Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Humans of UB | Хичээлийн шинэ жилийг мөн ч их хүлээсэн...


Цар тахлын улмаас сурагч багачууд хоёр ч жил цахим сургалттай "найзаллаа". Анги танхим, багшийн "амьд" хичээл, үе тэнгийн найз нөхдөөсөө хол, гэрээсээ боловсрол эзэмшсэн сурагч хүүхдүүд болон эцэг эх, багш нараас бид цахим сургалт, хичээлийн шинэ жилийн тухай сэтгэгдлийг нь сонслоо. 


М.Бүжинлхам, 3-р ангийн сурагч

Хичээлдээ явна гэсэн чинь "бөөөөөөн" баяртай байгаа. Тоо, биеийн тамирын хичээлдээ зөндөө дуртай. Би зурагтаараа өглөө 10 цагаас эхлээд хоёр цаг хичээлээ хийдэг. Аравхан секундэд хуулж бичих ч юм уу, хэцүү байдаг болохоороо зурагтаа зогсоож байгаад хичээлээ хийчихдэг. Тэгээд ойлгохгүй юм гарвал ээжээсээ асуудаг. Хичээлээ хийгээгүй үедээ гүнж нарын зураг зурж, хувцсаа сольж өмсөх, бас үсээ янз бүрээр янзлах дуртай. Коронатай байхад би гэрээсээ ерөөсөө гараагүй. Мундаг байгаа биз? Харин одоо гарч, тоглоомын талбай дээр найзуудтайгаа тогломоор л байна. Бид нар хөөцөлдөнө, чоно туулайдна, чиртадна, нүдээ бооно гээд зөндөө гоёоор тоглодог. Найзууддаа хандаж хэлэхэд утас, зурагтаа бага үзээд над шиг шагай, хөзөр ч юм уу тоглоод, бас корона дуустал гэртээ байгаарай. Аа нээрэн, хичээлдээ явахдаа бүгдээрээ маскаа сайн зүүж байж л коронагүй болно шүү. 

Н.Ган-Оргил, 2-р ангид орох сурагчийн аав

Манай хүүхэд одоо 2-р ангид орно. Ид цахим хичээлийн үеийн сурагч даа. Дөнгөж сургуульд ороход нь коронавирус гараад хичээл сургуультайгаа "ингэж" танилцсанд нь жаахан харамсалтай л байна. Гэхдээ цахимаар хичээл нь ороод, багш нь хүүхэд бүрт анхаарал хандуулж, залгаж, холбогдож, санаа тавьж байсанд талархаж байгаа. Цахимаар хичээллэхэд бид хоёр чинь өдөржин л хичээлээ хийж суудаг. Теле хичээлээ хийнэ, даалгавраа цаг тухайд нь хийж, фэйсбүүк дээрх ангийнх нь группт оруулж багшдаа шалгуулна, чөлөө завандаа сайн ойлгохгүй байгаа хичээлээ давтана гээд л. Гэртээ байхад нь аль болох хичээлийн дундуур амруулж, тоглуулахыг боддог. Жаахан хүүхэд шүү дээ. Өдөр бүр л надаас "Би хэзээ хичээлдээ явах уу?" гэж асуудаг юм. Манай охин цээж бичигтээ дуртай гэж жигтэйхэн. Цахимаар орно гэхэд нь "За яадаг бол доо. Юм сурдаг байгаа" гэж айж байсан ч багш нь маш сайн анхаарч байгаа хараад бид ч хичээх хэрэгтэй гэж бодсон. Охин зураг зурах дуртай, зурсан зургаа багшдаа харуулах гээд бөөн догдлол суугаа. 

Б.Тунгалагсайхан, 6-р ангийн сурагч 

Намайг Тунгалагсайхан гэдэг. Одоо 6-р ангид орно. Хичээл орно гэж сонсоод “аймар” баярласан. Гэртээ байхдаа найзуудыгаа их санасан. Гэртээ байхдаа хоёр ээлжээр нэг бол 10-12 цаг хүртэл, эсвэл 1-3 цаг хүртэл хичээлээ хийдэг байсан. Компьютероор хичээллэхэд асуудал байгаагүй ч найзууд, ангийнхантайгаа хамт байхад гоё байдаг. Онлайн хичээл эхлэхэд манай сургуулиас бүгдэнд нь таблет өгсөн болохоор түүгээрээ хичээлээ хийгээд, найзуудтайгаа холбогдож яриад асуудал байгаагүй. Даалгавраа онлайнаар шалгуулахад бусад хүүхэд яг хийж байгаа эсэхийг мэдэхгүй жаахан тиймэрхүү байсан (инээв). Математик, монгол хэл, биеийн тамирын хичээлдээ дуртай. Надад А, Б үсэг заасан болохоор бага ангийн багшдаа хамгийн их хайртай. Чөлөөт цагаараа найзуудтайгаа ярилцаж, бассейнд явж, дугуй унаж, ер нь л спортоор хичээллэх дуртай юм байна. Манай найзууд дугуйтайгаа бараг хотыг тойрчихдог ш дээ. Саяхан 2-р тун вакцинаа хийлгэсэн болохоор коронагаас "нээх" айхгүй байна. Найзууддаа хэлэхэд, вакцинаа сайн хийлгээд, маскаа зүүгээрэй. Тэгвэл бид удахгүй маскгүй явах эрх чөлөөтэй болно шүү дээ. Аа бас, амьдралдаа ядаж 15 минутыг дасгал хийж идэвхтэй өнгөрүүлээрэй гэж найзууддаа хэлье. 

"Хобби" сургуулийн 3а ангийн багш З.Анаргүль 

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цахимаар хичээл орлоо. Хүүхдүүдээ маш их санаж байна. Хэцүү үеийг хамтдаа туулаад, эргээд уулзалдана гэхээр цаанаасаа л баярлах сэтгэл төрж байгаа. Зургаан настнууд маань сургуульд ороод удалгүй цар тахал нүүрлэсэн. Энэ насан дээрээ хүүхэд барьж, сонсож, мэдэрч байж шинэ зүйлд суралцдаг. Анхаарал нь хурдан сарнидаг тул эхэндээ цахимаар хичээл заах үед нэг л бүрэн ойлгуулж чадахгүй байгаа юм шиг санагддаг байсан. Гэсэн ч энэ байдал бидэнд олон шинэ боломжийг нээж өгсөн гэж бодож байна. Дэлгэцийн цаанаас сурагчидтайгаа яаж холбогдох, хичээлийг нь ойлгуулах тал дээр илүү туршлагатай болсон. Мөн эцэг эхчүүдийн дэмжлэгт маш их талархаж байгаа. Хүүхдүүдээ цахимаар хичээллэх бүхий л боломжоор хангаж өгсөн. 30 минутын хичээл хооронд 10 минут завсарлахад ангийнхан маань хоорондоо ярилцаж, хөгжилддөг байсан. Цар тахлын үед гадагш огт гарахгүй байгаа багачуудын тэр нь ч сэтгэл зүйд тус дэм болсон байх. Манай сургууль сурагчдаа зөв хүн болж төлөвших тал дээр нь их анхаардаг. Ангийнх нь хүүхдийн цүнх газар уначихсан байхад аваад тавьчихдаг сэтгэлгээг суулгах "soft" чадваруудыг олгохыг хичээдэг. Мөн үндэсний соёл, уламжлалын талаар мэдээлэл олгох, уламжлалт тоглоом, наадгай заах зэрэг бүх төрлийн сургалтуудаа цар тахлын үед тасалдуулаагүй. Ер нь хүүхэд жаргалтай байхдаа л илүү сайн суралцдаг юм шиг санагддаг. Тиймээс аль болох ангийнхнаа жаргалтай байлгаж, хөгжилтэй багш байхыг хичээдэг. Ямартай ч эргээд танхимаар хичээллэж, ангийнхантайгаа уулзана гэхээс тэсэн ядан хүлээж байна. Хамгийн гол нь хүүхдүүд маань эрүүл аюулгүй байж, цар тахлын дэглэмээ сайн бариарай.

Хөвсгөлийн Далайван ЕБС-ийн 12-р ангийн сурагч М.Алтжин, 5-р ангийн сурагч М.Энхжин (эгч дүүс)

М.Энхжин: Цар тахлын үеэр найзуудтайгаа холбогдож чадаагүй болохоор эргээд уулзана гэхээр гоё байна. Цахимаар хичээллэхэд багштайгаа нүүр тулах боломжгүй, мэдэхгүй зүйлээ сайн асууж чадаагүй нь хэцүү санагдсан. Хичээлтэй үед гэрийнхэнтэйгээ хамт байх цаг ховор байсан бол ковидын үеэр өглөө ууланд гарах зэргээр хамтдаа цагийг өнгөрөөсөн. Би чөлөөт цагаараа адал явдалт ном унших дуртай. Хамгийн сүүлд "Алиса гайхамшгийн оронд" номыг уншсан. Бас оюуны спортоор хичээллэдэг. Багш маань хүүхдийн оюун ухаан 4, 5, 7-р ангид хурдацтай хөгждөг гэж хэлсэн. Тиймээс үе тэнгийнхэн маань зөвхөн хичээлээ хийлгүй, өөрийгөө олон талаас нь хөгжүүлээсэй гэж боддог. Том болоод хүний амь авардаг эмч болохыг хүсдэг. Бас байгалийн уран зураг зурж үзэсгэлэн гаргахыг мөрөөддөг. 

М.Алтжин: Би энэ жил оюутан болж байгаа. СЭЗДС-д зочлох үйлчилгээний менежмент мэргэжлээр суралцах бодолтой байна. Надад цахимаар хичээлээ үзэх их амар санагдсан. ЭЕШ-д бэлдэж байсан тул өмнөх ангийн хичээлүүдээ нөхөж үзээд үр дүнтэй, сонирхолтой байлаа. Мөн олон төрлийн цахим апп-уудтай танилцан өөрийгөө хөгжүүлэх боломж олдсон. Цар тахал бидний амьдралд маш их өөрчлөлт авчирсан. Өдөр тутмын техник технологийн хэрэглээ нэмэгдэж, дэлхий дахины жишгээр боловсрол эзэмших боломжтойг ойлгосон. Нөгөө талаас энэ их хөгжлийг дагаад хүмүүс ч бас техник шигээ болоод байж магадгүй. Цахим орчинд бүх зүйл нарийн хуваарьтай, цаанаасаа төлөвлөгдсөн байдаг. Гэсэн ч манай улс уламжлалт нүүдлийн соёлтойгоо уялдан бүхий л зүйл нь тэнцэх байх. Хөвсгөл аймаг бол Монгол улсын аялал жуулчлалын тулгар төв. Энд гадагшаа явах хүсэлтэй, гадаад хэл суралцах хүсэлтэй олон хүүхэд бий. Гэсэн ч англиас бусад хэлний сургалт байхгүй, ер нь их хаагдмал. Тиймээс Хөвсгөлд хүүхдийн хүсэл мөрөөдлийг биелүүлэх олон улсын төв байгуулахыг хүсдэг. Үе тэнгийнхэн маань энэ цаг хугацааг ашиглаад олон зүйлийг туршиж, өөрийнхөө дуртай зүйлийг олоосой гэж хэлье.

Хамгийн их уншилттай
1
2021.09.24
"Squid Game" кинотой холбоотой хамгийн хөгжилтэй 16 пост
2
2021.09.28
"Squid Game" киноны жүжигчин И Жон-жэгийн тухай 14 сонирхолтой баримт
3
2021.09.28
Габби Петитод юу тохиолдов? | Түүний хэргээс суралцах хортой харилцааны тухай 10 зүйл
холбоотой мэдээ
1
2021.09.09
Humans of UB | Хатгал тосгоноос Холын Америкт
2
2021.09.03
Digital Nation - 2021 | Цахим эриний дижитал иргэд
3
2021.07.22
Humans of UB: Бид эзэдтэйгээ ингэж л учирсан юм
санал болгох
1
3 өдрийн өмнө
Энэ 7 хоногийн хөгжилтэй постууд: Сонгууль, Эрээний боомт, Юнител
2
3 өдрийн өмнө
UB.LIFE-ийн туршилт: Яг одоо хэдэн төгрөг зээлж чадах вэ?
3
3 өдрийн өмнө
Муур эзэнтэйгээ "эх үрийн холбоогоор" ээнэгшин дасдагийг судалгаагаар тогтоожээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.