Хайх зүйлээ бичнэ үү

14 мин

Г.Оргил, Б.Маралмаа: Хүн өөрөө хөдөлмөрлөхгүй бол хараатай байгаад ч нэмэргүй


Хэдхэн хоногийн өмнө Фэйсбүүкийн “Choirongoo” хуудсанд харааны бэрхшээлтэй нэгэн залуу эхнэрийнхээ тухай ярьсан нь нийтлэгдэж, уншигчдын сэтгэлд ихэд хүрсэн юм. Хос хоёрын хайр сэтгэл, амьдрал ахуйн талаар уншсан UBLIFE-ынхан тэдний тухай улам ихийг мэдмээр, түүхийг нь илүү дэлгэрэнгүй сонсмоор санагдаж Г.Оргил, Б.Маралмаа нартай уулзан, хөөрөлдөх цаг товлосон юм. 

Болзсон газраа явж ороход тэд ширээн дээр өөд өөдөөсөө харж суугаад, аяар намдуу, аминчхан гэгч нь инээлдэж байлаа. Биесээ харан дотно мишээж, тэрхэн хоромдоо дүүрэн жаргалтай буй хосыг хараад энэ бол нэг биенийхээ нөгөө тал болсон хүмүүс гэдгийг төвөггүй мэдрэв. Тэдний эгэл жирийн амьдралын халуун дулаан түүхийг уншигч тантай хуваалцаж буйдаа бид баяртай байна.

- Та хоёр ямар мэргэжилтэй, ямар ажил төрөл эрхэлдэг тухайгаа эхлээд танилцуулаач. 

Б.Маралмаа: Би 2013 онд СУИС-ийн хөгжмийн багш, концертмейстерийн ангийг дүүргэж, 2015 онд магистрын зэргээр суралцаж төгссөн. Одоо Монголын хараагүйчүүдийн үндэсний газрын дэргэдэх Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвд хөгжмийн багшаар ажилладаг. Морин хуурын концермейстер, хөгжмийн онолын багш.

Г.Оргил: За би 12 дахь жилдээ эмчилгээний бариа засалчаар ажиллаж байна. Хараагүйчүүдийн холбооны дэргэдэх Best massage нэртэй төвүүд бий, хүмүүс мэдэх байх. Тэрний 11 дүгээр салбарт нь ажилладаг юм. Есдүгээр ангиа төгсөөд Сэргээн засах үндэсний төвийн нэг жилийн сургалтыг дүүргэж, дараа нь Хараагүйчүүдийн холбооны нөхөн сэргээх төвд сурч төгссөн.

- Та хоёр хэзээ, хэрхэн танилцсан түүхтэй улс вэ?

Г.О: Бид хоёр хоёулаа Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116 дугаар сургуулийг төгссөн. Угаасаа сургуульд байхын бие биенээ таньдаг, найз нөхөд байсан. Сургуулийн дотуур байранд амьдардаг байсан болохоор сурагчдын хамт өнгөрөөх цаг их, харьцангуй биесээ мэддэг байсан юм. Тэр нь ч дараа хэрэг болсон шүү. Бие биенээ таних гэж нэг их цаг алдаагүй. 

Б.М: Дунд сургууль төгсөөд холбоогүй байж байгаад 2013 оноос эргэж холбогдон, уулзаж эхэлсэн. Нэг мэдэхэд гэр бүл болоод, хоёр хүүхэдтэй болжээ. 

Г.О: Хүү, охин хоёртой. Манай “Бүтээнэ Сөнөөнө” хамтлаг шүү дээ. Том нь энэ жил сургуульд орно. Бага нь гуравтай.

- Сэтгүүлчид үргэлж асуудаг хэдий ч энэ уг нь гоё асуулт гэж боддог юм. Та хоёр анх бие биенийхэ юунд татагдаж байв даа?

Б.М: Манай хүн чинь санаачлагатай залуу байсан л даа.

Г.О: Байсаан? Одоо яасан юм?

Б.М: Бас халамж, анхаарлыг нь мэдэрсэн. Тэр нь хамгийн сэтгэл татсан. 

Г.О: Маралаа хөөрхөн жижигхэн охин байсан. Тэрэнд нь анх дурлаж билээ. Тэгээд харилцаад эхлэхээр зан чанарууд нь танигдаж эхэлнэ. Маш шаргуу, тууштай, юмны эцсийг үзэж байж салдаг, өөрийн гэсэн үзэл бодолтой, биеэ даасан сайхан бүсгүй гэдгийг мэдсэн. Хэрвээ анзаарвал харааны бэрхшээлтэй хүмүүс заримдаа бие даах чадвар сул, бусдын гар харсан янзтай байх нь их. Маралаа огт тийм биш. Хүмүүстэй зэрэгцээд бүх юмыг хийнэ гэж зүтгэдэг. Тэр чанарт нь үнэхээр хайртай. 

- Маралмаа, чиний хувьд хөгжим тоглож сурахад, өдий зэрэгтэй мэргэжлийн хөгжимчин болоход хараа муутай байх нь хэцүү байсан уу?

Б.М: Үгүй дээ. Миний мэргэжилд хараатай эсэх нь үнэндээ хамаагүй. Хөгжим бол хардаг ч бай, үгүй ч бай ялгаа байхгүй. Гагцхүү хөдөлмөр, байнгын давтлага л хэрэгтэй. Давтаж байж л сайжирдгаас биш харж байж сайжирна гэж үгүй. Цэвэр тухайн хүний өөрийнх нь хөдөлмөр зүтгэл. Өөрөө хөдөлмөрлөхгүй бол хараатай байгаад ч нэмэргүй. Ер нь ч тэгээд гар руугаа харж тоглоод байдаг төгөлдөр хуурч цөөхөн шүү дээ. 

Г.О: Хараа султай хүнд сурахад, хийхэд бэрхшээлтэй зүйл одоо ер нь бага болсон шүү. Техник технологи хөгжихийн хэрээр бүх юм арай амар хялбар болж байна. Утас, компьютер электрон хэрэгслүүд дэлгэцэн дээр байгаа юмыг хэлээд өгчихнө. Харин харахгүйгээр яаж хийдэг юм болоо гэж миний гайхдаг зүйл гэвэл шатар, даам тоглож буй хараагүй хүмүүс. Хөлөг дээрх бүх байршлыг тогтоож, тоглоно гэдэг бол хэцүү. 

- Сонсоод байхад та хоёрын хувьд харааны бэрхшээл бол бэрхшээл биш юм байна.

Г.О: Миний хувьд бол биш. Маралаа юу гэх юм байгаа юм. 

Б.М: Миний хувьд ч ялгаагүй. Хүн ямар ч зүйл тулгарсан давж л явах ёстой. Аль болох урагшаа тэмүүлээд л байх тусам бэрхшээл бэрхшээл биш болдог. 

Г.О: Хааяа ингэж бодогддог юм. Хараатай мөртлөө ямар ч зорилгогүй, бэлэнчлэх сэтгэлгээтэй хүмүүсийг хараад би “энэ хүний нүд надад байсан бол би их юм хийж амжуулах байсан даа” гэж боддог. Ингэж ярихад муухай ч гэлээ үнэн төрдөг сэтгэгдлээ л хуваалцаж байгаа юм шүү. 

Магадгүй танай сайтыг саяхан хараагаа алдсан хүмүүс уншиж байж магад. Тэдэнд хандаж хэлэхэд энэ бол гутрах зүйл биш, бэрхшээл тулгарах бүрт хүн улам хүчтэй болж байдаг, цаг хугацаа өнгөрөх тусам хүн эдгэж, илааршиж байдаг юм шүү.

- Тэгвэл та хоёрт хамт байснаараа л үүнийг давж чадсан даа гэж боддог амьдралын дурсамж, үйл явдлууд бий л байх.

Г.О: Анх тусдаа гарч байх үе санаанд орж байна. Тэр үеийг бол жинхэнэ бие биенээ гэсэн сэтгэлээр л даван туулсан гэж боддог. Өглөө дулаахан гэрт босгочих юмсан, ажилтай байх хойгуур ус цас нь дуусчих вий дээ гэх мэт санаа зовох зүйлс их байдаг байлаа. 

Б.М: Би чинь анх гал түлж чаддаггүй. Гал түлэх битгий хэл нүүрсэнд ч хүрч үзээгүй байсан. Харааны бэрхшээлтэй хүмүүс гал түлэхэд хүндрэлтэй л дээ. Тэгээд нөхрөө ирэхэд дулаан гэрт угтах сан гэж их хичээнэ. Эхэндээ нүүр ам нил хөө болчихсон зуухтайгаа зууралдаад сууж байдаг үе ч байсан. Өөрөө тэрийгээ мэдэхгүй, хүмүүс хэлнэ. Тэгсээр байж нэг юм гал түлж сурсан. Одоо бол нэг л шүдэнзээр асаана шүү дээ. Тиймэрхүү ахуйн бэрхшээл тулгардаг л байлаа.

Г.О: Эр хүн л болсон хойно намайг сонгож ханилсан энэ эмэгтэйг тав тухгүй байлгачихгүй юмсан, юмаар дутаачихгүй юмсан гэж хичээнэ шүү дээ. Өөр зам сонгож, өөрөөр амьдрах боломж энэ хүнд байсан л байж таараа. Гэтэл намайг сонгосон түүнийгээ би хамгийн сайнаараа хичээж, ая тухтай, жаргалтай байлгахын тулд чадах бүхнээ хийх ёстой гэж боддог. Яах вэ амьдралд олон л юм тохиолдоно шүү дээ. Тэр бүрт миний муу эхнэр л хамт байсан. Бие биенийхээ төлөө гэж явахад амьдрал бүтээд л ирдэг. Бүхнийг тэгээс эхлэж, амьдралаа хамтдаа босгохоор өөрийн эрхгүй л бие биенийхээ нэг тал болдог болов уу. 

- Та хоёр анх нэг гэрт орж байсан тухайгаа Choirongoo-д ярьсан шүү дээ. Анх 60 мянган төгрөгтэй тусдаа гарч байлаа гэж. Одоо харахад амьдрал чинь хөл дээрээ тогтсон байна уу?

Г.О: Маралаа ярих уу?

Б.М: Анх нэг гэрт орохдоо би дөнгөж сургуулиа төгссөн, ажилгүй байлаа. Бас гурван сартай нялх хүүхэдтэй. Нөхөр тэр үед сэргээн засах төвд ажиллаж байгаад тэр нь татан буугдаад ажилгүй байж таарсан юм.  Тэгсэн ч гэсэн ямар ч байсан тусдаа гарна гээд зүтгээд, гарч байлаа. Амьдарна гээд л нийлсэн, амьдарч л таараа гээд. Тэгэхэд аав ээж маань жаахан дургүй байсан л даа. Ядаж хүүхдээ жаахан том болохыг хүлээгээч гээд л. Тэгэхэд нь үгүй гэж зүтгэсээр, хувцас хунараа хэлэлгүй бэлдэж цүнхлээд, зөрөөд гарч байсан. 

- Яагаад тэгж ширүүлэх болов?

Б.М: Яах вэ нэг бодлын зөрүүд хүмүүс шиг байгаа юм. Хориглоод байхаар нь өөрсдийн амьдралаа өөрсдөө мэднэ гэдгээ илэрхийлж байгаа юм уу даа. Нөгөө бодлын залуу хүмүүст бас орон зай эрх чөлөө хэрэгтэй байсан. 

Г.О: Хүүхэд төрөх хүртэл хадам аав ээжтэйгээ хоёр гурван жил амьдарсан. Тэгээд нэгэнт хүүхэд төрлөө, одоо ер нь яаж ийгээд өөрсдийн гал голомттой болъё л гэж шийдсэн юм. 

Б.М: Тэр нь ч оносон юм. Тэгээгүй бол өдийд бие дааж амьдарч сураа ч уу, үгүй ч үү. Хүн ер нь хэн ч байсан, хаана ч байсан эцэг эхтэйгээ амьдраад байвал юу ч сурахгүй, амьдралд бэлтгэгдэхгүй. Бүх юмаа тэднээрээ бэлдүүлээд, бэлэнчлээд суучихна. Би ч тэгээд намар нь ажилд ороод, амьдрал ахуй бага багаар урагшилж эхэлсэн дээ. 

Г.О: Бид 2 тэгээд тэр хугацаанд бас юм юм үзсээн. Дөнгөж тусдаа гараад хүүхэд ханиад хүрээд өвдчихөж байгаа юм. Дараа нь гэр орон, хашаа хороо маань тэр чигтээ үерт автаад сандарч мэгдэж байсан өдрүүд бий. Гэрээ болиод түрээсийн байранд хэсэг амьдарсан. Тэгж явсаар 2017 онд энэ байрандаа орсон. Би түрүүн хэлсэн. Эхнэр минь үнэхээр маш дайчин, шаргуу хүн. Шинэ ажилд ороод удалгүй л ажил дээрээ үнэлэгдэж, байгууллага нь бид хоёрыг мэддэг болж, дэмжиж туслан энэхүү халамжийн орон сууцанд оруулсан юм. 

Тэгээд л байртай болчихоор түүнийгээ тохижуулна гэж нэг ажил гарлаа. Ингээд гэр орноо тохижуулж, зээл лизинг гэж явсаар түрүү жилээс л амьдрал арай цэгцэрч байна гэх үү дээ.

- Бидний насныханд тэр бол нийтлэг үзэгдэл юм шиг ээ. Амьдрал ахуйгаа сайжруулах гэж нэг зээлээс нөгөө зээлийн хооронд л явцгааж байх шиг. 

Г.О: Ер нь тийм. Гэхдээ бид хоёр бол өр ширэнд маш дургүй. Болж өгвөл өр тавихгүй байхыг хичээдэг. Өр шир тавьчихгүйн тулд олж байгаа хэдээ зөв зарцуулж амьдрах ухаан хүнд чухал санагддаг.  

Ер нь хүн олсныхоо хэрээр баяждаггүй. Харин хэмнэж, зөв зарцуулсныхаа хэрээр дутагдаж гачигдах зүйлгүй байж чаддаг гэж боддог. Сул зарлагаа хянаагүй байж цалин бага байна, нийгмийн тогтолцоо буруу байна гэж гомдоллоод заримдаа нэмэргүй л байдаг юм.

- Маралаа уран бүтээлийн чинь тухай хэсэг ярья. Чиний дуулсан "Хаврын шөнийн бодол" дууг сонсоод үнэхээр сэтгэл уярсан. Ямар сайхан тунгалаг цээл хоолойтой юм бэ. Яг л хаврын шөнийн бодол шиг сэнгэнэтэл дуулав аа.

Б.М: Баяралаа. Би энэ хавраас өөрийн уран бүтээлийн ажилдаа ороод, долоодугаар сард эхнээсээ бэлэн болсон нь тэр. Олон түмний сайн мэддэг энэ дууг дуулбал хүмүүст илүү ойрхон хүрэх болов уу гэж бодсон юм. Мэдээж энэ дуунаас гадна өөрийн гэсэн шинэ дуунууд бий.  

- Хөгжим, дуу хуур аль алинд нь авьяастай үнэхээр сайхан юм. 

Б.М: Би мэргэжлийн хөгжимчин, харин дуу бол багаас минь байсан хүсэл сонирхол. Тиймээс би мэргэжлийн дуучидтай өөрийгөө жишиж чадахгүй. Ямар ч байсан дуулалтын тал дээр зааж зөвлөдөг багш минь Баруун монгол ардын дуучин, СТА Ж.Эрдэнэдалай гэж ах минь бий. 

- Оргилд Маралаагийн дуулж, хөгжимдөж байгааг сонсоход ямар байдаг вэ?

Г.О: Үнэхээр сайхан. Үргэлж сонсоод л баймаар. Гэхдээ сонсох нь хаа нэг л юм даа. Манай хүн өдөржин ажил дээрээ дуу чимээнд байж байгаад ирэхэд хөгжим тоглоод өгөөч гээд байлтай биш. Чихээ амраах хэрэгтэй.

- Та хоёрын харааны тухай асууж болох уу? Миний уншсанаар нэг нь 2 хувь, нөгөө нь 3 хувьтай хардаг гэж сонссон. Энэ нь ямархуу хэмжээнд харна гэсэн үг вэ?

Б.М: Миний хувьд урдах замаа хараад явж чадна. Харин хүмүүсийг царай зүсээр нь ялгаж, таньж чадахгүй. Юм уншихдаа нүүрэндээ нэлээн тулгаж барьж уншина. Ерөнхийдөө тийм ч сайн биш гэсэн үг дээ. 

Г.О: Би бол төрөлхийн, удамшлын харааны бэрхшээлтэй. Ямар ч байсан өөрийгөө аваад явчихдаг л юм. Одоо Маралаа та хоёрын нүүрэн дээрх мэнгэ, нүд хөмсөг ямархуу хэлбэр хэмжээтэйг бол харахгүй байна. Гэхдээ эмэгтэй хүн байна гэдгийг танина. Гэрэлд их мэдрэг учраас юмсын өнгийг сайн харж, ялгана. Эсрэгээрээ өнгө будаггүй орчинд, нэг ижил өнгөтэй шат энэ тэр дээрээс буухдаа ялгаж гишгэж чадахгүй нисчих гээд байдаг нэг асуудалтай. 

- Оргилын хараа яваандаа улам муудаж магадгүй гэж байсан? Одоогоор хэр байна?

Г.О: Анх бид хоёр сууж байх үеэ бодоход арай муудсан л даа. Гэхдээ тооцоолж байснаас харьцангуй бага багаар муудаж байна. Одоо тэгээд эмчилгээ байхгүй гэхээр нь тоохгүй хаясан дөө. Яваандаа хараагүй болвол болох л байх. Тэрнээс нэг их айгаад байдаггүй. Хүмүүс гунигтай санагддаггүй юм уу л гэдэг. Надад бол гуньж гутраад байх юм үгүй.

- Чи тэгвэл их өөдрөг,тайван хүн юм байна л даа.

-Г.О: Хүн ер нь байгаатайгаа эвлэрээд, дасан зохицож амьдрахгүй бол хэцүү шүү дээ.

- Маралмаагийн хувьд эмч нарын буруутай үйлдлээс болж хараагаа алдсан гэсэн. Юу болсон юм бэ?

Б.М: Тийм, хоёр сартай нялх байхад миний нүд нуухтсан юм билээ. Хүүхдийн нүд янз бүрийн шалтгаанаар нуухтдаг шүү дээ. Тэгсэн эмч юу юугүй пенцилин дусаагаад, тун нь ихэдсэн юм уу бүүр өвдөөд, нүдэнд цагаа унаж, хараагаа алдсан юм билээ. Тэрнээс хойш би хоёр ч удаа эвэрлэгийн хагалгаанд орсон. Хагалгаагаар арай дээрдсэн нь энэ. 

- Бие биентэйгээ учирсандаа хамгийн их баярлаж, талархдаг нэг нэг шалтгаан хэлээч гэвэл та хоёр юу хэлэх вэ?

Б.М: Нөхөр минь намайг тайван амгалан байлгаж чаддаг. Тэр залуу эхнэрээ тэгж хуурчээ, тэгж агсам тавьж, тэгж хонуут өнжүүт явжээ гээд л бусдын амьдралаас өчнөөн олон юм сонсох л юм. Тийм зүйлс надад тохиолдож байгаагүй. Миний нөхөр мөрөөрөө ажлаа хийгээд, амьдралынхаа төлөө зүтгэж, надад үнэнч байна, намайг ойлгож, хайрлаж байна. Хүүхдүүдийнхээ болон миний төлөө амьдарч байна. Би өөрийгөө үнэхээр азтай юм даа гэж боддог. Ийм сайхан хүнтэй учруулсанд бурхандаа дандаа талархаж явдаг. Энэ бол хэдэн тэрбум төгрөг байсан ч худалдаж авч чадахгүй аз жаргал. Ямар ч эд баялаг үүнийг орлож чадахгүй.

Г.О: Би ч гэсэн өдөр бүр л талархаж явдаг. Олон хүний дундаас Маралаатай учирсандаа азтай.

Эхнэр минь эдийн шуналгүй, элдэв янзын өндөр хэрэгцээгүй, тэгсэн атлаа өөрөө өөрийгөө сайхан авч явдаг. Урлагийн хүн учраас дотоод сэтгэлийн гоо сайхан нь өдөр тутам мэдрэгддэг. Бид хоёр ч тэгээд хоорондоо нууж хаах юмгүй улс дөө. Бүх зүйлээ ил цагаан, илэн далангүй ярьчихдаг учраас хардах сэрдэх, уурлах уцаарлах шалтгаан гардаггүй. 

- За ийм сайхан ханьтай учирсан юм байж. Гэхдээ бас хааяа нэг дургүйцмээр юм байдаг даа хүн бидэнд чинь. Энийгээ больчихож болдоггүй юм байх даа гэсэн бодол төрнө биз дээ?

Б.М: За үгүй дээ, хүн бүхэн 10 хуруу тэгш биш шүү дээ. Тэртэй тэргүй энэ хүнийг сонгосон юм чинь байгаагаар нь л хайрлах хэрэгтэй. Айл гэр болсон хойно ам муруйх юм байж л таарна. Гэхдээ хүнийг чинь тэгээд хайрлах тусам зөөлөрдөг юм уу гэж одоогийн энэ өндөрлөгөөс харахад санагдаж байна. Инээв. 

Г.О: Гэхдээ надад бас дутагдал бий бий. Зөрүүд зантай шүү дээ.  

Б.М: Наадхыг чинь би дутагдал гэж үзэхгүй ээ. 


- За сүүлийн асуулт. Оргилын хараа яваандаа муудах магадлалтай гэж байна. Ер нь хараагүй болвол яах вэ, та хоёр энэ тухай төсөөлсөн үү. Амьдрал чинь яаж өөрчлөгдөх бол?

Г.О: Манай эхнэр “Ээ хорвоо чи хүний зовлонд цадах болоогүй юу?” гэх байх. (инээлдэв)

Төсөөлөл гэхээс илүү төлөвлөгөө л байна даа. Эхэндээ жаахан хэцүү байх байх. Орчны баримжаа муудах байх. Гэхдээ яваандаа сурна. Сэтгэл санааагаар унаад гутраад байх юм байхгүй.

Б.М: Наад зах нь өөрийг нь бие дааж явахад нь туслах шаардлага гарна. Орон зайн чиг баримжаа олгох хэрэгтэй болно. Дасан зохицох хугацаа өгнө. 

Г.О: Хоёрын хоёр хүүхэд минь том болчихлоо. Намайг хөтлөөд явчих учраас айгаад байх юм алга. Ямар ч байсан халбагатай хоолоо амаа олоод хийчих байх. Ирээдүйд нүд шилжүүлэн суулгах мэс засал хөгжөөд ирэхээр боломж олдвол хийлгэж ч магад шүү дээ. Тэр бол хараа орох 50/50 хувийн магадлалтай ажилбар юм гэнэ лээ. Ийм л бодолтой байна даа. 

Хамгийн их уншилттай
1
2021.09.28
"Squid Game" киноны жүжигчин И Жон-жэгийн тухай 14 сонирхолтой баримт
2
2021.09.28
Габби Петитод юу тохиолдов? | Түүний хэргээс суралцах хортой харилцааны тухай 10 зүйл
3
2021.10.15
Энэ 7 хоногийн хөгжилтэй постууд: Сонгууль, Эрээний боомт, Юнител
холбоотой мэдээ
1
2021.02.02
Хөл хорионы үед сэтгэлийг тань дулаацуулах 35 БОГИНО ТҮҮХ
2
2021.01.19
ФОТО: Нуугдсан түүхүүд буюу бидний анзаардаггүй хүмүүс
3
2020.05.20
Эгэл хүмүүс, эгэл бус түүхүүд: Гэрэл, сүүдрийн дагуул
санал болгох
1
6 цагийн өмнө
Монголын Оюун Ухааны музей ГИННЕСИЙН НОМОНД бичигдлээ
2
7 цагийн өмнө
Зурхайтай холбоотой "хөх инээд" хүргэм 12 МИЙМ
3
12 цагийн өмнө
Эх дэлхийгээ хайрлаж, ухаалаг амьдрах 40 АРГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.08.18 192.82.76.139

nice

0 Хариулах