Тэр үедээ “Хоёулаа нэг зүйлийг огт яриагүй байгаа. Чи хэзээ ч ярихгүй байх. Гэхдээ чи хүн л юм чинь хүнээрээ л байгаарай. Надаас хойш эгч, ах чинь чамайг тээршаах юм бол байгаа юмаа тэврээд явчихдаг юм шүү.“ гэж хэлж байв. Тухайн үедээ ойлгоогүй ч хожуу бодоход захиас байж. Ээж мэдэж байжээ. Тэгээд л “цаашдаа чи ганцаараа хүн учраас амиа өөрөө авч яв. Хүмүүс чамайг ойлгохгүй шүү” гээд байж. Ээжийн үг үнэн байсныг амьдрал өөрөө надад нотолсон, би ганцаараа хүн.

Г.Э: Амиа хорлоё гэх бодол чинь хүртэл өөрийгөө мэдэрч буй хэрэг шүү дээ, үнэн мэдрэмж. Гэтэл надад амиа хорломоор байгаа эсэхээ ч мэдрэх зориг байгаагүй. Амьдрах, үхэхээ өөрөө шийдэх зориг  ч байхгүй.

Үзэж туулсан бүхэндээ бусдыг, тогтолцоог буруутгадаг уу?

А.Б:. Хожуу ойлгоод бодоход ер нь өөртөө л ач холбогдол өгөөд яваад байснаас биш миний гэр бүл, найз нөхөд юу мэдрээд, юу туулаад байгааг анхаараагүй. Хэнд ч хугацаа хэрэгтэй. Угаасаа хоёр эрэгтэй, хоёр эмэгтэйн тухай биш эрэгтэй, эмэгтэй хүний л тухай ярьдаг нийгэмд хүмүүжиж ирсэн хүмүүст ойлгох хугацаа хэрэгтэй. Миний бодол өөр, тэд нарын бодол өөр. Хоёр өөр бодол мөргөлдөж л таарна шүү дээ. Би өөрөө өөрийгөө ойлгоход хүртэл тийм их хугацаа шаардсан байхад аргагүй. 

Г.Э: Би бусдыг буруутгадаггүй ээ. Нийгэм угаасаа л ийм байна шүү дээ. Бид ийм нийгэмд амьдардаг юм чинь өөр аргагүй шүү дээ. Ковидын үед бүгд маск зүүж байгаа учраас маскгүй хүн харвал содон байдаг шиг л мэдрэмж төрүүлдэг байх гэж боддог. 

Хожуу бодоход л гээд байна. Дараа нь, хожуу нь, сүүлд нь хүмүүсийг ойлгоод, уучлаад байгаа чинь яг хэзээ эхэлсэн юм бэ? 

А.Б: Саяхан, 2018 оноос л доо. Сэтгэл зүйчид хандан, зөвлөгөө авч эхэлсэн. Авахаас ч өөр арга байсангүй. Тэр жил ЛГБТ төвд ажиллаж байхдаа “Бахархлын парад” зохион байгуулав. Орой нь нэг хүн над руу залгаад “Манай хүүхэд танай жагсаалд яваад алга болчихлоо” гэхээр нь санаа зовоод гарав. Шууд л цагдаа бариад явчихлаа. Үнэндээ намайг хуурч гаргаад цагдаад бариад өгчихсөн юм.  Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт аваачаад бага насны хүүхдийг садар самуунд уруу татсан хэргээр байцаалт өгөв. Гадаа нь нэг настай хүн “Манай хүүхдийг уруу татлаа” гэж над руу чулуу шидэж байв. Би жагсаал л зохион байгуулсан, хэнийг ч хүүхдийг уруу татаагүй атал цагдаа надаас жагсаал зохион байгуулсан талаар биш нөгөө хүүхдийг уруу татсан эсэхийг л нотлох гээд асуугаад байв. Тэр үед хэн ч намайг хамгаалаагүй. Хамт ажилладаг хүмүүс ч, иргэний нийгмийнхэн ч тэр. “Асуудлаа чи өөрөө шийд” гэж хэлсэн. Өөр ЛГБТ хүмүүс цагдаад баригдвал би баримтжуулалт хийгээд, хууль зүйн хувьд туслаад явдаг. Гэтэл хэн ч миний асуудалд анхаараагүй, хэн ч санаа тавьж асуугаагүй. Энэ бол надад ёстой цочрол байв. “Би өөрийнхөө эрхийг хамгаалж чадахгүй байж хүний эрхийг яагаад хамгаалах ёстой юм, яаж чадах юм” гэж бодогдоод ажлаа ч хийж чадахгүй байлаа. Тэгээд ажлаасаа гарсан, яагаад гарч буйгаа ингээд одоогийнх шиг тайлбарлаж ч чадахгүй байлаа. Сэтгэл зүй гэмтчихээд ямар ч хүсэл мөрөөдөлгүй, голд урсаж буй зомгол мэт амьдраад байсан учраас. Одоо ч би шархтайгаа байна. Ний нуугүй хэлж байна, бүх юм утгагүй байна.  

                                                                      100 НАСЛАХ БАЙХ АА!

20, 45 настай хоёр хүний амьдрал. Цаг үеийн ялгаагаар үзэж туулсан, бодож эргэцүүлсэнд нь ялгаа байж магад гэж би таамагласан юм. А.Балдангомбын 20 нас гэдэг 1996 он, Г.Энхжингийн 20 нас гэдэг 2021 он, дундаа 25 жилийн заагтай. Ийн бодоод асуухад Г.Энхжин “Натуралист үзлээр бол Чарльз Дарвин байсан, байгаагүй хувьслын онол гарна, өөр хэн нэгэн нь хийнэ гэдэг. Персоналист үзлээр бол Чарльз.Дарвин байсан учраас л хувьслын онол гарсан гэдэг. Би бол персоналист талын үзэлтэй хүн. Цаг үе маань ийм учраас биш, би залуу учраас биш. Ердөө би учраас л би ийм байгаа.” гэсэн юм. 

Туулсан хэцүү бүрийнхээ ард ч та бүхэн амьдарсаар л байна. Энэ хүртэл юу таныг амьдруулаа вэ? 

А.Б: Миний мөн чанар. Дөрөвдүгээр ангид байхад ангийнхан намайг “Охин Баяа” гэж шоолно,  зодохыг нь зодоод, зодуулахдаа зодуулаад, ямар ч байсан бүгдтэй нь тэмцсэн. Тавдугаар ангид байхад ах надад “хүүхдүүд чамайг дээрэлхээд байвал хариуг нь өг” гэж зааж өглөө, шууд гараад хамар хашааны айлын дээрэлхдэг хүүхдийг зодчихоод орж ирж буй юм. Одоо тэгж зодолдохгүй болсон ч гэлээ энэ хүртэл амьдралыг туулаад яваад л байна шүү дээ. Дүгнээд харвал би тэмцэгч чанартай юм билээ. Сэтгэл гутрал гэдэг зүйл бол би өөрөө хянаж чадахгүй хүчтэй зүйл. Гэвч түүнтэйгээ тэмцэх гээд ямар нэг зүйлд оролцоод байгаагаа, энэ хүртэл олдсон боломжуудаа, яаж амьдрахаа, хэнтэйгээ нөхөрлөхөө, ямар орчин бүрдүүлсээр ирснээ эргээд харахад би зөв сонголт хийж чадсан байдаг. Би өөрийнхөө сонголтод итгэлтэй байх болсон. Нөгөө талаар би азтай хүн юм. 

Г.Э: Нэг их эерэг зүйл ч биш байх аа. Би гутралтай байвал бурханд болоод өөртөө ямар нэг байдлаар “надад хэцүү байна” гээд илэрхийлдэг. Бусдад бол илэрхийлдэггүй л дээ, жүжиглээд эхэлдэг учраас. Тэр илэрхийлж буй мөч байна аа даа. Бичих, орилох ч юм уу. Тэр мөчүүдээс кайф авах үед амьдралын сайхныг мэдэрдэг. Заримдаа гутрал ч байхгүй, баяр ч байхгүй үе байдаг, цаг хугацаа өнгөрөөд л, өнөөдөр, маргааш болоод амьдрал урсаад л. Тэр үедээ гутралаа ч санадаг. Ядаж тэр чинь мэдрэмж шүү дээ. Харанхуйн дунд ганцаараа зовоод, тарчлаад, тэгэх мөртлөө тэрнээсээ гарахыг хүсээд, шаналаад, эцэст нь тэрнээсээ гарна, давж гарсны дараах баяр хөөр гэдэг чинь,  өөрийгөө сайн сайхан амьдрахыг зөвшөөрнө гэдэг чинь гоё юм байна, найдвар байгаа юм байна шүү гэж мэдрэх л сайхан.  

“Би жаргах эрхтэй шүү” гэж боддог уу? 

Г.Э: Саяхнаас бодож эхэлсэн. Сэтгэл зүйч маань надад “өөртөө зөөлөн бай” гэдгийг дахин дахин сануулдаг. Анхандаа бол тэр нь яг юу ч гэсэн үг юм? гэж гайхдаг байсан. Яваа яваандаа анзаарч эхэлдэг. Ядаж өөртөө “Чи нэг жаахан жаргах эрхтэй” гэж олон хэлэхээр оч асаж эхэлдэг. Шүдэнз зурахад гал нь асахгүй ч оч асдаг шиг л. 

Амьдрах гэж үйл үг байна аа. Тэр үйл үгний сайхан нь юундаа байна? 

Г.Э:  Амьдрахад мэдрэх нь гоё. Би мэдрэхгүйгээр амьдарч буйгаа мэддэггүй. Дүү нараа тэврэх гоё гэж бодох нэг өөр. Яг очоод тэврэх мөч нэг өөр. Тэднээсээ хайртай шүү гэж ядаж утсаар сонсох, хайртай шүү гэж илэрхийлж хэлэх тэр мэдрэмж нь гоё. Амьдрах явцдаа энэ бүгдийг мэдрэхгүйгээр үхчихвэл ямар харамсалтай вэ? Аавдаа өөрийгөө илчлэхээс өмнө үхчихсэн бол би хэзээ ч аав намайг ойлгох байсныг мэдэхгүй байсан. Бөөн харамсал тээж үхэх байсан. Гэтэл одоо амьд явснаараа ааваасаа “хайртай шүү” гэж үг сонсож амьдарч явна шүү дээ. 

А.Б: Өглөө болгон нар мандахыг харах сайхан. Өглөө бүрийд тэр хүн намайг тэврээд, хажууд байгааг мэдрэх сайхан. 

Хариулт тань тэгэхээр хайр болж таарав уу? 

А.Б: Нэг зүйл тодруулж хэлье. Би өөртөө хайртай учраас би хэн нэгнийг хайрлаж чадаж байна. Хайрлахаар эргүүлээд намайг хайрлаж байна. Энэ чинь л хайр, амьдрал биз дээ? 

Г.Э: Тийм. Өөрийгөө тэврэх ч бас гоё. 

Сүүлийн асуулт. Үхтлээ амьдарна биз дээ? Жамаараа болтол, цаг нь иртэл? 

Г.Э: Амьдрах байлгүй дээ. 

А.Б:  Би бараг 100 наслах байх аа. 

“...Багад ээж минь “Бид цөм гялалзахаар заяагдсан” гэж хэлээд үс ороож, уруул будаад, сүрчигнээсээ цацаж өгдөг байв. Үргэлжлүүлэн “Хэнийг ч хайрлахад буруудахгүй. Угаасаа бурхан чамайг төгс бүтээсэн, үр минь. Тэргүүнээ өргө, чи илүү хол явах заяатай шүү.” гэдэг байв. Тийм дээ, бид буй байгаагаараа үзэсгэлэнтэй. Гэмшлийнхээ ард бүү нуугд. Оронд нь өөрийгөө хайрла. Бусдыг ч хайрла. Үнэнээ тунхагла. Өөр зам үгүй шүү дээ. Ийм л байх тавилантай. Чиний шаналсан, шархадсан, шоовдорлуулсан, гей, лесби, трансжендэр, бүүр арьс чинь ямар өнгөтэй, аль нь ч хамаагүй. Өөр хайр ч нүгэл биш. Бурханд итгэ. Бурхан алдана гэж яав ч үгүй. Тэр чамайг иймээр л бүтээсэн юм. Хоорондоо ялгаатай ч бид ижил ДНХ-тэй шүү дээ. Ахиад санаарай. Бурхан алдана гэж байх уу даа, ер нь...

Тэр жил ийм утгатай “Born this way” гэх дуу гарсан нь хэсэгтээ л ЛГБТИК+ болоод арьс өнгө, үндэстний цөөнх гэхчлэн олонхоос ялгаатай шинж бүрийнхээ төлөө гутаалгаж, доромжлуулж, шаналж, зовсон хүн бүрийн сүлд дуу болсон юм. Дуу гарснаас 10 жилийн дараа энэ талаар бодож сууна. “Хүн бүр төрөхөөсөө л хоорондоо тэгш” хэмээх мөнөөх тэмүүлэл энгийн ахуй болох зуурт хэдийгээ бид шархлуулах бол доо!. Цааш ухан бодвоос төрөлх өгөгдөл, бурхны санаа гэдэгт буюу юмсын учир шалтгаанд анхаарал хандуулах зөв зүйл гэж үү?. Хүний жаргал, зовлон, бэрхшээл, ялгаа бүрийн шалтгаан нь учир утгатай байж л надад, танд зөвшөөрөгдөх гэдэг нь юу вэ? Тэрхүү чухалчлаад буй шалтгаан хийгээд утга гээч нь гуйвшгүй үнэн байж чадах болов уу? 

Төгсгөлд нь ахиад нэг шүлэг уншвал ямар вэ?

Наашаа суу дулаац! Галын илч ийм байдаг
Намрын тухай аяархан ярь! Бидний зовлон адил байдаг
Тэнгэрийн зам өгсдөг тухай, түүнийг бид дагадаг тухай
Тэнүүлчийн хэлдэг үлгэр шиг тийм сайхан нь хаана ч үгүй...

Нүдээ ань, амсхий! Тайван суух ийм байдаг
Нүглийн тухай бодохоо азна! Хүний заяа хазгай байдаг
Ертөнцийн жам ивээдэг тухай, түүнд бид залбирдаг тухай
Ерөөлчийн өргөдөг магтуу шиг тийм сайхан нь хаана ч үгүй...

Алгаа тос, сөгд! Дээшээ хандах ийм байдаг
Амьдралын тухай түр март! Үнэн итгэл хоосон байдаг
Чанагш одох салаа замууд эхэлдэг шигээ хаана ч дуусахгүй
Чандмань эрдэнийн эрэлчин бид үхлийг давсан ч ер зогсохгүй...

Амьдар! Амьдраад л үз,
(... үхэж хэзээд амжих хойно
Алтан нар, мөнгөн сар, сувдан оддыг
(... Аминаасаа илүү хайрлаж амьдар!....
/М.Уянсүх/

Уг ярилцлагын дэлгэрэнгүйг "DEEP TALK with SANAA" подкастаас мөн сонсохыг хүсье!.

Ярилцсан:

Чимэдцэрэнгийн Бат-Уянга

Цогбадрахын Ариунсанаа

Гэрэл зургийг:

Баярсайханы Тамир






Хамгийн их уншилттай
1
2021.09.24
"Squid Game" кинотой холбоотой хамгийн хөгжилтэй 16 пост
2
2021.09.28
"Squid Game" киноны жүжигчин И Жон-жэгийн тухай 14 сонирхолтой баримт
3
2021.09.28
Габби Петитод юу тохиолдов? | Түүний хэргээс суралцах хортой харилцааны тухай 10 зүйл
холбоотой мэдээ
1
4 өдрийн өмнө
Э.Тамир: Хэн хэнийхээ оршихуйг хүлээн зөвшөөрч, “Бэрх биш ээлтэй” нийгмийг хамтдаа бий ...
2
2021.10.08
Д.Гангабаатар: "Тэнгэр шиг бай" бол миний аавын надад үлдээсэн захиас
3
2021.10.04
Авторын булан: Түвшинбаяр аварга, Цэндбаатар хүү
санал болгох
1
3 өдрийн өмнө
Энэ 7 хоногийн хөгжилтэй постууд: Сонгууль, Эрээний боомт, Юнител
2
3 өдрийн өмнө
UB.LIFE-ийн туршилт: Яг одоо хэдэн төгрөг зээлж чадах вэ?
3
3 өдрийн өмнө
Муур эзэнтэйгээ "эх үрийн холбоогоор" ээнэгшин дасдагийг судалгаагаар тогтоожээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
12
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (6)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

sss 2021.09.08 202.9.46.99

niigem mash hertsgii, humuus haranhui bn daa. eyereg neg heseg ni olj unshaad oilgoh bh

0 Хариулах


Зочин 2021.09.05 202.126.89.177

Урт нийтлэл өгүүллэг унших дургүй л дээ. Цаг үрсэн санагддаг учираас сонсох дуртай. Гэхдээ энэ нийтлэлийг дотроо дуусчих вий гэсэн айдастай уншлаа. Баярлалаа

0 Хариулах


Зочин 2021.08.04 66.181.165.27

Хүмүүс ЛГБТИК+ гэдэг ойлголтоос гадна "хүн" гэдэг оршихуй гэж хардаг болсонд баяртай байна ^^

0 Хариулах


Зочин 2021.08.04 202.21.107.95

Өөрөө өөрийгөө олсон өөрөөрөө байгаа та 2-роо бахархаж байна аа.

1 Хариулах


Зочин 2021.08.03 66.181.181.152

We are what we are.

0 Хариулах


Зочин 2021.08.03 66.181.181.152

So proud

0 Хариулах