Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

Т.Наранцацрал: "Хийсэн шивээс минь тэр хүний бие дээр үүрд үлдэж, салшгүй нэг хэсэг нь болно гэдэг миний хувьд утга учир"


Шивээс сонирхдог залуусын дунд Төмөр нар нэрээр танил болсон артист бүсгүйгээр жижигхэн шивээс хийлгэх зуураа яриа өрнүүлээд амжлаа. Бамбар нэртэй нохойныхоо зургийг, бас бус олон фото болон гар зургийн хамт ханандаа хадаж, гэрлэн чимэглэл өлгөсөн, ширээн дээр нь будаг бэхүүд өнгө өнгөөрөө, багаж хэрэгслүүд янз янзаараа өрөөтэй, хөгжим тасралтгүй эгшиглэх жижигхэн мөртлөө сонирхолтой энэ студид хоёр цаг үнэхээр ‘чилл’ өнгөрөв.


- Чи хэзээнээс шивээс сонирхож, хийж эхэлсэн бэ? Бас яаж сурав? 

- Анх сонирхож эхлээд ямар ч байсан багштай болж, заалгая гэж шийдээд Анхаа гэж шивээсчин ахад хандаж, заалгаж байлаа. Танаар шивээс хийхийг заалгаж болох уу гэж асуухад зөвшөөрсөн юм. Тэгээд өдөр бүр хажууд нь шивээс хийхийг нь харж гурван сар суусан. Хажуугаар нь надаар зураг их зуруулдаг байлаа. Тэрнээс биш шууд хүний бие дээр шивээс хийгээд эхэлнэ гэж байхгүй. Тэгээд 2010 оноос шивж эхэлсэн. 

- Сурахад хэцүү байсан уу? 

- Ер нь бол өөрөө дурлаж сурч байгаа болохоор сурч чадахгүй, хэцүү зүйл байгаагүй дээ. Гэхдээ анх хүний бие дээр шивж эхлэхэд жаахан аймар байсан. Суралцаж байх үедээ эхлээд хиймэл арьсан дээр дадлага хийдэг байсан юм.  Тэр үед алдаа гаргасан ч эргээд намайг загнахгүй учраас санаа зовох нь бага. Харин яг хүний арьсан дээр шивж эхлэхэд муухай болчих вий гэж сандарч, гар салгалах үе байсан.

- Шивээс хийдэг хүмүүс сайн зурдаг байх ёстой байх. Тэр талын мэргэжилтэй юу? 

- Үгүй, уг нь би холбооны инженер мэргэжилтэй. Оюутан байхдаа сонирхлоороо шивээс хийхийг заалгаж явж байгаад сургууль төгсөөд шивээсэндээ илүү сонирхолтой байсан болохоор энэ ажлаа хийсэн. Тэгээд дөрвөн жил их их сургуулийн төлбөр төлж сурчихаад тэрнийхээ хэргийг гаргахгүй болохоор эхэн үедээ аав ээж зэмлэдэг байсан. Гэхдээ сүүлдээ энэ ажилдаа дуртай, энэ чиглэлд сонирхолтойг минь ойлгож, хүлээн зөвшөөрсөн л дөө. Одоо бол аав ажлыг маань дэмжинэ, багаж хэрэгсэл эвдэрвэл засаж, янзалж өгдөг хүн болсон. 

- Гэхдээ ойлгох гэж жаахан удсан уу? Гайгүй юу? 

- Жаахан удах нь удсан. Юугаа хийгээд байдаг юм, шивээс энэ тэр хийлээ гээд хэсэг бас зөрчилдсөөн. Шивээс гэхээр болж бүтэхгүй нөхдүүд л хийлгэдэг гэсэн ойлголт байдаг байв. Ер нь тэр үед нийтээрээ л тийм ойлголттой байсан байх. Нөгөө талаас дээр үед хүмүүс одоогийнх шиг мэргэжлийн түвшинд, зориулалтын багаж хэрэгслээр шивээс хийлгэж чадахгүй болохоор нэг их гоё сайхан харагддаггүй байсан нь хүмүүсийн сэтгэлд шивээс гэхээр олиггүй мэдрэмж төрүүлдэг байсан байх. 

- Тэр хандлага одоо хэр өөрчлөгдсөн бэ? 

- Одоо өөр болсон. Жишээ нь насанд хүрээгүй хүүхдэд эцэг эхийн зөвшөөрөлгүй шивээс хийхийг ер нь хориглодог юм. Тийм үед зарим эцэг эхчүүд хүүхдэдээ шивээс хийлгэх гэсэн юм гээд цаг аваад, хүүхэдтэйгээ хамт ирээд хийлгэх тохиолдлууд байдаг. Шивээсийг урлаг, гоо зүй, сонирхол гэдэг талаас нь харж, ойлгодог хүмүүс их болсон байна. 

ЗурагТайлбар





- Чамайг зорьж ирдэг хүмүүс олон байдаг шиг харагддаг. Бусад артистуудаас юугаараа ялгарч, өөрийн гэсэн үйлчлүүлэгчидтэй болсон юм бол? 

- Шивээсийг ерөнхийдөө хүмүүс ам дамжуулж сонсоод, бие биенийхээ туршлага дээр үндэслэж хаана хийлгэхээ сонгодог байх аа. Нэг хүн над дээр ирээд сэтгэл хангалуун явсан бол тэр хүний найзууд дуулаад ирдэг ч юм уу. Нөгөөтэйгүүр намайг эмэгтэй артист болохоор эмэгтэй хүмүүс их ирдэг шиг санагддаг шүү. Эрэгтэй хүн дээр очсоноос арай тухтай байдаг байж магад. 

- Эмэгтэй артистууд цөөхөн байдаг байх нь? 

- Миний мэдэхийн олон жил шивээс хийж байгаа нэг эгч бий. Өөр эмэгтэй артист байдаг эсэхийг би одоогоор сайн мэдэхгүй байна. Сүүлийн үед шивээс хийхээр сурч байгаа охидууд байгаа байх гэж найдаж байна. Надад лав хоёр шавь бий. 

- Шивээс хийлгэхээр ирж байгаа хүмүүсийг ур чадвар шаардсан, гоё шивээс хийлгээсэй гэж боддог байх тийм үү? Ямар төрлийн шивээс хийх дуртай, эсвэл дотроо дурамжхан байдаг вэ? 

- Ер нь тэгж бодох нь боддог. Гэхдээ мэдээж хүний хийлгэнэ гэсэн шивээсийг хийж өгөх ёстой. Заримдаа ямар ч уусгалт энэ тэр нарийн ажиллагаа шаардахгүй, зүгээр битүүлээд будчихдаг төрлийн шивээсүүд жаахан уйтгартай л байдаг юм. Жишээлбэл маори хээнүүд байна. Тийм хээ хуар хэдий шивээсний төрөл мөн боловч одоо жаахан үеэ өнгөрөөсөн гэх үү дээ. 

- Ингэхэд өөртөө шивээс хийж байсан уу? 

- Хийж байсан. Гэхдээ өөртөө хийхээр аймар өвдөөд байдаг юм аа. Тэгээд за за дараа болоё гээд гүйцээлгүй орхичих гээд байдаг юм. Тэгснээс өөр хүн дээр цаг авч очоод, маяглалгүй хийлгэсэн нь дээр байдаг. 

- Шивээсний урлагийг бизнес болгож авч явахад монголд хэр боломжтой, тохиромжтой байна? 

- Тэр ерөөсөө тухайн хүний ур чадвараас л шалтгаална. Муу артист бол хэн очих билээ. Сайн байвал үйлчлүүлэх хүн их байна. Тэгээд ч нэг шивээс хийлгэсэн хүн ер нь заавал дахиад хийлгэдэг. Тэр талаасаа ур чадвар сайтай бол бизнес болгох боломжтой. 

- Шивээсний багаж төхөөрөмжөө хаанаас авдаг вэ? Үнэтэй байдаг уу? 

- Чанараасаа шалтгаалаад үнэ нь янз бүр. Би будгаа голцуу америкаас, багажаа урдаас захиалаад авчихдаг юм. 

- Шивээс хийхийн юу нь сэтгэлийг чинь тэгтлээ татдаг юм бэ? 

- Хийсэн шивээс чинь тэр хүнийхээ бие дээр үүрд үлдэнэ гэхээр надад утга учиртай санагддаг юм аа. Тэр хүнийг илэрхийлэх салшгүй нэг хэсэг болно гэсэн үг. Хүн үхэхдээ юу ч авч явахгүй л гэдэг. Шивээстэй хүн бол шивээсээ аваад явна. Тиймээс хүмүүсийг өөрийн бие дээр утга учиртай, гоё шивээс хийлгээсэй гэж боддог шүү. 

- Олон цагаар, урт удаан сууж, хамаг бүхнээ зориулж хийсэн шивээсүүд бий л байх? 

- Ер нь би ямар ч шивээс хийхдээ хамаг бүхнээ зориулж хийдэг. Харин удаан хугацаагаар суусан гэвэл тасралтгүй 12 цаг сууж шивсэн нэг шивээс бий. Гурван хүний царай шивсэн юм. Тэр их нарийн ажиллагаатай шивээс болсон шиг санагддаг. 

- Төмөр Нар гэдэг нэрний тухайд ямар учиртай нэр вэ? 

- Энэ жаахан хөгжилтэй. Намайг Төмөр-Очирын Наранцацрал гэдэг. Хэдэн жилийн өмнө анх Фэйсбүүк нээхдээ баахан урт нэр бичихээс төвөгшөөгөөд овгийнхоо эхний үгийг нэрнийхээ эхний үгтэй нийлүүлээд Төмөр Нар гээд биччихсэн юм. Аав бид хоёрын нэрний эхлэл гэсэн үг ш дээ. Тэгээд хийсэн шивээснийхээ зургийг Фэйсбүүкт оруулаад байсан чинь хүмүүс тэр нэрээр мэддэг болчихсон, яваандаа тэр нь өөртөө өгсөн нэр ч юм уу, эсвэл ажлын газрын нэр шиг болоод тогтчихжээ. Заримдаа хүмүүс залгаад Төмөрөө юу ч гэж байх шиг. Тийм байна аа л гэдэг юм. 

Төмөр хатагтай энэ тэр гэдэг шиг, төмөр шиг хатуу нар гэж өөртөө нэр өгсөн мэт хүмүүс ойлгоод байдаг. Тийм биш шүү. 

- Шивээсний моод, трэнд гэж бий байх. Одоо хүмүүс ямар төрлийн шивээс сонирхож байна? 

- Минимал шивээс дэлгэрч байх шиг санагддаг. Гадаадын мундаг артистуудыг сошиал медиа дээр дагаад анзаарч байхад ч тэр, хүмүүсийн хийлгэх гэж барьж ирж байгаа шивээсийг харахад ч тэр. Жижигхэн, цэвэрхэн, тэгсэн мөртлөө нарийн ажиллагаа шаардсан шивээсүүд трэнд болж байх шиг ээ. 

- Биеийн аль хэсэгт шивээс хийхэд хэцүү вэ? 

- Зөөлөн махтай хэсгүүд. Гар хөлний дотор тал гэх мэт. Зөөлөн болохоор будаг тарах гээд байдаг учир маш хөнгөн дарж, олон давхарлах хэрэгтэй болдог. Хүнд хөнгөнөө мэдэрч тааруулахгүй бол будаг нь нэг цүл хийтэл орчихвол палийж харагдана гэх мэт анхаарах зүйлс бий. Харин хийлгэж байгаа хүний ясархаг хэсгүүд жаахан өвддөг байгаа шүү. Хавирга, мөр зэрэг. 

- Зориод ирсэн мөртлөө өвдөхөөс айгаад байгаа хүмүүсийг зоригжуулах хэрэг гарах уу? 

- Гарна аа. “Намайг хар л даа. Хэрвээ тийм аймар өвддөг байсан бол би юу гэж ийм их шивээстэй байх вэ дээ” гээд хэлчихдэг юм. 

- Шивээс хийж сурах хүсэлтэй хүүхэд залууст ямар зөвлөгөө өгөх бол? 

- Ер нь заалгаж байж л сайн сурна. Тэгэхээр зааж өгөх багшаа олох хэрэгтэй. Харж, дуурайж хийсээр нэг мэдэхэд ур чадвар ахисан байдаг. Тиймээс эхлээд уйгагүй харж, суралцаарай л гэж зөвлөе. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
19 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
2
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.