Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад үймээнт өдрүүд үргэлжилж байна. Өнгөрсөн ням гарагт Талибан бүлэглэл Кабул хотод нэвтэрч, Засгийн газрын ордныг эзэлсэн юм. Үүнээс үүдэн ерөнхийлөгч Ашраф Гани хилийн чанад руу дүрвэсэн нь иргэдийг цочирдуулсан мэдээ байлаа. Өнөөдрийн байдлаар мянга мянган афган иргэн эх орноосоо дүрвэхээр онгоцны буудалд цуглараад байна. Дэлхий дахины анхаарлын төвд байгаа улс үйл явдалтай холбогдуулан Афганистан-Монгол хоёр орны харилцааны талаар бидний мэдэхгүй 10 баримтыг хүргэж байна.
1.
Монголчууд 1219 онд анх одоогийн Афганистаны Херат, Балх, Бамян хотуудыг эзэлжээ. Хожим 1258 онд Багдадын халифт улсыг мөхөөснөөр Иран, Ирак, Азербайджан, Армен, Гүрж, Туркменистан, Туркийн нутаг бараг бүхлээрээ, Афганистаны баруун хагас, Пакистаны баруун өмнөд хэсгийг багтаасан Монголын хаант улсыг үндэслэн байгуулжээ. Үүнийг бид Ил хаант улс гэдгээр нь мэднэ.
2.
Зөвлөлт-Афганистаны харилцаа идэвхжсэний дараа 1962 оны хоёрдугаар сарын 01-нд Монгол Улс, Афганистан Улстай дипломат харилцаа тогтоожээ.
3.
Монгол улс 1978 онд Кабул хотноо Элчин сайдын яамаа нээсэн ч 1992 онд үйл ажиллагааг нь зогсоожээ. Элчин сайдаар Монгол Улсын Баатар П.Шагдарсүрэн, дараа нь 1988 он хүртэл нам, төрийн нэрт зүтгэлтэн, дипломатч Х.Банзрагч нар ажиллаж байв.
4.
1982 онд Афганистаны нам төрийн тэргүүн Бабрак Кармаль Монголд айлчилж, үндэсний баяр наадам сонирхжээ. Түүнийг Сүхбаатарын одонгоор шагнаж байжээ.
5.
Хоёр улсын харилцан айлчлалаас дурдвал 1971 онд Афганистаны ван Захир шах, 1989 онд Парламентын төлөөлөгчид айлчлал хийсэн бол 2010 онд Монгол Улсаас Батлан Хамгаалахын сайд Л.Болд айлчилж байлаа.
6.
1980 онд Улаанбаатарт Афганистан Элчин сайдын яамаа байгуулж, анхны бөгөөд сүүлчийн элчин сайдаар Асадулла Сарвари ажиллажээ.
7.
Мөн хамгийн сонирхолтой нь 27 Афганистан хүүхдийг хоёр багшийн хамт Улаанбаатарт ирүүлж, цэцэрлэгт хүмүүжүүлж байв.
8.
Монгол Улс Америк, Герман Улстай хамтран 2003 оноос Энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцжээ. Өнгөрсөн хугацаанд Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад Монгол Улсын 3300 цэрэг энхийг сахиулж байв. Харин өнгөрсөн зургаадугаар сард цэргүүд эх орондоо буцаж ирсэн юм. Монгол цэргүүд одоо зөвхөн Судан Улсад энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж байна.
9.
2018 онд Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Афганистан Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Жана Мосазайг Итгэмжлэх Жуух Бичгээ барихтай нь холбогдуулан хүлээн авч уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны тухай ярилцжээ.
10.
2020 онд Швейцар Улсын Женев хотноо зохион байгуулсан Афганистаны асуудлаарх Бага хуралд Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайд Л.Пүрэвсүрэн оролцож, ардчилсан Афганистан нь бүс нутгийн болоод олон улсын тогтвортой байдлыг хангахад чухал болохыг тэмдэглэж, өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Засгийн газраас Афганистанд энхийг сахиулах болон тус улсын төрийн албан хаагчдын чадавхыг дээшлүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн тухай мэдээлж, олон улсын хамтын нийгэмлэгийн хариуцлагатай гишүүн орны хувьд Монгол Улс нь Афганистаны сэргээн босголт, хөгжилд цаашид ч өөрийн хувь нэмрээ үргэлжлүүлэн оруулахад бэлэн буйгаа илэрхийлжээ.