Хайх зүйлээ бичнэ үү

15 мин

Миллениалуудын ажлын орчин: Дата, технологи, онлайнд ТЭД хэрхэн ажилладаг вэ?


Хүсэл зорилготой уялдсан ажил, чөлөөт цаг, өөрийнхөөрөө байх... Энэ бол ажлын байранд хүч түрэн орж буй "GenZ" залуусын ажлын чиг хандлага. Дата & программ хангамж, веб сайт, сошиал медиа гээд эрин зуунд шинээр бий болсон ажлын байрууд ч тэдэнд гайхалтай зохисон гэхэд болно. “Миллениалуудын ажлын орчин” булангийн энэ удаагийн дугаараар бид дээрх салбарт амжилттай ажиллаж, богино хугацаанд ахицтай хөгжиж буй шинэ үеийн "GenZ" залуусын ажлын байртай танилцлаа. 

Монгол залуусын бүтээсэн үүлэн технологид суурилсан "Fibo Cloud" систем, дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц уг технологийг эх орондоо бүтээж буй 21-23 настай программист залуус, салбартаа шинийг санаачлан хөгжүүлж буй IHotel цахим сүлжээний бүтээгдэхүүн хариуцсан 21 настай менежер залуу, бизнес, технологи, санхүүгийн чухал мэдээллийг залууст товчлон хүргэж буй Lemonpress сайтын сошиал хөгжүүлэгч 19 настай залуу бүсгүй гээд шинэ үеийнхэн ажлын нэг өдөр, хэв маяг, зорилго мөрөөдлөө бидэнтэй хуваалцсан юм.


Fibo Cloud ХХК-ийн Full Stack хөгжүүлэгч, IT инженер Д.Бат-Оргил: Дэлхийд өрсөлдөхүйц технологийг Монголдоо бүтээж, ажиллаж байгаадаа бахархдагНАС: 23

АЖЛЫН ХЭВ МАЯГ: Би суралцах хэв маягтай ажилтан. Технологио дагаад өдөр тутам суралцах шаардлагатай тулгардаг учраас шинэ технологи, системийг байнга эрэлхийлдэг. Миний хувьд сургуульд их зүйл сурсан ч ажилд ороод илүү ихийг сурч байгаа гэж боддог. Дэвшилтэт технологийг дэлхийтэй ижил төвшинд ашиглахын тулд тогтмол цаг гаргаж суралцдаг. Манай хамт олны уур амьсгал маш чөлөөтэй, нээлттэй байдаг учраас ажиллах үедээ шууд шууд асуудлаа шийдээд явдаг. Өглөө 7 цаг босч, 10-30 минутад тухай өдрийн ажлаа бодож төлөвлөнө. Старт-ап компаний хувьд тогтсон дэг жаяг, хуваар байхгүй учраас уян хатан ажилладаг. 

ХЭРХЭН БҮТЭЭМЖЭЭ НЭМЭГДҮҮЛДЭГ ВЭ: Ажлаасаа багахан хөндийрч хар кофе уух дуртай. Хар кофе уухад стресс тайлагддаг. Ажиллаагүй үедээ анимэ үзэх, манга унших, цаг үеийн шинэ технологийн тухай мэдээ нийтлэл унших нь үр бүтээлтэй ажиллахад тустай байдаг. Шинэ технологийн тухай дуулбал заавал дэлгэрүүлж судалдаг. Хамгийн сүүлд "Artificial Intelligence- Deep learning" буюу хүний өөрөө бодож олдог зүйлийг таамаглаж гаргадаг технологийн тухай уншсан юм байна. 

ЗурагТайлбар
 
   


БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ: Манай онцлог нь ажлаа 2 долоо хоногоор төлөвлөдөг. Урт хугацаа мэт боловч ихэнх нь бие даан ажилладаг учраас бүтээмжтэй ажиллаад, цаг тухайд нь асуудлаа хамтдаа шийдэх боломжийг бүрдүүлдэг. Манайд олон чадварлаг инженерүүд ажилладаг бөгөөд бид бүхэн хамт байгаа цаг хугацаандаа утга учиртай зүйл хийж бүтээн, бодит нөлөөлөл бий болгох бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргахыг зорьдог. Яагаад гэвэл бид гадаадад ч юм уу, өөр хаана ч ажиллах боломжтой. 

ДАТА САЛБАРТ АЖИЛЛАХЫН ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ: Энэ салбарт технологио дагаад байнга суралцахгүй л бол нэг хоёр жил хөндийрөөд эргэн код бичнэ гэдэг бараг л боломжгүй. Бусад салбарт нэг чиглэлээр 4, 6 жил сурсан бол ахин сурах шаардлагагүй цаашид ажиллах боломжтой байдаг бол дата салбар маш хурдтай хөгжсөөр байдаг. Би анхнаасаа л үүлэн технологид их татагдсаар ирсэн. "Fibo Cloud"-т ороод олон улсын "аймар, аймар" технологиудыг байгууллага дотроо хэрэгжүүлчихсэн байгааг олж хараад "Хөөх" л гэж бодсон доо. Бид өнөөдөр “Google”, “Facebook”-т ажилладаг олон монгол залуусыг мэддэг. Харин тэр бүх технологитой зэрэгцэхүйц технологийг Монголдоо өөрсдөө бүтээж, ажиллаж байгаадаа бахархдаг. 

ТАНЫГ АЗ ЖАРГАЛТАЙ БОЛГОДОГ ЗҮЙЛ: Дуртай зүйлээ хийх, хайртай хүмүүстэйгээ хамт байх. Хүний таван мэдрэхүйг виртуал орчинд мэдэрдэг хиймэл ертөнцийн тухай "Sword Art Online" гээд анимэ үзэх дуртай. Технологийн дүрслэл ихтэй, гол дүр нь виртуал төхөөрөмжийн тусламжтайгаар хийсвэр ертөнц рүү шилждэг нь маш сонирхолтой, надад “аймар” урам зориг, санаа сэдэл өгөхүйц санагддаг. Магадгүй хэзээ нэг цагт тийм зүйл бүтээнэ гэдэгт найддаг. IT-ийн хүн болохоор тэр үү, ажиллаж буй салбартаа жижигхэн асуудлыг ч болов хялбарчилж, шийдэл гаргах нь аз жаргал өгдөг. 


АЖЛЫН НЭГ ӨДРИЙН ЧӨЛӨӨ ӨГВӨЛ ЮУ ХИЙХ ВЭ: Гэртээ дуртай зүйлсээ хийж өнжих, эсвэл хотоос ойрхон агаарт гарах байх даа. 

ӨДӨРТ ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ ГУРВАН ЗҮЙЛ: Тэмдэглэлийн дэвтэр, бал, компьютер

ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ АПП: Social Pay, Messenger, Viber

ЯГ ОДОО ЮУН ДЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА: Би яг одоо байгууллагынхаа гол төсөл болох "Fibo Stack" буюу үүлэн технологид суурилсан сервер түрээслэх үйлчилгээн дээр ажиллаж байна. Одоогоор Монголын дата ихэвчлэн Amazon ч юм уу, гадны том том газруудад байгаа бол манай үйлчилгээ нэвтэрснээр Монголын дата, серверүүдэд тулгардаг гол асуудлуудыг Монголдоо шийдэж чадах юм. Үүндээ тулгуурлаад төрөл бүрийн программ хөгжүүлэх боломжтой. 

Манай компани анх төслийн ажлууд хянадаг системийг гадаадаас ашиглаж үзсэн ч таарч өгөхгүй байсан учраас өөрсдөө “Project Management Tool” хөгжүүлж ашигладаг болсон. Мөн ус ундаа түлхдэг (vending machine) төхөөрөмжийн кодчлолыг хийгээд, зааврын дагуу унагаах, бүртгэх ажил хийж байна. 

ЦААШДЫН ЗОРИЛГО: Цаашдаа Монгол Улсынхаа цахим шилжилтэд том хувь нэмэр оруулна гэж боддог. Монголд хаана асуудал байна, түүнийг хөнгөвчилж, шийдвэрлэх программ зохиогоод ирээдүйд хийсэн бүтээсэн зүйлээ хараад урамтай байна байх. 


IHotel ХХК-ий бүтээгдэхүүн хариуцсан менежер Х.Сүнбэр: Том зүйлийн ард гарсан баяр хөөр хамгийн таашаалтай

НАС: 21

АЖЛЫН ХЭВ МАЯГБи зочид буудал, амралтын газрын мэдээлэл, онлайн захиалгын үйлчилгээний "IHotel" ХХК-д "Product manager" буюу бүтээгдэхүүн хариуцсан менежерээр ажилладаг. Бүтээгдэхүүн гарахаас өмнө нь хэрэглэгчдэд хэрхэн харагдах, хэрхэн хүлээн авах зэргийг багцлан тооцоолдог гэхэд болно. Өглөөдөө ажлуудаа "Trello" дээр бүртгэснээр ажлын өдөр эхэлдэг. Урт хугацааны ажлаа жагсаагаад, нарийвчлан тус бүр дэлгэрүүлэх зарчмаар ажилладаг. "Analytic tool"-үүдээ харж таскуудаа бүртгэнэ. 

Өдөртөө нэг, хоёр таск эсвэл бүрэн нэг судалгаанд төвлөрч ажилладаг. Хамт олноороо хуралдаж ажлуудаа хуваарилах бөгөөд ерөнхийдөө өөрөө өөрийнхөө ажлыг төлөвлөдөг учраас хувийн зохион байгуулалт их шаардагддаг. 

ЗурагТайлбар
 
 

БҮТЭЭМЖТЭЙ АЖИЛЛАХАД ЯМАР ОРЧИНГ БҮРДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ: Миний хувьд компьютерийн хулганаас илүү "track pad" ашиглах нь гарт эвтэйхэн, саадгүй, чөлөөтэй ажиллах нөхцлийг бүрдүүлдэг. Мөн ширээн дээр байнгын үзэг, цаас бэлэн байдаг. Шинэ санаа төрөх, нооргоо тэмдэглэхдээ шууд буулгаад, дараад нь хараад нэмж зурж, тэмдэглэх дуртай. Реп дуу сонсох дуртай ч яг бүтээмжтэй ажиллах үедээ тайван "remix" сонсдог.

ХЭРХЭН БҮТЭЭМЖЭЭ НЭМЭГДҮҮЛДЭГ ВЭ: Ажлын өглөө хар кофе уух нь бяцхан сэргээш болдог. Ажлын дундуур завсарлага авч, тетрис тоглох, судоку бөглөх зэргээр огт өөр зүйлд сатаарч, толгойгоо амраахыг илүүд үздэг. Ширээнээсээ босч хамт олонтойгоо яриа өрнүүлэх дуртай.

БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ: Манайх шинээр байгуулагдсан старт-ап компаний хувьд жижиг асуудал дээр ч бөөнөөрөө сууж, дор нь шийдвэрлэдэг онцлогтой байгууллага. “Dont ask for permission, ask for forgiveness” буюу "Бүх зүйлд зөвшөөрөл хүсэлгүй, өөрийнхөөрөө шийдэж, дараа нь уучлал гуйсан ч болно шүү" гэх зарчмыг баримталдаг. Аль болох бусдаасаа хараат бусаар, бие даан, өөр өөрийн шийдвэрээр ажиллах боломжтой байдаг.

ТЕХНОЛОГИЙН САЛБАРТ АЖИЛЛАХЫН ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛЭнэ салбарын онцлог нь хаанаас ч зайнаас ажиллаж, тус тусын таскуудаа бие даан гүйцэтгэх боломжтой байдаг. Технологийн салбар учраас байнга өсч хөгжихийг шаарддаг. Нэг системийг долоо хоног орхисон байлаа гэхэд шинэ технологи, мэдээлэл гарч ирдэг тул цаг үетэйгээ зэрэгцэхийг алхам тутам шаарддаг.

ТАНЫГ АЗ ЖАРГАЛТАЙ БОЛГОДОГ ЗҮЙЛ: Ямарваа нэг төсөл дээр таскаа нухаж байгаад дуусгах дуртай. Том зүйлийн ард гарсан баяр хөөр хамгийн таашаалтай байдаг. 

АЖЛЫН НЭГ ӨДРИЙН ЧӨЛӨӨ ӨГВӨЛ ЮУ ХИЙХ ВЭ: Салхинд гарч, найзуудтайгаа зугаална даа.

ӨДӨРТ ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ ГУРВАН ЗҮЙЛ:
Кофе, утас, нотебүүк.

ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ АПП: Figma дээр ерөнхий бүтээгдэхүүнийхээ том зургийг гаргадаг. Google Analytics-ээр сайтынхаа хандалт, үзүүлэлтийг тогтмол шалгана. Trello дээр багийн болон өөрийн ажлаа төлөвлөнө. 


ЯГ ОДОО ЮУН ДЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА: Манайх зөвхөн зочид буудлын систем байсан бол тийз нислэг, машин унаа гэх мэт олон салбарыг нэгтгэсэн платформ хийх төсөл санаачлан, эхлүүлээд байна. 

ЦААШДЫН ЗОРИЛГО: Одоогоор ажиллаж байгаа бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн орчинг илүү мэргэжлийн төвшинд хүргэхийг эрмэлздэг. Энэ мэргэжил ач холбогдол өндөртэй боловч Монголд одоогоор мэргэжлийн төвшинд хүрээгүй байна. 


Lemon Press ХХК-ий сошиал медиа хариуцсан мэргэжилтэн, дизайнер О.Хүслэн: Өөрөө өөрийнхөө "босс" нь бай


НАС: 19 

АЖЛЫН ХЭВ МАЯГ: Би  5 цагт босоод номоо уншаад, гүйж өглөөгөө эхэлдэг. Тэгээд л "Алаад өгье” гээд л ажил руугаа ордог доо. Ажлаа өөрийн бүтээмжээс хамааран, хамгийн хүнд ажлаа үдээс өмнө, тухтай суух ажлаа үдээс хойш гэх зарчмаар хийдэг. Сошиал маркетинг хариуцдаг учраас тухайн өдөр, долоо хоногтоо ямар пост, контент оруулахаа төлөвлөөд, өөрөө дизайнаа хийдэг. Олон нийтэд санхүүгийн мэдлэгийг ойлгомжтойгоор хүргэхийг зорьдог учир долоо хоногийн эрэлттэй сэдвийг санхүү, хөрөнгө оруулалт гэх мэт сэдвүүдтэйгээ холбоод хийдэг. 

БҮТЭЭМЖТЭЙ АЖИЛЛАХАД ЯМАР ОРЧИНГ БҮРДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ: Хүн ер нь бухимдаад, стресстээд ирвэл дасгал хөдөлгөөн дутагдсаных байдаг. Тэгэхээр аль болох хөдөлж, дуртай зүйлсээ хийхийг эрмэлздэг. Ажилдаа ирэхээс өмнө гүйж, ажлаа тараад агаарын йогад явдаг. Нийгэм залуусыг заавал ямар нэгэн зүйл хийж, завгүй байхыг шаарддаг ч миний бодлоор өөрөө өөртэйгөө чанартай цагийг өнгөрүүлэх нь бүтээмжид илт нөлөөлдөг. "Өөрөө өөрийнхөө босс нь бай" гэж өөртөө хэлэх дуртай. 

ЗурагТайлбар
 
 



БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ: Энэ ажилдаа орсноор мультимедиа старт-ап компаний соёлд суралцаж байна. Нэгнээ хүндэтгэж, өглөө оройдоо дотно мэндчлэх дотоод соёлтой. Манай байгууллага системтэйгээр ажиллаж, бүх хүний ажил тодорхой байдаг нь таалагддаг. 

ТАНЫГ АЗ ЖАРГАЛТАЙ БОЛГОДОГ ЗҮЙЛ:

Дуртай бүх зүйлс. Ажил, хамт олон. Жишээ нь ажлын ширээн дээрх хамт олныхоо зургийг хараад эрч хүч авах дуртай. Бидний хамтдаа зохион байгуулсан анхны томоохон хэлэлцүүлгийн дараах зураг. Зургаа хараад ийм мундаг хүмүүс дунд байгаадаа бахархаж, хичээх урам авдаг.

АЖЛЫН НЭГ ӨДРИЙН ЧӨЛӨӨ ӨГВӨЛ ЮУ ХИЙХ ВЭ: Өөртэйгөө болзоно. Гоё газар суугаад кофе ууж, ном уншингаа юмаа бодож төлөвлөх дуртай. Ууланд гарах, экстрим спортоор хичээллэх, керамик эдлэл хийх, гоё эвэнтэд явах ч гоё.  

ШИРЭЭН ДЭЭРЭЭС ОНЦЛОХ ГУРВАН ЗҮЙЛ: Ном (Цойлогсод), дэвтэр, үзэг



ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ АПП:  Манай байгууллага ер нь Google ашигладаг. Google Calendar дээр өдрөө төлөвлөөд, бүртгээд явдаг. Гүйхдээ “Nike+ Run Club” гээд гүйлтийн апп хэрэглэдэг. Олон улсын хэлэлцүүлэг өрнүүлдэг Reddit-ийг ашиглаж, трэнд халуухан сэдвүүдийг түүвэрлэж мэддэг.

ЦААШДЫН ЗОРИЛГО: Ирээдүйд боловсролын эрх тэгш оролцоог бий болгохыг зорьдог. Би Монголын Тусгай Олимпын хороо буюу дэлхийн 197 улсад салбартай оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийг спортоор дэмждэг байгууллагад 4 жил ажиллахдаа ингэж шийдсэн. Бүр цаашдаа хувцас дизайн чиглэлийн чанартай боловсон хүчин бэлтгэх их сургуультай болох зорилготой. 


Fibo Cloud ХХК-ийн Full Stack хөгжүүлэгч, IT инженер Н.Үүрцайх: Код бичих явц нь сайхан санагддаг учир ажил яг ч "ажил шиг" санагддаггүй

НАС: 22

АЖЛЫН ХЭВ МАЯГ: Миний хувьд ажлын бүтээмжтэй цаг нь орой, шөнө байдаг. Тиймээс энэ цагтаа гол ажлуудаа нугалдаг. Манай байгууллагын хувьд бие даан ажиллацгаадаг тул өөртөө хариуцлагатай байхыг хичээдэг. Өглөө ирээд төлөвлөсөн ажлууд руугаа шууд орно. Код бичээд, ямар нэгэн зүйлийг бүтээх явц нь өөрт сайхан санагддаг учир ажил яг "ажил шиг" хүнд санагддаггүй. Хувь хүний, нийгэм эдийн засгийн, электрон хэрэгслийн гээд 3 төрлийн сэтгэл зүй гэж байдаг. Миний ажил нэг ёсондоо электрон төхөөрөмжүүдэд юу хийхийг нь зааж өгч буй ажил гэхэд болно. Код бичих нь төхөөрөмжтэйгөө ярьж байна гэсэн үг. Яаж гоё кодоо бичихээс хамаараад төхөөрөмж тэгж л ажиллана.

БҮТЭЭМЖТЭЙ АЖИЛЛАХАД ЯМАР ОРЧИНГ БҮРДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ: Хөгжим, ая сонсолгүй подкаст сонсож ажиллах дуртай. Өөр өөр орчин нөхцөлд орж ажилладаг учраас лаптоп, ус байхад хаана л бол хаана ажиллачихдаг. Цомхон, цэгцтэй, элдэв зүйлгүй байх нь анхаарал төвлөрүүлэхэд дэмтэй байдаг. 

БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ: Манай байгууллага ах дүү шиг залуус учир чөлөөтэй уур амьсгалтай. Ажлаасаа хамаараад ганцаараа, багаараа гэхчлэн төлөвлөж ажилладаг. Баасан гарагийн орой ч юм уу, бөөнөөрөө цуглаад "Share time" хийж, сурсан мэдсэн зүйлс, шинэ санаануудаа бөөгнүүлж хуралдах дуртай. 

ДАТА САЛБАРТ АЖИЛЛАХЫН ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ:  Хамгийн эрэлттэй мэргэжлүүд энэ салбарт харъяалагддаг болжээ. Дата салбарт ажиллахын онцлог нь хувь хүнээс хамаардаг. Тийм болохоор өөрөө нухаж, оролдож, хийдэг онцлогтой. Дэлхий дээр хамгийн өргөн хэрэглэгддэг “Linux” үйлдлийн хөгжүүлсэн Финляндын Линус Торвальдс гэж мэргэжилтэн байдаг. Түүн шиг шинэ зүйл бүтээж, монголчуудад хэрэгтэй, өөрсдөдөө зориулсан код бичээд, хэрэгтэй зүйлс бүтээх өргөн боломж, давуу талтай салбар. 

Нэг жишээ дурдахад, өнгөрсөн жил бүх нийтийн хөл хорио эхэлж байхад Улаанбаатар хотын бүх сургуулиуд цахимаар хичээллэх болсон. Тэр үед СЭЗИС-ийн дэлхий даяар тархсан 12 мянган оюутан багш нарын ашигладаг онлайн сургалтын платформ серверийн ачааллаа дийлэхгүйн улмаас хичээл хэвийн үргэлжлэх боломжгүй болсон. Уг асуудлыг би "Senior"-тойгоо (Senior 23 настай) хамт "Amazon Web Services" клауд платформын тусламжтай 10 хоногт багтаан шийдвэрлэж байсан. 100 мянган хүн зэрэг хандсан ч "auto-scaling" хийгддэг системийн архитектурыг хэрэгжүүлсэн. Тэр үед гэртээ харилгүй олон хоног суусан ч хүнд цаг үед боловсрол тасралтгүй явагдах боломжийг бүрдүүлж чадсанаа хараад эрч хүч, аз жаргалыг мэдэрч байсан.

ТАНЫГ АЗ ЖАРГАЛТАЙ БОЛГОДОГ ЗҮЙЛ: Гэр бүл, дөнгөж төрсөн хүүхэд маань, ажлын хамт олон.

ӨДӨРТ ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ ГУРВАН ЗҮЙЛ: Утас, лаптоп, лифт гурав л юм даа (инээв).

ЯГ ОДОО ЮУН ДЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА: Яг одоо стрийм буюу видео шууд дамжуулалт хийх платформ дээр ажиллаж байна. Уг шийдлээ бид Edge тоооцоолол, Content дамжуулалтын суурь шийдэл болгохоор зорьж байгаа. Дараагийн төвшний гоё аппликэйшн, үйлчилгээ гарч хүмүүсийг аз жаргалтай болгохоын тулд ийм төрлийн суурь платформууд зайлшгүй шаардлагатай байдаг.

ЦААШДЫН ЗОРИЛГО: Салбартаа амжилттай ажиллаж, цаашдаа олон улсад эх орныхоо нэрийг гаргах инженер болно доо.


Fibo Cloud ХХК-ий хөгжүүлэгч М.Дөлгөөн:  Программистуудтай хамт ажиллахдаа бодох, бүтээх явцад нь дурласан

НАС: 25

АЖЛЫН ХЭВ МАЯГ: Ажлын таскуудаа хүндээс хөнгөн рүү шилжих маягаар гүйцэтгэдэг. Бид өөрсдийн дотоод хэрэгцээнд зориулан хөгжүүлсэн "Project Management Tool" ашигладаг. Бүтээмж, гүйцэтгэл болон хийж буй төсөл маань том зургаараа хаана явааг харахад амар байдаг. Старт-апын бүтээгдэхүүн хөгжүүлэх цикл хурдан учраас Agile, Scrum аргачлалуудаас зарим зүйлсийг авч "хольж" ашигладаг. Мөн байгууллагуудын клауд шилжилтийг хийх консалтинг төслүүд орж ирдэг учраас сар бүр өөр өөр төсөл дээр орж, цоо шинэ зүйлсүүд сурах, салбар бүрийн онцлогийг мэдэх боломжтой байдаг.

БҮТЭЭМЖТЭЙ АЖИЛЛАХАД ЯМАР ОРЧИНГ БҮРДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ: Өөртөө аль болох тав тухтай орчин бүрдүүлэхийг хичээдэг. Ажлын хажуугаар подкаст, хөгжим сонсдог. Код бичих үедээ дуу, подкаст сонсох нь төвлөрөхөд тусалдаг болохоор дуртай. Хааяа бүтээмжээ нэмэгдүүлэхийн тулд гарч алхах,
ажлаасаа багахан хөндийрөх дуртай. Дууны хувьд Arctic Monkey, Coldplay гэх мэт хамтлагуудаар өөрийгөө цэнэглэдэг. 

БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ: Зорилго болон сонирхол ойролцоо үе тэнгийхэн суудаг учраас ширээний хөлбөмбөг тоглож, ярилцаж, нэгнээсээ байнга суралцдаг. Манайх маш залуу старт-ап компани учраас (Дундаж нас 23.2) чөлөөтэй уур амьсгал нь таалагддаг. Ер нь тэгээд ийм насан дээрээ хүн тархи хамгийн сийрэг, хонож суусан ч ядардаггүй үе байдаг байх. Бидний хөгжүүлдэг технологи тийм ч энгийн биш шүү дээ.

ЗурагТайлбар

 


ДАТА САЛБАРТ АЖИЛЛАХЫН ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ: Би санхүүгийн чиглэлээр сурч, ажиллаж байсан ч кодонд сонирхол татагдаад суралцаад ажиллах болсон. 10 жилд хэл ярианы бэрхшээлтэй хүмүүст зориулсан хөдөлгөөн танигч мэдрэгчтэй төхөөрөмж бүтээх санаа төрж байсан. Хүзүүндээ зүүсэн зүүлтэнд хөдөлгөөн танигч хүрч, спикерээр дуу нь гарах тохируулгатай. Хүүхэд байсан болохоор хүнд хэрэгтэй зүйл хийхсэн гэж их боддог байсан. Тухайн үедээ IT салбарыг төдийлөн ойлгодоггүй байсан ч технологид татагдсаар ирсэн. Программистуудтай хамт ажиллахдаа бодох, бүтээх явцад нь дурласан гэхэд болно. Цаашдаа өөрөө кодлоод хүнд хэрэгтэй төхөөрөмж, эсвэл эв энгийн хөөрхөн тоглоом хиймээр санагддаг. 

ШИРЭЭНЭЭС ОНЦЛОХ ГУРВАН ЗҮЙЛ: С витамин, усны сав, чихэвч

ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ АПП: Youtube, Messenger, Trello

АЖЛЫН НЭГ ӨДРИЙН ЧӨЛӨӨ ӨГВӨЛ ЮУ ХИЙХ ВЭ: Сайхан унтнаа (инээв).

ЦААШДЫН ЗОРИЛГО: Цаашдаа том бүтээл гаргана гэдэгтээ итгэлтэй байдаг. Ямар ч асуудалгүй нийгэм бүтээх хэтийн хүсэл зорилготой. Түүнийхээ төлөө одоо хичээн ажиллаж байна даа.



Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Хенри Кавилл анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа гэнэ
2
10 цагийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
14 цагийн өмнө
Coachella 2024-д хүрэлцэн ирсэн оддын төрх
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
1
10
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Z 2021.08.20 66.181.161.90

Mundag zaluus bna manai Z-uud

0 Хариулах


Zochin 2021.08.19 202.21.124.131

cool

0 Хариулах