Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

Тамирчны ялалт хямдхан олдоогүй | Тэд яагаад сэтгэл зүйн асуудалтай байна вэ?


“Хамгийн хийх дуртай зүйл минь, амин хайртай спорт минь эцсийн эцэст бусдад үнэлэгдэж, магтуулахын төлөө, хүмүүст таашаал төрүүлэхийн тулд болж хувирсан нь надад хэцүү байна. Хүмүүс яаж хүлээж авах бол гэдгээс айж дальдчсаар өөрөө юу хүсэж буйгаа умартаж иржээ. Гэтэл энэ бол би, миний бие махбод, миний сэтгэл зүрх. Тиймээс би тэмцээн уралдаанаас завсарлага авч, өөрийнхөө төлөө шийдвэр гаргах ёстой боллоо” 

Энэ бол АНУ-ын Спортын гимнастикийн тамирчин Симон Байлсын Токиогийн олимпод багийн үзүүлбэрийн шигшээ шатнаас нэрээ татаж, аяллаа өндөрлөхдөө хэлсэн үг юм. 

24хөн настай залуу тамирчны энэхүү шийдвэр энэ удаагийн олимпын онцгой соргог үйл явдлуудын нэг болж, гимнастик сонирхогчид, америкийн ард түмэн, Байлсын фэнүүд, түүгээр зогсохгүй олон улсын тамирчид, Олимп зохион байгуулагчдын дунд өргөн хэлэлцүүлэг өрнөх шалтгаан болов. Бүх цаг үеийн хамгийн агуу гимнастикчдын нэгт зүй ёсоор тооцогдож буй, авьяас хөдөлмөрийн ундарга болсон түүнийг шигшээ шатанд оролцохгүй гэдгийг дуулсан америкчуудад энэ мэдээ үнэндээ хүнд туссан нь мэдээж. Улс орноо төлөөлж явж байж сэтгэлийн хаттай байх ёстой, ялих шалихгүй шалтгаанаар багаа хаяж, хувиа хичээсэн үйлдэл хийж болохгүй, оросын тамирчдад боломж олголоо гэхчлэн шүүмжлэх хүмүүс олон байв. Зарим нь бүүр шинэ үеийн залуус ийм сул дорой болж хүмүүжиж буйд харамсаж байна гэцгээв. Нөгөөтэйгүүр алдарт Майкл Фелпс, сагсан бөмбөгч Жэйсон Татум зэрэг Байлсын шийдвэрийг дэмжих хүмүүс ч цөөнгүй байлаа. 

Симоны хувьд бага балчир наснаасаа асрамжийн газраар дамжиж, гимнастикийн шигшээ багийн тамирчин болсон үеэсээ эхлэн олон жил бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэхчлэн насандаа ахадсан гунигт явдлуудыг туулсан тамирчин билээ. Тиймээс ихэнх хүмүүс түүний амьдрал тэмцлийг бодож, шийдвэрийг нь хүндэтгэх ёстой гэж үзэж буй нь ажиглагдаж байна. Олимпыг орхисон үйлдэлдээ хүмүүсийн дэмжлэгийг хүлээсэн гимнастикч маань “Олон хүн хайр, дэмжлэгээ харамгүй илгээж буйг үзээд би өөрийгөө амжилт л гаргавал хайрлагдана гэж эндүүрч явснаа мэдлээ. Амжилтаасаа илүү үнэ цэнтэй хүн гэдгээ анх удаа мэдэрлээ” хэмээсэн юм. 

Асуудал гэхдээ Симоноор дууссангүй. Түүний мэдэгдлийн дараа олон тамирчид сэтгэл зүйн хүнд сорилтуудтай тулгарч, сэтгэл гутрал, зовнилд автсан түүхүүдээ хуваалцсан юм. Тэр ч байтугай хэдхэн хоногийн өмнө Английн крикетчин Бен Сток сэтгэл санааны эрүүл мэндээ бодож спортоос завсарлага авч буйгаа зарласан бол даваа гарагт Британийн усанд сэлэгч Адам Пити мөн ижил шалтгаанаар карьераасаа завсарлага авах болсноо мэдэгдсэн юм. Тэрээр Токиогийн олимпоос сэлэлтийн гурван төрлөөр 2 алт, 1 мөнгө хүртээд буй билээ. 

Пити мэдэгдэлдээ “Би бие болоод оюун ухаанаа бүхий л чадлынхаа хэрээр, хязгаарт нь тултал нь дайчилж ирлээ. Тамирчны хөдөлмөр бол өөр бусад ажил хөдөлмөрөөс ялгаатай. Маш их ачаалал, дарамтан дунд хөдөлмөрлөдөг. Хэдий мөнгө олж байвч мөнгөөр аз жаргалыг худалдаж авч чадахгүй шүү дээ. Одоо надад завсарлага хэрэгтэй байна. Харамсалтай нь хүмүүс надаас илүү намайг мэддэг юм шиг шүүмжлэх юм даа” гэв. 

Тамирчдын цорын ганц сайн хийж чадах зүйл нь спорт шүү дээ. Ялангуяа өндөр зэрэглэлийн “элит” гэгддэг тамирчдын хувьд амсхийх завгүй бэлтгэл хийж, тэмцээнд оролцон шандсаа сорьж, олон жилийн хичээл зүтгэлээ үнэлүүлж, дэвжээн дээр нэрээ дуудуулан, “тамирчны ялалт хямдхан олдоогүй” гэдгийг батлан зогсох нь жаргал биш гэж үү? Тэд дөрвөн жилийн хөдөлмөрийн үр дүнгээ дөрөвхөн минутанд үзүүлэх гэж л олимпод ирдэггүй гэж үү? Яагаад тэд ус агаар шиг амин голын зорилгоосоо хазайж, дэлхийн дэвжээдээс буцах эсвэл алгасах болов?

Энэ бүхэн тавдугаар сард талбайн теннисчин Наоми Осака тухайн үед болох гэж байсан Францын нээлттэй тэмцээний турш дахь хэвлэлийн хуралд оролцож сэтгүүлчдийн асуултанд хариулахгүй гэдгээ мэдэгдсэнээс эхэлсэн юм. Түүний болзлыг зохион байгуулагчид нь үл зөвшөөрч, хэвлэлийн хурал хийхгүй гэвэл торгууль хүлээлгэнэ, цаашид энэ байдал үргэлжилбэл эрхийг нь хасна гэснээр өсөж яваа од тамирчин бүсгүй анх удаа чухал тэмцээнээс ухарч, өөрийн сэтгэл санааны эрүүл тэнцвэртэй байдлыг хамгаалахын тулд Францын нээлттэй тэмцээнд хүч үзэхгүй гэв. Энэ нь олон нийтэд цочир сонин байлаа.

 Осака үүнийгээ тайлбарлахдаа “Бид тэмцээний дараа хүлцэнгүй сууж хэвлэлийн олон асуултанд  хариулдаг. Өмнө нь хар мянга хариулж байсан асуултууд ч ирнэ. Заримдаа тэдний асуултанд хариулах гэж бодсоор өөрөө өөртөө эргэлзээ төрүүлж орхидог. Өөртөө итгэлгүй болохын тулд биеэ өгөөш болгон суугаа мэт дорой болдог” хэмээгээд “Би олон тамирчид хожигдлынхоо дараа хэвлэлийн хуралд ороод улам бүр сэтгэлээр унаж байгааг харж байсан. Энэ нь унаж байгаа хүнийг өшиглөхтэй адил зүйл шүү дээ” гэсэн юм. 

Наоми угаас өөрийгөө интроверт төрлийн дуу шуу багатай, яриа хөөрөө муутай хүн тул хэвлэлд яриа өгөх, олны анхаарлын төвд байх, хэвлэлээр гарах зэрэгтээ үргэлж зовнил, стресс дүүрэн байдаг гэж удаа дараа хэлж байсан юм. Тэрээр олон нийт болон спортын дэмжигчид тамирчдын биеийн эрүүл мэндийг чухалчлан үзэхээс сэтгэцийн эрүүл мэндийг хайхардаггүй гэдгийг удаа дараа илэрхийлж байв.

Тамирчдын сэтгэл зүйд тулгардаг нэг бэрхшээл бол хэдэн жилээр, заримдаа хэдэн арванаар хичээн хөдөлмөрлөөд тэр бүх зүтгэл нь зөвхөн медаль авсан эсэхээр хэмжигддэг учраас хэтэрхий их медалийн төлөө улайрах зууртаа өөрийгөө алддагт оршино гэж Тайм сэтгүүлд бичжээ. Эцсийн эцэст амжилт үзүүлж чадахгүй юм бол тэр олон жилийн бэлтгэл сургуулилтыг огт хийгээгүйтэй ижил, бүхий л хөдөлмөр салхинд хийссэн мэт хий хоосон санагдах нь хэнд ч аймшигтай юм. Мөн зарим тамирчдын өгүүлж буйгаар тэдэнд “спорт үгүй бол би хэн юм бэ, спортод амжилт үзүүлж чадахгүй бол би хаанаас аз жаргал, сэтгэл ханамжийг мэдрэх вэ, зодог тайлаад яах вэ” гэдэг асуулт маш их төрж, identity crisis буюу өөрийн мөн чанараа гээх, хайх сэтгэл зүйн хямралд ордог аж. Нөгөө талаас спортын байгууллагууд тамирчдын сэтгэл зүйн асуудлыг үл ойшоож ирсэн ба олон нийт ч тэднийг харагддаг шигээ чанга хатуу ямарваа эмзэглэл төрөхийн аргагүй төгс сэтгэл зүйтэй хүмүүс гэж хардаг нь тэдэнд өнөөг хүртэл чимээгүй шаналах нөхцөл болж иржээ. Судалгаагаар дэлхийн чансааны элит тамирчдын 35% нь сэтгэл зүйн ямарваа асуудалтай байдаг бөгөөд энэ нь бэлтгэлийн ачаалал, олон нийтийн зүгээс ирэх дарамт шахалт, мэргэжлийн хүрээн дэх жендерийн асуудал, бэртлээс болон зодог тайлахаас үүдэлтэй зовнил гээд олон янзын шалтгаантай байдаг гэнэ.

Наоми Осакагийн зоримог шийдвэр тамирчдад өөрсдийгөө сэтгэл оюуны хувьд хамгаалах, бусдын хүлээлт хүсэлтэд нийцүүлэх гэж хүлцэнгүй явахаас аврах эхний дохио болжээ хэмээн олон улсын хэвлэлүүд бичиж байна. Симон Байлсыг дэвжээнд гарахгүй гэдгээ зарласны дараа Майкл Фелпс өөрийн хүнд хэлбэрийн сэтгэл гутралд орж байсан түүхийг хуваалцсан ба хэдийгээр олон удаа алтан медаль авч аваргын тавцанд зогссон ч тэндээс буумагц буцаад л хүмүүстэй харилцаж, яриа өрнүүлж ч чаддаггүй зожиг ч юм шиг, гажиг ч юм шиг Фелпс болдог байсан тухайгаа ярьжээ. 30 нас хүрч байж, олон удаагийн эмчилгээ, сэтгэл засал хийлгэж байж тэр сая нэг юм хүнтэй бодол санаагаа хуваалцаж, нээлттэй байж сурсан гэнэ. Хэт их бэлтгэл сургуулилт хийгээд бүхий л чадлаа чинээнд нь тултал зарцуулчих үед цаана нь амьдрах, амьдралын адал үйлд оролцох, аливааг мэдрэх таашаах чадал үлдээгүй байдаг нь тамирчдад мөн л стресс үүсгэдэг тухай хааяагүй бичжээ. 

“Токио 2020” наадамд зодоглож буй тамирчид энэхүү “табүү” сэдвийг ийнхүү анх удаа нээлттэй ярьж, дэлгэн хэлэлцсэний ачаар энэ удаагийн олимп спортын сэтгэл зүй болон сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд санаа тавьсан онцгой ач холбогдолтой наадам боллоо. Энэ жил ОУОХ анх удаа тамирчид, дасгалжуулагчдад зориулсан сэтгэл зүйн эрүүл мэндийн оношилгоо, эмчилгээний зөвлөмж бүхий удирдамж гаргасан юм. Цаашид тэд тамирчдын бие махбодын гэмтэл, хоол хүнсний шим тэжээлд анхаардаг шигээ сэтгэл санааны эрүүл мэндэд анхаарах шаардлагатай гэдгийг Токио ийн мэдрүүллээ. 

Мөн 2020 оны олимпод АНУ анх удаа бүхий л баг тамирчдадаа сэтгэл зүйч, сэтгэцийн эмч, нийгмийн ажилтан зэрэг мэргэжилтнүүдээс бүрдсэн томхон баг дагалдуулан илгээснээрээ онцлог болов. Их Британийн олимпийн ассоциаци мөн адил арга хэмжээ авч, сэтгэл зүйн мэргэжилтнүүд ажиллуулсан бол Австрали тамирчдын нойрны асуудал дээр мэргэжлийн баг ажиллаж, хянаж байсан зэрэг олон дэвшил гараад байна. Даян дэлхий спортоор амьсгалж буй энэ гайхалтай өдрүүдэд сэтгэл зүйн мэргэжилтнүүд нэг зүйлийг дуу нэгтэй өгүүлж байна. “Хэрэв та тамирчин бөгөөд сэтгэл санааны хямрал, асуудалд өртсөн бол та ганцаараа биш шүү. Ялалт, ялагдал таны үнэ цэнг тодорхойлохгүй. Гагцхүү хийж буй зүйлдээ таашаалтайгаар төвлөрөхөд өөртөө туслаарай. Тэгэхийн тулд харин бусдаас тусламж авахаа мартуузай” 

Хамгийн их уншилттай
1
2021.09.24
"Squid Game" кинотой холбоотой хамгийн хөгжилтэй 16 пост
2
2021.09.28
"Squid Game" киноны жүжигчин И Жон-жэгийн тухай 14 сонирхолтой баримт
3
2021.09.28
Габби Петитод юу тохиолдов? | Түүний хэргээс суралцах хортой харилцааны тухай 10 зүйл
холбоотой мэдээ
1
4 өдрийн өмнө
Дунд сургуулиуд олон улсын стандартад нийцсэн талбайтай боллоо
2
2021.10.11
Уран гулгалт: Оросын шинэ од Камила Валиева нэг дор дэлхийн хоёр рекордыг шинэчиллээ
3
2021.09.23
Шатрын их мастер Нона Гаприндашвили "Queen's Gambit"-аас болж "Netflix"-ийг шүүхэд дууджээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Энэ 7 хоногийн хөгжилтэй постууд: Сонгууль, Эрээний боомт, Юнител
2
3 өдрийн өмнө
UB.LIFE-ийн туршилт: Яг одоо хэдэн төгрөг зээлж чадах вэ?
3
3 өдрийн өмнө
Муур эзэнтэйгээ "эх үрийн холбоогоор" ээнэгшин дасдагийг судалгаагаар тогтоожээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
0
0
2
0
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.08.05 91.64.174.178

Симон Байлс -iin khereglej bui emiig Japan-ii Sport khoroonoos khorigloson jagsaaltad bui tul geed temtseenees khassan yum. Tegeed ANU-giin khevleliin alba Симон Байлс-ingej kheleed temtseenees tsaargalav gej shaasan yum gej bi oilgoj baigaa.

0 Хариулах


Зочин 2021.08.05 91.64.174.178

Bieiin tamir hiij eruul saruul amidrakhuig surtalchilakhad yundaa stressdekh we dee. Ted oworsdoo ter emiig ni kheregleed temtseenii uyeer aichtar setgeliin khoworoltei baigaad daraa uilchilel ni garakhaar, khoriig tailj chadakhgui balardag yum shuu dee. Gymnaktikiin Симон Байлс-iig japan-uud khereglej bui emiig ni zowvshooroogui tul temtseeneesee khasagdsan yum. Setgel khoworoliin em bol bas l Doping-d yum shuu dee. ANU terguutei ene met sport zavkhuulagchid bolitugai! ANU-giin tamirchid emchiin khyanalttai khuch oruulakh bish em uuj baigaa gej dandaa tusgai em uuj irsen. Odoo bolno doo.

0 Хариулах


Зочин 2021.08.09 192.82.73.65

яасан их унгадаг юм?

0 Хариулах