Анхны цас, аадар бороотой наймдугаар сарын цаг агаар
Зун дуусаагүй, нар буцаагүй юм шиг санагдах ч намар цаг хаяанд иржээ. Цаг агаарын илт хувирал бидэнд хүйтний ам наашилж буйг сануулна. Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай, аадар бороо орох бол ихэнх нутгаар солигдмол үүлтэй.
Улаанбаатар хот орчмоор үүл багасаж, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, 17-19 градус дулаан байна.
Сарын сүүл буюу наймдугаар сарын 22-нд Хархираа Түргэний уулсаар, 23-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар нойтон цас орохыг ЦУОШГ-аас мэдээллээ.
20-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо, 22-нд нутгийн хойд хэсгээр, 23-нд баруун болон зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно.
Салхи 22-нд нутгийн зарим газраар, 23-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 13-15 метр, бусад хугацаанд нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэх нь.