1990-ээд оны дундуур Пакистаны шашны сургуулийн оюутнууд "Талибан" буюу "Оюутнууд" гэх нэршилтэй зэвсэгт бүлгэмийг үүсгэн байгуулжээ. Тэд Афганистанд исламын шашны Ханафийн сургуулийг дэлгэрүүлж, Мулла Омарын шариатын хуулийг сахиулан, Исламын шашинт засгийн газар байгуулах зорилгоор нэгдэж байсан юм. Тэдний зорилго биелж, АНУ-ын дэмжлэгтэй засаглаж байсан Ерөнхийлөгч асан Ашраф Ганийг буулган, НАТО-гийн цэргүүдийг нутгаасаа хөөж, төрийн эрхийг гартаа аваад байна.
Талибаны дайчид өнгөрсөн шөнө АНУ-ын холбоотон, Цэргийн удирдагч Абдул Рашид Достумын алтан чимэглэлээр гоёсон тансаг харшийг эзлэн аваад буй бичлэгээ цацсан нь олны анхаарлыг татжээ. Зэвсэгт халдлагын улмаас Дэд ерөнхийлөгч асан Достум Узбекистан улс руу дүрвээд буй юм. Достум болон түүний ойрын хамсаатан, амбан захирагч асан Атта Мохаммад Нур нар нь Афганистаны улс төрд голлох үүрэг гүйцэтгэгчид билээ.
Дэд ерөнхийлөгч асан олон нийтэд гаргасан мэдэгдэлдээ "Талибанчуудад зугтах газар үгүй. Тэднийг бид хүйс тэмтрэх болно. Би Афганистаны хойд хэсгийг Талибанчуудын оршуулгын газар болгоно" хэмээжээ. Одоогоор "Оюутнууд" нутгийн хойд хэсгийг бүхэлд нь хяналтдаа авсан ба өнгөрсөн ням гарагт Засгийн газрын мэдэлд байсан сүүлчийн томоохон хот болох Жалалабаг эзлээд буй. Ташрамд, Талибын босогчид Кабулыг чиглэх үед АНУ-ын Ерөнхийлөгч Жое Байден 1000 гаруй цэрэг илгээж цэргийн баазаа нүүлгэн шилжүүлж амжсан байна.
Зэвсэгт мөргөлдөөн жирийн иргэдийн амьдралд үймээн самуун үүсгэсэн хэвээр бөгөөд Талибанчуудын дараагийн алхам тодорхойгүй байна.
Эх сурвалж: New York Post