Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Цар тахлын үед таны заавал мэдэх ёстой 10 эрх


Жил хагасын өмнө урд хөршид гарсан жигтэй вирус бидний сэтгэлийг зовоож байлаа. Харин одоо нэр нь хүртэл чихэнд хоногшчихсон байхыг харваас эрдэмтэн судлаачдын ачаар бид коронавирусийн талаар хангалттай ихийг мэдэх болжээ. Цар тахлын үеэр нийгэмд үүссэн тодорхойгүй байдлын улмаас олон мянган хүн хагацал зовлон амсаж, өөрийн оролцоогүйгээр хохирол үзэв. НҮБ-аас дэлхий дахинд нүүрлэж буй эрүүл мэндийн хямрал бол хүний эрхийн хямрал юм гэсэн мэдэгдлийг ч гаргаад амжжээ.

Тэгвэл бид хуулиар олгогдсон эрхийнхээ тухай мэдлэг, мэдээлэлтэй байж, зөрчигдсөн үед нь эрхээ сэргээлгэх арга замыг мэддэг байх нь хамгаас чухал юм. Та бүхэнд нийгмийн онцгой нөхцөл байдлын үед хүн бүрийн мэдвэл зохих 10 эрхийн талаар мэдээллийг хүргэж байна.


Коронавируст цар тахлын үед Монгол Улсын хэмжээнд ажиглагдаж байгаа хүний эрхийн зөрчлийн тухай олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, хуулийн дагуу олон нийтийн эрхийг хангуулах “Эрхээ эдэлье” санаачлагын хүрээнд бэлтгэв. Хэрэв та хууль бус шийдвэрээс үүдэн өөрийгөө хохирсон гэж үзэж байгаа бол, мөн энэ санаачилгыг дэмжиж байвал Fidelitas Partners фэйсбүүк хуудсаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, аянд нэгдэх боломжтой.


1. Амьд явах эрх

Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын гуравдугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй...” гэж заажээ. Хүн бүр хэн нэгэн этгээдийн санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас байгалийн жамаар бус таалал төгсөхөөс хамгаалуулах, сэргийлүүлэх эрхтэй. Ямарваа нэгэн төрийн халамж, дэмжлэгээс хамааралтай байсан хүн түүнийгээ хилийн чанадад хүртэж чадаагүйн улмаас амиа хорлох, нэг бол жамаараа таалал төгсөөгүй тохиолдолд амьд явах эрхийг эс үйлдэхүйгээр зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй юм. 

2. Эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрх

Энэ нь ганц эмнэлэгт очиж хэвтэх бус өвдөхөөсөө өмнө хамгаалуулах, өвдсөн тохиолдолд эмчлүүлэх, оношлуулах зэргийг багтаадаг бөгөөд анагаах ухаанаас гадна нийгэм, эдийн засгийн хүчин зүйлсийг ч бас хамрах юм. 

3. Халдашгүй, чөлөөтэй байх эрх

“Халдашгүй байх” гэдэг нь бие махбод,, оюун санааны хувьд бүрэн бүтэн, ямар нэгэн халдлага, дайралтаас ангид байхыг хэлнэ. “Чөлөөтэй байх” гэдэг нь ямарваа нэгэн үйлдлийг чөлөөтэй хийх гэхээсээ бие махбодын хувьд хоригдож, цагдуулахаас ангид байхыг илтгэнэ. Хуульд зааснаас гадуур, эсвэл тухайн хүн сайн дураар зөвшөөрөөгүй байхад нийгмээс тусгаарлах, аливаа үйлдлээс ангид байлгах ёсгүй. 

4. Ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрх

Хэн нэгнийг “вирус тээгч”, “халдвартай этгээд”, “эх нутгаа орхигч”, “олигарх" зэргээр цоллон, цахим орчинд сэтгэгдэл бичиж, мэдээлэл хуваалцахын зэрэгцээ “хилээ хаа”, “гаднаас хэнийг ч бүү оруул” хэмээн шаардах нь ялгаварлан гадуурхалтын нэг илрэл юм. Түүнчлэн ялгаварлан гадуурхалт, үл хайхрах эсвэл үл ойшоосны улмаас хилийн чанадад гацсан, тусгаарлагдсан иргэд зохистой хоол хүнс, орон байр, ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангагдах зэрэг  эрхээ эдэлж чадахгүй байх эрсдэлтэй. 

5. Чөлөөтэй зорчих, эх орондоо эргэн ирэх эрх

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 18-д “Улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй...” гэж заасан. Хувь хүн гадаадад зорчих, цагаачлах, дүрвэх зэрэг шалтгаанаар эх орноо орхин явдаг бол эргэн ирэх нь “өөрийн орон зайдаа”, “уг үндэстээ”, “гэртээ” ирэх онцгой өөриймсөг хэрэгцээ юм. Ийм учраас Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад эх орондоо эргэж ирэх эрхийг зөрчих, хязгаарлах заалтаар хориглох боломжгүй гэж заажээ. 

6. Хувийн нууц, хувийн мэдээллээ хамгаалуулах эрх

Хүний хувийн нууцыг захидал харилцааны, эрүүл мэндийн, хөрөнгийн, гэр бүлийн гэж ангилна. Хүн өөрөө хувийн нууцаа хамгаалахаас гадна шаардлагатай тохиолдолд төрөөс хамгаалалтанд авч, олон нийтэд дэлгэхгүй байх үүргийг хүлээнэ. 


7. Хөдөлмөрлөх, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах эрх

Та ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хөдөлмөрлөх эрх бол эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн ангилалд хамаардаг хүний суурь эрхүүдийн нэг юм. Тус эрх нь дотроо эвлэлдэн нэгдэх, эрүүл, аюулгүй хөдөлмөрлөх нөхцөлөөр хангуулах, эрсдэлгүй ирээдүйн төлөөх нийгмийн хамгаалалд хамрагдах, шударга, хүртээмжтэй цалин хөлс авах, ялгаварлан гадуурхалт, албадан хөдөлмөрөөс сэргийлүүлэх зэрэг эрхүүдийг өөртөө агуулдаг.

8. Сурч боловсрох эрх

Сурч боловсрох эрх нь боловсролын бүхий л шатыг хамарна. Монгол Улсын хувьд Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэхийн тулд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед 230 гаруй хоногийн хугацаанд боловсролын бүх шатны танхимын сургалтыг зогсоож, цахим хэлбэрт шилжүүлсэн нь нийт 1118460 суралцагчийн сурч боловсрох эрхийг хөндөж байна.

9. Тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөө

Тайван жагсаал, цуглаан бол иргэд тодорхой  асуудлаар шийдвэр гаргагчдын анхаарлыг татах, бодлогод нөлөөлөх зорилгоор явуулж байгаа үзэл бодлоо илэрхийлэх арга хэмжээ юм. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 21 дүгээр зүйлд “Тайван хуран цуглах эрхийг хүлээн зөвшөөрнө. Энэхүү эрхийг эдлэхэд ардчилсан нийгэмд үндэсний буюу нийгмийн аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэнд, ёс суртахууныг хамгаалах, эсхүл бусдын эрх, эрх чөлөөг хамгаалах эрх ашгийн үүднээс хуулийн дагуу тогтоосноос өөр хязгаарлалт хийж болохгүй” гэж заажээ. 

10. Шударга шүүхээр шүүлгэх, өргөдөл гомдлоо шийдвэрлүүлэх эрх

Шударга шүүхээр шүүлгэх эрх нь тухайн иргэнд зөрчигдсөн эрхээ сэргээлгэж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэх боломжийг олгодог. Цар тахлын үед захиргааны хууль бус шийдвэрийн улмаас хохирсон иргэн, аж ахуй нэгжүүд шүүхэд хандаж учирсан хохирлоо төлүүлэх шаардлага гаргах эрхтэй.

Түүнчлэн иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах тухай хуулийн дагуу иргэдийн гомдлыг 30 хоногт багтаан судалж, шаардлагатай бол дахин 30 хоногоор сунгаж хариу өгөх, арга хэмжээ авах зохицуулалт бий. Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл зэрэг төрийн бус байгууллагын төлөөлөл, иргэдийн зүгээс 2020 оны 3-р сараас эхлэн Монгол Улсын Их Хурлын Ёс зүйн хороо, Хүний эрхийн Үндэсний Комисс, Гадаад харилцааны яам зэрэг төрийн байгууллагад гаргасан гомдолд тэр бүр хуульд заасан хугацаанд хариу ирүүлээгүй байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
3 өдрийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
2024.04.22
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
14 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.